Д.МЯГМАР
ХОТЫНХОН ХЭЦҮҮ УЛС ЮМ
Аз нь алгандаа багтсан нэгэн эмэгтэйг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа. Энэ бол “Моби лотто”-гийн азтан Пэлжидмаагийн Нацагням билээ. Тэрээр бидний хүсэлтийг хүлээж авалгүй нэлээд тээнгэлзсэн юм. “Та үнэхээр байр, машин хожсон чинь үнэн юм уу. Тийм бол юундаа дургүйцээд байгаа юм бэ. Ямар хэрэг хийсэн биш. Та ингэж зугтвал аз харих юм биш үү” хэмээн ятгасны эцэст “Танай хотынхон хэцүү улс байна лээ. Манай Дорнодынхон шиг уужим сайхан сэтгэлгүй. Юм л бол хүнийг хардаж, хачин муухай үгээр гомдоож, зарим хүний үг яриа нь хар энергитэй хаашаа ч болчихсон улс юм. Эгч нь Дорноддоо бол од шүү. /инээв/ Миний Дорнодын ард түмэн намайг мэднэ. Хэзээ аймагтаа ирэх вэ гээд л асуугаад байгаа” хэмээн гомдлоо тайллаа.
Гэнэт нэг өдөр та байр, машины түлхүүр гардвал амьдрал ямар байхсан бол. Олны харааг эрхгүй татаж чадсан энэ эмэгтэй үнэхээр 2500 төгрөгийн нэгжээр гар утсаа цэнэглэн байр, машин хожсон нь үнэн болов уу. Олон хүний эргэлзээг тайлах үүднээс түүний амьдралын хуудсыг эргүүлэхээр бид яарч байлаа. Иргэдээ өмөөрч бичдэг “Зууны мэдээ” сонины байранд түүнийг урьсан юм. “Дорнодоос ирээд одоо 13 дугаар хороололд дүүгийндээ байгаа” гэж байсан тэрээр төд удалгүй сонины хаалгаар ороод ирэв. 50 гаруй насны хэдий ч жавхаатай, цоглог эгч харагдлаа. Тэрээр хожсон гэх машинаа унаагүй, таксидаад иржээ. “Машин хожсон хүн азын хүлгээ унадаггүй юм уу” гэж асуухад “Танай хотод хөдөөний мань мэт яаж машин барьж чадах вэ. Эгч нь 2005 онд жолооны курс төгссөн. Сайхан шинэ юмыг сэвтээчих вий гээд далд хийсэн. Манай хөгшин ирээд барина биз. Таксинд суусан нь шулуухан юм байна. Тэнгэрийн хөх өнгөтэй машинаа өөрөө барьж чадахгүйгээс хойш хүний гараашид тавьчихсан” хэмээн ярих хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хэнтэй ч эв дүйгээ олоод ярьчихаар сэргэлэн байрын эгчийн утас байн байн дуугарна. Тэр бүрт утсандаа хариу өгч “За баярлалаа, нээрээ тэгсэн шүү. Ёстой сайхан үйл явдал болсон. Үнэн юм байна. Байр, машин авч байж хүн үнэмшдэг юм билээ. Манай хүн ирэхээр машинаа унаад хамт очно. Хотод жаахан хөөцөлдөх ажил байна. Очиж байгаад тухтай ярина” гээд л инээд алдах юм. “Mobi Lotto”-гийн байр бас машин хосоор нь шууд хожоорой гэсэн сурталчилгааг би нэг их ойшоодоггүй байсан. Тоосон нэг нь ингэж азтан болж хос түлхүүр атгадаг байна шүү гэсэн бодол төрлөө.
