Түрүүч нь ¹112, 113-т
Д.ЦЭРЭННАДМИД
Бум бужигнаж түм түчигнэсэн Энэтхэг орны юм бүхэн нь бидэнд сонин санагдах юм. Сэтгүүлчид бидний зан элдвийг сонирхдог болоод л тэр биз. Бид Делигээс шөнөөр гарч өнгө өнгийн гэрэл дунд тэндхийн амьдралын алаг булаг өнгө төрхийг ажиглан, заримыг хачирхан ярилцаж явсаар Дарамсала орох замдаа гарлаа.
Биднийг замчилж яваа хүн нь Ж.Батцэнгэл хэмээх залуу. Энэтхэг оронд 10-аад жил ном үзэж санваартны эгнээнд орсон хэл ус сайтай, шашны номын хувьд бол нэлээд боловсорсон нэгэн юм. Тэр одоо “Дилова хутагт” сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Сэтгүүлчид оролцсон энэ удаагийн аяллыг зохион байгуулсан газар нь тэр. Гэхдээ зарим хүмүүсийн ойлголтоор бид тэдний зардлаар аялаагүй. Өөрсдөө мөнгөө төлж эртний түүхт Энэтхэг орон, бурхан номын ариун дагшин өлгий, ариусахуйн орон Дарамсалад очих, Дээрхийн гэгээнтэн Далай ламд бараалхан ярилцлага авах туйлын зорилготой байлаа.
Тиймээс алжаалыг огт мартсан хэрэг л дээ. Өмнөх өдөр нь тэнгэрт нисч өнгөрүүлээд амралтгүйгээр унаа сэлгэж аяллаа үргэлжлүүлсэн. Зоргондоо яваа бол маргааш болтол амарна, хэвтэнэ гэхсэн. Дарамсала хүртэл 520 км. Улаанбаатараас Өмнөговийн төв орохтой л адил юм даа. Гэхдээ зам гэдэг адармаатай. Ганц урсгалтай замаар зорчих машин туйлын олон. Байнга өөдөөс цацрах гэрэлд гялбаж, дуут дохионд чих дөжирч явах юм.
Делигээс гараад Пенжав мужийг дайрах юм. Өөр нэг мужийн нутагт орж байгаа тэмдэг нь замын түр зогсоол буюу бүртгэлийн газрууд. Тэр мужийн нутгийг өнгөрүүт дахиад л бүртгэх газар. Тэр нь Химаchai Pradey гэх Энэтхэгийн урд талын хамгийн том муж. Энэ мужид Дарамсала хэмээх уулын суурин буюу хот багтдаг аж.
Шөнийн зам хорох биш дээ. Яваад л байв. Жолоочоос одоо хэдэн км явах вэ л гэх. 100 км хүрэхгүй бололтойг хэлэх. Гэтэл дахиад 2-3 цагийн явдал бий нь яаруудас хүргэх. Дарамсала дөхөхөөр зам улам нарийсч байнга өгсөх янзтай. Аргагүй юмаа. Цаст Хималайн салбар уулсыг хэгжиж байгаа нь тэр юм л даа.
Шөнөжин довтолгосон ч очих газрынхаа барааг харалгүй өглөө болгов. Дарамсалад ирлээ гэлээ. Гэтэл бас л давхиад байлаа. Уулын өндөр өөд ой мод, барилга байшинг чигжээд чихсэн юм шиг хотын төрх, зам улам нарийсч бас өөд болж явсаар сэрүү татсан уулын тагтад гараад ирлээ. Аяны дөрөө мултлах газар тэр байлаа.
Зочид буудлын нэр Замбала. Улаанбаатарт ч ийм нэртэй дэлгүүр, цайны газар байдаг болохоор танил юм шиг. Биднийг монголжуу царай, аялагхан зантай төвд бүсгүй, хэдэн можгор энэтхэг залуу угтаж авсан юм.
Хаашаа л харна битүү ногоон ой, өнгө бүрийн цэцэгс алаглаж амьсгалахад агаар нь хоол болмоор сайхан юм. Монголчуудын цонхон дээрээ чимэг болгон ургуулж яддаг улаан, шар сарнай гудамжнаа хааяагүй алаглах юм.
