Д.БОЛОРМАА

 

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

 

-Сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад эрх чөлөөнд нь халдах явдал гарах боллоо. Сэтгүүлчийн эрхийг зөрчсөн үйлдэл бүрийг хараад суудаг болох нь. Танай байгууллага эрх зүйн хүрээнд ямар өөрчлөлт хийхээр төлөвлөсөн байдаг юм бэ?

-Сэтгүүлчийг мэргэж­лийн үйл ажиллагаагаа эрхэлж байхад нь саад учруулах, биед нь халдах тохиолдол гарч байна. Үүнийг хоёр янзаар авч үзэх ёстой. Нэгдүгээрт, эрүүгийн чанартай үйлдэл байна. Энэ нь зодох, дээрэмдэх, булаах гээд эрүүгийн тодорхой чанартай үйлдлийн хохирогч нь сэтгүүлч байвал хууль номынх нь дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцсон уу гэдэгт нь анхаарал тавьж байна. Хоёрдугаарт, хуульд заагдаагүй бөгөөд практик дээр хуульчлах ёстой гэдэг нь тодорхой болсон тохиолдлууд юм.  Үүнийг хуульд тусгуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллах ёстой. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн эзэн сэтгүүлчдийг зодож танхайрсан. Энэ нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд болон сэтгүүлчид буюу редакци хоорондын харилцааг хууль, эрх зүйгээр зохицуулах ёстойг харуулж буйн тод жишээ. Хэн ч хөрөнгө оруулагч байж болно. Гэхдээ редакцийн мэргэжлийн үйл ажиллагаа хараат бус байх ёстойг харуулсан нэг жишээ нь энэ. Нөгөө талаас аливаа мэдээллийн мөрөөр сурвалжилж яваа сэтгүүлчдэд эсэргүүцэл үзүүлэх, хүчээр мэргэж­лийн үйл ажиллагааг нь таслан зогсоох явдал байж болохгүй гэдгийг хуу­льчлах шаардлага байна. Саяхан “TV8” телевизийн сэтгүүлчийг зодсон хэрэг гарлаа. Тус сэтгүүл­чийн хүссэн мэдээллийг нь өгөөд гаргасан бол ямар ч маргаан гарахгүй. Гэтэл бүлэглэн дайрч довтлоод заналхийллээ.  Харуул хамгаалалтаар далайлган сүрдүүлэх, дарамтлах, зодох энэ хууль бус явдлыг хуулиар зохицуулахаас өөр арга байхгүй. Нийгэм эрүүл байхын тулд олон нийт зөв мэдээлэлтэй байх ёстой. Иргэд зөв мэдээ­лэлтэй байж нийгмээрээ эрүүл байна. Ингэхийн тулд эхний ээлжинд мэдээллийг ямар нэгэн хаалт, дарамтгүйгээр олж авдаг тогтолцоог нь хуульчилж өгөх учиртай. Энэ утгаараа өнгөрсөн УИХ-д Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуулийн төслийг одоогийн парламент нэн даруй баталж өгөөч гэж хүсмээр байна. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл бол цагаа олсон, сэтгүүл зүйд тулгамдаад байгаа асуудлыг олон та­лаас нь нягтлан тусгасан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сэтгүүлчдийн мэр­гэж­лийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэгдсэн маш сайн хууль. Зарим хүн тэр дундаа хууль тогтоогчид “Сэтгүүлчдэд эрх чөлөө хангалттай байна. Тэдэнд ямар эрх хэрэгтэй гэж. Энэ хуулийг батлах шаардлагагүй” гэх хандлага ажиглагдсан. Тэгвэл “Уучлаарай энэ бол сэтгүүлчдийн эрхийг хамгаалах хууль биш. Монгол Улсын иргэн бүр мэдээллийг чөлөөтэй авах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн хүрээнд бүрэн эрх чөлөөтэй ажиллах ёстой” гэдгийг баталгаажуулж байгаа хууль. Түүнээс биш сэтгүүлчид онцгой эрх дарх эдлэх ёстой гэсэн хууль биш. Энэ бол иргэний нийгэм, ардчилсан төрийн төлөө хийж байгаа хуулийн зохицуулалт. Шинээр байгуулагдсан пар­ламентад мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг дээдэлдэг, ойлгодог, хүндэлдэг, Монголын иргэн болгон мэдээлэлтэй байгаасай гэж хүсдэг төрийн түшээд олон байгаа учраас батлагдана гэдэгт итгэж байгаа. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн удирдлагын зүгээс энэ хуулийг батлуулах талаас нь ажиллаж өгөөч гэдгээ нэр бүхий УИХ-ын гишүүдэд илэрхийлсэн. УИХ-ын даргад ч гэсэн албан ёсоор хандах бодолтой байгаа. Тэгээд ч сэтгүүлчид зүгээр нэг сенсаацийн хойноос явдаггүй.  Нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө хаана болохгүй, бүтэхгүй юм байна түүний эсрэг явдаг улс. Өөрөөр хэлбэл, буруу зүйлийг олон нийтэд түгээн мэдээлэн сургамж өгөх, нөгөө талаас асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг нийгмийг эрүүлжүүлэх эерэг үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ утгаар иргэд, аж ахуйн нэгж байгууллага, олон нийт сэтгүүлчдэд хүндэтгэлтэй хандах учиртай.

-Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн ажил­чид тодорхой хугацаанд ажлаа хийсэнгүй. Сэт­гүүл­чид эзэддээ зодуулж бие эрхтнээрээ хохирохоос гадна ажилгүй боллоо. Тэдний нийгмийн баталгааг хэрхэн анхаарч байгаа юм бол?

-Сэтгүүлчдийн болоод эздийн хоорондох харилцааг зохицуулсан зөв, зүйтэй нарийн зохи­цуулалт хэрэгтэй байгаа­гийн сонгодог жишээ бол тэр явдал. Сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байх ёстой гэдгийн хамгийн том жишээ гэсэн үг. Дээрээс нь сэтгүүлчид болоод ажил олгогчдын хооронд Хөдөлмөрийн хуулийн дагуу маш сайн гэрээ байгуулсан байх ёстой гэсний илрэл. Манай байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчдэд нэгэн уриалга гаргасан. Энэ нь “Хуулийн хүрээнд ажиллая. Сэтгүүлчдийн ажиллах эрхийг хүндэтгэе. Салбараа эрүүл­жүүлэхийн төлөө хамтдаа хичээе” гэж. Цаашид ч гэсэн зөрчил гаргаж байгаа байгууллагад анхааруулах  болно. “SKY” телевизийн ажилтнуудын асуудлыг шүүхээр шийдэх учиртай. Шүүхийн зүгээс ажилгүй байсан хугацааг тогтоож ажил олгогчоос мөнгийг нь гаргах байх.

-Сэтгүүлчид бусдын эрх ашгийн төлөө явах ч цалин багатай, цаг наргүй ажиллаж байна. Үүнийг өөрчлөх гол хүчин нь Үйлдвэрчний эвлэл гэдэг. Танайх энэ эвлэлийг байгуулж болдоггүй юм уу?

-Сэтгүүлчдийн онц их хурлаар манайхыг Үйлд­вэрчний байгууллагатай байна гэж тогтсон юм. Гэтэл амьдрал дээр ингэх нь хуультай зөрчилдсөн болж байна. Яагаад гэвэл Үйлдвэрчний эвлэл нь Монголын үйлдвэрчний эвлэл болоод бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бай­гууллага. Сэтгүүлчдийн эвлэл бол төрийн бус байгууллага. Тэгэхээр нэг байгууллага болоод ажиллах боломжгүй. Ер нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт Үйлдвэрчний эвлэлийн суурийг тавьж өгөх зайлшгүй шаардлага байгаа. Тэр нь Монголын сэтгүүлчдийн эвлэлд суурилсан биш Монголын Үйлдвэрчний эвлэлийн харьяат байгууллага байх ёстой. Харин манайх эвлэл байгуулах үндэс суурийг нь тавьж өгнө. Өнөөдөр манай байгууллага  ажил олгогчдод зөвлөмж өгөх, сануулах, хуулийг ингэж зөрчиж байна гэхээс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл, бидэнд хөдөлмөрийн гэрээгээ байгуулсан уу, цалин хөлсөө ном журмаар нь олгож байна уу гэж хяналт тавих эрх нь алга. Тэгвэл Монголын сэтгүүлчдэд үйлдвэрчний эвлэл ус, агаар шиг хэрэгтэй байна. Ирэх сараас сэтгүүлчдийн үйлд­вэрч­ний эвлэл байгуулах талаар хүч өгч ажиллана.

