М.ЦЭЦЭГ

 

Элчин сайд, Цөмийн зэвсгээс ангид статусын асуудлыг зохицуулагч Ж.Энхсайхантай ярилцлаа.

 

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улиран сонгогдсонтой нь холбогдуулж өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн захидалдаа “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэхээ нотолсон нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэлхий нийтийн хүч чармайлтад онцгойлох үйл явдал болсон” гэж тэмдэглэсэн байсан. Өмнө нь 2000 онд цөмийн зэвсэгтэй таван гүрэн манай статусын талаар хамтарсан мэдэгдэл гаргасныг нотолсон нь “онцгойлох” үйл явдал болсон гэдгийг яаж ойлгох вэ. Үүнийг тайлбарлаж өгнө үү?

-Цөмийн зэвсэгтэй гүрнүүд манай статусын талаар хоёр удаа тусгайлан мэдэгдэл гаргасан. 2000 онд хамтарсан мэдэгдэл гаргасан бол 2012 онд шат ахиулж хамтарсан тунхаглал гаргасан. Хэдийгээр хоёулаа улс төрийн чанартай чухал алхмууд боловч агуулга, ач холбогдлоороо өөр хоорондоо нэлээд ялгаатай. 2000 онд цөмийн зэвсэгтэй гүрнүүд Монгол улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тэгж хэрэглэхээр сүрдүүлэхгүй гэсэн “сонгомол” баталгааг мэдэгдэл хэлбэрээр олгосон. Тэд мөн манай энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1998 онд гаргасан 53/77 D тоот тогтоол, түүнд тусгагдсан манай гадаад аюулгүй байдлын холбогдолтой заалтууд, тухайлбал тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хягзаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдлыг хангахад дөхөм үзүүлэх тухай заалтуудыг олон улсын хэмжээнд бататган бэхжүүлэхэд Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэр үед мэдэгдсэн.

Гэвч тэд 2000 онд манай цөмийн зэвсгээс ангид статусыг хүлээн зөвшөөрч байгаага мэдэгдээгүй зориуд орхигдуулсан байсан. Тэр нь ямар учиртай байсан бэ гэвэл хэрэв тэд Монголын статусыг хүлээн зөвшөөрч, Монголд цөмийн зэвсэг, тийм зэвсгийн аливаа хэсгийг хэзээ ч байрлуулахгүй гэж мэдэгдвэл зарим улс орон, түүний дотор цөмийн зэвсэгтэй зарим гүрний холбоотнууд, тиймэрхүү статустай болохыг санаархах болно, тэр нь эвсэл холбоог дотроос нь сулруулах аюултай прецедент үүсгэж болзошгүй гэж үзэж байгаагаа тэд тухайн үед нь манай талд илэн далангүй хэлж байсан. Өнөөдөр Балба, Бангладеш, тэр ч байтугай 2014 онд тусгаар тогтнолоо зарлаж болзошгүй Шотланд улс манай туршлагыг нэлээд сонирхож байгаа.

Манай улс ч мөн 2000 онд хоёр үндэслэлээр хамтарсан мэдэгдлийг хангалтгүй гэж үзэж байгаагаа тэдэнд мэдэгдэж байсан. Нэгдүгээрт, баталгаа нь улс төрийн амлалт болохоос биш эрх зүйн хүчингүй байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэдгэж байсан. Хоёрдугаарт, манай өвөрмөц онцлого, нэн ялангуяа хөрш хоёр оронтойгоо найрсаг харилцаатай байгаа тул бидний хүсч хүлээж байгаа баталгаа бол манай эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тийм зэвсгээр далайлгахгүй гэх биш, харин тэд манай өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч, ямар ч тохиолдолд манайд цөмийн зэвсэг буюу тийм зэвсгийн цогцолборын аливаа хэсгийг байрлуулахгүй гэсэн баталгаа байвал манай ашиг сонирхол, бодит нөхцөл байдалд тохирно гэж тэдэнд мэдэгдэж байсан. Шатраар бол бид нэг ёсондоо 2-3 нүүдлийг урьдчилж харах гэж оролдож, тэднээс ирээдүйд пуужингийн довтолгооноос сэргийлэн хамгаалах болон бусад арга хэлбэрийн сөргөлдсөн бодлогодоо манайхыг татан оролцуулахгүй байх баталгааг тэднээс гаргуулж авах бодолтой байгаагаа тэдэнд мэдэгдэж байсан. Тэгэх нь манай язгуур ашиг сонирхолд ч, мөн бүс нутгийн тогтвортой байдалд ч нийцнэ гэж онцолж байсан.

