Б.ГАРЬД
Хотод амьдардаг захын хүнээс “...Таныг юу зовоож байна вэ...?” гэвэл бодох ч үгүй “Замын түгжрэл, бас утаа...” гэж хариулдаг болоод удаж байгаа. Энэ “зовлон”-гоос яаж салах вэ гэдэг гаргалгаа үе үеийн нийслэлийн дарга нарын толгойны өвчин болсоор ирсэн.
Замын түгжрэлээс болж улсын эдийн засаг, нийгэмд ихээхэн хохирол учирдаг тухай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Даанч хохирлын нарийн тооцоо гаргах боломжгүй аж.
Түгжрэлээс болж цаг хугацааны айхтар том хохирол буй. Ажлаасаа хоцорч, үүнийг дагаад хөдөлмөрийн бүтээмж алдагдах, элдэв ёс журам гэх мэтээр дотор нь ангилбал олон салаа болдог гэнэ. Мөн уур уцаар, бухимдал, шатахууны сул зарцуулалт гээд хүмүүст тусах хохирол бас л урсч өгнө. Түүн дээр нэмээд зам дүүрэн “нормальдсан” машинуудын утаа машин унадаггүй хүмүүсийг ч хордуулдаг агаарын бохирдлыг ихэсгэнэ.
Жолооч нараас авсан судалгаанаас авч үзвэл нэг жолооч өдөрт дунджаар хамгийн багадаа 48.6 минут түгжирдэг ажээ. Хотын замд 100 км-т дунджаар 13.45 литр шатахуун хэрэглэдэг. Харин түгжрэлтэй үед 18.9 литр шатахуун зарцуулдаг байна. Тэгэхээр 20 км-т 100 км-ийн турш явахад 5.45 литр бензин алддаг байх нь.Өөрөөр хэлбэл, түгжирсэн нэг цаг тутамдаа нэг литр шатахууныг “хаядаг” гэсэн үг. Мөнгөн дүнгээр бодвол жолооч өдөрт дунджаар 8500 орчим төгрөгийг зүгээр л “шатаачихдаг” байна.
Чухамдаа түгжрэл, бөөгнөрөл нь бухимдал, уур уцаар, олны хараалыг барсан, ярихаас ч залхмаар зүйл болоод буй.
Хотын дарга Э.Бат-Үүл нэгэн шийдвэр гаргаснаа мөрдүүлж эхлээд байна. Замын түгжрэлийг бууруулахаар автомашины дугаараар ялгаатай хөдөлгөөнд оролцуулах, зарим худалдааны төвийн цагийн хуваарийг өөрчлөх зэрэг шийд гаргаж. Ингэснээр гайтай, хөөтэй замын түгжрэл 20 хувиар буурна гэв.
Одоогийн Э.Бат-үүлийн санаачилгыг Г.Мөнхбаяр, түүнээс өмнөх дарга ч санаж л байсан. Заримыг нь хэрэгжүүлэх гэж үзэж байв. Даанч зориглоод зүтгүүлж чадаагүй.
Харин энэхүү магтаал, сайшаалд өлгийдүүлээд байгаа Түгжрэлийг бууруулах 12 зүйл бүхий ажил өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжээд үр дүн гарч, зам дээр зогсч өнгөрөөдөг цаг хугацаагаа хэмнэнэ гэж найдъя. Гэхдээ хотын шинэ даргын хэрэгжүүлж эхэлж байгаа механик 12 арга хэмжээнээс гадна хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын тархин дахь түгжрэл гэж том асуудал байгааг анхаарахгүй орхивол асуудал цогцоороо шийдэгдэхгүй.
Шулуун замаар давхиж яваад гэнэтхэн эсрэг урсгал руугаа орохоор зүтгэчихнэ.
Гэрлэн дохион дээр цагдаа байхгүй л бол улаанаар ч давхихаа сийхгүй. Анхааруулдаг шар гэрлийг бол ногоон гээд ойлгочихсон.
Энэ юу ч биш өөд өөдөөсөө явж байсан хоёр автобусны жолооч төв замын тэхий голд “буу халаад” зогсчихно. Араас нь явж байсан хоёр урсгал автобуснуудаас болоод нам түгжирнэ.
За тэгээд ууртай омогтой жолооч замаар дүүрэн. Төв болон туслах замын уулзвар дээр барьцалдаад зогсчихсон байх нь хэвийн үзэгдэл. Шалтгаан нь тодорхой. Төв зам руу орох гэнэ. Нөгөөх нь оруулахгүй гэнэ. Тэгэхээр нь уурандаа хаазаа гишгээд, давхиж очоод шүргэлцчихнэ.
Зайгаа бариад “сажлах” тун төвөгтэй. Араас “Хурдан яваач....” гээд орилно. Тэр чигээрээ яваад байвал шахаж дайраад урд гарах гэнэ. “Дүрмээрээ яваач” гэвэл бүр буруудна. Ална, шудна... гэж загнахаас эхлээд зангидсан нударга, гозойсон дунд хуруу үзүүлж дарамтлах жишээтэй. Иймэрхүү тархины түгжрэлтэй бид өдөр тутам зам дээр таарч байгаа.