Уулын хавцал шиг давчуухан гудамжаар машин, мотоцикльтнууд явгаар яваа хүнтэйгээ цуг л урсах. Гудамж бүхэнд худалдаа наймааны орчин үргэлжилнэ. Оршин суугчдын дийлэнх нь энэтхэгчүүд юм шиг. Тэр дунд төвдүүд олон дундаас арай содон. Монголчууд бидэнд илүү ойр нь тэд. Аль нэг тагтдуу газар гарч алсын барааг харвал нов ногоон уулсын дээгүүр цаст Хималайн шовх оргил цайвалзан харагдана.
Дарамсалад өдөр бүр шахам бороотой байдаг аж. Бид ч тэнд борооноор буусан. Замбала зочид буудлын эзэн бололтой төвд эр “Хувьтай хүн хур борооноор” гэсэн монгол үгийг ерөөл адил хэлж дотносов.
Энд бяцхан түүх өгүүльюү. Одоогоос 50 гаруй жилийн өмнө Төвдийн орноос дүрвэсэн 85 мянга орчим хүн энэ нутагт ирж Энэтхэгийн төр, засгийн газраас орогнол хүссэн цаг бараг саяхан мэт. Тэгээд л Хималайн их уулсын салбар Дайладур уулнаа төвхнөсөн юм билээ л. 1900-гаад оны эхээр Английн цэргийн зуны лагерь байсан газар гэх юм билээ. Энэ газрын өнгө төрхийг өнгөрсөн жилүүдэд тэнд очсон төвдүүд эрс өөрчилж бүр орчин үеийн уулын хот болгож чадсан нь нэгэн гайхамшиг гэлтэй.
Тэнд дүрвэгсдийн Засгийн газар, хэд хэдэн яамтайгаар төвд хүмүүсийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажилладаг гэж бидэнтэй уулзсан төвд иргэд дуулгаж байна лээ. Сэтгүүлчид бидэнд улс төрийн асуудал огт сонин биш учир энэ тухай яриаг төдийлөн анзаарсангүй. Харин гадаад оронд байгаа төвдүүдээс эндхийнхэн илүү сайн амьдарч байдаг юм гэж хэлэхийг нэг биш хүнээс сонслоо.
Төвдүүд шашны өв соёлоо хадгалж үлдээх, хүүхэд багачуудынхаа боловсролд сүрхий анхаардаг юм байна. Сургуулиуд нь 12 жилийнх. Нэгээс зургадугаар ангидаа хичээлийг зөвхөн төвд хэл дээрээ үздэг, долдугаар ангиасаа энэтхэгийн дунд сургуулийн программыг мөрддөг гэж байна. Эндхийн хамгийн ууган сургуулиар нь бид орлоо. 2000 хүүхэдтэй энэ сургууль төвдийн гүн ухааны сургалттай юм. Тус сургуулийн тамгын газрын дарга Түвдэндоржийн ярих нь,
-Манай сургууль орчин үеийн мэдлэг боловсролыг уламжлалт шашины сургалттай хослуулан явуулдаг. Тэгснээр төвдийн уламжлалт соёл, зан заншлыг хүүхэд бүр хадгалж, авч чаддаг. Энэ сургуулийг төгссөн хүүхэд Энэтхэгийн аль ч дээд сургуульд суралцах эрх, боломж байдаг. Одоо 1600 гаруй хүүхэд их, дээд сургуульд суралцаж байгаа гэлээ.
Бас Вангалорт төвдийн анхны дээд сургууль байгуулагдаад байгаа юм билээ. Энэ мэтээр төвдүүд боловсрол мэдлэгийн хувьд бусдын жишигт хүрсэн нь чухам юм юман дээрээс л анзаарагдах юм. Дунд сургуульд зөвхөн төвд, хинди биш англи, хятад хэл зааж байна. Мөн зурхай болон анагаах ухааны өв уламжлалаа сайтар хадгалж чадсныг нь “Мэнзийхан” эм зурхайн салбарын ажлыг сонирхоход мэдэж болох аж.
