Ч.ҮЛ-ОЛДОХ
ОУСХ-ийн зөвлөх, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Л.Хайсандайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хоёр Солонгосын хооронд үүсээд буй асуудлыг олон улс судлаачид анхааралтай ажиглаж байгаа байх. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Солонгосын хойг бол их гүрнүүдийн, тухайлан АНУ, БНХАУ, ОХУ, Японы Ази Номхон далайн стратегийн маш чухал цэгийн нэг мөн. Түүх сөхвөл, 1945 онд тус хойгийн 38 дугаар өргөрөгийн умарт хэсгийг хуучин ЗХУ, өмнөд хэсгийг АНУ чөлөөлсөн түүхтэй. 1950-1953 оны Солонгосын хойгийн дайн нь Зөвлөлт-Америкийн сөргөлдөөнд тулгуурласан “хүйтэн дайн”-ы үр дагавар бөгөөд Солонгосын хуваагдлыг албан ёсоор бий болгосон юм. АНУ-аас Өмнөд Солонгостой 1953 онд харилцан батлан хамгаалах гэрээ байгуулж, Америкийн цэргийн хүч түүнээс хойш өнөөг хүртэл БНСУ-д байрлаж байгаа. Умард Солонгос ч тэр үеийн ЗХУ, БНХАУ-тай тус, тус цэргийн гэрээ байгуулж Солонгосын хойгийн хуваагдмал байдлыг бататгасан байдаг. Тэр цагаас өнөөг хүртэл 62 жил өнгөрсөн ч 38 дугаар өргөргөөр хуваагдсан хэвээр байна. Хоёр улсын аль алинд нь ямар ч шалтгаан, ямар ч үзэл суртал байлаа ч Солонгосын хойгийн нэг үндэстний хуваагдлыг үүсгэж буй үндэстний зовлонт байдлыг энэ чигээр нь үргэлжлүүлж байлгах нь яавч зөвтгөж боломгүй асуудал.
-Одоогоор хоёр улсын хооронд дайны гал түр зогсоод байна. Цаашид найрамдалт харилцаа үүснэ, гэхдээ ямар хугацаанд гэдэг нь тодорхойгүй гэж олон улсын мэдээллийн порталууд мэдээллээ. Гэхдээ хоёр талын үл ойлголцолд өдөөгч, түлхэц болж буй хүчин зүйл бий гэж үзэх ажиглагчид ч байна?
-Өнөөг хүртэлх Солонгосын хойгийн дайны түр гал зогсоосон байдал нь энэ хоёр орны болон бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой нөхцөл байдлыг үүсгэсээр байгаа. Үүнийг дээрх орнуудад болдог жил бүрийн цэргийн сургуулилт, цөмийн зэвсгийн туршилт зэрэг цэрэг дайны хөтөлбөрийн хэрэгжилтээс үүдэлтэй хоорондын маргаан мэтгэлцээн, хямралт байдлыг бий болгодог хэвийн зуршлаас харж болохоор байна. Үүний тод илрэл нь саяхны хил дээрх харилцан гал нээснээс болж бий болсон эгзэгтэй нөхцөл байдал гэж хэлж болно. Энэ үеэр хоёр тал бие биеэ буруутгах, харилцан айлган сүрдүүлэх, тулган шаардлага тавих зэргээр үйл ажиллагаа явуулсан нь эрдэнэт хүний амь эрсдэх, эд баялаг үрэгдэх, улмаар улс хоорондын болон бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах уршигтай байсан. Энэ бүхний цаана тодорхой их гүрнүүдийн ашиг сонирхол байна. Чухамдаа энэ бүхэн нь хоёр Солонгосын хоорондын сөргөлдөөн гэхээс илүү тодорхой их гүрнүүдийн явуулга, стратеги бодлогын хэрэгжилт явагдаж байгааг олон түмэн шүүмжлэн бичиж байгаа шүү дээ. Тиймээс л хоёр Солонгосын хооронд мөргөлдөөн сөргөлдөөн байн байн гарч хоёр талын албаны болон цэргийн удирдах тушаалтнууд тухай бүрт нь яриа хэлэлцээ хийдэг боловч тодорхой үр дүн гарахгүй байгаа юм.
-Хөшигний ардах хүчин зүйлийн талаар жаахан тодруулбал?
-Энэ нь бас цаанаа нарийн учиртай гэж харж байна. Саяхан бий болсон цэргийн сөргөлдөөнт байдлын төвшинг бууруулахаар Умард, Өмнөд Солонгосын эрх баригчдын өндөр дээд албаны төлөөлөгчдийн яриа хэлэлцээ энэ наймдугаар сарын 20-д эхэлж гурав хоног үргэлжлэн дууссан. Хэлэлцээнд оролцогчдын зорилго нь цөмийн зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийх явдал байлаа. Солонгосын хойгийн өмнөд рүү Америкийн стратегийн бөмдөгдөгч В-52 онгоц болон усан доогуур явагч атомын завиудыг аваачих асуудлыг АНУ, Өмнөд Солонгос хоёр давхар ярилцаж байсан юм билээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хэвлэлд мэдээлсэн шүү дээ. Өмнөд Солонгосын цэргийн албан хаагчид цэрэггүй бүсэд тавьсан минийн дэлбэрэлтэд өртөж амиа алдсаны төлөө Умард Солонгос уучлалт гуйх хүртэл чанга яригчаар хийх сөрөг суртал ухуулгаа зогсоохгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ мэдэгдсэн. Энэ мэтээр байдал түгшүүртэйгээр завсарлага авсан байдалтай байна.
-Тэгэхээр ойлголцолд бүрэн хүрэхэд дутуу зүйлүүд байна гэсэн үг үү?
- Хойд Солонгосоос нааштай хариу ирэхээс үйл ажиллагаа шалтгаалах болоод байх шиг. Ерөнхийдөө Солонгосын хойгт болж байгаа дээрх үйл явдалд хандаж буй холбогдох улс гүрнүүдийн байр суурийг ажиглахад тэнд хитгэлцэл, эвлэрлийн үндэс суурь тавигдаж асуудлыг тайван замаар бодитойгоор шийдвэрлэх тийм байр суурь илт харагдахгүй байна гэж хэлж болохоор юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин