Н.МӨНХЖИН

 

Ираны сөрөг хүчний Эсэргүүцлийн үндэсний зөвлөлийн нэр хүндтэй лидер Марям Рахави Парис дахь цөллөгөөсөө “Эль Паис”-т ярьж байна. Тэрээр Иранд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг аятолла нарын дэглэмийн зохион байгуулсан “Багт наадам” хэмээн нэрлэв. Рахави олон улсын хамтын нийгэмлэгт хандаж Тегерантай яриа хэлэлцээ өрнүүлэхдээ цаг алдахгүй байхыг уриаллаа.

 

-Та Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хэрхэн үнэлж байна вэ?

-Сонгууль багт наадам болж өнгөрсөн. Сонгууль болоогүй, харин Лалын хувьсгалын лидер, аятолла Хаменийн тааллаар Ерөнхийлөгчийг томилсон явдал боллоо. Сонгуулийн кампани эхлэхээс өмнө шинэчлэгч үзэлтэй нэр дэвшигчдийг хасч, зөвхөн Лалын хувьсгалыг хамгаалах зөвлөлд үнэнч нэр дэвшигчид үлдсэн. Эрх баригч дэглэм ямар сул дорой байгааг энэ сонгууль дахин харууллаа. Шинэ бослого гарахаас сэргийлж, ард түмнийг хянахын тулд нэг сая цагдаа, цэргийг дайчиллаа.

-Гэвч сонгуулийн ирц 72 хувьтай гарлаа гээд байгаа шүү дээ?

-Цэвэр суртал ухуулга. Санал өгөгчдийн тоог 4-5 дахин нэмж мэдээлэх нь уламжлал болсныг бид мэднэ. Манай хөдөлгөөний хүмүүс улс орон даяар сонгуулийн хэсэг дээр ажилласан. Олон хэсэг хоосон байсан, эрх баригчдыг эсэргүүцэж байгаа бүс нутагт санал авах хэсгийг эрт хаасныг тэд баталж чадна. Эрх баригчид ирцийг нэмэгдүүлэхийн тулд нас барсан олон мянган хүний үнэмлэхийг ашигласан.

-Ялалт байгуулсан Рохани шинэчлэл хийхийн төлөө байгаа гэсэн...?

-Энэ бол өөр нэг жүжиг. Ираны шинэ Ерөнхийлөгч аятолла Хаменийг төлөөлдөг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 16 жил ажилласан. Рохани аятоллагийн дор байдаг дайчин санваартнуудын нийгэмлэгийг үүсгэн байгуулж, 1990-ээд оны оюутны хөдөлгөөнийг нухчин дарахад оролцож байсан. 2001 онд эсэргүүцлийн хуаран руу пуужин харвах тушаал өгч байсан нөхөр. Үүнээс гадна, Европын гурвалтай цөмийн яриа хэлэлцээ хий даалгаврыг Хаменигээс авч байсан. Өөрөөр хэлвэл, Рохани Ираны дээд удирдагч, аятолла Хаменийн бүрэн итгэлийг хүлээсэн хүн.

-Гэвч олон улсын хамтын нийгэмлэг Роханитэй хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм биш үү?

-Хэдийгээр юу ч өөрчлөгдөөгүй байгаа ч олон улсын хамтын нийгэмлэг Тегераны дэглэм юу хийхийг харж, хүлээж байгаа. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах уу, улс төрийн хоригдлуудыг суллах уу, улс төрийн намуудыг зөвшөөрөх үү, цөмийн хөтөлбөрөө яах вэ гэж харж байгаа. Эдгээрт өөрчлөлт гарна гэдэгт бид итгэхгүй байна. Иран дахь эрх мэдэл нэг хүний гарт байдаг. Рохани Ираны цөмийн хөтөлбөрийг дэмжиж байдгаа ил тод хэлсэн хүн. Тэр 2000 онд яриа хэлэлцээг тэргүүлж байхдаа Европын гурвалыг хуурсан. Ингэж хуурснаараа Ираны дэглэм цөмийн хөтөлбөрөө цааш нь үргэлжлүүлэх боломжтой болсон юм.

-Өрнөд мэдсээр байж хуурагдлаа гэж үү?

-Өрнөдийн Засгийн газрууд ямар ч өөрчлөлт хийхгүй хүнтэй хэлэлцээ хийгээд байгаа нь эмгэнэлтэй. Шинэчлэгч нэр дэвшигчдийг хассан нь Ираны дэглэм ямар ч шинэчлэл хийх бодолгүй байгааг харуулсан. Үүний хажуугаар, дарангуйлагч дэглэм Рафсанжанийг хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй болтлоо сул дорой болсноо харууллаа. Тэгэхээр эсэргүүцлийн хөдөлгөөнөө нэмэгдүүлж дэглэмийг унагахаас өөр арга үлдээгүй гэсэн үг.

-Дэлхий нийт энэ санааг тань дэмжих үү?

-Тегераны дэглэм нуувчнаасаа хэзээ ч гарахгүй. Тэд нартай хэлэлцээ хийсээр байвал зөвхөн Ираны ард түмэнд, дэлхийн энх тайванд халтай юм болно. Өмнөх хичээлээсээ суралцах хэрэгтэй. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар 40 гаруй яриа хэлэлцээ боллоо, ямар ч үр дүн гараагүй. Лалын хувьсгалыг хамгаалах зөвлөл Башар Асадыг дэмжиж, хөлсний дайчдыг сургаж, Сири рүү илгээж байна. Бидний хийж чадах ганц зүйл бол мэдээллээ хуваалцах, тэд нартай хэлэлцээ хийсээр байвал сүйрэл болно гэдгийг сануулах. Олон улсын хамтын нийгэмлэг Ираны ард түмэнд үнэнээсээ тусалж, сөрөг хүчинд илүү дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна. Дарангуйлагч дэглэм өөрөө ардчилагддаггүйг та бүхэн сайн мэднэ.

-Хамени яагаад сул дорой болсон гэж?

-Рафсанжаниг хассан нь түүний байр суурийг их сулруулсан. Мөн тэр өнгөрсөн бямба гаригт Ирак дахь бидний хуаран руу пуужингаар харвахыг тушаасан. Хоёр хүн амиа алдаж, 70 хүн шархадлаа. Ираны сөрөг хүчин өөрийнх нь оршин тогтнолд заналхийлж байгаа болохоор биднийг буудаж байгаа юм. Энэ довтолгоог АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри буруутгасан. Ираны дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангаж, Тегераны дэглэмийг унагахад өрнөд яаралтай туслах хэрэгтэй байна.

-Та Ираны цөлөгдөгсөд болон сөрөг хүчинд хандан юу хэлэх вэ?

-Аятолла нарын эсрэг эсэргүүцэл, бослогоо нэмэгдүүлж дэглэмийг унагаах ёстой. Ард түмэн эрх баригчдын эсрэг нэгдмэл байж чадвал шашингүй төр улсаа сэргээж, төрөөс шашныг салгаж чадна. Энэ нь бидний ганц зам. Ардчиллыг эргүүлэн авчрахын тулд дэглэмийг түлхэн унагах ёстой. Итгэл найдвараа хадгалж, дарамт шахалтаа нэмэгдүүл гэж л уриалах байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэг чиг хандлагаа өөрчлөхгүй бол бидний хувьд сүйрэл болно.