Б.МАРГАД
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх өнөөдөр болохтой холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, олон улсын хуульч Жон Миссинг нар өчигдөр байр сууриа илэрхийлэн хэвлэлийн бага хурал зарлав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АН-ын хувьд хэлмэгдүүлэлтийн эсрэг байна гэсэн байр суурь нь хэвээр эсэх нь эргэлзээтэй байгаа. Хууль зүйн сайдын ярьж, мэдэгдсэн зүйл нь санаа зовоож байна. Шүүх улстөржих ёсгүй.
Н.Энхбаяр даргад холбогдох хэрэг бол улс төрийн хэлмэгдүүлэлт гэдгийг өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа гадарласан. Маргааш /өнөөдөр/ болох давж заалдах шүүх хурлыг хаалттай хийхээр болсон байна. Уг нь, олон нийтээс хааж, нуух зүйл байхгүй” хэмээлээ. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Давж заалдах шатны шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа. МАН-ын 250 гишүүн өнөөдөр /өчигдөр/ МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Энэ үеэр ахмад гишүүд маань саналаа хэлсэн. АН ИЗНН МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газрын хамтран ажиллах гэрээнд шударга бус үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй гэдгийг тусгасан байгаа. Бид ч хэлмэгдүүлэлт, шударга бус үйлдлийн эсрэг байна гэсэн байр суурьтаа хатуу зогсоно. Тиймээс давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргахыг хүлээнэ. Удахгүй болох намынхаа бага чуулганаар Шинэчлэлийн Засгийн газар хамтран ажиллах гэрээгээ хэрхэн биелүүлж буйд дүгнэлт хийнэ” гэв. Олон улсын хуульч Жон Миссингийн хувьд давж заалдах шатны шүүх хурлыг ажиглахаар АНУ-аас хүрэлцэн иржээ. Тэрээр Н.Энхбаярыг баривчлах, цагдан хорих, шүүх бүх үйл явц хууль зөрчсөн учир давж заалдах шатны шүүх хэрхэн ажиллахыг дэлхийн олон улс анхааралтай ажиглаж байгаа гэв.
Олон улсын хүний эрхийн хуульч ноён Жон Миссинтэй ярилцлаа.
-Та МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурлыг анхааралтай ажиглаж байгаа олон улсын хүний эрхийн хуульчдын нэг. Өмнө болсон шүүх хурлын процессыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Би төдийгүй олон улсын хуульчид энэ шүүх хурлыг анхааралтай ажиглаж байгаа. Өнгөрсөн үйл явдал болон шүүх хурлын үеэр хүний эрхийг зөрчсөн, учир дутагдалтай зүйл цөөнгүй байсан. Тухайлбал, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан бичлэгийг “you tube”-ээс харж байхад нэг хүнийг баривчлахын төлөө хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэй баг, цагдаа гаргана гэдэг жирийн үзэгдэл биш. Олон улсын хараат бус хуульч Жеймс Холд “Прокурор болон шүүхийн байгууллага Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд тодорхой алхмууд хийсэн” гэж дүгнэсэн. Мөн шүүх хурлын өмнө Н.Энхбаярыг ямар нэг байдлаар буруутай гэсэн өнцгөөс илүүтэй хандсан. Өөрөөр хэлбэл, шүүх нөлөөнд автагдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг олон улсын хуульчид болон бүх улс орон анхааралтай харж байгаа.
-Анхан шатны шүүх хурлын үеэр зарим гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг авч хэлэлцээгүй гэдгийг хуульчид гаргасан. Ингэж гэрчүүдийг ялгаварлаж болох уу?
-Энэ нь маш бүдүүлэг бөгөөд байж болохгүй зүйл. Зөвхөн Монголын төдийгүй олон улсын хууль, конвенцийг ч зөрчсөн.
-Ардчиллын хамгийн гол үнэт зүйлийн нэг нь хүний эрхийг хамгаалах. Таны бодлоор Монголд хүний эрх, эрх чөлөөг хангах байдал нь ардчиллын үнэт зүйл болох хэмжээнд өндөр төвшинд байж чадаж байна уу?
-Энэ хэрэг Монголд ардчилал ямар төвшинд байгааг харуулах нэг шалгуур гэж үзэж болно. Хүний эрх гэдэг ардчиллын хамгийн гол зүйл. Хүний эрхийг хангах гол зүйл бол хууль. Мэдээж Монгол сайн хуультай. Гэхдээ анхан шатны хуулийг харахад Монголын хуульд маш олон нүх байдаг нь харагдсан. Олон улсын байгууллага 20 жилийн өмнө ардчилсан замд орсон Монголд ардчилал бүрэн утгаар байна уу, үгүй юу гэдгийг харж байна. Харамсалтай нь өнөөдөр ардчиллын хэм хэмжээнд нийцэж чадахгүй байгаа гэж энэ хэргийн тухайд хэлэх байна. Гэхдээ ийм зүйл хэлж байгаадаа хүлцэл өчье.
-Хараат бус шүүх гэж ямар шүүхийг хэлэх вэ. Та түрүүнд шүүх нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй гэдгээ хэлж байсан. Монголд хараат бус шүүх бодитойгоор алга байгаагийн шалтгааныг та юу гэж үзэж байна?
-Монголын шүүх хараат бус байгаагийн гол шалтгаан гэвэл Монголын ардчилал залуу байна. Ердөө 20 жил болсон. Энэ утгаар Монголын өнөөдрийн байдал бусад улс орнуудын хувьд дайраад өнгөрч байсан. Гэхдээ бусад улс орны гаргаж байсан алдааг давтах ёсгүй юм. Мэдээж Монголын хуулийн байгууллагад зөв, сайн ажиллах боломж байгаа. Нөгөө талаар шүүх хараат бус байгаад нөлөөлөх гол шалтгаан улс төр болон эрх зүйн тогтолцоо байдаг. Олон жилийн турш эрх зүйн тогтолцоо нь өөрчлөгдөөгүй хэвээр явсан тохиолдолд шүүх хараат болдог. Монголын хувьд улс төрийн шалтгаан ч байгаа байх. Гэхдээ шүүх хараат бус байхын тулд шүүгчид ур чадварын хувьд өндөр мэдлэг боловсролтой, ямар ч зүйлээс хараат бус ажиллах боломжийг бий болгосон, улс төрөөс ангид байх ёстой. Харамсалтай нь Монголын шүүх улс төрөөс хараат байгааг үгүйсгэхгүй.
-Та өнөөдөр болох шүүх хурлын үеэр орж ажиглах уу?
-Тийм боломж гарвал орно. Харамсалтай нь одоогоор оруулах эсэх нь тодорхой болоогүй байна.
-Та хэдэн жил хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна вэ?
-30 жил ажиллаж байна.
-Өмнө нь хүний эрхийг зөрчсөн олон хэрэг дээр ажиллаж байсан уу?
-Иймэрхүү хэрэг дээр олон ажиллаж байсан. Төв Америк болон зарим Азийн оронд ажиллаж байлаа.