Н.НАРАН
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хил хамгаалах ерөнхий газраас хамтран зохион байгуулж буй “Сэтгүүлч торгон хилийн зүг” аяллын багийнхан Өмнөговь аймаг дахь Монгол Улсын хилийн бүсэд ажиллаад ирлээ. Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтсан ажлын хүрээнд уг аяллыг эх орны хилийн дөрвөн зүгт зохион байгуулахаар төлөвлөсний анхных нь өмнөд хилийн цэг Орвог гашууны бор толгой байлаа. Энэ удаагийн аяллын багийн бүрэлдэхүүнд багтсан 20 гаруй сэтгүүлчийн хоёр нь л өмнө нь хилийн отряд, заставт сурвалжлах ажлаар очсон байв. Эх орны торгон хилийн хамгийн өмнөд цэг дээр хөл тавих нь гэсэн оргилуун бодол хүн бүрийн сэтгэлийг гэгэлзүүлсэн билээ.
ХИЛЧИД УНДНЫ УСНЫ ХОМСДОЛД ОРЖ ЭХЭЛЖЭЭ
Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр анги дээр шөнө орой болсон хойно ирэв. Хотоос 600 гаруй км давхисаар нэлээд алжаасан боловч өглөө эртлэн застав руу хөдөлнө гэхээс сэтгүүлчдийн сэтгэл хөнгөн байлаа.
Алтай таван богдын Хүйтний оргил, Соёлз уул, Орвог гашууны бор толгой, Монгол шарын даваа гэсэн Монгол Улсын хилийн дөрвөн торгон цэг бий. Эх орны минь өмнөд хилийн цэг Орвог гашууны бор толгойн заставыг хилийн 0131 дүгээр ангийн 0247 дугаар салбар гэнэ. Хэддүгээр застав гэдэг нь улсын нууц. Биднийг тэнд ирэхэд тус заставын дарга, ахлах дэслэгч Ц.Энхбаатар бие бүрэлдэхүүнийхээ хамт жагсаалын талбай дээрээ хүндэтгэн ёсолж угтсан юм. Өмнө нь ийм олон, тэр тусмаа телевизийн камер, зургийн аппарат, техник хэрэгсэл “агссан” сэтгүүлчид буйдхан энэ заставт ирж байсангүй.
Сэтгүүлчид хилчдийг бие биеэсээ өрсөн “байцааж” хамаг байдгийг нь хэлүүлэхийг хүснэ. Харин цэргийн хүмүүс улсын нууцтай холбоотой асуултаас шууд бултана. Заставын дарга сэтгүүлчдэд байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулав. Өмнөговь аймийн Номгон сумын нутаг Бүдүүн цагаан дэрс хэмээх газар 1980 онд тус застав анх байгуулагджээ. Эх орны хилийн 638-658 дугаар тэмдэг хүртэлх 20 багана бүхий нутаг дэвсгэрийг хариуцан хамгаалдаг аж. Ц.Энхбаатар даргын ярьснаар, хилийн зурваст айл нутагладаггүй. Харин заставаас 25-38 км-т олон жил нутагшсан арваад айл байгаа аж. Заставын амьдрал өвөрмөц санагдсан. Хүүхдүүд нь атгасан шагай мэт хоорондоо эвтэй, бас тэгээд ажигч гярхай. Багачуул нь ах, эгч нарынхаа үгнээс зөрөхгүй. Хүн бүр өөрт ногдсон ажлыг ямар ч асуудалгүй гүйцэтгэнэ. Эх орныхоо хилийг манаж байгаа эрчүүд ийм байдаг болохоор хүн бүр амар тайван амьдардаг учиртай аж. Застав товхийсэн аж ахуйтай. 300-аад бог, 30 гаруй тэмээтэй. Харин адуу, үхэр энд өсгөх боломжгүй. Идэш тэжээлд нь тохирох өвс, ургамал ховор гэнэ.
