Б.ОНОН
Бурхан Халдун уул “Монголын нууц товчоо”-ноос эхлээд Монголын түүхийн томоохон эх сурвалж, бүтээлүүдэд тодоос тод дурдагдсаар иржээ. Их түүхийн өв гэдэгтэй нь хэн ч маргадаггүйтэй адил олон нууцыг агуулсаар өнөөг хүрснийг эрдэмтэд хэлсээр, бичсээр л байна. Заримаас нь ишлэж сонирхуулъя.
Профессор Л.Дашням “Овоотой холбоотой зарим ойлголт, ухаарал” өгүүлэлдээ “Овоотой холбоотой маш чухал нэгэн мэдээ “Монголын нууц товчоо”-нд бий. Бид түүнийг одоо болтол нэг их онцгойлон анзаараагүй шиг байгаа юм.
“Нууц товчоо”-нд дурьдсанаар монголчуудын үүтгэл-эх Алунхоогийн эцэг Хорилардай мэргэн Бурхан халдуны эзэн бурхан босгосон Сэцэн (Шинч) баян урианхайтай уулзахаар нүүж ирснээс л бүх түүх эхэлдэг шүү дээ.
Буархан хан-ха хэлэдүн нэ эжэти Буархан хан босихэхэйсан
Бурхан-халдун-ну эжэд Бурхан босхагсан
Сэчши-баеэн Вулиан хаи хаи туар ноувужоу аисун ажуву.
Шинчи-баян уриянгхаи-дур нэү’үүжү аисун ажу’уу. (МНТ. 9-р зүйл)
Энд дурьдаж буй “бурхан босгосон” гэдэг үг бол бурхан шашинтай ямар ч холбоогүй, харин овоотой хамаатай үг болох нь ойлгогддог. Үүнийг тайлбарлахын өмнө “БНМАУ-ын угсаатны зүй” гэдэг номоос хэсэгхэнийг уншъя. Тэнд
“Халхчуудын ихээхэн эрхэмлэдэг модны нэг бол бургас юм. Бургасыг ихэвчлэн “монгол мод” хэмээн нэрийдэж, аль ч нутагт гол ус дагаж бөөн, бөөн ургасан цагаан бургасанд гар хүрдэггүй, хэдийгээр хугарч унасан байлаа ч төдий л авдаггүй байна. Бургасыг уул, усанд зориулан босгосон овоонд залам (дээр нь хатгах мод) болгож, хатгах ёс маш түгээмэл байжээ” гэж бичсэн байна.
Сэцэн (Шинч) баяны босгосон тэр бурхан бол бургааhан юм. Дашрамд хэлэхэд, овооны заламын тухайд ч бас л дутуу дулим тайлан ойлгоод байгаа юм. Тэр бол дээр дурьдсан шиг дээр нь хатгасан биш, овоо босгохдоо гол болгодог амь сүнс нь болгодог мод!
Бургас, хусыг монголчууд “монгол мод” гэхээс гадна тэнгэрийн мод гэдэг. Мөнх тэнгэрийн ивээл дор амьдардаг монголчууд бидэнд тэнгэрийн улаач болж, “үгээ хэлж” чаддаг мод бол бургас, хус юм. Буриад хэлэнд одоо ч бургасыг бургааhан гэдэг. Бураа, бураахантай газар бол ариун мод–бургастай л газар!
Академич Х.Сампилдэндэв агсан Бурхан халдун уулыг “Бургаас онгон шүтээнт уул” гэсэн нь бий. Тэр бол ойлголтыг зөв зүг рүү нь хөтөлсөн үг мөн” гэжээ. Л.Дашням гуайн анзаарсныг өдгөө олон түүхч зөв хэмээж буй ажээ.
Мөн МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, доктор П.Одмаа “1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан гэдэг. Ингэж Хамаг Монгол улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болжээ.
