Д.БОЛОРМАА
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын дунд шатны удирдлагад байсан 300 гишүүн МАХН-ын батлахаа сэргээсэн. Үүнийг МАН-ын зүгээс “Манай намаас 300 байтугай гурван иргэн ч гаръя гэж өргөдөл өгөөгүй” гэж байгаа. МАН-ын гишүүд МАХН-д орсон нь үнэн юм уу?
-МАН-аас МАХН-д гишүүнчлэлээ сэргээх үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн МАН-ын идэвхтэн гишүүд анх санаачилсан юм. Үүнд ямар ч маргаан байхгүй. МАН-ын гишүүнчлэлтэй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл МАХН-д гишүүнчлэлээ сэргээж элсэн орсон нь маргашгүй үнэн.
МАН-ын анхан шатны нэгжид ямар сонгуульт ажил эрхэлж байсан хүмүүс вэ гэдэг нь хэвлэл мэдээллээр ил болсон асуудал учраас маргаад байх нь зохимжгүй. Намын батлахаа сэргээсэн гишүүдийн холбогдох анкетыг нь дүүргийн мянгатад хүргүүлж албан ёсоор бүртгэж авсан.
-УИХ-ын гишүүн байсан хэд, хэдэн эрхэм танай намд элсэх гэж байгаа тухай мэдээлэл байна?
-Энэ талаарх нарийн мэдээллийг мэдэхгүй. Ер нь намын гишүүнчлэл сэргээх ажиллагаа нийслэл төдийгүй орон нутагт үргэлжилж байна. Зарим хүний хардаж, таамаглаж байгаа шиг Орон нутгийн сонгуулийн хүрээнд хийж буй ажил биш. Орон нутгийн сонгуулийн дараа ч гэсэн тодорхой төлөвлөгөөний дагуу гишүүнчлэл сэргээх аян үргэлжилнэ. Дараа нь юутай холбож тайлбарлахыг харж л байя. Намын нэр сольсонтой холбогдуулаад хүмүүсийн гишүүнчлэл автоматаар өөрчлөгдсөн. Энэ нь МАХН-ын олон мянган гишүүний сэтгэлд нийцээгүй. Нийцээгүй учраас МАН-аас МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх нь жам ёсны гэх юм уу, ер нь болох ёстой зүйл. Үүнийг элдэв янзаар хардах хэрэггүй. Тэр дундаа гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүсийг албан тушаал эрэлхийллээ, орон нутгийн сонгуульд нэр дэвших нь гэхчилэн хараар будах нь ажиглагдаж байна. Тэгвэл тэр хүмүүс зөвхөн итгэл үнэмшлээрээ МАХН-ыг сонгосон. Энэ нь манай нам анхан шатны байгууллагынхаа эрх ашгийг дээдэлдэг, жирийн гишүүдийнхээ үгийг сонсч намынхаа бодлогыг чиглүүлдэг, нийгмийн өмнө хариуцлагатай, шударга ёсны төлөө тэмцэж буйтай холбоотой.
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдлаа. Танай намынхан орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон уу. Нууц биш бол ямар тактикаар оролцохоор гэж тооцоолж байна вэ?
-Тактикаа ил тод зарлаж болохгүй. Гэхдээ намын гүйцэтгэх товчоо хуралдаад орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийг надаар ахлуулсан. Бид хэд, хэдэн асуудлаар мөрийн хөтөлбөр болон бусад асуудлаа гаргаж тавихаар ажиллаж байна. Одоогоор намынхаа орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, намын нарийн бичгийн дарга нар бүсчилсэн байдлаар хөдөө ажиллаж байгаа. Удахгүй энэ асуудлаа нэгтгээд хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулна. Бусад намтай хамтрах эсэх нь шийдэгдээгүй байна.
-МҮАН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Цолмон намаа МАХН-тай нэгдэх ёстой гэж байр сууриа илэрхийлж байсан. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа юм бол?
-Байж болох хувилбар. Манай хоёр нам УИХ-ын сонгуульд эвсэж оролцохдоо бодлогоо нэгтгэж нэг туган дор нэгдмэл байж чадсан. Монголынхоо эрх ашгийг дээдлэх, шударга ёсыг эрхэмлэж “Шударга ёс” эвсэл байгуулж оролцсон нь ард түмний итгэлээр УИХ-д бүлэгтэй болж, Засгийн газрыг хамтран байгуулж чадлаа. Тэр утгаараа бидний хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн. Түүнийгээ илүү үр дүнд хүрэхийн тулд нэг нам болж нэгдэх нь нээлттэй. Би хувьдаа үүнийг байж болох үйл явц гэж харж байгаа.
-МҮАН, МАХН нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй гэх шүүмжлэл бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сонгуульд эвсэж орохоос л эхлээд ийм яриа гарсан шүү дээ. Эвсэл задарна эсвэл АН, МАН-д дагаар орно гээд л хорон үг шидэлж байлаа. Тэгвэл манай хоёр нам тэдний хэлж байснаар яваагүй. Хэн нэгэн хагаралдуулах чулуу шидлээ гээд бид тийм болчихгүй. Энэ нь бидний зөрчилдөхийг хүлээгээд сууж байдаг хүмүүсийн хувьд харамсалтай байдаг байх.
-МАХН-ын хувьд орон нутагт дэмжигч ихтэй. Ялангуяа, МАХН-ын дарга Н.Энхбаяр орон нутагт тахин шүтэгдсэн гэх юм билээ. Та бүхэн ялалт байгуулна гэдэгт хэр итгэлтэй байдаг юм бол?