Зурхайн ухаан хийгээд эм зүйн салбар хэдийд үүссэн, ямар үе шатны хөгжлийг дамжиж ирсэн тухай тэр газрын музейн танилцуулгаас түвэггүйхэн ойлгогдох юм.
Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдвараар байгуулагдсан уг байгууллага төвд төдийгүй гадаадын улс оронд нэрд гарч яваа гэх. Зурхайч Гүнгээдондовын хэлж байгаагаар бол хүн үүссэн цагаас л зурхайн ухаан бий болж одоо бусад шинжлэх ухааны зэрэгтэйгээр өндөр төвшинд хөгжсөн гэж болох.
“Мэнзийхан” эм, зурхайн салбар олон зуун төрлийн эм тан үйлдвэрлэдэг. Тэр эмийг бүтээхдээ хүний таван махбодид тулгуурлан хий, шар, бадгана гэсэн гурван онолыг биежүүлж буй юм байна.
Монголчууд, төвдүүдтэй ямагт ойр дотно явж ирсэн түүх бий. Тэр нь зөвхөн Будда хэмээх нэгэн шашинтайдаа биш гарал үүсэл, түүнээс хойшхи холбоо харилцааны олон учир байх юм.
Бид тэр нутагт олон сайхан хүнтэй уулзсаан. Тэдний нэг нь Дилова хутагт хэмээх бурхан шашны нэгэн том төлөөлөл. Энэ хүн одоо Халимаг дахь буддын шашны тэргүүний сэнтийтэй. Өөрөө монгол цустай нэгэн юм. Үүгээрээ бахархаж явдаг гэдгээ хэлж байв. Дилова хутагт Халимагт бараг устах шахам байсан сүм, хийдийг сэргээжээ. Цөөхөн жилд 30-аад сүм, хийд байгуулсан юм байна.
Ний нуугүй сайхан яриатай нь эрдэм номд боловсорсных нь шинж байх. Харин монгол хүн атлаа монгол хэл соёл мэдэхгүйгээ өөрийн буруу гэж байна билээ. Гэхдээ монгол хэлний 20-30 хувийг баримжаалж ойлгодог цаашид суралцахыг мэрийж байгаа гэж байсан.
Энэ эрхэм хүн бага насныхаа тухай дурсахдаа,
-Би АНУ-д төрсөн монгол хүн. Багадаа хүүхдүүд элдэв тоглоомоор тоглож байхад би тэс өөр зан төрхийн юм бодож, үйл хөдөлгөөнөөрөө түүнийгээ илэрхийлдэг байлаа. Ер нь бага байхад янз бүрийн зөн совин их мэдрэгддэг байсан. Одоо 40 нас гараад ирэхээр төдийлөн шинэ сонин юм алга болох юм гэж ярив.
Бид бас нэг төвд эмэгтэйтэй танилцлаа. Тэндээ бас ч дээгүүр алба хашдаг юм билээ. Гэхдээ тэр нь биш энэ эмэгтэйн монголтой холбогдсон амьдрал нь сонин байлаа.
Нэр нь Дэжийлаа. Тэр бидэнтэй уулзсанаа аз завшаантай сайхан явдал болж байна гэх зуураа,
-Би монгол хүнийг Жамц гэдэг хүнээр төсөөлж ойлгодог. Энэ хүн төвдөд ирээд америкт очсон монгол хүн. Их сайхан хүн, тэр хүнд би туйлын хайртай байсан гээд сэтгэл нь хөдөлж нулимсаа нуугаагүй юм. Яагаад гэхээр Дэжийлаа монгол хүнтэй ханилан сууж байж. Тэр хүнээсээ хүүхэдтэй болсон. Тэр уйлан хайлан дурсаад байгаа Жамц гэдэг хүн хадам аав нь юм байна л даа. Түүнийг сонгодог монгол хэлээр их яруухан сайхан ярьдаг, үр хүүхэддээ эцэг хүний хайрыг зориулж чаддаг, тийм сайхан хүн байсан гэж дахин дахин дурсав.