Тархины энэ түгжрэлээсээ болоод бид зам дээр өөрсдийгөө бас өрөөлийг түгжиж орхидог. Харин үүнийгээ анзаарч тоодоггүй, бүр эсрэгээрээ хээр талаар “дэмий тэнээд” сурчихсан нүүдэлчдийн зан заншлаас улбаатай шахуу юм гэж тайлбарлах нь ч энүүхэнд. Хэдэн жилийн өмнө нэгэн улстөрч хэлсэн байх юм. “Замын түгжрэл гэдгийг мэдэхгүй явсан цаг саяхан. Одоо бол өөр. Монгол Улс хөгжиж байгаа. Саяхныг хүртэл машин гэж цөөхөн, нийтийн тээврээр л унаагаа хийж явдаг байсан хүмүүс одоо бүгд машинтай болсон. Тэгээд олон машинтай болоод түгжрэл үүсдэг болж. Энэ чинь бас хөгжлийн нэг илрэл юм.” гэжээ. Өдгөө төрд томоохон алба хашиж байгаа энэ эрхмийн үгээр тархины түгжрэл бол хөгжил ажээ. Шуудхан хэлэхэд, түгжрэлтэй тархи л ийм үг боловсруулна л даа.
Замын цагдаагийн газраас гаргасан сүүлийн таван жилийн судалгаагаар зам тээврийн осол, хэргийн 78.3 хувь нь дээрх “монгол зан”-гаас шууд шалтгаалжээ. Тухайлбал: 10.3 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 8.6 хувь нь хоорондын зай тохируулаагүйгээс, 8.1 хувь нь анхаарал болгоомжгүйгээс, 7.6 хувь нь уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс, 7.1 хувь нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс, 6.8 хувь нь хурд хэтрүүлсэнээс, 5.5 хувь нь эргэх үйлдэл буруу хийснээс, 4.7 хувь нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 4.0 хувь нь эсрэг урсгалд орсноос, 3.8 хувь нь эгнээ байр буруу эзэлснээс, 3.3 хувь нь ухрах үйлдлээс, 2.9 хувь нь гүйцэж түрүүлэх үйлдлээс, 1.6 хувь нь хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс үүдсэн гэнэ. Энэ бүх тоо баримт нь шууд утгаараа, Улаанбаатарын замын түгжрэл жолооч нарын тархины түгжрэлээс үүдэлтэй гэдгийг л харуулна. Зам дээр түгжрэл үүсгэж байгаа тархины түгжрэлийг Замын цагдаагийн газрынхан “Замын хөдөлгөөнд соёлгүй оролцох” хэмээн албан ёсоор нэрийддэг.
Тархины түгжрэлийг “анагаадаг” туршлага дэлхийн улс орнуудад бий. Япон улс 2000 оны эхээр замын түгжрэл /тархины түгжрэл/-д нэрвэгдэж. Гэхдээ манай одоогийнх шиг биш л дээ. Тиймээс 2004 онд Токио хотод нэр хүндтэй судлаачдын баг ажиллан замын түгжрэлийн шалтгааныг судлан, тархины түгжрэл байсныг “оношилсон” байна. Тэд тархины түгжрэлд тухайн жолоочийн боловсрол, гэр бүлийн байдал нөлөөлдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгаас шилжиж ирэн такси барьж байгаа болон гэр бүлгүй залуусын 75 хувь нь түрэмгий авиртай, бусадтай уралдаж мөчөөрхдөг хэмээн үзжээ. Энэ дагуу Токиогийн Замын цагдаагийн газраас орон нутгаас ирсэн таксины жолооч нар, гэр бүлгүй залуусын дунд зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх сургалт зэрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингэж Токио хот Тархины түгжрэлээс салж чаджээ.
Мөн 2004 онд АНУ-ын нэгэн мужид зам тээврийн осол гаргасан 1000 жолоочийн дунд судалгаа явуулж. Ингэхэд 85 хувь нь “Хүнд бууж өгөх дургүй, зам тавьж өгснөөр аймхай байдлыг харуулна гэж ойлгодог байсан”-аа хэлсэн байна.
Харин Монголд одоогоор ийм судалгаа алга. Гэвч дээрх маягаар судалбал, түгжрэлийг бууруулах боломж байгаа гэсэн үг. Жолооч хүн шулуун замаар чигээрээ явах ёстой гэдгийг, улаанаар биш ногооноор зорчдогийг, эсрэг урсгалаар явж байгаа машины жолоочийг таньдаг байсан ч зам дээр зогсоод “буу халж” болохгүйг сургаж, бас дүрмээрээ зорчдог болох анхан шатны боловсролд нь анхаарч тархиных нь түгжрэлийг арилгаж байж л үр дүнд хүрнэ. “Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё” гэж нялуурахаас илүүтэй “Тархины түгжрэлтэй жолооч нар замын түгжрэл үүсгэдэг” гээд шуудхан хэлчихэж яагаад болохгүй гэж.
Бат-Үүл дарга аа, замын хөдөлгөөний ачаалал түгжрэлийг бууруулах 12 багц ажил дээрээ нэмээд зам дээрх тархины түгжрэлийг бууруулах соён гэгээрүүлэх ажил хийгээч. Хэвлэл мэдээллийнхэн бид ч энэ аянд дуртайяа нэгдэх болно.