Б.БАРС

 Нацист Германыг дарсан V-E Day буюу Европын ялалтын баярыг манай хойд хөршөөс бусад улс оронд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд тэмдэглэсэн. Харин ОХУ-д энэ баярыг нэг өдрийн хойно тэмдэглэж заншжээ. Энэ нь бас учиртай.

1945 оны тавдугаар сарын 7-ны 02.40 цагт Реймс хотноо Германы талаас генерал А.Йодл, ЗХУ-ын талаас хошууч-генерал В.Суслопаров, холбоотнуудыг төлөөлөн АНУ-ын генерал Б.Смит нар нацист Германыг үг дуугүй бууж өгөн гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээ тавдугаар сарын 8-ны 23.01 цагт хүчин төгөлдөр болж, Германы арми зэвсгээ хураалгасан түүхтэй.

Иймээс ч 1945 оны тавдугаар сарын 8-нд Европын олон хотод ялалтын баярын арга хэмжээ болсон гэдэг. Их Британийн нийслэл Лондон хотын Тра­фалгарын талбайд, Букингемийн ордны ойр тойронд олон мянган хүн цугларч, тус улсын хаан Георг, хатан Елизавета, Ерөнхий сайд У.Черчилль нар үг хэлэн ялалтын баярыг ёслол төгөлдөр тэмдэглэжээ. Мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Г.Трумэн ард түмэнтэйгээ мэндчилж, ялалтын өдрөөс сар гаруйхны өмнө өөд болсон өмнөх Ерөн­хийлөгч Ф.Рузвельтийн гэгээн дурсгалыг хүндэлжээ.

Гэвч ЗХУ-ын тэргүүн И.Сталин дээрхи гэрээг хангалтгүй гэж үзэн тус улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан В.Суслопаровыг хатуу донгодсон юм. Түүний шаардлагын дагуу Германы гуравдугаар Рейх дахин нэг удаа Бер­лины Карлсхорст дүүрэгт бууж өгсөн тухай гэрээг дахин байгуулжээ. Тэрхүү гэрээнд ЗХУ-ыг төлөөлж маршал Г.Жуков, Гер­маныг төлөөлөн фельд­маршал В.Кейтель болон АНУ, Их Британи, Францын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гарын үсэг зурсан юм.

Үүнээс үүдэн ЗХУ болон бусад оронд ялалтын баярыг нэг өдрийн зө­рүүтэй тэмдэглэх болжээ.

Дэлхийн II дайн эхлэхэд манай улсыг дэлхийд ганцхан орон ЗХУ л хүлээн зөвшөөрөөд байсан билээ. Иймээс ч Герман ЗХУ-д халдан довтолсон анхны өдрөөс л Монгол хойд их хөршөө бүх талаар дэмжин чадлынхаа хэрээр туслаж эхэлсэн юм. Фронтод зо­риулан Монгол тэр чигээрээ хөдлөн адуу мал, мах, хувцас гээд тал бүрээр дэмжсэн билээ. ОХУ-ын түүхч В.Суворов “Сүүлчийн бүгд най­рамдах  улс” номондоо, “АНУ, Их Британийн зэ­рэгцээ И.Сталинд Монгол гэх өөр нэг холбоотон байсныг мартчихдаг. Энэ холбоотон ач холбогд­лоороо АНУ-аас дутахгүй байсан гэвэл шоолж инээсний хэрэггүй. Монгол мал сүргээрээ хэзээнээс баян улс байв. Тэгвэл монголчууд хонины нэхийгээр маш дулаан хувцас хийж фронтод илгээдэг байсныг мартаж болохгүй. Стра­тегийн гэж хэлж болох энэ бүтээгдэхүүн зарим үед танк, их буунаас ч илүүтэй үнэлэгддэг байсан нь бий. Нэхий дээл байх эсэх нь ялах, ялагдахыг ч шийдэж байсан гэдэг. Тэгвэл И.Сталин Монголын ачаар энэ стратегийн бүтээгдэхүүнээр бүрэн хангадсан юм” гэж бичсэн нь бий.