-Бидэнд тодорхой тооцоо бий. Энэ тооцоог сонгуулийн дараа харах нь зөв байх. Орон нутагт манай намын нэр хүнд өндөр байдаг. Үүний гол нөлөөлөх хүчин зүйл нь МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэгтэй маргахгүй. Бид зөвхөн зөв зохион байгуулах үйл ажиллагаагаа сайн харах ёстой. Нэр дэвшигчдээ улс төр болон ёс суртахууны өндөр шалгуур тавьж тодруулах шаардлагатай байна. Хамгийн гол нь орон нутгийн сонгуульд орон нутгийн эрх баригчдын нөлөө их байдаг учраас энэ нөлөөлөлд автуулахгүйгээр шударга сонголт хийх боломжийг яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал чухал байна. Орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуулиас ялгаатай нь иргэд нутаг орныхоо засаглалыг тодорхойлох сонгууль учраас маш хариуцлагатай сонголт. Гэхдээ уламжлал мэт тогтсон орон нутгийн эрх баригчдын хооронд сонгуулийг будлиулах нь бий. Үүнийг л бий болгохгүйн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах ёстой.
-Нэр дэвшигчээ яаж тодруулах юм. Орон нутагт нөлөө бүхий хүн сонгох уу эсвэл хэн нэгэн “шахаа”-ны хүнээ явуулах уу?
-Орон нутгийн сонгуулийн хуулиар тухайн орон нутагт оршин суух байнгын хаягтай хүн нэр дэвших боломжтой. Тэгэхээр нийслэлийн оршин суугч аймагт нэр дэвших боломжгүй. Намуудад нэр дэвшигчээ тодруулахдаа тавигддаг нийтлэг шалгуур бий. Бид ялах боломжтой гэсэн хүнээ дэвшүүлнэ. Хэн, хэн ялах боломжтой вэ гэдгийг гадарлаж байна. Ер нь нэр хүнд, боловсрол, мэдлэгийн төвшин өндөр, манлайлах чадвар, багаар ажиллах чадамжтай гээд олон зүйлийг харна. Хамгийн гол нь шударга хүнийг сонгоно.
-Танай намаас сүүлийн үед ямар ажил зохиож байна. Намын хэсэг залуу “Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя” хөдөлгөөн өрнүүлж байгаа. Үр дүн нь хэр байх юм?
-”Ард түмний Ерөнхийлөгчөө авръя” хөдөлгөөн оюутан, залуусын байгууллагуудын өдөр тутмын ажил болж байна. Сүхбаатарын талбай болон бусад газраар энэ урианд нэгдэж байгаа хүмүүсийг татан оролцуулж, гарын үсгийг нь цуглуулах ажил нэлээдгүй хугацаанд өрнөлөө. Цугларсан гарын үсгээ удахгүй холбогдох албан тушаалтнуудад нь хүргүүлэх байх. Нөгөөтэйгүүр манай нам УИХ-д бүлэгтэй, Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа улс төрийн хүчний хувьд намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын төвшинд идэвхтэй ажиллаж байна. Энэ дөрвөн жил богинохон хугацаа. Яагаад гэвэл улс төрийн үйл явц их өрнөх учраас цаг хугацаа энгийн үеээс илүү хурдан өнгөрөх болов уу. Одоогоор намынхаа дотоод бүтэц, зохион байгуулалттай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, орон нутагт намын байгууллагаа бэхжүүлэх, бусад улс төрийн хүчинтэй хамтран ажиллах талаар хийх ажил бишгүй бий.
-Та орон нутгийн намын байгууллагаа бэхжүүлнэ гэлээ. Орон нутагт мянгат, зуутаа байгуулаад дууссан биз дээ?
-Орон нутгийн намын байгууллага маань мянгат, зуутын зохион байгуулалтад шилжсэн. Одоо байгуулагдсан бүтцээ бэхжүүлэх нь чухал байна. Энэ нь гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх болон тэдний нийгмийн ахуйн чанартай асуудлыг шийдвэрлэх, ажлын байраар хангах гээд төлөвлөсөн ажил их байна.
-Маргааш МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал болно. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлсэн байдал дахин давтагдах вий гэдэгт санаа зовох иргэд олон байна?
-Бид намынхаа даргыг давж заалдах шатны шүүх хурлаар буруугүй гэдэг нь нотлогдож хэрэгсэхгүй болоосой гэж хүсэмжилж, хүлээж байна. Хараат бус шүүхийн шийдвэр шударга гарна гэдэгт бас найдаж байна. Намын гишүүд маань Н.Энхбаяр даргыг МАХН-ын удирдлага гэдгээр нь биш Монголын нэг иргэн гэсэн үүднээс нь санаа зовж, 1937 оны улс төрийн хэлмэгдэлт дахин битгий давтагдаасай гэж хүсч байна. Саяхан улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Монголын төр хэлмэгдсэн хүмүүсээс уучлалт гуйсныг хүн бүр харсан байх. Энэ утгаар улс төрийн хэлмэгдэлтийг дахин давтах учиргүй. Одоо улс төрийн зорилгоор Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн бол даруй зогсоох ёстой. Түүнээс биш өнгөрсөн алдаагаа давтаж хэлмэгдүүлчихээд хожим хойно цагаатгадаг байж болохгүй.
-Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар түүнтэй уулзсан уу?
-Нийслэлийн шүүхээс зөвшөөрсөн хугацаанд уулзаж ярилцсан.
-Эрүүл мэндийн байдал ямар байна?
-Биеийн байдал нь сайнгүй байна лээ.