“28-46 УНЧ” ТҮҮНИЙХ БОЛОХ НЬ
Гадуур хөөцөлдөх жаахан ажилтай гэсэн нь азын байр, машинаа өөрийн нэр дээр шилжүүлэхийг хэлж байж. “Юутай ч эхлээд машины бичиг баримтаа өөрийн нэр дээр болгоодхъё. Бүх юм нь Мобигийн нэр дээр байдаг юм билээ” гэсээр тэрээр Авто тээврийн газрын дэргэдэх машинд дугаар олгох газраар орлоо. 28-46 УНЧ улсын дугаартай Kia Rio маркийн машин удахгүй түүнийх болох нь. Машины шилжилт хөдөлгөөн гэсэн цонхонд очиж үйлчлүүлтэл “Та буруу газраа иржээ. Та Улаанбаатар хотын иргэн юм байна. Сугалаанд хожсон машин тань дугаар авчихсан юм байна. Тиймээс бүх дүүргийн машины бичиг баримтыг Гурвалжингийн гүүрнээс урагш байрлах “Хөсөг трейд” компанийн байранд шилжүүлдэг юм. Манай энд зөвхөн улсын дугаар шинээр олгодог. Мөн гаалиар орж ирсэн машинуудын шилжилт хөдөлгөөнийг энд зохицуулдаг юм. Тэднийх 16.00 цаг хүртэл ажиллана шүү. Та нар хурдан яваарай” хэмээн бидэнд шуурхай үйлчиллээ. Машиныг “Номин” даатгалд хамруулсан байна. Төгс үйлчилгээ гэж үүнийг хэлэх байх.
Хан-Уул дүүргийн арын замаар яваарай гэж тэр хавьд байсан жолооч нар азтанд маань зөвлөж зам заалаа. Онгорхой нүхээр дүүрсэн шороо татуулсан бартаа ихтэй замаар жолоо мушгих зуур бид түүний амьдралын талаар элдвийг сонирхон ярилцлаа.
ДОРНОДЫН БЭР БОЛООД 35 ЖИЛ БОЛЖЭЭ
-Манай азтай эгч ам бүл хэдүүлээ вэ. Та ч үнэхээр азтан болсон бололтой. Утас тань чөлөөгүй дуугараад байх юм?
-Манайх ам бүл тавуулаа байсан. Байсан гэсний учир нь эгч нь гурван сайхан хүүхэд өсгөж өндийлгөсөн хэдий ч 20 гарч их сургууль төгсөх гэж байсан өндөр нуруутай сайхан хүүгээ цаг бусаар алдаад шүүх, цагдаагийн хаалга татаж хоёр жил улаа эргэтэл явлаа. Уг нь эгч нь гайгүй хүүхэн байсан шүү. Муу хүүгээ алдаад шаналаад, хуулийнхны шударга бус үйлдлийн төлөө явсаар хүн ийм болчихдог юм байна. Дорнодынхон миний хүүг их сайхан залуу байсан шүү гээд л бүгд харуусдаг юм. Өнгөрснийг дурсч сэтгэлийн шархаа хөндөөд яах вэ. Би энэ талаар ярих дургүй байдаг юм. Ойлгоорой эгчийгээ. Гэхдээ бүрлээчийн маань хүү нь үлдсэн болохоор бид бас азтай эмээ, өвөө шүү. Одоо нэг охин, нэг хүүтэй.
-Та аль нутгийн хүн бэ. Дорнодын уугуул уу?
-Эгч нь Дорнодын бэр болоод 35 жил тэнд амьдарсан. Уг нь аав, ээж маань Баянхонгорын гаралтай л даа. Нар манддаг Дорнод нутаг маань одоо миний сэтгэлд уугуул нутаг шиг дотно, сайхан болжээ. Сүүлийн хэдэн жил оюутан хүүхдүүдээ дагаад хот бараадсан юм. Энэ Улаанбаатарын утаанд амьдарч чадахгүй юм билээ. Хавдар хүртэл туссан шүү. Аргаа бараад нутаг руугаа буцаад хоёр жил болж байна.
-Дорнодод залуудаа иржээ. Та ямар ажил эрхэлж байв?