Хан Хэнтийгээ дархалсны дараахан хааны ойрын сурвалжит удмынхан 1227- 1236 он хүртэлх хугацаанд өнөөгийн Хархорин хот хавь буюу Орхон, Туул голын нүүдэлчдийн “сонгодог түүхт” бэлчир нутагт Их хааны хүрээ шилжин нүүснээр хиад овгийнхон энд шилжин суурьшжээ. Их хааны хүрээ нүүн ирсний бэлгэ тэмдэг болгож 1235 онд гурван давхар “Түмэн амгалант” ордныг Хар хүрэмд бариулжээ. Монгол улсын их хатдын Дөрвөн их орд Хэрлэн, Саарь хээр, Онгийн болон Идэр мөрөнд байсан гэдэг. Урианхан Удачийн мянган нь Хан Хэнтийн Бурхан халдун ууланд агсан Их хаадын хоригийг сахин хамгаалах чухал үүрэг хүлээдэг учир цэргийн албанд явдаггүй байсан аж.Урианхай буюу Бодончар, Тэмүжин нарын түүхэнд хамгийн ойр, олон гардаг дарлигин овгийн томоохон төлөөлөгчид болох урианхай нарын Монголын түүхэн дэх гавьяа зүтгэл их юм. Зэв жанжны аймаг буюу урианхай нарын Монголын түүхэн дэх үүрэг ч их. Боданчарын анхны эрхэндээ оруулсан овог бол урианхай нар байв. Ер нь урианхай овог боржигин ноёдтой хиад аймгуудын гол бүрдүүлэгч хэсэг нь байсан байж болох талтай. ...Батмөнх даян хаан “Урианхай эзний алтан хөмрөгийг сахисан, бас их заяат улс” тул тэднийг тараан жишиж хэрэггүй гэж байсан. Энд “эзний алтан хөмрөг” гэсэн нь их хаадын хоригийг хэлсэн. Өвөрлөгч эрдэмтэн Одон урианхай түмнийг бүрмөсөн доройтуулан тархааж, биеэ даасан түмэн байхыг болиулсан нь хожим 1538 оны орчим болсон хэрэг гэсэн байна. Харин эдүгээг хүртэл найман зууны турш Удачи ноёны мянганы үр удам Хан Хэнтий уулын эргэн тойрон Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Төв аймгийн Мөнгөнморьт суманд олон үе удам дамжин амьдарсаар иржээ. Хувьсгалын жилүүдэд үүрэг даалгавар нь тун ч бүрхэг болсон хэдий ч олон зууны турш зөвхөн ам дамжуулан өвөг дээдсээсээ захиасаа авч үлдсэн урианхан иргэд намрын сарын тодорхой өдрүүдэд уулын сүүдрээр баримжаа аван хамгаалах газар орноо сэргээн тодотгож, сэтгэл дотроо хадгалан санан зүтгэсээр байжээ. Тэд Хан уулыг төрийн тэргүүнүүд нууцаар их цөөхөн бүрэлдэхүүнтэй очиж тахидаг, зөвхөн болсон идээтаргаар л тахидаг, олон нийтийн хувьд “хориг” л байсныг дахин дахин захиж байна. Дээр нь хэн ч гардаггүй байжээ. Өнөөдөр Отгонтэнгэр, Суварга хайрхан, Сутай, Алтан Хөхий уулуудын орой дээр нь гарч тахидаггүй шүү дээ. Тэгвэл монгол төрийн гол тахилга болох Бурхан халдун дээр гарах нь байтугай ойртдоггүй байсныг үе залгамжилсан хоригийн отгуудын иргэд сануулсаар байна. Хан Хэнтийн оргил эдгээр уулсаас Онон, Хэрлэн голын эх эхэлдэг бөгөөд эх сав газар өнөөдөр ч онгон дагшнаараа байна. Тахилга тайлгын үеэр гэхэд машин тэрэгтэй нь замгүй газраар зэрэгцэн, Хэрлэн, Богдын голын эхний шавар намгийг туучин давхиж хөрсийг эвдээд зогссонгүй, жирийн зарим иргэд уулын орой руу дайрч байгааг яах вэ? Энэ нь Их хоригийг хэдэн зуун жил нууцалж хамгаалж ирсэн түүхэн уламжлал, нутгийн иргэдийн байгаль орчноо хамгаалах үйлсэд ашиглах туршлага, чадавхи, түүхийг яаралтай сэргээх шаардлага байгааг харуулж байна” хэмээсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл нарын өргөн барих хуульд ч энэ санаа заавал орох учиртай ч байж магад. Цаашилбал, төрийн их тахилга тайлгын дэг жаяг хийгээд ёс горимд нь суулгаж өгөх шаардлага ч гарахыг үгүйсгэх аргагүй. Профессор Ж.Долгорсүрэн “Тахилгат газруудыг хэн хэрхэн тахиж байгаагаас хамааран улсын, төрийн, аймаг, сум, орон нутгийн, отог овгийн, хот айлын хэмээн ангилж болно. Тухайлбал, Алтай, Хангай, Хан Хэнтий, Бурхан Халдун, Богд хан, Отгонтэнгэр, Суврага хайрхан зэрэг уулс, Хөвсгөл, Увс нуур, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн зэрэг гол мөрөн нь эртнээс нааш төрийн (үндэсний) хэмжээнд улс орон даяараа тахин шүтэж ирсэн тахилгат газрууд юм. “Монголын нууц товчоо”-нд “Бурхан Халдун уулыг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчиг, үеийн үедээ өнөд тахисугай” гэж тэмдэглэжээ.
