М.ГАНЦЭЦЭГ
Алсын Америкт бид 16-уулаа нэг сарын турш амьдраад ирлээ. Манай багт телевиз, сонин, цахим хуудсын гадаад, дотоод мэдээний сэтгүүлчид багтсан байв. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан зохион байгуулдаг сэтгүүлчдийн англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан нь энэ юм. Өмнө нь хоёр баг явсан бөгөөд бид гурав дахь ээлжийнх байлаа.
14 цагийн нүсэр нислэгийн дараа Бээжингээс Вашингтоны олон улсын онгоцны буудалд газардлаа. Тэнд “American Councils”-ийн ажилтан Влад Вогачев тосч авав. Тэрээр бидний сургалтын хугацаанд болох уулзалт, лекц, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хийх туршилтын ажилд хөтөч хийх юм байна. Энэ сургалтыг АНУ-ын талаас “American Councils” хамтран зохион байгуулдаг аж. Манайхан “Embassy Suites” зочид буудалд байрлав. Сониноос энэ буудлын менежер нь Ц.Бямбасүрэн гээд монгол эгч байлаа. Вашингтонд бол гайгүй өндөр зэрэглэлд тооцогдох буудал аж. Өрөөндөө гурав гурваараа, зарим нь хоёроороо хуваагдаж орцгоолоо. Ингээд АНУ дахь бидний нэг сарын амьдрал эхэлсэн юм.
Маргааш нь “American Councils”-ийн захирал Дан Давидсон төв байгууллага дээрээ биднийг угтлаа. Тэрээр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар бий болсон энэ сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг онцлоод өмнө нь ирсэн хоёр багийнхан сайн суралцаж, гурав дахь ээлжийнхнийг угтаж буйгаа дуулгав. Сэтгүүлчдийг зөвхөн англи хэлний сургалтад хамруулж, туршлага солилцохооос гадна энэ сургалт хоёр орны харилцаанд ч чухал үүрэгтэйг Дан Давидсон нэмж хэллээ. Тэрээр хэвлэл мэдээллийн салбар нийгэмд хэрхэн нөлөөлдөг, хэрэгтэй эсэх тухай Монголын Ерөнхийлөгчтэй уулзаж байхдаа ярилцаж, сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхийлөгч өөрийн орны сэтгүүлчдийг сургалтад хамруулах талаар хамтран ажиллахыг хүссэн нь ийнхүү ажил хэрэг болжээ. “American Councils” байгууллага олон оронтой ийм сургалтыг хамтран зохион байгуулдаг аж. Жилд 1500 орчим америкийг гадаадад, олон орноос 3500 орчим хүнийг АНУ-д сургадаг байна. 30 улсад салбартай бөгөөд одоохондоо Монголд салбараа байгуулаагүй гэнэ. Энэ байгууллага 14 хоног, нэг сар, гурван сар гээд бүтэн жилийн хугацаатай сургалтыг зохион байгуулдаг аж.
Бид үдээс хойш “International Language Institute” буюу Олон улсын хэлний төвд очив. Энэ бол бидний нэг сар сурах сургууль юм. Тус төв 1970 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард мянга орчим оюутан суралцаж буй тухай сургуулийн захирал хэлэв. Бид тус төвөөс бэлтгэсэн шалгалтыг өгч өөрийн хэлний мэдлэгт тохирсон төвшний ангидаа хуваарилагдаж, сургуулиас 2-4 ширхэг ном өглөө. Зарим нь хоёр, хоёроороо, голдуу нэг, нэгээрээ өөр, өөр ангид хуваарилагдав. Манай багт телевизийн гадаад мэдээний сэтгүүлч олон явсан тул өндөр төвшний ангид нэлээд хэд нь суралцахаар боллоо. Тус төвийн дөрвөн долоо хоногийн сургалтын төлбөр 700-900 доллар юм билээ. Уншигч та www.ilidc.com/ хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
За ингээд маргаашаас нь хичээлдээ гүйцгээлээ дээ. “Embassy Suites” зочид буудлаас “International Language Institute” хүртэл ердөө 10 минут алхчихна. Бүх гудамж талбай нь үсэг, тоогоор дугаарлагдсан тул төөрч будилах ч юм алга. Ер нь амьдарчихмаар газар санагдсан. Вашингтон хөл хөдөлгөөн харьцангуй бага, тайван хот юм билээ.