-Эгч нь хүнсний технологич мэргэжлээр Дорнодын “Мах комбинат”-ад 22 жил ажилласан. Дараа нь наймаа хөөж гахай үүрээд хийгээгүй ажил гэж алга. Сүлжээний бизнест хүртэл хүч үзсэн. Сүүлийн хэдэн жил бие жаахан тавгүйрхээд. Одоо Малайзын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Гано эксель” компанийн Дорнод аймгийг хариуцсан ерөнхий менежерээр ажилладаг. Эмийн ургамлын гаралтай сүлжээний бүтээгдэхүүний ачаар хоолойн хорт хавдраа эдгээсэн азтай хүн шүү, би. Зовлон, жаргал хослодог хорвоод буянаараа сайхан л амьдарч байна. Одоо тэтгэвэртээ гарсан хэдий ч сүлжээнийхээ буянаар 210 ам.долларын цалин сардаа авна шүү.
ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ТЕЛЕВИЗ ҮЗЭЖ БАЙГААД АЗТАН БОЛСОН
-Азаар дүүрэн амьдарч байгаа юм байна. Ач, зээгээ өсгөж, хавдраа эдгээж, азтан болоод л. Та байр, машин хожсоноо хэнээс, яаж дуулав?
-Гэрийнхэнтэйгээ телевиз үзэж байгаад л мэдсэн. Миний дугаарыг бас над шиг Нямтай хүү сугалсан нь бас өөрөө их учиртай санагдсан. Дараа нь хүмүүсийн хэлэх нь Олимпийн аварга С.Ням-Очир гэж хүү байсан гэж байна лээ. Яг тэр мөчид би Олимпийн аварга тамирчин болж байгаа юм шиг хоёр гараа өргөөд л ураа хашгираад л гэр дүүрэн бөөн хөөр болцгоосон. Их сонин утасны дугаарын эхний 6 орон гараад иртэл ойролцоо дугаартай хүн бүр өөрийгөө гэж боддог гэнэ. Надаас нэг дугаар дутуу 80 дугаартай хүүхэн телевиз үзэж байгаад эцсийн мөчид “нэг” гээд миний дугаарыг хэлээд азаа явуулчихсан гэж нөхөр нь утасдаад надад хэлж байсан. Дараа нь нөхөр нь загнасан гэсэн. Чи өөрөө амаараа азаа явуулсан гээд үүнийгээ хүртэл надад утасдаад хэлж байгаа юм чинь. Би ч бас байраа алдчих вий гэж айгаад. Хөдөөний хүн чинь иймэрхүү л юм боддог юм байна. Тэгээд хот руу утсаар холбогдож би азтан байна гэдгээ хэлсэн шүү. Манай Дорнодын мобигийнхон анзаараагүй байна лээ. Дараа нь Дорнодын мобигийнхон орилолдоод манайхаас азтан төрлөө гээд бөөн баяр болсон.
-Дорнодод танай гэр бүлийнхэн ямаршуухан аж төрж байна. Байр, хөрөнгө чинээ юу байна?
-Манайх Дорнодод хоёр өрөө байртай. Голомт банкны зээлээр авсан юм. Сардаа зээлэндээ 164 мянган төгрөг төлчихнө. Манай нөхөр тээвэрт явдаг жолооч хүн. Одоо хил гараад явчихсан. Том хүү маань бүрлээч ахынхаа мэргэжлийг эзэмшсэн. Одоо аймагтаа З.Нямсүрэн өмгөөлөгчийн туслахаар ажилладаг юм. Гэртээ байдаг нэг охинтой. Би сүлжээнийхээ буянаар олон хүнийг эдгээж, анагаасан. Тэр бүх сайн үйлийн буян надад ирэхдээ байр, машин болсон ч юм уу хэн мэдлээ. Ижийгээ амьдын хагацалд үлдээгээд явсан хүү маань ч гэсэн тэнгэрээс намайг харж байгаа. Энэ хожил түүний дохио юм болов уу гэж би энэ азаа олон зүйлтэй холбож бодох болсон.