-Манай улс цөмийн зэвсэгтэй бусад улстай хэрхэн харилцдаг юм бэ?

-Манай улс энэ хоёр чиглэлээрээ цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй сүүлийн арав гаруй жил ажилласан. Тухайлбал цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй 10 удаа, мөн өрнөдийн гурван гүрэн, хөрш хоёр оронтой тус тусад нь удаа дараа уулзаж ярилцаж байсан. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн өөр хоорондоо ч манай асуудлаар олон удаа уулзаж ярилцаж байсан. Түүний зэрэгцээ 100 гаруй гишүүнтэй цөмийн зэвсэггүй бүсүүдийн холбоо, мөн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн манай байр суурь, бодлогыг удаа дараа дэмжиж мэдэгдэл гаргаж байсан нь асуудлыг урагшлуулахад улс төрийн бодитой дэмжлэг болж ирсэн. 

Цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчидтэй уйгагүй яриа хэлэлцээ явуулсны дүнд 2012 оны есдүгээр  сард тэд манай статусын асуудлаар хамтарсан тунхаглал гэгчийг гаргасан. Тэр нь хэдийгээр улс төрийн чанартай боловч гарын үсэг зурж дэлхийд тунхаглан зарласан баримт бичиг болсон. Тэрхүү тунхаглалд тэд агуулгын хувьд манай талын тавьж байсан гол санааг тодорхой тусгаснаараа 2000 оны мэдэгдлээс зарчмын ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, тэд манай статусыг анх удаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа, түүнийг хүндэтгэж байхаа, мөн түүний эсрэг аливаа үйлдэл хийхгүй гэдгээ тодорхой зарлан тунхагласан. Тодруулбал, манай эргэн тойронд, цаашилбал бүс нутагт байдал хүндрэх тохиолдолд, цөмийн зэвсэгтэй энэ гүрнүүд пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолбор байгуулах, эсвэл тийм цогцолборыг устгах буюу саармагжуулах сөрөг цогцолбор байгуулахад хүрвэл тэд цөмийн зэвсгээс ангид Монгол Улсын статусыг хүндэтгэж, манай улсыг тиймэрхүү ажиллагаандаа татаж оролцуулахгүй, статусыг зөрчсөн аливаа үйлдэл хийхгүй гэдгээ зарлан мэдэгдсэн. Нэг ёсондоо өрнөдийн орнуудаас Польш, Чех, Румынд пуужингийн довтолгооноос хамгаалах тогтолцооны хэсгийг байрлуулах гэсэн дарамт шахалтын адил шахалтыг Азид  байдал хүндрэх үед цөмийн зэвсэгтэй гүрнүүд манайд үзүүлэхгүй гэсэн үг юм.

Түүнээс гадна хэрэв 2000 оны мэдэгдэлд цөмийн зэвсэгтэй гүрнүүд Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай хуулийн талаар зориуд дуугүй өнгөрч байсан бол 2012 оны тунхаглалд УИХ-аас түүнийг 2000 онд баталж гаргасан явдалд баяр хүргэсэн. Тэгснээрээ тэд арав гаруй жил хүлээн зөвшөөрөөхөөс зайлсхийж байсан хуулийг арга буюу хүлээн зөвшөөрч, улмаар цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, нэн ялангуяа цөмийн технологийг хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, геологи, уул уурхай, байгаль орчин зэрэг салбарт нэвтрүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн гэж хэлж болно.

-Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус манай улсад өөр практик ямар ач холбогдолтой вэ ? 

