Ө.БАТХҮҮ
Нийслэлийн МАН-ын хорооныхон өнгөрсөн баасан гаригт Хүүхэд залуучуудын соёлын төв дэх байрныхаа гадаа сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг хийжээ. Мэдээж албан ёсных биш л дээ. Гэхдээ ирэх ИТХ-ын сонгуулиар “МАН ямар ч байсан ялах ёстой” гэсэн хатуу үүргийг дарга нар нь өгсөн дуулдана. Үүнтэй зэрэгцэн АН-ынхан ч Төрийн ордонд шууд ардчиллын тухай хуралдаан зохиож иргэдийн оролцоотой төрийн тухай яриа сөхөв. Энэ ч бас дам агуулгаараа өвөл ирэхээс өмнө ямар ч байсан болно гэж төлөвлөж байгаа орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийн далд сурталчилгаа байлаа. Яагаав, өнгөрдөг сонгуулиар Ардын намынхан “Арчиллыг айл бүрт” гэсэн хачин уриа гаргаагүй юу. Ямар талх, гурил тарааж байгаа биш айл бүрт ардчилал гэдэг зүйлийг хүргэнэ гэдэг нь өөрөө ойлгоход төвөгтэй, үр дүнг нь тооцох аргагүй ажил байсан юм. Түүн шиг “Шууд ардчилал” гэдэг нь ч монгол хүнд зориулж монголчууд өөрсдөө гаргасан нэр, томъёо болов уу.
Ардчиллыг үүрэг, хариуцлагынх нь дагуу ойлгож, хүн бүр эрх тэгш нийгмийг байгуулж чадаж уу гэдгээр л дүгнэхээс бус шууд ба дам ардчилал гэж ялгадаг улс манайхаас өөр байна гэж дуулаагүй. Орон нутгийн иргэд нь өөрсдөө шийдвэр гаргадаг эрх зүйн орчинтой байхыг шууд ардчилал гэж нэрлээд байна гэвэл агуулга нь зөв боловч томъёолол нь буруу болж таарчээ. Ийнхүү ирэх арваннэгдүгээр сарын эхний өдрүүдэд болно гээд байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг нь шал түүхийгээрээ байгаа боловч АН, МАН хоёр сурталчилгаагаа АНА, МАНА эхлүүлж байна.
Гэвч одоогоор тодорхой зүйл цөөн. Сонгуулийн ерөнхий хорооныхон 9,2 тэрбумаар сонгууль явуулна гэж мөнгө нэхсэнээс өөр тохирсон юмгүй. Шинэчлэн өргөн барьсан төслийн дагуу тогтолцоо нь ямар байх вэ гэдэгт хамгийн эхний маргаан үүсч, өнөөг хүртэл ойлгомжгүй байна. Орон нутагт суух иргэдийн төлөөлөгчид гэдэгт нэг онцлог бий. Тэд хууль тогтоох, хууль сахиулах гэхээс илүү аж ахуйн шинж чанартай, тухайн газрын дэд бүтэц, нийгмийн асуудал зэргийг зохицуулах үүрэг хүлээдэг юм. Тиймээс УИХ-ын сонгуулиас ч илүү иргэдэд хамаатай сонголт. Ийм чухал сонголт хийх процессыг хэрхэн бантагнуулах нь одоо хэлэлцээд байгаа хуулиас хамаарна гэж үзэж болно. Энэ нөхцөлд АН-ынхны зүтгүүлсэн УИХ-ын сонгуультай ижил пропорциональ 30, мажоритар 70 хувилбар хэрхэн оновчтой вэ гэдэгт намууд өөр, өөр хандлага гаргаад байгаа. Хамгийн түрүүнд МАН-ынхан пропорционалийг орон нутгийн сонгуульд ашиглахгүй гэж зарласан нь олон эсэргүүцэлтэй тулгарав. Сум, дүүргийн иргэд улстөржилтөөс хол байх ёстой гэсэн тайлбарыг тэд хийсээр байна. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “ Үнэхээр л анхан шатыг сум, багуудад улстөржихгүй байя гэвэл Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой. АН-ын гишүүд өөрчлөх төсөл санаачлаад байна. Орон нутгийн иргэд өөрсдөө шууд Засаг даргаа сонгодог байх гэсэн санал орсон. Улстөржихгүй болгомоор байна гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад намууд дэмжээсэй гэж уриалмаар байна. Одоогийн хуулиар Засаг даргыг орон нутгийн ИТХ-аас сонгодог зарчимтай. Үндсэн хуульд болон бусад хуульд байгаа энэ зарчмыг дагахаас өөр аргагүй.Пропорциональ тогтолцоог орон нутагт оруулах нь сөрөг талтай байж болох юм. Гэхдээ эерэг тал нь түүнээс их. Яагаад гэвэл орон нутагт бодлогын шинжтэйгээр асуудал шийддэг болно” хэмээх тайлбарыг хэвлэлээр өгөөд байгаа юм. “Шударга ёс” эвслийнхэн санал хураах дуусах цагийг 22 биш 20 болгох, сонгуульд санал өгөөгүй бол төрийн албанд ажиллахгүй байх гэсэн заалтыг хасах зэргээр хуулийн төсөлд зарим тохиролцоонд хүрсэн гэж байгаа ч энэ долоо хоногтоо чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын дараалалд багтаагүй байна. Эцсийн дүндээ Үндсэн хуулийг түргэн хугацаанд өөрчлөхүйгээр намууд тохиролцохгүй гэж гүрийж байгаа бололтой. Эс тэгвээс цаг хугацаа нь нэгэнт тулсан учраас одоо хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн дагуу ИТХ-аа бүрдүүлэхээс өөр аргагүй юм. Намууд өөр өөрсдийн цонхоор энэ хуулийн төслийг харж, өөрсөддөө ашигтай хувилбар гаргахаар гэдийсэн ч ИТХ-ын сонгуулийн сурталчилгаагаа далдаар эхлүүлчихлээ. Харин сонгууль явуулахдаа дагаж мөрдөх хууль нь Төрийн ордонд “цоожтой” байна.