САЯ ГАРУЙ ХҮНТЭЙ ЯРЬСАН БАЙХАА
-Таныг азтан болсныг хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Танд ямар сэтгэгдэл үлдсэн бэ. Бараг л олны танил болчиж, таарсан хүмүүс таниас адис аваад, азыг нь хуваалцаж азтан болноо гээд бариад авах юм?
-Би бараг сая гаруй хүнтэй утсаар ярьсан байх аа. Утас зогсоо, чөлөөгүй дуугараад л. Эрдэнэтийнхэн их сайхан улс байна. Ямар сайхан ерөөл хэлдэг, хайлган цайлган сэтгэлтэй улс вэ. Баруун аймгийнхан бас уулан дээрээ гарч ирээд ярьж байна гээд баяр хүргээд л. 21 аймгийнхан өнөөдөр ч гэсэн залгаж байна. Баруун аймгийнхан нэлээн аялгатай ярьдаг, ярианыхаа төгсгөлд тэгнэ ка, ингэнэ ка гэж ярих юм байна. Казахуудын яриаг сайн ойлгоогүй ч баяр хүргэж байгааг нь мэдсэн. Надаас илүү баярлаж, хөөрсөн хүмүүс баяр хүргээд л аз нь алгандаа багтсан танд аз жаргал, амьдралын сайхан бүхнийг хүсэн ёрөөе гээд. Олимпийн аварга тамирчид бас монголчуудаас утсаар мэндчилгээ, талархал, бахархал, омогшлыг дуулаад яадаг бол гэсэн бодол төрж байлаа. Ойрын хэдэн өдөр ёстой утсаа улайстал ярина гэдэг болж байна. Миний утас бүр халуун болчихсон явна шүү. Өмнөх хоёр азтан маань надад баяр хүргэж ярьсан. Хөвсгөлийн азтаны ээж уулан дээр гараад ярьж байна гээд баяр хүргээд л сайхан байна. Сургуулийн хүүхдүүд хичээлээ тараад явж байна. Танд баяр хүргэе гэж байхад гурван настай хүүхэд ээж, ааваараа залгуулаад “Танд азтан болсонд баяр хүргэе эгчээ” гэж байх жишээтэй. Манай Дорнодынхон тааралдаад бөөн баяр. Утсаар баяр хүргээд зогсоо, чөлөөгүй ярьж байна. Хотод олон хүн цугласан болоод ч тэр үү их хачин юм ярьж, бичиж байна. “Нэг хүн Япон нөхөртэйгөө зайлаарай” гэж мэссэж бичсэн байсан. Хотынхон сенсаацаар амьдардаг гэж хүнээс дуулаад зугтаагаад л байгаа. Хөдөөний мань мэт хотын тэр сүрхий хэл ам, хэрүүлээс хол байхгүй бол хэцүү улс шиг байгаа юм. Зөндөө л сэтгүүлч утасдаад уулзаж, ярилцъя гэсэн. Би Дорнод руугаа буцсан гээд хэлчихсэн. Залхаж байна, энэ худал мэдээллээс болоод. Танай сониныг иргэдэд тусладаг, иргэдээ өмөөрч бичдэг уриатай болохоор нь бодож байгаад ярилцлага өгөхөөр зөвшөөрсөн юм.
-Та Япон нөхөртэй юм уу. Уг нь дээр тээврийн жолооч, Дорнодын хүн гэж хэлж байсан санагдах юм?
-Манай нөхөр монгол хүн бий. Дорнодынхон маань мэднэ дээ. Манай нөхрийг Л.Батсуурь гэдэг нийтэч, олонтойгоо хүн бий. Хятад, Монголын хилийнхэн манай хүнийг андахгүй. Хилээр нааш, цааш явж наймаа хийсээр байгаад бараг ах, дүү шиг болчихсон. Тостой хар жолооч бий. Насаараа архи уугаагүй сайхан хүн дээ, миний хань.
Зарим хүн намайг тэтгэврийн эмээ азтан боллоо гэж дуулаад их баярласан гэсэн. Гэтэл юун эмээ вэ, залуу л хүн байна шүү дээ гэж ярих хүн ч байна. Утсаар хачин хачин юм асууна, бас. Та нөхөртэй юу, хэрэв ганц бие бол танилцъя гэж байна. Би нөхөртэй, ач, зээгээ үзсэн эмээ байна гэхээр итгэхгүй байх шиг байгаа юм. Ийм залуухан эмээ байдаг юм уу гээд л тоглоом хийнэ. Байранд чинь очиж үзмээр байна гэнэ. Нөхрийнхөө утсыг өгчих, баяр хүргэх гэсэн юм гэнэ. Баярлалаа, эгч нь баярт мэдээгээ нөхөртөө дуулгачихлаа гэхээр “өөрөө нэг их хөгшин биш байж эгч гэхгүй шүү. Харваас тэтгэврийн хөгшин биш байна” гээд л янз бүрийн хүн элдвийн зүйл ярина, инээд хүрмээр явдал зөндөө тохиолдсон. Ээж маань баярлаад бүр дуу нь гарахаа байчихсан байсан.
ЭЭЖ БАЯРЛАСАНДАА ӨМӨГНӨӨД ЯРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН
-Таны ээж ийм сайхан баярт мэдээг дуулдаг буянтай л буурал юм. Ээж тань одоо Дорнодод байна уу?
-Манай ээж 85 нас зооглож байгаа сайхан буурал бий. Манай дүүгийнд Улаанбаатар хотод амьдардаг юм. Одоо Улиастайд байдаг. Ээж маань охиноо байр, машин хожсоныг дуулаад баярласандаа ам нь ангалзаад үг нь гарахгүй өмөгнөөд зайлуул их цочирдсон бололтой. Манай хадам аав бас бий. Мобигийн Азтан болсныг хүнээс дуулаад над руу утасдаж байгаа юм. Чих нь бас тааруу. “Тэгээд сугалаанд хожсон чинь үнэн юм уу айн” гээд л хөөрхий бас бөөн баяр болж байна лээ.
-Танай байрыг очиж үзэж болох уу. Яагаад азын байрандаа орох гэж яарахгүй байгаа юм бэ?
-Тэгээ тэг. Болно. Гэмтлийн хажууд байдаг юм билээ. Хүмүүс утасдаад танай байранд очиж үзмээр байна гээд байсан. Танай сонины сэтгүүлч очоод үзчихээр хүмүүс манай гэрт орчихсон юм шиг болно биз дээ. Монгол хүн чинь бас юманд учиртай ханддаг улс шүү. Бид ирэх сард нүүдэл, суудал хийдэг сайн өдрөө харж байгаад байрандаа орно. 38 ам метр талбайтай байна лээ. Эгч нь тэтгэврийн хөгшин шүү гэж хэлсэн юм. Тэгтэл тэр компанийн хүүхдүүд ашгүй нэгдүгээр давхарт хуваарилсан байна лээ. Сайхан саруулхан хоёр том цонхтой байр байна лээ. Учиргүй их баярласан би. Бидэнд тийм байр дээдийн заяа. Манай байрыг хүмүүс “Азтанууд”-ынх гээд нэрлэчихсэн байна лээ. Байраа хүлээж авахаар очтол нэг орцныхон маань баяр хүргээд бас их сайхан юм. Нэг их гавьяа байгуулсан хүн аятай хүн бүрт л хүндлэгдээд, их ч ядарч байна шүү. Хүн зогсоо зайгүй өдөржин яриад байхаар ам цангаад бас их ядардаг юм байна.