-Бан Ги Мүний хэлснээр олон улсын ч ач холбогдолтой юм. Солонгосын Хойгийн эргэн тойронд өнгөрсөн дөрөвдүгээр сард бий болсон цэрэг, улс төрийн хурцадмал нөхцөл байдал, цэргийн өндөржүүлсэн бэлэн байдал нь санаатайгаар бус гэхэд санамсаргүйгээр зэвсэгт мөргөлдөөнд хүргэхэд тун дөхөж очсон. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсэг байгаа цагт цөмийн мөргөлдөөний аюул занал бүрэн арилахгүйг дахин харуулсан. Цөмийн зэвсэгтэй орнууд, тэдний 30 орчим холбоотнууд цөмийн зэвсэг бол өнөөдрийн цөмийн эрин үед бусадынзүгээс цөмийи зэвсэг хэрэглэх, түрэмгийлэхээс урьдчилан сэргийлж “тогтоон барих”чухал үүрэгтэй гэж үзэж цөмийн зэвсгээр хариу цохилт өгөхөөр далайлгах замаар стратегийн тогтвортой байдлыг хангана гэдэг. Тийм зэвсэг байгаа цагт цаашид ч мөн тэрхүү үүргийг гүйцэтгэх болно гэж тайлбарладаг. Гэвч хүйтэн дайны дараах үед цөмийн зэвсэгтэй улс орны тоо бараг хоёр дахин нэмэгдэж, шинэ улсууд цөмийн зэвсэгтэй болсноо “тогтоон барих” бодлогын илэрхийлэл гэж тайлбарлаж байгаа. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цөмийн зэвсэг хийх технологийн нууц үндсэндээ ил болж,тийм технологийн наймааны “хар зах” ч бий болоод байна. Ийм нөхцөлд улс орнууд төдийгүй мөн террорист этгээдүүд ч цөмийн зэвсэгтэй болж болох нөхцөл бүрдэж байна. Иймээс олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсгийн тархал­тыг зогсоож, энэ төрлийн зэвсгийг хорогдуулан устгах явдлыг чухал зорилтоо болгож байгаа.

Цөмийн зэвсэгтэй улс орнуудын зарим холбоотнууд өөрсдийгөө цөмийн шүхэрээр нь хамгаалуулах бодлого барьдаг. Тухайлбал, Азид Япон, Өмнөд Солонгос, Австрали гурав АНУ-ын цөмийн шүхрийн хамгаалалтад байдаг. НАТО эвслийн гишүүд мөн тийм хамгаалалтад байдгийн дээр зарим нь цөмийн зэвсэгтэй холбоотныхоо цөмийн зэвсэг, тийм зэвсгийн цогцолборын эд ангийг нутагтаа байрлуулах, цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага гарвал түүнд тодорхой хэмжээгээр оролцох бодлого ба­римталж байгаа нь цөмийн зэвсгийн аюулыг арилгахад саад болж байгаа.

Манай улсын хувьд гэвэл ЗХУ-тай холбоотны харилцаатай байхдаа Зөвлөлт-Хятадын маргаан сөргөлдөөний үед зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулахыг зөвшөөрч, нэг үгээр хэлбэл ЗХУ-ын хамгаалалт, “шүхэрийн” дор байсан. 1969 онд зөвлөлт-хятадын хил орчмын мөргөлдөөн газар авч дайнд хүрч болох бодит аюул ч нэг хэсэг байсан. Тэр үед ЗХУ Хятадын цөмийн зэвсэг, цөмийн байгууламжуудын эсрэг “урьдчилан сэргийлэх” цохилт хийвэл АНУ ямар байр суурьтай байхыгтандаж байсан. Харин аз болж АНУ тэр үед Хятадын жин нөлөөг ЗХУ-ын эсрэг ашиглах бодлого барихаар бодож байсан юм билээ. Тиймээс Хятадтай харилцаа тогтоох бодлогоо урьтал болгож тийм цохилт хийхийг зөвшөөрөхгүй гэдгээ зөвлөлтийн талд тодорхой ойлгуулсан байдаг. Хэрэв тэр үед ЗХУ Хятадын эсрэг хүч хэрэглэх байсансан бол манай улс түүнд ямар нэгэн хэмжээгээр татагдан орж хохирох аюул байсан. Тийм учраас 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан нь оносон. Энэ нь хөрш хоёр орныхоо зөрчил, мөргөлдөөнд цаашид оролцохгүй байх, манай язгуур ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй нөхцөлд төвийг сахих бодлого баримталж, аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чиглэсэн манай бодлогод бүрэн нийцэж байв.

-Цөмийн зэвсэгтэй таван гүрэн манайд улс төрийн баталгаагаа нотлосноор энэ асуудал хаагдаж байна гэж хэлж болох уу?