-Сэтгүүлчид үйлд­вэрч­ний эвлэлээ байгуулахад нэгдэх ёстой байх. Зохион байгуулалт дутагдаж байна уу?

-Зохион байгуулалтын асуудлыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай ярилцсан. Хэвлэл мэдээллийн салбар үйлдвэрчний эвлэлээ яаж байгуулах вэ гэдгийг сэтгүүлчдэд сургалтаар заана. Тодорхой мэдээл­лийн гарын авлагаар хан­гаж, онлайнаар мэдээл­лийг нь өгнө. Гэхдээ хэвлэл мэдээллийн бай­гуул­лага бүр үйлдвэрчний эвлэлээ байгуулах ёстой. Үүний дараа хөдөлмөрийн гэрээгээ яаж зохицуулав, бусад нийгмийн асуудлаа гэрээнд тусгах вэ гэсэн аргачлалыг заах болно.  Монголын сэтгүүлзүйг эрүүлжүүлэх нэг алхам нь хүчирхэг үйлдвэрчний эвлэлтэй байх юм.

-Та энэ албыг аваад багагүй хугацаа өнгөрлөө.Сэтгүүлчдийн онц их хурлаар сэтгүүлчдийн ордон барих тухай асуудал яригдаж байсан. Ордон яасан бэ?

-Сэтгүүлчдийн ордон барих нь худал юм билээ. Барих газар, мөнгө нь алга. Хууль ёсны эзэмшил газар нь байгаад ордон босгоход мөнгөтэй байх ёстой. Тэгвэл аль, аль нь байхгүй ийм л байгууллагыг хүлээж авсан. Хотын захиргаа газар өгнө гэж амалсан ч үлгэр болох шиг боллоо. Гэхдээ бид гараа хумхиж суухгүй. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч хэмээх сонгуульт хугацаандаа толгой хоргодох оронтой болгох төлөвлөгөө бий. Ер нь сэтгүүлчдийг өмнө нь өмгөөлөх эзэнгүй мэт явдаг байсан бол одоо байдал өөрчлөгдсөн юм шүү.

-Таны алба цалингүй, эвлэл маань гишүүдийнхээ татвараар санхүүждэг. Энэ утгаар цалингүй, эд хөрөнгийн үүсвэргүй энэ албыг аваад төлөвлөгөө зохионо гэдэг бас хэцүү байх?

-Сэтгүүлчдийн бай­гуул­лага нь гишүүдийн татвар, хандив тусламж гэхчилэн төрийн бус байгууллага яаж сан­хүүждэг түүний жишгээр ажилладаг. Бид сэтгүүлч­дээс татвар татахаас илүү­тэй өөрөөр энэ байгууллагаа санхүү­жүүлэх юмсан гэсэн эрмэлзлэлтэй. Татвар авалгүйгээр санхүүжээд болж байна. Ингэхдээ танай байгууллагын эрх ашгийг хамгаална шүү гэж далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг зарчмаар ажиллахгүй. Үүнийгээ анхнаасаа мэдэгдэж байсан. Би өөрөө сэтгүүл зүйгээс хоолоо олж идэж байгаа хүн гэдэг утгаар сэтгүүл зүйн салбартаа өөрийгөө зориулах үүрэгтэй хүн.

-Өнөөдөр өөрийг нь гүтгэсэн гэж хэн дуртай дарга, бизнесмен нь сэтгүүлчдийг цагдаа, шүүхэд өгч байна. Тэд өөрсдийнх нь буруу байсан ч гэсэн гал намжаах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Үүнд ямар анхаарал тавьж байна?

-Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр  зүйлчлэл нь шүдний өвчин болоод удаж байна. Сэтгүүлчдийг буруутгадаг ганц зүйл нь энэ. Тэгэхээр Ерөнхий­лөгчийн өргөн барьсан хуулийн төслийг яагаад хоёр гараа өргөн дэмжээд байгаа вэ гэхээр ийм учиртай. Тэр хуулийн төсөл тэр хувилбараараа батлагдах юм бол Эрүүгийн хуулийн тус заалт хүчингүй болж, сэтгүүлчийг иргэний журмаар шийдэх боломж нь нээлттэй болох юм. Ийм л учиртай.