Н.МӨНХЖИН

 

Эдүгээ 69 настай Элисардо Санчес Кастрогийн дэглэмийн эсрэг 45 жилийн турш “хүчирхийллийн бус” аргаар тэмцэж байгаа эрх чөлөөний арлын хамгийн зартай тэрс үзэлтэн юм. Тэрээр Гаванын их сургуульд марксист гүн ухааны багш байсан цагаасаа л зүүний үзэлтэй сөрөг хүчний бүлгийг байгуулжээ. Куба дахь хүний эрхийн төлөө тэмцэж ирсэн нэртэй тэрс үзэлтэн Элисардо Санчес гурван удаа шоронд орж, найман жилийг торны цаана өнгөрүүлжээ. 1987 онд улс төрийн экс хоригдлуудын хамтаар Кубын хүний эрх, үндэсний эвлэрлийн хороог байгуулсан байна. Элисардо Санчес гадаад руу аялах гэж сүүлийн 11 жилийн туршид 12 удаа оролдоод чадаагүй юм. Гэвч саяхан батлагдсан Кубын цагаачлалын шинэ хуулийн ачаар гадаадад айлчлах боломжтой болжээ. Тэрээр мөдхөн Испанид очиж, Кубад улс төр, иргэний эрх хэрхэн зөрчигдөж буй талаар илтгэл тавих гэж байна. АВС сонин Элисардо Санчестай утсаар холбогдож ярилцжээ.

 

-Куба дахь хүний эр­хийн нөхцөл байдлыг дүг­нэж хэлбэл...?

-Харамсалтай нь энд хүний эрхийн нөхцөл бай­дал маш муу байна. Ойрын үед сайжрах шинж ажиглагдахгүй байна.

-Венесуэльд Николас Мадуро үл ялиг давуугаар ялалт байгуулсан нь тэд­ний нефть болон мөнгөөр амьдарч байгаа Кубад өөрчлөлт шинэчлэлийг түргэсгэх болов уу?

-Венесуэльд болж буй үйл явдал Кубад нөлөөлөх нь зайлшгүй. Чавизмийн нөлөө өнөөг хүртэл хүний эрхийн талбар дээр чих­гүй, нүдгүй байсаар ирлээ. Каракасын түрүүчийн ч, өнөөгийн ч Засгийн газ­рын хөтөлбөрт Куба дахь хүний эрхийн байдалд ан­хаарал хандуулсан зүйл байх­гүй. Тэд олон жилийн турш Кубын тоталитар дэг­лэмийг дэмжиж ирсэн.

-Чавизм төгссөнөөр Каст­ризмийн төгсгөл ирэх үү?

-Толгойлогчид алга болоход үзэл суртал нь алга болдог. Энэ их аз юм даа.

-Каракасын Засгийн газрын ард Гаванын эрх баригчид байна уу?

-Тэд нэг нэгнээ дэмж­дэг нь эргэлзээгүй, гэвч ялгаа байна. Куба нь ис­пани хэлт улсуудын дот­роос иргэний, улс тө­рийн эрх хамгийн их зөр­чигд­сөн газар. Венесуэльд олон бэрхшээл, асуудал байгаа ч сонгууль явуул­даг, хэвлэлийн эрх чөлөөг зөвшөөрдөг нээлттэй ний­гэм тэнд байсаар байна.

-Цагаачлалын шинэ хууль, эдийн засгийн бол­гоомж­той өөрчлөлтүүд... Куба улс хөдөлгөөнд орж буй шинж тэмдэг мөн үү?

-Кубад ямар ч шинэч­лэл болоогүй, цагаач­лалын ч, эдийн засгийн ч шинэчлэл болоогүй. Эд­гээр нь их хязгаарлагдмал, оройтсон, гүнзгий биш өөрчлөлтүүд юм. Өөрчлөг­дөж байна гэсэн хуурамч дохиог дэлхий дахинд өгөхөөс цаашгүй юм болж байна.

-Гэвч Цагаачлалын шинэ хуулийн ачаар сөрөг хүчний 20 гаруй зүтгэлтэн гадаад руу зорчоод байгаа биз дээ?

-Кубын бүх иргэнийг ямар нэг хязгааргүйгээр гадаад руу аялахыг зөв­шөөрч, мөн гадаадад амь­дардаг кубуудыг бүгдийг нь буцаж ирэхийг зөв­шөөр­вөл шинэчлэл боллоо гэж үзэж болох юм. Зас­гийн газар энэ талаар бодох ч үгүй байна.

-Ардчилал руу шилжих хэлэлцээг эрх баригчидтай хийхийг та дэмждэг үү?

-Эрх баригчид олон жилийн турш зуучлагчдыг хуурч ирсэн болохоор ийм яриа хэлэлцээ олигтой үр дүн авчрахгүй. Зүүний байна уу, барууны байна уу тэд огт авч хэлэлцдэг­гүй. Бид болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар дуугардаг, илчилдэг. Гэтэл биднийг үргэлж л Ва­шинг­­тоны хөлс мөн­гөөр хөдөлж байна гэж буруут­гадаг, тэгж харьц­даг. Бид тийм хүмүүс биш ээ.

-Та Испанийн Засгийн газ­раас юу хүсч байна вэ?

-Үндсэн эрх чөлөөг хүн­дэтгэж, хүний эрх, ёс суртахуун, улс төрийн эрхийг дэмжсэн байр суурь баримтлаасай гэж хүсч байна. Гэвч Испани нь тивийн бусад улсын адилаар Европын хол­боо­­ны хүрээнд ажиллахыг эрмэлздэг. Үүнийг би ойл­гож байна.

-Кубын шинэ дэд Ерөн­хийлөгч Мигель Диас-Канельд та аль хэр итгэж байна даа?

-Бараг итгэхгүй байна. Кастрогийн дэглэм хал­даш­гүй хэвээр байна. Түү­нийг дэд Ерөнхийлөгчөөр томилсон нь тоталитар дэглэмийн бүрэлдэхүүнд олигтой өөрчлөлт авчрах­гүй. Ах дүү Кастро ямар ч жинхэнэ шинэчлэлийг хү­сэхгүй байна. Тэд өөрч­лөлт, шинэчлэлийн талд зогсох боломж маш бага. Тэд угаасаа л шинэчлэг­чид биш, эсрэг талын хүмүүс.