Манай сургууль маш дэгтэй. Хичээлээс хоцорч болохгүй, ангид утас ашиглах, юм идэх, уухыг хатуу хориглодог байлаа. Мөн ангид зөвхөн англи хэлээр ярина. Манай ангийн багшийг Степхани Торонтон гэдэг залуу эмэгтэй байв. Манай ангид Монголоос гадна Ангол, Саудын Араб, Экватор, Венесуэль, Тайландын оюутан байв. Хичээл өглөө 09.00 цагаас эхэлж 100 минут үргэлжлээд 15 минут завсарлана. Дахиад 50 минут хичээл үргэлжлээд 45 минутын үдийн цайны завсарлагатай. Оюутнууд хоолоо гэрээсээ авчирдаг бөгөөд сургуульд шарах шүүгээ хэд хэд байдаг болохоор халаагаад идчихнэ. Багш нар ч гэсэн гадуур хооллох нь ховор. Угаас сургуульд багш, оюутнуудын хоолны өрөө тус, тусдаа бий. Хоол гэснээс манайхан нэг өдөр хуушуур, буузаар сургуулийнхаа оюутнууд, багш нарыг дайлав. Тэд монгол үндэсний хоолыг их л амтархан идэж байна лээ. Вашингтонд амьдардаг монголчууддаа хоол хийж өгдөг монгол эгч энэ хоолыг захиалгаар хийж өгсөн юм.
Хоолны дараа үдээс хойш дахин 100 минутын хичээл үргэлжлээд тарна даа. Ийм маягаар бид нэг сарын хугацаанд англи хэлнийхээ мэдлэгээ тэллээ. Мөн олон орны оюутан залуустай танилцаж чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлдэг байлаа. Долоо хоногт бараг хоёр удаа янз бүрийн аяллыг сургуулиас зохион байгуулдаг байв. Тухайлбал, музей, театр үзэж сонирхох, хөлбөмбөг, гарбөмбөг тоглох, усанд сэлэх арга хэмжээг зохион байгуулдаг учир олон орноос цугласан оюутнууд бие биетэйгээ илүү дотно танилцах боломжийг олгодог байлаа. Бид сургуулиас зохион байгуулдаг арга хэмжээнд хамрагдахаас гадна хичээлийн дараа “American Councils”-ийн арга хэмжээ, нэртэй доктор профессоруудын лекц сонсч, томоохон сэтгүүлчидтэй үзэл бодлоо хуваалцан туршлага солилцож, телевизийн студитэй танилцдаг байлаа. Мөн амралтын өдрийг ашиглаад Нью-Йорк хот, эрх чөлөөний хөшөөг сонирхоцгоов. Вашингтон дахь монголчуудын төлөөлөлтэй уулзаж, Элчин сайдын яамныхныхаа бэлдсэн монгол хоолыг ч идээд амжлаа.
Ийнхүү 16-уулаа АНУ-д нэг сар амьдарлаа. “American Councils” болон “International Language Institute” тус бүртээ биднийг сургалтад хамрагдсаныг гэрчилж сертификат олголоо. Сургуулийн төгсөлтийн баяр ч хэрэндээ л хөл хөдөлгөөнтэй болов. Хүн бүр л ангийнхандаа, багш нартаа бэлэгтэй, ангидаа чихэр жимс гээд л тэрүүхэндээ баярлацгаалаа. Хичээлийн сүүлчийн өдөр Вашингтоноос холгүй оршдог Валтимор хотруу сургуулиараа аялалд явцгаав. Метро, галт тэрэг, автобус дамжсан аялал маш сонирхолтой, хөгжилтэй байлаа. Энэ удаад англи хэл биш өөр өөрийн орны хэлийг бусаддаа заацгаав. Зарим оюутан монгол үгийг цэвэрхэн хэлж байсан нь олзуурхууштай байв. Ямар ч байсан “Сайн байна уу”, “Би чамд хайртай” гэсэн хоёр өгүүлбэрийг олон оюутан сурсан даа.
Үргэлжлэл бий.