Жамц хоёр хүүтэй. Түүний нэгтэй нь энэ эмэгтэй гэр бүл байж. Тэгэхээр монголтой мах цусны барилдлагатай хүн болж таарав. Бүр сонирхолтой нь Жамц Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүн гэдэг дээр хэн бүхний сэтгэл хөдөлгөсөн нэгэн тохиолдол болов. Манай аяллын нэг гишүүн “Соён гэгээрүүлэгч” телевизийн захирал Ш.Хишигсүрэн мөн тэр нутгийнх. Тэрний ярих нь,
-Жамц гэдэг хүн намайг жаахан байхад америкаас хоёр хүүхэдтэйгээ нутагтаа ирж байсныг би тод санаж байна. Тэр хүн манай өвөөтэй садан байсан учир манайд ирж золгож байсан гээд дурсамж яриаг улам дэвэргэж өгөв. Дэжийлаагийн сэтгэл улам хөдөлсөн байх үе үе нулимсаа арчин Хишигсүрэнтэй нэг хэсэгхэн хууч хөөрсөн дөө. Зайлуул.
Энэ тохиолдлоос ургуулан бодохуйд хэрвээ бид урьдын олон үеэ мэддэг, санадагсан бол хэчнээн бээрийн холд ч ах дүүс, элгэн садан минь байж мэдэх юм байна даа гэсэн бодол төрж байлаа.
Тийм ээ. Нэгэн сэтгүүлчийн тэмдэглэлд бичсэнээр “Монголоо эрсэн монгол” гэдэг санааг үргэлжлүүлж явах мэт санагдсан үе бий.
Бид тэндхийн Үндэсний дуу, бүжгийн театрт нь нэгэн тоглолт үзэв. Эндээс төвдүүд ардын урлагийн арвин сан хөмрөгтэйг мэдэрсэн. Тоглолт төвдийн эртний “Далбаа” гэдэг дуугаар эхэлсэн. Тэр дууг тухайн газар нутагт дуулбал амар амгалангийн үүд нээгддэг гэж тайлбар хэлж байлаа. Жүжигчдийнх нь хувьд их авьяаслаг юм. Хүн бүр дуулна, бүжиглэнэ, хөгжимдөнө. Энэ нь онцлог юм билээ.
Дуу, бүжиг бүхний хэмнэл нь ижилхэн юм шиг атлаа тэр бүхний гарал үүсэл, зохиогдсон хугацаа нь хэдэн арван жилээр биш зуунаар хэмжигдэж байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй юм.
Ийнхүү бид богино хугацаатай аяллынхаа явцад төвд гэсэн хаягийн дагуу соёлтой нь, хүмүүсийн зан төрх, амьдрал байдалтай гайгүй сайн танилцаж амжив. Төвдүүд төрөлх нутгаасаа холын холд амьдарч олон арван жил болсон ч эх нутгаа гэдэг чин санаа нь бас уламжилж ирж. Гэхдээ одоо буй бүс нутагтаа сүрхий ээнэгшиж бид энд “хоноц”-ууд юм шүү гэж боддоггүй бололтой. Ер нь төвдүүд монголчуудын сэтгэл санаанд дэндүү ойр юм шиг. Яриа хөөрөө нь харцанд нь шүүлтүүр багатай хүмүүнүүд санагдсан шүү. Харин амьдрал нь өнөөдөр сайхан байгаа ч нэг л юманд баригдмал аястай, болгоомжтой байдал нь ажиглагдсан. Дарамсала хэмээх уулын сайхан сууриныг цогцлоон босгож соёл, зан заншлаа цэврээр нь тээж яваагаа алдар суу, амьд домгийн эзэн хэмээх Дээрхийн гэгээнтэн Далай багшийнхаа ачлал, их буян хэмээн залбирч явдаг юм байна.
Тэнд очсон монголчууд ч Далай багшийн барааг харж залбиралд нь багтваас хэргээ бүтээлээ гэж уртаар амьсгаа авдаг гэдэг. Тэр л замаар сэтгүүлчид бид аялсан даа.
Энэтхэг, Дарамсала. Дөрөвдүгээр сарын 27.