Б.БАРС
АНУ-ын Тагнуулын төв газрын “маш нууц” гэсэн тодотголтой интернэт болон гар утасны хэрэглэгчдийг нууцаар тагнах үйл ажиллагааг олон нийтэд ил болгосон хүн бол тус байгууллагын экс-ажилтан Эдвард Сноуден. Энэ зуны турш дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнтэй холбоотой мэдээллээр “хооллож” байгаа гэвэл үнэнээс хол хазайхгүй биз ээ.
Эх орондоо гишгэх газаргүй болсон оргодол Э.Сноуден дэлхийгээр нэг хэрэн хэсч, өнгөрсөн зургадугаар сарын 23-наас хойш ОХУ-ын нийслэл Москвагийн Шереметьевогийн олон улсын нисэх буудлын хүлээлгийн танхимд орогнож байгаа юм. Тэрээр хэд хоногийн өмнө манай хойд хөршийн хүний эрхийг хамгаалагчдын төлөөлөгчидтэй уулзахдаа ОХУ-ын удирдлагаас түр орогнол олгохыг хүссэн билээ.
Уулзалтын дараахан дуулиант “Викиликс” цахим хуудаснаа Э.Сноудений албан ёсны мэдэгдэл бүрэн эхээр гарсан аж. Оргодол тагнуулч мэдэгдэлдээ АНУ түүний гадаад паспортыг хүчингүй болгосон тул ОХУ-д арга буюу тодорхой бус хугацаагаар саатахад хүрээд буйгаа дурджээ.
Цаашид тэрээр Латин Америкийн аль нэг улсад амьдрах төлөвлөгөөтэй байгаа боловч АНУ болон Европын холбооны орнууд түүнийг гартаа оруулахын тулд хууль бус үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй байгаа нь илэрхий тул маш хянуур хөдлөх шаардлагатай болсноо ч мөн мэдээлжээ. Э.Сноуден түүнчлэн өөрийг нь хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдээд буй Венесуэл, Никарагуа, Боливи, Эквадорт чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Энд дурдахад, энэ сарын эхээр Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесийн Москвагаас хөөрсөн нисэх онгоцыг баруун Европын орнууд дамжин өнгөрүүхээс татгалзсан билээ. Онгоцны бүхээгт өөрийн эх орон АНУ-д тэрслэгч “овоо гар” Э.Сноуден явж байж болзошгүй гэж хардсан учраас л тэр. Эцэст нь Э.Моралесийн онгоцыг Австрийн Вена хотын нисэх буудалд албадлагаар буулган нэгжлэг хийжээ.
Үүний улмаас Өмнөд Америкийн МЕРКОСУР байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд хуралдан Испани, Франц, Португал, Итали зэрэг Европын холбооны улсаас Элчин сайд нараа эгүүлэн татах шийдвэр гаргасан юм.
Үүнээс хойш байдал улам ч хурцдан АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Ж.Псаки мэдэгдэл хийж, “Э.Сноуден бол хүний эрхийг хамгаалагч бус АНУ-ын Виржиниа мужийн прокурорын газраас ноцтой эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжлагдаж буй этгээд. ОХУ-ын зохих албаны хүмүүс түүнийг хүний эрхийг хамгаалагчидтай уулзахад дэм болсонд харамсч байна” гэжээ.
Харин ОХУ-ын Төрийн думын спикер С.Нарышкин хэлэхдээ, “Миний бодлоор манай улс Э.Сноуденд улс төрийн орогнол олгох хэрэгтэй. Яагад гэвэл, АНУ-д түүнийг цаазаар авч болзошгүй. Гэхдээ Э.Сноуден АНУ-ын эсрэг ямар нэг үйлдэл хийхгүй нөхцөлд л түүнд орогнол олгох нь зүйтэй” гэсэн байна. Ийнхүү дэлхийг талцуулж эхэлсэн Э.Сноудений асуудал нэлээд ярвигтай болох төлөвтэй.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин руу гэнэт утас цохихдоо хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохын сацуу Э.Сноудений цаашдын хувь заяаг хэлэлцжээ. Дэлхийн томоохон улс төр судлаачдын үзэж буйгаар Барак Обама гарт байгаа гол хөзрөө дэлгэсэн гэх.
Юу гэвэл ОХУ-ын Санкт-Петербург хотноо ирэх есдүгээр сард “Их 20”-ын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа аж. Хэрэв ОХУ-ын тал Э.Сноуденийг хүлээлгэн өгөхгүй бол АНУ-ын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж луу унжиж болох гэнэ. Харин хагас жил хүрэхгүй хугацааны дараа ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн Олимпийн наадамд АНУ тамирчдаа оролцуулахгүй байж ч болзошгүй гэдэг нь хэтэрхий дөвийлгөсөн таамаг бололтой.
Хүйтэн дайны үед буюу 1979 онд хуучин ЗХУ Афганистанд цэргээ оруулсныг эсэргүүцэн АНУ болон түүний холбоотон НАТО-гийн орнууд 1980 оны Москвагийн зуны Олимпийн наадамд тамирчдаа илгээгээгүй түүхтэй. Үүний хариуд ЗХУ болон бусад социалист орнууд удаах 1984 оны Лос-Анжелесийн Олимпийг бойкотлон тамирчдаа оролцуулалгүй мөн л спортыг улстөржүүлсэн билээ.
Э.Сноудений асуудлаас гадна тэртээ тэргүй үе үе хурцаддаг Москва, Вашингтоны харилцаа дахин хүйтэрч эхэлсэн нь нотлох шаардлагагүй аксиом болчихлоо. Одоо бүх зүйл Москва цаашид ямар алхам хийхээс л шалтгаална. Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн тэргүүнд саналаа утсаар хэлчихсэн.
Иймд, дэлхийг талцуулагч зартай тагнуулч Э.Сноудений хувь заяа цаашид хаашаа эргэх нь В.Путиний гаргах шийдвэрээс л хамаарах нь.