Б.БАРС
Казахстаны “Рух пен тил” гэх залуучуудын хөдөлгөөний идэвхтнүүд өнгөрсөн даваа гаригт шуурхай цугларан хэвлэлийн бага хурал зарлаж, тус улсын төр, засгийн удирдлага Хятадтай харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулах гэж байгаа тухай сэтгүүлчдэд дуулгажээ. “Рух пен тил” хөдөлгөөнийхөн хэрэв ийм хэлэлцээр хүчин төгөлдөр болвол Хятадын чимээгүй довтолгоон эхэлж Казахстаны тусгаар тогтнолд ноцтойгоор заналхийлнэ гэж мэдэгдсэн байна. Тэд Хятадтай харилцан визгүй зорчих явдлыг эсэргүүцэн жагсаал хийнэ гэдгээ ч сонордуулсан аж.
Хэт туйлширсан олон сүржин үйлдлээрээ нэрд гарсан “Рух пен тил” хөдөлгөөнийхөн тус улсын Аж үйлдвэр, шинэ технологийн яамны харъяа Аялал жуулчлалын газрын дарга Мухит Саймасаевыг БНХАУ-тай зохион байгуулалттай жуулчдыг харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулах төлөвлөгөөтэйг мэдээлсний дараагаар ийнхүү хэвлэлийн бага хурал хийжээ. М.Саймасаев хэлсэн үгэндээ, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев өнгөрсөн дөрөвдүгээр сард Бээжинд айлчлахдаа ийм хэлэлцээрт гарын үсэг зурах талаар тохиролцсон гэжээ.
М.Саймасаевын хэлсэн гэмгүй гэмээр үг “Рух пен тил” төдийгүй Казахстаныг тэр чигт нь үймүүлсэн гэлтэй. Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон интернэтээр төрийнхөө энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн бичлэг борооны дараах мөөг шиг олширчээ. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Кайрат Сарыбай тодотгол хийхээс аргагүйд хүрч, БНХАУ-тай харилцан визгүй зорчих ямар ч төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэн ард иргэдээ тайвшруулахыг оролдсон юм.
Гэвч казах түмний бухимдлыг түүний мэдэгдэл бууруулаагүй. “Рух пен тил” хөдөлгөөний идэвхтэн Инга Иманбай интернэтэд, “Казахстаны баруун хязгаарын нийт хүн амын 60-70 хувь нь БНХАУ-ын иргэд болсон гэсэн мэдээлэл байна. Харин албан ёсны мэдээллээр бол БНХАУ-ын таван мянган иргэн л манай улсын иргэншилтэй болсон гэх. Ер нь манай улсад хятаджих аюул бодитоор нүүрлээд байна” гэсэнтэй олон мянган хүн санал нийлж бичлэгийг нь сэтгэгдлүүдээр булжээ.
Тус хөдөлгөөний тэргүүн Жанболат Мамай, “Манай улсад одоо хэчнээн хятад хүн амьдарч байгааг нарийвчлан мэдэх аргагүй. Албан ёсны мэдээллээр таван мянгаас хэтрэхгүй гэдэг тоо гардаг. Гэвч учир мэддэг хүмүүс манайд дор хаяж 300 мянга орчим хятад хүн ажиллаж амьдарч байна гэдэг. Актау, Актобе, Атырауд очиход л тэндхийн газрын тос, байгалийн хийн салбарт ажиллагсдын дийлэнх нь хятадууд гэдэг нь илт байдаг юм” гэжээ.
Хятадын иргэдийн шилжин суурьшилтын асуудал тус улсад шинэ зууны эхнээс л хурцаар тавигдаж эхэлжээ. Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн бие даасан судалгааны төв 2007 онд Казахстаны иргэдийн дунд санал асуулга явуулахад, оролцогчдын 68 хувь нь төрөлх хот, суурин газар нь дэндүү олон хятад иргэнтэй болсон гэж хариулж байжээ. Гэхдээ тухайн үед казахууд үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байсан нь дээрх санал асуулгаас мөн харагдсан аж.
Энэ оны нэгдүгээр сард улс төр судлаач Досым Сатпаев казах хэл дээрх “Форбс” сэтгүүл дээр бичсэн нийтлэлдээ, тус улсын газрын тос, байгалийн хийн салбар дахь хятадуудын ноёрхол, хятад иргэд ихээр орж ирэх болсон явдал, Хятадын хөрөнгө оруулалтаас улам бүр хамааралтай болж буй эдийн засаг зэргийн талаар өөрийн болгоомжлолоо тодорхой тусгажээ.
Казахстанаас Бээжинд Элчин сайдаар сууж байсан Мурат Ауэзов нэгэн ярилцлагадаа “Хятадын гүнийн нутгаас хань үндэстэн манай хил рүү ихээр нүүдэллэх үйл явц өрнөж байна. Тэд маш сайхан хот суурин, зам харгуй барьж их бүтээн байгуулалт өрнүүлж буй. Тэд гэдэг олон арван сая хүн. Тэд аж үйлдвэр, барилгын бригадад хуваагддаг ч нэгхэн хоногийн дотор Хятадын армийн анги нэгтгэлүүд болон хувирах боломжтой. Манай хил орчмын нутаг руу нүүж ирсэн хань үндэстний тоо манай улсын нийт хүн амтай тэнцэх бөгөөд шууд Бээжингээс удирдагддаг” гэсэн нь нэгийг хэлнэ.
Хэдэн жилийн өмнө тус улсын “Зона” сэтгүүл Казахстан, БНХАУ-ын томоохон төслүүд бүгд нэг онцлогтойг тэмдэглэж байлаа. Тэр онцлог нь юу гэхээр БНХАУ оролцсон бүх төсөл дээр хятад ажилчид олноор орж ирдэг явдал аж. “Зона” сэтгүүлийн дүгнэснээр бол тун удахгүй Зайсан, Экибастуз зэрэг баруун Казахстаны аж үйлдвэржсэн бүсүүдэд хятадуудын бөөнөөр амьдран суудаг газар олноор бий болох төлөвтэй.
ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн харъяа Үндэсний судалгааны төвийн дорно дахины судлалын факультетийн эрхлэгч, профессор Алексей Маслов нэгэн судалгаандаа, 17 сая хүн амтай Казахстанд ажиллаж, амьдардаг хятадуудын тоо ойрын 10 жилд таван саяд хүрнэ гэсэн нь бий. Казахстаны хэвлэлд газрын тос, байгалийн хийн салбар хөгжсөн бүс нутгуудад хятад ажилчид казах бүсгүйчүүдийн амар заяаг үзүүлэхээ больсон тухай мэдээлэл байсхийгээд гардаг болжээ.
Хэдийгээр Казахстаныг БНХАУ-ын нэг хэсэг болон уусан үгүй болох аюултай гэж түгшүүрийн харанга дэгдэгсдийг хэтрүүлэн сүржигнэж байна гэж үзэгсэд цөөнгүй ч тус улсад хүчирхэг өмнөд хөршөөсөө болгоомжлон эмээх нь ихэсчээ.