Б.БАРС
Ийм гарчигтай нийтлэл ОХУ-ын “Номер один” сэтгүүлд гарсныг товчлон хүргэж байна.
Монгол улс Сэлэнгэ мөрөн дахь Шүрэнгийн УЦС барих төсөлдөө хөрөнгө оруулагч хайж эхэлжээ. Экологичдын үзэж буйгаар энэ төсөл хэрэгжвэл Байгаль нуурын экосистемийг сүйрүүлж болох аюултай юм.
Уг нь хагас жилийн өмнө манай хоёр орны усны нөөцийг хамтран ашиглах итгэмжлэгдсэн төлөөлөгчид Улаан-Үдэд уулзаж, ийм алхмыг нөгөө талтайгаа зөвлөлдөлгүй хийхгүй гэж тохиролцсон билээ. Хэдий тийм ч Монголын Засгийн газар өнгөрсөн оны намар Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн санд хандан Шүрэнгийн УЦС-ийн төслийг санхүүжүүлэх хүсэлт тавьжээ. Арабууд энэ хүсэлтэд нааштай хариу өгөөд байгаа юм.
Кувейтийн ЭСЯ-наас мэдээлснийг үзвэл энэ төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 142 сая кувейт динар буюу бараг хагас тэрбум ам.доллар шаардлагатай аж. Одоогоор Кувейтийн Арабын эдийн засгийн хөгжлийн сан тус төслийн нийт зардлын 4.2 хувь болох зургаан сая кувейт динарыг зээлээр өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Арабууд УЦС барих газартай хэдийнэ очиж танилцаад ойр орчмын байгаль орчинд муугаар нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Гэхдээ одоогоор манай хөрш улс арабуудтай төсөл боловсруулах л мөнгөний талаар ярьж байгаа. Тэгээд төслөө боловсруулаад Дэлхийн банкинд санхүүжилт хүсэн хандахаар төлөвлөжээ. Сураг дуулахнээ Дэлхийн банк ч төслийг санхүүжилтийг зөвшөөрөх бололтой. Ийнхүү Сэлэнгэ мөрний асуудал хоёр хөрш орны харилцаанаас хальж эхэлжээ.
Буриадын экологич С.Шапхаевын хүсэлтээр ОХУ-ын Байгаль орчны яам Дэлхийн банкинд хандан захидал илгээхдээ, Шүрэнгийн УЦС барих төлөвлөгөө нь олон улсын хэлэлцээрүүдийг зөрчсөн хэрэг төдийгүй дэлхий нийтийн өв болох Байгаль нуурт хор хохирол учруулах уршигтай тухай дурдсан юм. Үүнээс гадна ОХУ, БНХАУ, Монголын экологичид хамтран Кувейтийн Засгийн газар болон Арабын санд захидал илгээж, шейх Сабах аль-Халид аль-Сабахт тус улсын санхүүжилтээр таван жилийн өмнө баригдсан Завхан гол дахь Тайширын УЦС хөдөө аж ахуйд маш их хор уршиг тарьсан тухай өгүүлжээ.
Алдаатай тооцооны улмаас Тайширын УЦС-аар төлөвлөснөөс хавьгүй бага ус нэвтрэх болж ойр орчмын газар нутаг хуурайшсанаар олон тооны мал үхэхэд хүргэсэн юм. Малгүй үлдсэн зарим малчин байгаль орчинд халтай иймэрхүү туршилтуудыг тууштай эсэргүүцэх болж, Сэлэнгэ, Онон гол дээр УЦС барихыг эхнээс нь буруушааж байгаа ажээ.
Тайширын УЦС 11 мегаваттын хүчин чадалтай. Тэгвэл Шүрэнгийн УЦС 300 мегаватт хүчин чадалтай болох төлөвлөгөөтэй. Ингээд бодохоор Монголын хөдөө аж ахуй, Сэлэнгэ мөрөн, түүний биологийн нөөц, эцсийн бүлэгт Байгаль нуурт үзүүлэх хор уршиг хавьгүй их байх нь.