Монголын төв хэвлэл “Үнэн” сонин дайныг дуустал “Бүхнийг Улаан армид, бүхнийг фа­шизмыг ялахын төлөө” уриатайгаар гарч байсан гэдэг. 1941-1944 оны хооронд Монголын ард түмнээс Улаан армид та­ван ч удаа бэлэг хүргүүлэн өгсөн баримт байдаг. 

Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт монгол” танкийн бригад, “Монгол ард” онгоцны эскадриль бүрэлдэж, Берлин хүрсэн түүхтэй. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын илтгэлд, “Дайн эхэлснээс эдүгээ хүртэл фронтод 24.8 сая төгрөгийн эд зүйл илгээлээ” гэжээ. Ер нь дайны үед Монголоос ЗХУ-д 980 вагон мах, хүнсний зүйл, эсгий болон нэхий эдлэл нийлүүлсэн нь тухайн үеийн ханшаар 78 сая рубль хүрсэн гэдэг.

Маршал Х.Чойбалсан тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөө­лөгчид 1943 оны нэгдүгээр сарын 12-нд  Москвагийн ойролцоох Нома-Фоминск өртөөнд “Хувьс­галт Монгол” танкийн бригадыг Улаан армид хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн “Монгол ард” нисэх эскадрилийг ард түмний хөрөнгөөр бүр­дүүлэн фронтод хүлээлгэн өгч байлаа. Зөвхөн “Хувьс­­­галт Монгол” танкийн бригадад зо­риу­лан 2.5 сая төгрөг, 300 кг алт, 90 мянган алтан дол­лар, “Монгол Ард” эскад­рилийг байгуулахад хоёр сая төгрөг зарцуулсан ажээ.

1943 оны зун Курскийн цүлхэн нэр ав­сан шийдвэрлэх тулал­даанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад оролцон чухал үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн бөгөөд Берлин хүртэл гавьяагаа бад­руулан давшсан юм. “Монгол ард” эскадриль ч 1943 оны зун нацистуудын нисэх хүчинтэй тулалдаж эхэлсэн. Тухайн үеийн Германы сонинд “Монгол ард” гэсэн бичигтэй онгоцууд байлдах болсон тухай онцолж бичсэн ч гэдэг юм билээ.

Фронтод монгол морьдын байгуулсан гавьяа ч их. Дайны үед манай улс 45 мянган агт морьдоо бэлэглэсэн юм. Монгол морьд тэсвэр ха­туужлаараа зөвлөлт дайчдын гайхаш биш­рэлийг татсан гэдэг. На­маг шавар, цасан хунгар, уул давааг гатлан их буу, зэр зэвсгийг түүртэлгүй фронтын шугамд хүргэдэг байсан тухай цөөнгүй дурсамж үлджээ. ЗХУ-ын Баатар, буриад байлдагч Ц.Дондуков шархадсан эзнээ дайсны галыг сөрөн аварсан монгол морины тухай сэтгэл уярам найраглал бичсэн нь бий.

Тухайн үед ЗХУ-д суралцаж байсан монгол оюутнууд ч чадлынхаа чинээгээр фронтод дэм үзүүлж байжээ. Германы арми Москвад тулан ирэхэд тэнд суралцаж байсан оюутнууд шөнө эргүүлд гаран фугас бөм­бөг унтраан хамгаалалтын ажилд мөр зэрэгцэн оролцож явсан билээ.

Түүнчлэн халимаг, буриад зэрэг олон мянган монгол цустай эрэлхэг дайчид Улаан армид ту­лалдаж явсан юм. Манай сонин “Түүхийн хөтөч” буландаа буриад мэргэн бууч Жамбал Тулаев, ха­ли­маг генерал Баасан Горо­довиков нарын тухай бичиж сонирхуулсан.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хор уршигтай, 50 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн II дайнд манай улс ийнхүү хойд их хөршөө түшин холбоотон болж оролцсон юм. Иймээс энэ ялалтын баяр Монголын ч баяр мөн билээ.