Н.МӨНХЖИН

Кастрогийн дэглэмийг хамгийн их шүүмжилдэг “Porno para Ricardo” (“Рикардод зориулсан порно”) нь “Кастрог буулгая” хэмээн хашгирч байсан Куба дахь цорын ганц хамтлаг билээ. 1959 оны хувьсгалаас хойш эрх баригч дэглэмийг эсэргүүцсэн хамгийн том жагсаал 1994 онд Гавана хотын Малеконы өргөн чөлөөнд болсон юм. Энэ жагсаалын тухай дуундаа дуулж зүрхэлдэг хамтлаг бол тэд. Энэхүү эсэргүү хамтлагийнхан Кубад саяхан батлагдсан цагаачлалын хуулийн ачаар эх орноосоо гарч Европоор аялан тоглолт хийж Испанид ирээд байхад нь “АВС” сонин уулзаж ярилцжээ. Хамтлагийн ахлагч Горки Аагила ярьж байна.

 

-Та нар Кубын эрх баригч дэглэмийг шүүмжлэхдээ ганцаарддаг уу?

-Дэглэмийг шүүмжилдэг олон хамтлаг байвал зүгээр дээ. Тэгвэл бид хамтарч илүү хүчтэй болно. Шүүмжилсэн үг бичиж, дуулдаг өөр хамтлагууд бий, гэвч сонин хэвлэлд ярилцлага өгөхөөрөө “зөөлөрчихдөг” юм. Битүү маягаар шүүмжилдэг хамтлагууд ч бий. Харин бид бол тэгдэггүй. Хэрэв бид дуундаа Фидель Кастрогийн тухай дуулдаг бол ярилцлагадаа үүнийгээ л ярьдаг. Бид зүйрлэл хэлж, хүмүүсийг илүү тойруугаар ойлгуу­лах зүйл хийдэггүй.

-Горки, та 2003-2005 онд шоронд хоригдож, 2008 онд баривчлагдаж байсан. Та нарын “амыг барьж”, чимээгүй болгох гэсэн оролдлого уу?

-Эрх баригчид биднийг эхнээс нь л хянаж, цагдсан. Хя­нахаасаа илүү баривч­лах нь илүү шуугиан, дуулиан дагуулдаг. Тиймээс эрх баригчид стратегиа өөрчилсөөр ирсэн. 2008 онд гэмт хэргийн үйлдэл хийсэн “хэргээр” баривчлагдаж, дөрвөн жилийн ял сонсох шахсан. Эцэст нь 450 еврогийн торгууль буюу Куба дахь дундаж цалингаас 30 дахин их мөнгө төлөөд гарсан даа.

-Интернэт цөөн хэдэн хүнд л хүртээмжтэй байдаг Кубад хүмүүст, дэлхий нийтэд өөрсдийгөө таниулах хэцүү биз?

-Гараас гарт гэсэн арга л бидэнд үлдэж байгаа юм. Бид хүмүүст нэг, хоёр цомгоо өгөөд “Хуулаад өөр хүмүүст тараагаарай” гэдэг.

-Гадаадад хөгжмөө хөөгөөд явъя гэж бодогдоогүй гэж үү?

-Заримдаа биднийг гарахыг зөвшөөрч, ганц нэг санал, боломж байвал гадаад руу гаръя гэж боддог байлаа. Гэвч бидний дуу, зорилго зөвхөн Куба дотор тоглоход зориулагдсан юм. Тэндээ л тогловол хамаг утга учир нь гарч ирнэ. Кубадаа л төрж, Кубадаа л тоглож байхаар заяагджээ. Түүнээс гадаадад оччихоод Фиделийнхны дэглэмийг шүүмжилж орилох нь утгагүй. Бид их зүйлээ золиослож энд ирсэн болохоор буцахгүй.

-Танай хамтлаг нэрнээсээ эхлээд л анхаарал татдаг. Та нар өөрсдийгөө өдөөн хатгагчид гэж үздэг үү?

-Бид олон нийтийн сэтгэлийг өдөөх дуртай. Мөн дайснаа ч өдөөн хатгах дуртай. Дайснууд гэдэг нь зөвхөн коммунистууд бус, мөн реакцгүй, “гөлийсөн” хүмүүсийг хэлж байгаа юм. Кубад дутагдаж байгаа нэг зүйл нь нийгмийн, иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өдөөх, өөрчлөх юм.

-“Рикардод зориулсан порно” нэрийн цаана ямар уриа нуугдаж байна вэ?

-“Рикардод зориулсан порно” бол “Эх орон, эсвэл үхэл” урианы эсрэг уриа, дуудлага юм. Бид хувь хүний эрх чөлөөг чухалчилдаг. Порнограф бол миний хувьд бүтээлч сэтгэлгээ, цэнгэл, эротизм юм. Үхэл бол зөвхөн үхэл л байдаг, үхээд л бүх юм дуусна. Энэхүү аймшигтай уриаг сургуульд бидний чихэнд мянган удаа давтаж суулгаж өгсөн ч ямар утга учиртайг нь мэддэггүй. Үзэл суртал, тоталитаризмд ууссан эх орон болон үхлийн аль нэгийг сонгоно гэдэг аймшигтай.

-Яагаад өөр нэр бус, гагцхүү Рикардо гэж?

-Рикардо гэж бодит хүн. Миний онцгой найз даа.

-Гавана хотын шөнийн амьдрал ямар вэ?

-Их уйтгартай. Ямар ч байсан Гаванын шөнийн амьдрал гадаадынханд зориулагдаагүй. Сохор зоос ч үгүй куба иргэдэд шөнийн амьдрал тун уйтгартай. Амралтын өдрөөр хотын төвд байдаг жижигхэн цэцэрлэгт баахан хүн цуглаж, хийх юмгүй холхино. Хийх юм юу ч байхгүй хэдэн мянган залуусыг эндээс харж болно. Энүүгээр тэрүүгээр сууж, гитар тоглосон шиг л.

-Та нарынх шиг хамтлаг концертоо тоглоно гэж байх уу?

-Концерт их цөөхөн болдог. Болдог газар нь цөөхөн, дэд бүтэц муу. Дэд бүтэц сайтай, концерт тоглож болох газар нь албан ёсны газрууд байдаг. Биднийг тэнд хэзээ ч тоглуулахгүй. Тэр тусмаа бидэн шиг шууд шүүмжлэн дуулдаг хамтлагт ямар ч боломжгүй зүйл. Эрх баригчдын найз хамтлагууд л тэнд дуулдаг.

-Дуу, цомгоо түгээхэд ямар байдаг вэ?

-Кубад CD-ний үйлдвэр байдаггүй. Дуу, хөгжим нь асар их хөгжчихсөн улсад ийм үйлдвэр байхгүй гэхээр итгэмээргүй. Урлагийн хамгийн чухал илэрхийлэл болох дуу хөгжим Кубад олон жилийн турш маш амжилттай хөгжиж ирсэн байдаг. Гэтэл CD хийдэг газар байхгүй, сонин байгаа биз.