Уудам говийн хилчдэд уналга, эдэлгээнд тэмээ дотны нөхөр болдог хэмээн ахлагч нар ярьж байсан. Улс орны хөгжлийг дагаад хилийн застав ч хөгжиж байгаа нь сайн хэрэг. Энд DDSH кабелийн телевизийн 70 гаруй сувгийг үзнэ, сонин хэвлэлээ отрядаар дамжуулаад хүлээж авна. Хоол хүнс хотынхноос ялгараад байх юмгүй. Хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нарт сар бүр 18 нэр төрлийн хүнс олгоно. Өөрөөр хэлбэл, хоол хүнсний хангалтыг төр хариуцаж байна гэсэн үг. Харин хугацаат цэргийн алба хаагчдын хоолыг өдөр бүр өгнө. Заставын хүнсний агуулахаар ороход, тусгайлан зассан тавцан, тавиур дээр мах, гурил, будаа, гоймон, элсэн чихэр гээд алаглуулан өрсөн байх аж. “Халдашгүй нөөц” гэсэн бичиг бүхий тавиур дээрх гурил, будаа, хүнсний зүйл ямар учиртайг дэд ахлагчаас сонирхвол, зайлшгүй нөхцөлд хэрэглэх ёстой гэв. Байгаль цаг агаарын нөхцөл хүндрэх ч юм уу отрядын төвөөс машин ирэх боломжгүй боллоо гэхэд 10 гаруй хоног хэрэглэх 12 төрлийн хүнс байнга нөөцөнд байдаг нь тэр. Заставын амьдралд тулгамдаж буй асуудал юу байгааг хилчдээс лавлахад, ундны ус гэсэн ганцхан хариулт хэлнэ. Монгол Улсын усны нөөцийн судалгаанас үзвэл “Говь, хээр, цөлийн бүсийн бүх төрлийн усны хангамжийн эх үүсвэр зөвхөн газар доорхи ус. Усны нөөц харьцангуй бага, чанарын хувьд ашиглахад тэр бүр шаардлага хангаж чаддаггүй. Хилийн усны судалгаагаар говь, хээр, цөлийн бүсийн хэрэглэж байгаа ундны усны эх булгийн 79 хувь нь ерөнхий хатуулаг, кальци, магни, эрдэсжилт ихтэй. Нэгэнт усны нөөц хомс, шинээр эх булаг нээсэн нөхцөлд чанарыг сайжруулан унданд хэрэглэх нь хамгийн тохиромжтой арга” гэжээ. Тэгвэл эндэхийн ус хужиртай хатуулаг ихтэй. Худгаас өдөрт 60-70 л орчим ус гарна. Зуны халуунд үүнээс бага гарна. Усны нөөц жилээс жилд багасч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой ч уул уурхайн компаниудын хайр найргүй ухаж төнхөж байгаагаас болж буй нь хилчдийн сэтгэлийг түгшихэд хүргэжээ. Тухайлбал, тус заставаас хойш 25 км-ийн зайд Дугуй улаан гэх газарт Хятадын хөрөнгө оруулалттай компани хар тугалга, холимог металл олборлож байгаа аж. Хэдийгээр ХХЕГ-аас зөвшөөрөл авсан ч газрын доогуурх усны амийг тасалж байгааг яалтай.
ОРВОГ ГАШУУНЫ БОР ТОЛГОЙ
Заставаас 50 км орчим зайд орших Орвог гашууны бор толгой алсаас биднийг өндөлзөн угтав. Улаан өнгийн плита шиг хавтгай чулуу, элс ихтэй бор толгой дээр Монгол Улсын хилийн 652 дугаартай багана эрхэмсэг харагдана. 2002 онд хуучин баганыг шинэчилж цементэн суурьтай гантиг чулуун баганаар сольсон байна. Толгойн орой дээрээс эх орны хил төдийгүй Хятадын нутаг алган дээр мэт харагдах юм. Хятадын тал хилийн шугамаа дагуулан торон хашаа татжээ. Манайх зөвхөн шон хатгасан нь тор татах шаардлагагүй гэснийх болов уу. Хэрэв баганаас урагш нэг л алхвал хил зөрчигч болно. Хөрш улсуудын хилийн асуудал их нарийн бололтой.
ХӨРСЛӨГ БОР ЦЭРГҮҮД ЭХ ОРНЫХОО ХИЛИЙГ МАНАНА
Хилийн зурвас дахь харуулын байр. Арав хоногийн томилолттой арван цэрэг хилийн харуулд ээлжлэн гардаг аж. Тэд байгалийн хатуу ширүүнийг үл ажран эх орны хилийг өдөр шөнөгүй манана. Биднийг очиход, цэргүүдийн зарим нь амарч, зарим нь харуулд гарчээ. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумын уугуул 19-21 насны залуус өөрсдөө хоол цайгаа хийж сурсан гэж ярьж байв. Тэд нарын чанасан бор цай, улаан боорцог амттай гэж янзтай. Сүүлийн жилүүдэд хилйн цэрэгт алба хаах хүсэлтэй залуус олширсон. Цэргээс ирэхдээ хүүхдүүд маань бие даан жинхэнэ эр хүн болж ирлээ хэмээн эцэг, эх нь баярлаж, хилийн цэргийнхэнд талархал илэрхийлдэг болсныг отряд, заставын дарга нар онцолж байсан. Эцэг өвгөдийн үеэс халуун амь, бүлээн цусаа урсган байж бидэнд үлдээсэн нутгийг хайрлахгүй байхын аргагүй. Эх орноо манаж буй ховорхон заяатай хилчдээр бахархаж ярилцах зуур гэгэлгэн нулимс эрхгүй зангирна. Үе үеийн хилчдийн бүтээсэн арвин түүх баяжин үргэлжлэх нь лавтай. Хэдийгээр өнөө цагт буу зэвсэг агссан дайсан хил зөрчин орж ирэхгүй ч сонор сэрэмж өндөр байх ёстой гэж харуулын ахлагч даруухан өгүүлсэн юм. 1949 онд Хятадын талаас зэвсэглэсэн 120 этгээд Орвог гашууны бор толгойн орчмоор хил даван орж ирсэн байна. Тухайн үед заставын орлогч дарга Жигжидсүрэнгийн удирдсан арван хэдэн цэрэг буун дуу гаргалгүйгээр тэднийг баривчлан саатуулсан нь Монгол хилчний эр, зориг, хатуужил, сийрэг ухааны гэрч билээ. 1970-аад оны үед тус заставын цэрэг Шаравын тухай домог мэт түүх ч бас нэгийг өгүүлнэ. Хятадын талаас тэмээн сүрэг манай нутгийг давж орж ирэхэд байлдагч Шарав Тооройн төгөл рүү хөөж оруулжээ. Моднуудыг хооронд нь төмөр утсаар баглаж хүлээд тэмээн сүргийг хэд хоног хааш нь ч гаргахгүй хорьжээ.