Монголын албаны хүмүүс Сэлэнгэ дахь УЦС мөрний усны төвшинд нөлөөлөхгүйн дээр эрэг дагуух бүсийн экологид харин ч эерэгээр нөлөөлөх тухай бишгүй ярьсан. Монголын усны нөөцийн газрын дарга ноён Батбаяр тус УЦС бороо хур ихтэй жилүүдэд усыг ихээр нөөцлөх ач тустайг ч дурдаж байв.
Харин экологич С.Шапхаев үүнтэй санал нийлдэггүй хүн. Тэрээр, “Илүү ус гэж үнэндээ байдаггүй юм. Харин гидрологийн мөчлөг, жилийн болон улирлын урсацын хэлбэлзэл гэж байдаг. Байгаль нуур Сэлэнгээс маш их хамааралтай. Сэлэнгэ мөрөн Байгальд цутгадаг усны 50 хувийг дангаараа хангадаг. Үүнд өөрчлөлт орвол олон сая жил бүрэлдсэн экологийн тогтолцоонд шууд нөлөөлнө” гэжээ.
Нөгөөтэйгүүр сүүлийн жилүүдэд эдийн засгийн хурдацтай өсөлттэй яваа Монголын талын байр суурийг ойлгож бас болохоор. Энэ улсад хотын хүн ам, юуны түрүүнд Улаанбаатарын хүн ам огцом өсөхийн сацуу шинэ шинэ уурхайнууд нээгдсэнээр эрчим хүчний дутагдал, “өлсгөлөн” улам бүр ноцтой асуудал болж байгаа нь нууц биш. Монголын нийслэлд борооны дараахь мөөг шиг олширч буй шинэ орон сууцны хорооллуудад илүү их эрчим хүч шаардагдаж байгаа бол ихэвчлэн Говийн бүсэд нээгдэж буй уурхайнуудад илүү их ус шаардлагатай болж байна.
Тус улсын Байгаль орчны дэд сайд Б.Тулга арванхоёрдугаар сард ярихдаа, “Монголчууд бид улс орноо цаашид ч хөгжүүлэх хэрэгтэй. Иймд усны нөөцөө зохих хэмжээнд ашиглаж л таарна” гэсэн юм. Ер нь өнөөгийн Монголын амин чухал асуудлын нэг нь эрчим хүчний хангамж болоод буй.
Тэрхүү дутагдаж буй эрчим хүчийг ОХУ уг нь нийлүүлэх бүрэн боломжтой ч үнийн тал дээр тохиролцохгүй байсаар асуудал ийн хурцдсан гэлтэй. Ингэснээр УЦС-ийн төсөл, Сэлэнгэ болон Байгалийн хувь заяа олон улсын улс төрийн нэгэн багаж, Орост шахалт үзүүлэх хөшүүрэг болж байх шиг.
Нөгөөтэйгүүр, ОХУ-аас нийлүүлдэг эрчим хүчний үнэ нь өмнөд хөршдөө шахалт үзүүлэн газрын баялгийг нь олборлох эрх авах зэвсэг юм. Монголчууд мэдээж иймэрхүү хамтын ажиллагаанаас аль болох зайлсхийхийг чармайж, өөрсдийн дүрмээ санал болгон Байгалийн хувь заяагаар тоглож байна.
Чингис хааны удмынхан газар зүйн хавчигдмал байдалтай хэдий ч ийм тоглоомонд маневр хийх орон зай ихтэй. Тэдний ард Хятад бий. Монголын асар их байгалийн баялгийг сонирхдог Хятадад экологийн асуудал, Байгаль нуур үгүй болох эсэх огт хамаагүй. Үүнээс гадна монголчууд солонгосуудтай, америкуудтай, одоо бүр арабуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж эхэллээ.