-Таны утас дараа төлбөрт биш юм уу. Хаанаас нэгж авч утсаа цэнэглэсэн юм бэ?
-Эгч нь тэтгэврийн хүн. Тиймээс юун дараа төлбөрт вэ. Би 9917-8881 дугаараа худалдаж аваад дөрвөн жил болж байна. Миний нэр дээр байдаг юм. Дээр мобикомоор орохдоо дугаар худалдаж авсан хүүдээ баярлалаа гэж хэлээд эгч нь 10 мянган төгрөг өгсөн. Нөгөө залуу бас ангайгаад л үлдсэн. Наад дугаарыг чинь зардаггүй байж гэж байна лээ шүү.
Хэдэн төгрөг байвал нэгж авчихна. 2500 төгрөгөөр хэчнээн ч удаа увж, цувуулаад нэгж авсан юм бүү мэд. Сүлжээний бизнес эрхэлдэг болохоор баг командаа өргөжүүлэх гээд хүмүүстэй ярих хэрэг их гарна. Чадалтай хүмүүс шиг 10, 20 мянгаар нь нэгж авч чадахгүй л дээ. 2500 төгрөгийн нэгжийг цувуулаад авах шиг болно шүү. Тэгж байгаад л нэг өдөр сая гаруй хэрэглэгч дундаас азтан болчихсон доо.
-Азтан болчихоод хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Шууд Мобикомийнхон руу утасдаад “Эгч нь өнөөх азтан болсон хүн байна” гээд л хүн андуураад авчих вий гэсэн шиг сандраад л их яарч ярьсан санагдана. Намайг Мобикомийнхон их сайхан хүлээж авч ажлаа танилцуулж, байгууллагаа үзүүлсэн. Тийм олон залуус бидний төлөө ажилладгийг өөрийн нүдээрээ харлаа. Тэд хүмүүсийг хурдан, саадгүй харилцаа, холбоо тогтоогоосой. Ажлаа түргэн амжуулаасай гэж элдвийг сэдэж ажилладаг юм байна. Тэднээс “Та нарын хэн нь хосоор нь хожих аргыг сэдсэн юм бэ” гэж асуусан. Их залуухан хүүхдүүд баг болж энэ ажлыг сэдсэн юм байна. Тэдэнтэй намайг уулзуулсан. Үүрэн холбооны ямар ч компани сэдэж хийж, хэрэгжүүлээгүй ажлыг эхлүүлж ард түмний анхаарлыг татаж чадсан залуусын багт эгч нь талархал илэрхийлж гар барьсан тэдэнтэй.
ТАТВАРАА ЯАЖ ТӨЛНӨ ГЭЖ ИХ АЙСАН
Азтан болчихоод эхлээд яаж тэр их өндөр татварыг төлнө, хаанаас мөнгө олно гэж айж байлаа. Гэтэл манай хүүхдүүд ээжээ өмнөх азтанууд бүгдээрээ нэг ч төгрөг төлөлгүй байр, машин авчихлаа гээд яриад байсан. Татвар төлөхгүй байхаа гэж намайг тайвшруулсан юм. Дараа нь тэр сугалаанд хожсон мөнгөний 40 хувийн татварыг Мобигийнхон өөрсдөө дааж байгааг дуулаад үгээр хэлэхийн аргагүй баярласан. Тэгээд л сэтгэл сайхан амарсан даа.
-Та шинэ байр, машинаа зарах юм биш үү. Танайхан хэд хэдэн байртай, бас машинтай гэсэн биз дээ. Зарвал таны үнийг эхлээд сонсч болох уу?
-Хүмүүс утсаар зөндөө тэгж асууж байна лээ. Ийм сайхан юмыг худалдчихвал ч хүний аз харина биз дээ гэж бодож байгаа. Найз маань утасдаад азын байрандаа гадны хүн оруучихваа, хүн суулгачихваа гэж надад сануулсан. Манайх амьдрах байртай ч гэсэн бидэнд илүүдэхгүй.