-Тэгж хэлж болохгүй. Олон улсын харилцааны түүхээс үзвэл улс орны аюулгүй байдал бүрэн төгс хангагдана гэж бараг байдаггүй. НҮБ-ын Дүрмийг 1945 онд баталж, НҮБ-ын Аюулгүй зөвлөл байгуулагдсанаар гишүүн орнуудын аюулгүй байдал бүрэн хангагдаагүй. 1945 оноос өнөөдрийг хүртэлх түүх түүний тод нотолгоо юм. Улс орны аюулгүй байдлыг хангах нь нэг ёсондоо үргэлжилсэн үйл явц юм. Манай статусыг цөмийн зэвсэгтэй таван гүрэн хүндэтгэхээ тодорхой мэдэгдсэн нь чухал боловч бид түүнийг нь эрх зүйн үндэстэй болгох чиглэлээр цаашид ажиллаж байж аюулгүй байдлаа улам бэхжүүлэх боломжтой болно.

Манай асуудлын хувьд гэвэл, НҮБ-ын Ерөнхий Ассамблей Монголын аюулгүй байдлын статусын холбогдолтой асуудлыг хоёр жил тутам ЕНБД-ын илтгэлийг үндэслэн хэлэлцдэг уламжлжл тогтоод 15 жил болж байна. Энэ бол улс төрийн чухал ололт юм. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн прецедент үүсгэхээс болгоомжилж манайд эрх зүйн үндэстэй баталгааг одоогоор олгоогүй ч гэсэн цаг хугацаа, нөхцөл байдал, манай бодлого зэргээс хамаарч байдал манайд ашигтайгаар өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. 2000 онд хамтарсан мэдэгдэл гаргасны дараахан цөмийн зэвсэгтэй гүрнүүд Монгол улсад хийж өгөх юмаа хийж өгсөн, энэ асуудал дээр одоо цэг тавьлаа гэж мэдэгдэж байсан. Гэхдээ хэдэн жилийн дараа манай талын тавьж байсан нөхцөлийг тэд хүлээн авч 2012 онд тэр талаар хамтарсан тунхаглал гаргасан. Ер нь улс төрд “хэзээ ч үгүй” гэсэн ойлголт байх учиргүйг хүчирхэг Зөвлөлт Холбоот Улс задран унасан явдал харуулсан. Тухайн улс төрийн нөхцөл байдал, улс орны тууштай арга ажиллагаа, улс төрийн шаардлага, хэрэгцээ зэргээс нэлээд зүйл хамаардгийг жижиг улс орнууд байнга анзаарч овжин ашиглаж байх ёстой.

Одоо Монгол улс нэг хэсэгтээ цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй зөвхөн ажиллахын оронд бусад улс орны дунд байр сууриа улам бэхжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй юм. Тухайлбал, “Цөмийн зэвсэггүй бүсүүд ба Монгол Улс” гэсэн 100 гаруй гишүүнтэй олон улсын холбоонд байр сууриа бэхжүүлж, өөрсдийн туршлагыг Зүүн-Хойд Ази(ЗХА)-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах явцыг эхлүүлэхэд дөхөм үзүүлэх, олон улсын харилцааны энэ чиглэлд нэр хүнд,нөлөөгөө дээшлүүлж, байр сууриа бэхжүүлээд дараа нь эрх зүйн баталгаа гаргуулж авах талаар цөмийн зэвсэгтэй орнуудтай дахин ярилцаж болох юм. Мөн нэгэнт НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр жил тутам манай аюулгүй байдлын холбогдолтой асуудлыг хэлэлцдэг тул 1998 оны тогтоолд тусгагдсан заалтууд, түүний дотор эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдлыг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцүүлж дэмжлэг авах талаар ярилцаж ажиллах ч боломж байна. Тэр боломжийг алдаж болохгүй.

-Зүүн-Хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудал одоо хэр идэвхтэй яригдаж байгаа вэ?

-Энэ асуудал ЗХА-ийн хувьд үнэхээр тулгамдсан асуудал болж байгаа нь энэ дөрөвдүгээр сард Солонгосын хойгийн байдал хурцдаж, цөмийн зэвсгээр сүр далайлгаж байснаас харагдсан. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болох талаар ажиллаж эхлэснээс хойш ЗХА-ийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг албан бус хэмжээнд ярилцаж эхлэсэн. Гэхдээ 1980-аад оноос хойш өнөөг хүртэл энэ бүсийн нэг ч улс орон тийм санал тавиагүй байгаа. Учир нь гэвэл Япон, Өмнөд Солонгос хоёр нэгэнт АНУ-ын цөмийн шүхэрийн дор байдаг тул тийм бүс байгуулах шаардлагагүй гэж үзэж ирсэн. Мөн АНУ ч гэсэн нэгэнт холбоотнууддаа баталгаа олгосон тул ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь баталгааг, цаашилбал холбоотны харилцааг “сулруулж” болзошгүй гэж үзэж дэмждэггүй байж ирсэн.

