Н.МӨНХЖИН

 

Белорусь улс хуримт­лагдсан их өрөө буцааж төлж чадалгүй хүнд бай­далд орж, дампуурлын ирмэг дээр ирээд байна. Гарцаагүй байдалд ороод байгаа энэ улс дампуур­лаас аврагдахын тулд гур­ван их наяд доллар хэ­рэгтэй болоод байна хэ­мээн эдийн засгийн Finan­cial Times сэтгүүл тооцоол­жээ. Харин энэ мөнгийг хаанаас олж авах вэ гэсэн асуулт гарч ирж байна.

Минскийн эрх бариг­чид эдийн засагтаа бүт­цийн гүнзгий шинэчлэл хийхгүй бол дахин зээл олгохгүй хэмээн Олон ул­сын валютын сан эртнээс анхааруулсан би­лээ. Алек­сандр Лукашен­ко­гийн дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ хэрэг­жүүлж байгаа Европын холбоо нэг гараа сунгаж болох ч зөвхөн улс төрийн сис­темээ ардчилсан бол­гож өөрчилсөн цагт л тусална гэж байгаа юм. Гэвч Европын сүүлчийн даран­гуйлагч болоод бай­гаа Лукашенкод эдийн засгаа либералчлах ямар ч шинж тэмдэг ажиглаг­дахгүй бай­на. Тэр тусмаа сөрөг хүчинд эрх мэдлийн өчүү­хэн ч хэлтэрхий ол­голгүй парламентаас гад­на байл­гаж, айлган сүр­дүүлж, нухчин дарсаар.

Тэгвэл Лукашенкод ямар гарц үлдсэн бэ? Шин­­жээчдийн үзэж буй­гаар, аль дээрээс хийж ирсэн шигээ Москвагийн “гарыг харах” л үлдсэн бололтой. Гэхдээ энэ удаад Орос, Казахстаны хамтаар Гаалийн холбоо байгуулах, эсвэл Оросын агаарын цэргийн баазыг Белорусийн газар нутаг дээр байрлуулах зэрэг нь хангалтгүй ажээ. Алек­сандр Лукашенко улс ор­ны­хоо бүрэн эрхийг Оросын Ерөнхийлөгч Вла­димир Путинд тэр чи­гээр нь атгуулахаас өөр аргагүй болно хэмээн тоймч, ажиг­лагчид үзэж байна.

Колхоз (хөдөө аж ахуйн хамтрал)-ын дарга байсан Лукашенко 1994 онд эрх мэдэлд гарч, ком­мунист цаг үеийн төлөв­лөлтийн систем дээр үн­дэслэсэн эдийн засгийн загварыг сэргээж, Орос­той байгуулсан холбоогоо ашиглан хөнгөлөлттэй үнээр түлш шатахуун авах болжээ. Ийнхүү Белорусь улс Оросын олон бүс ну­тагт өртөг багатай хэрэг­лээний бараа ний­лүүлэгч, үйлдвэрлэгч бо­лон хувир­лаа. Үүний зэрэгцээ Бело­русийн ард иргэд Европын холбоо­ноос ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах чадваргүй хэвээр үлдсэн юм. Лука­шен­­когийн эдийн зас­гийн гайхамшиг хэдэн жилийн өмнөөс нурж эхэл­жээ. ОХУ Белорусийг сүйрсэн эдийн засгаа засч цэгцэл хэмээн зээл олгож, нефть, хийгээ боломжийн үнээр нийлүүлэх болсон аж. Гэвч диваажин мөнх байж чадсангүй. Эдүгээ Москва Минскт илүү чан­га шаардлага тавьж, Бело­русийн улсын гол үйлд­вэрүүдийг Оросын корпо­рацуудад давуу эрхтэйгээр хувьчлахын зэрэгцээ Өм­нөд Осети, Абхазын тус­гаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэсэн улс тө­рийн шаардлага тавьж байна.

Александр Лукашен­ко Белорусийн Ерөнхий­лөг­чийн сэнтий­гээс буух өдөр хоног ойрт­сон болол­той. Тус улс өрнөд рүү чиг хандлагаа чиглүүлбэл түү­ний даран­гуйлал төгсгөл болох нигууртай. Хэрвээ дорно руу чиглэх юм бол Бело­русь аажмаар Оро­сын нэг муж болон хуви­рах юм. Энэ тохиолдолд Лукашен­когийн бүгд най­рамдах улсын тэргүүний хувь заяаг Кремлийн шууд то­­мил­гоогоор шийдэх ажээ.

“АВС”