-Нутаг усныхан чинь тань руу байнга залгаж байна уу?
-Дорнодынхон маань хэзээ ирэх вэ, машинаа унаад ирээрэй гэж захисан. Би эхлээд сууна шүү гэсэн захиалгад эгч нь дарагдаад байгаа. Нэг хэсэг л Дорнодоор цэнхэр машинтай тойрох хэрэг гарч байна. Манай нутгийнхан л надаас илүү хөөрч байх шиг. Орон нутгийн хэвлэлийнхэн маань ирэхээр чинь нэвтрүүлэг хийнэ гэж утасдаад л. Засаг дарга хэзээ ирэх вэ хүлээж авна гээд л. Ойрын хэдэн жил баярлаагүйгээр баярлаж, ах дүү нартайгаа сайхан мэдээтэй уулзах гэж байна. Би ч бушуухан нутаг буцмаар байна. Бас хэдэн сая төгрөг олж ах, дүү нараа оруулаад азын байр, машиныхаа цайллагыг хийнэ дээ. Юм юм л бодогдож байна.
Бид зам зуур элдвийг ярилцсан. Эхлээд манай шинэ байр гэмтлийн хойно бий гэж зам зааж байгаад сүүлдээ Модны хоёрын замаар ороод ирэв. “Хөдөөний хүн чинь мэддэг юмаараа л баримжаалдаг юм байна. Одоо нэг юм байраа олдог болох нь ээ” гэсээр бид шинэхэн байрны үүдэнд ирлээ. Барилгын ажил хараахан дуусаагүй байгаа нь илт. Өрөмний дуу гарч, цахилгаан гагнуур гялалзаад л. Засал чимэглэл, хаалга, цонхны бариул хийх гэх мэт аж ахуйн чанартай ажил үлджээ. 38 ам метр талбайтай нэг өрөө сууц өнөөдөр Улаанбаатар хотынхонд эрэлттэй болсон. Эднийх шиг цөөн ам бүлтэй айлд боломжийн саруул байр аж. Ариун цэврийн өрөө нь нэлээн зайтайг хараад тэрээр олзуурхаж байлаа. “Korea town”-ийн нэгдүгээр орцны нэгдүгээр давхарт П.Нацагням эгч өөрийн гэсэн байртай болжээ. Удахгүй энэ орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлнэ гэж байсан. Улсын комисс хүлээж авна гэх мэтээр бас иргэдийн эрүүл, аюулгүй байдал талаас тавьдаг шаардлагыг хүлээж байгаа нь илт. Бусад азтаны байрыг долоо, хоёрдугаар давхарт хуваарилсан гэж дууллаа. Ямартай ч монголчууд амласан бол өгч чаддагийг Мобикомийнхон харууллаа. Азтан П.Нацагням эгч үнэхээр монголын од болжээ. Гудамжинд хүмүүс түүнтэй мэндлээд, хурдан морины хөлс авч байгаа аятай гар барьж, нурууг нь илээд л “Эгчээ би таньтай гар барьсан юм чинь таны хиймориор дамжуулаад дараагийн азтан болно шүү” хэмээн янз бүрийн үйлдэл үзүүлж байв. Дорнодынхон ч Улаанбаатарт их суурьшсан бололтой. Хаа сайгүй таарна. Тав алхаад л танилтайгаа таарч, баяр хүргүүлээд л. Түүний явсан газар бүрт хүмүүс хүрээлж, таниад л сүйд болж байна. Ёстой л од гэж түүнийг хэлэх байх даа.
Машинаа унаад, шинэхэн байрандаа аз жаргалтай, сэтгэлээрээ баян, төвшин сайхан амьдрахын ерөөлийг азтан П.Нацагням эгч, түүний гэр бүлийнхэнд сониныхоо хамт олны нэрийн өмнөөс хүсэн ерөөе.