ЗХА-ийн нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байна. БНАСАУ цөмийн зэвсэгтэй болж, хөрш зэргэлдээ зарим орноо тийм зэвсгээр заналхийлэх боллоо. Түүний хариуд цөмийн зэвсэг үйлдвэрлэх бүрэн чадамжтай Япон, Өмнөд Солонгост өөрсдийн цөмийн зэвсэгтэй болох талаар ярих болж байна. Хэрэв энэ хоёр улс цөмийн зэвсэгтэй болбол Хятад улс цөмийн зэвсгийнхээ тоо, чанарт илүү анхаарах болно. Тийм нөхцөлд ОХУ, АНУ хоёр зүгээр суухгүй нь ойлгомжтой. Ийм маягаар ЗХА-д цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал газар авна. Нутаг дэвсгэрийн маргаан бүрэн шийдэгдээгүй байгаа энэ бүс нутагт зэвсэглэлээр, түүний дотор цөмийн зэвсгээр хөөцөлдөх нь ямар уршиг дагуулж болох нь хэн бүхэнд ойлгомжтой.

Зургаан талт хэлэлцээ мухардмал байдалд орсноос хойш энэ бүс нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудал албан бус хэмжээнд нэлээд яригдах болсон. Албаны хүмүүс ч тийм бүс байгуулах нөхцөл бүрдэж байгаа эсэх, цаг хугацаа нь болж байгаа эсэх талаар ярилцаж эхэлж байна. Төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэн цөмийн зэвсгийг эсэргүүцсэн кампанит ажлаа идэвхжүүлж байна. Японы 400 гаруй хотын захирагчид ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах мэдэгдлийг дэмжээд байна. Мөн Япон, Өмнөд Солонгосын парламентын зарим гишүүд ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах явдлыг дэмжиж байгаагаа хамтарсан мэдэгдлийн хэлбэрээр илэрхийлж, цаашид энэ чиглэлээр ажиллахаа мэдэгдээд байна.

2011 оноос ЗХА-д энх тайван, аюулгүй байдлыг тогтоох гэрээ байгуулах хувилбарыг бүс нутгийн хэсэг мэргэжилтэн, судлаачид тал бүрээс нь судалж байна. Тэрхүү судалгааны нэг чухал хэсэг нь ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломжийн асуудал юм. Нэгэнт зургаан талт хэлэлцээ үр өгөөжөө өгөхгүй байгаа тул тэрхүү хэлэлцээнд оролцож байгаа улс орнуудаас гадна Монгол, Канадыг татан оролцуулсан бүтэцтэй, арай өргөн мандаттай, түүний дотор Солонгосын хойгт энх тайвны гэрээ байгуулах замаар ЗХА-ийн байдлыг эрүүлжүүлж, нухацтай яриа хэлэлцээг эхлүүлэх боломжийн талаар албан бусаар ярилцаж эхэлж байгаа. Эдгээр асуудлыг Монголд албан бусаар ярилцах тухай яриа ч гарч байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа эксперт судлаачид ажлынхаа дүнг 2014 оны дундуур ЗХА-ийн засгийн газруудад танилцуулах бодолтой байгаа. Тэд ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь АНУ-аас холбоотнууддаа олгосон баталгааг хир сулруулах, тийм бүс нь пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөрт хэрхэн нөлөөлөх, Японд цөмийн баталгаа олгох сонирхол Хятадад байгаа эсэх, тийм бүс нь Хятад-Японы харилцаанд хэрхэн нөлөөлж болох, Хятадын нөлөө тэлэхэд тийм бүс хэрхэн нөлөөлж болох, хими, бактериологийн зэвсэгтэй улсад баталгаа олгож болох эсэх, бүс нь цөмийн зэвсгээс ангид болохыг хэрхэн тогтоож, хэрхэн хянаж байх, хяналт шалгалтыг хэнд хариуцуулах зэрэг олон асуудлыг судалж саналаа боловсруулах учиртай.

Манай улс хэдийгээр өөрийн гэсэн өвөрмөц статустай гэдгээ хүлээн зөвшөөрүүлсэн ч  ЗХА-д цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхэд дөхөм үзүүлж, яваандаа статусаа түүнтэй холбох замаар түүнийгээ олон улсын эрх зүйн үндэстэй болгох чиглэлээр ажиллах боломжтой юм.