Н.МӨНХЖИН

 

Гэрэл зургийг хаана ч, юугаар ч авч болно. Далайн эрэг дээр гар утсаар зураг авахад хачин гоё гарна. Харин дүрс, цаг мөчийг гэрэл зургийн хальсанд буулгах онцгой агшин гэж байх ажээ. Боломжгүй агшныг ч буулгахын тулд ямар ч аюул, эрсдэлтэй тулгарахад бэлэн мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчид их бий. Галзуурсан орос гэрэл зурагчид Хеопс пирамидын оройд авиран гарч байсан билээ. Хеопсын оройд гарна гэдэг амь насаараа тоглож байгаагаас гадна шоронд ч орж мэдэх хуультай юм. Пирамидын оройгоос ганц эгшний зураг буулгах гэсэн хүмүүст энэ аюул хамаагүй аж.

Тэгвэл шилдэг зургийг авах шилдэг байрлалыг эзлэхийн тулд галт уулын халуун лааван дээр зогсон шатан дүрэлзэж байж болох уу. Болно гэдгийг гэрэл зурагчин Кавика Сингсон өөрийн биеэр харуулав. Цорын ганц агшныг “барьж авахаар” улайрсан түүний гутал болон аппаратных нь хөл халуун лааванд шатаж байгаа агшин гэрэл зургийн хальсанд буужээ.

Хавай арлын Кайлуа-Конад оршин суудаг байгалийн гэрэл зурагчин Сингсон энэ арлын зургийг тал бү­рээс нь авчээ. Хүн хү­рэм­гүй, жуулчдад хорио­той газраас авч үзээ­гүй байж. Тэрээр энэ зур­гийг 10 хоногийн өмнө авсан байна. Харин энэ агшинд яг ямар га­зар зогсож байснаа дэл­гэхийг хүссэнгүй. “Өөрийнхөө газруудыг би дэлгэх дургүй” гэж Кавика Сингсон хэлсэн нь ажлынхаа байрыг бус­дад алдахгүй гэсэн үг бололтой.

Өөрөө өөрийнхөө зургийг дарсан Сингсон “Энэ бол жинхэнэ. Ха­луун гал, лаав, ша­таж байгаа гутал. Энэ агш­ныг буулгахын тулд би лаа­ванд хэдэн хором ша­тах хэрэгтэй болсон. Ингэснээрээ тэнгэрийн хаяаны хосгүй зураг бо­лон өөрийнхөө итгэмээр­гүй хөргийг буулгасан юм” хэмээн ярилаа. Гэ­рэл зураг гэдэг тийм амар ажил биш, тэр тус­маа байгалийн гэрэл зураг­чин хамгийн хэцүү, бэрхтэй учрахад ч бэлэн байх ёстой хэмээн тэрээр өгүүлж байна.