Төвөөс хилийн төлөөлөгч ирж, тэдгээр тэмээг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Тэрнээс хойш Хятадаас тэмээ орж ирэхээ больсон бөгөөд олон тэмээг хорьсон тэр газрыг өнөө хэр “Шаравын чангалан” хэмээн дурсах болжээ. Хилчдийн ярьснаар, “Тооройн төгөл” хэмээх баян бүрдийг 1800-аад оны үед Гомбосүрэн хэмээх тайжийн үр хүүхдүүд тарьж ургуулжээ. Анх 30 модыг тэмээнд ачиж авчраад энд суулгасан нь ойн төгөл болон ургасан хэмээн хилчид хуучлав.
ЭЛСЭЭР ШУУРЧ БАЙВЧ ЭХ ОРОН САЙХАН
Заставын жагсаалын дарга, дэд ахлагч С.Батбаяр энд ирээд таван жил болж буй. Эхнэр Ч.Буянцэцэг нь заставын холбоочин. Хоёр охинтой. Том ньтавдугаар ангид сурдаг, хотод хадам аав, ээжтэй нь амьдардаг. Зун болохоор ирдэг. Харин гурван настай бага охин нь олны хайр татсан бяцхан эрх амьтан ээж, аавынхаа дэргэд жаргана.
С.Батбаярын аав хилийн цэргийн хурандаа Сэрээтэр тэтгэвэртээ гарсны дараа гэр бүлийн хамт АНУ-ыг зорьжээ. Одоо Сан-Францискод хүүхдүүдтэйгээ амьдарч буй. Харин дэд ахлагч хааяа төв орвол аав, ээжтэйгээ утсаа “улайстал” ярьдаг ч хилээсээ холдож гадаадад гаръя гэж боддоггүй гэнэ. Хилчид гэж сэтгэлийн дуудлага, эр зоригийн хатаар эх орноо манаж явдаг хүмүүс юм билээ. Элсээр шуурч байсан ч эх орон сайхан гэдэг юутай үнэн.
ХИЛИЙН АНХНЫ ЗААГИЙГ ТОГТООЛЦСОН АХМАД ДАЙЧИН
Эх орноо зүрхнээсээ илүү хайрладаг юм даа хэмээн хуучлах ахмад хилчинтэй Өмнөговь аймгийн төвд уулзсан юм. Түүнийг Ж.Банзрагч гэдэг. Тэрээр 80 гаруй насыг зооглож буй. Эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн дархан байдлыг хамгаалж явсан тухайгаа дурсахдаа, 1963 оны зургадугаар сард Засгийн газрын шийдвэрээр Монгол, Хятадын хилийн заагийг тогтооход Өмнөговийн 10 дугаар хэсгийг ахлаж явснаа онцолсон юм. Монгол Улс тэр үед анх удаа хилийнхээ дээсийг тогтоож байсан учраас туршлага багатай. Харин хятадууд өмнө нь хэд хэдэн улстай хилээ заагласан болохоор нэлээд туршлага хуримтлуулсан байсан хэмээн Ж.Банзрагч гуай хуучлахдаа Орвог гашууны бор толгойг Хятадын нутаг уу, Монголынх уу гэдэг дээр багагүй маргалдсаныг онцлов. Тухайн үед Хятадын тал ганц метр газрыг ч болов өөрийн нутагт оруулж газрын зураг дээр баталгаажуулах гээд байсныг сонин болгон ярьсан. Гэхдээ дээр үеийн Монголын овоо толгойн зарим нь зурвасны гадуур, зарим нь дотуур тавигдсан байж магадгүй. Бидний хувьд Орвог гашууны бор толгойг өмнөд хилийн цэгээр тодорхойлсон нь сайн ажил болсон. Төрөлх нутгийнхаа төө газрын төлөө гэсэн сэтгэл бидэнд байсан юм даа. Монгол Улсын хил хязгаараа тогтоосон төрийн сүлдэт хилийн багана байрлуулсан түүх бол эх орны түүхийн нэг л хэсэг хэмээн Ж.Банзрагч гуай бахархан дурссан юм.
Далай орон минь дархан хилтэй
Дархан хил минь дайчин харуултай хэмээн дуулдаг нь учиртай билээ Хилийн тэнгэр цэлмэг байгаасай.