Монголын нууц товчоонд Чингис хаан “Өшөөт дайснаас, Өршөөн аварч, Өнчин бидний, Өмөг болсон, Өндөр дээд, Бурхан Халдун чамайг, Өглөө бүр мялааж байя, Өдөр бүр тахиж байя, Үрийн үрд, Үүрд тахиж, Үе тутам, Үргэлж шүтье... гэж бүсээ хүзүүндээ эрхи мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэргэлж, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан Халдунд есөнтөө сөгдөж өчин, сацал сацав” гэжээ. Энэ нь төрийн их тахилгат Бурхан Халдун уулын тахилгын соёл их эзэн Чингис хааны үеэс өнөө хүртэл өвлөгдсөөр уламжлал нь тасраагүй байгааг гэрчилнэ” хэмээн тэмдэглэжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Аким гуай нэгэн гайхалтай санаа гаргаж хэлжээ. Тэрээр “Ертөнцийг үзэх монгол ухааны гайхамшиг” өгүүлэлдээ -”Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл” гэсэн. Энерги, эрчим хүчний талаарх шинжлэх ухааны онол өдгөө амьдрал дээр хэрэглээ болон хүн бүрийн энгийн мэдэх зүйл болоод байгаа. Харин “Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог” гэсэн асуулт нь яахын аргагүй сонирхол, анхаарал татаж байна.
Түүнчлэн Түүхч, гүн ухаанч Н.Нагаанбуу “...Мөнх тэнгэр-энх төрийн тахилгын тогтсон газар, өдөртэй болж, их хаадын газар, Бурхан халдунд хандсан зүглэ тайлга хийдэг төрийн ёсыг удамлан өвлөх зэрэг болно. Зүглэ тайлга гэдэг нь холоос зүглүүлж тахих ёс бөгөөд Сонгинохайрханд сархдын дээжээ завдан өргөдөг, ээж хүн алс явсан үрийнхээ араас сүүгээ өргөдөг шиг ёс болохоос “зүхэл” тайлга гэж байдаггүй. Буруу ойлголтоор ихсийн газар зүхэл тайлга хийдэг хэмээн ухаж яавч эс болох. Уг зүглэ тахилгыг хаан ордны орчмын жич сонгосон газарт чуулж Бурхан халдун, хаад ихсийн газар, тэдний сүнс оршсон Чин-Ихэс тэнгэрт ерөөл даатгал өргөдөг явдал юм. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд ихсийн зүглэ тахилгыг Амбахай хааны өргөө орчим (Урбай Сохадай хатдын ойр) хийж байгааг дурдсан нь бий.
Төрийн орд Улаанбаатар хотод төвлөсөн энэ үед Хан хэнтий хаад ихсийн газрыг зүглэн тахих хамгийн зөв газарт Налайхын зүүн хойхно орших Чингис уул, Толуйн голомт нутаг Тулгат гацаа нэртэй байгааг социализмын үед Х.Сампилдэндэв академич “Чингис хааны домог оршвой” номд, мөн академич Ч.Далай “Толуйн голомт нутаг Тулгат тахилгын төв” өгүүлэл зэрэг сэжүүр судалгаанууд бий. Ер нь Бурхан халдун дээр хэн хүн гарч тахих, ихсийн газар (хүүрийн) очиж тахилга ёслох үйлдэл ер байгаагүй маш цээртэй хориг юм. Иймд ҮIII Богд Жавзундамба Бурхан халдунд дөхөөд эл учрыг айлтган дээш гараагүй хууч байдаг билээ. Нөгөө талаар Отгон тэнгэр, Дарьганга, Хан уул зэргийг ч хүн бүр дээр нь гарч талхлаж тахидаггүй учрыг дашрамд дурдъя” гэсэн нь бас л анхаарах ёстой асуудал. Өөрөөр хэлбэл, судлаад тогтоогоод нэгмөр болгох шаардлага бүхий сэжмүүдийн нэг гэж үзнэ.
Ийн Бурхан Халдун уулыг тахихад хүртэл ном ёс, дэг жаяг байсныг эрдэмтэн мэргэд ухаж гаргаж байна. Бас шинжлэх ухааны олон онолыг баталгаажуулан хэрэгжүүлэх их өв Бурхан Халдунд оршсоор ирсэн байж мэдэх нь. Юутай ч тахил тайлга, шүтэн дээдлэхийн зэрэгцээ төрийн хамгаалалт чухал байгааг дээрх эрдэмтэд ч хэлж байгаа билээ.