Н.МӨНХЖИН

Хятадын ба­руун өмнөд хэсгийн Сы­чуань мужид газар хүчтэй хөдөлсний улмаас 156 хүн амь насаа алдаад бай­на хэмээн “Синхуа” агент­лаг мэ­дээллээ. Зур­гаан мянга орчим хүн гэм­тэж бэрт­жээ. Эхлээд 7.0 магни­тудын газар доорх хүчтэй түлхэлт болж араас нь хэд хэдэн удаа газар хө­дөлснөөс хамгийн хүч­тэй нь 5.3 магнитуд байлаа. Газар хөд­лөл­тийн төв нь Сычуань мужийн нийслэл Чэнду хотоос 100 км-ийн зайд орших Лушань хошуунд газар дор 16.4 км-ийн гүнд байжээ.  

Лушаньд хэдэн мянган орон сууц нураад байна. Лунмэнь тосгонд гэхэд л байшин, орон сууцны 99 хувь нь нуржээ. Тиймээс нас барсан, гэмтэж бэрт­сэн хүмүүсийн тоо нэмэг­дэх нь тодорхой болоод байна. Газар хөдлөлтөд өрт­сөн хошуу нутгийн зам харгуй ихээхэн сүйдэж, усны нийлүүлэлт тасал­даж, харилцаа холбоо, гэ­рэл цахилгаан байхгүй бо­лов. Чэнду хотод олон ул­сын нисэх буудал хааг­даж, төмөр замын хөдөл­гөөн түр зогсчээ. Гэвч сүүлд ирсэн мэдээгээр төмөр замын хөдөлгөөн сэргээд байгаа аж.

Аврагчид байшин ба­рил­гын нуранги дороос 49 хүнийг амьдаар нь гаргаж аваад байна. Эрэн хайх, аврах ажиллагаанд хоёр мянга орчим цагдаа, гал сөнөөгч, 180 орчим эмч ажиллаж байна. Мөн өчигд­рөөс эхлэн цэргүүд энэ ажиллагаанд нэгджээ. Байгалийн гамшиг бол­сон газарт яаралтай ирсэн Хя­тадын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян “Нуранги дор байгаа хүмүүсийг гар­гаж аврах нь нэн тэргүү­ний зорилт болж байна” хэмээн онцоллоо. БНХАУ-ын дарга Си Жин­пинь аврах ажилла­гаанд бүх хүчээ дайчлахыг сануулж, цаашдаа газрын чичирхийллийн судалгаа, хяналтыг сайжруулахыг уриалав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Төрийн зөвлөлийн дарга руу утас цохиж гамшигт газар хөдлөлтийн үр дагав­рыг арилгахад шаардлага­тай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дуулга­жээ. Бээжингийн эрх ба­риг­чид зөвшөөрвөл ОХУ-ын Онцгой байдлын ал­баны­хан Сычуаньд очиж тусламж үзүүлэхэд бэлэн байна.

2008 оны тавдугаар сард Сычуань мужийн Шаньси, Ганьсу хошуунд 8.0 магнитудын хүчтэй газар хөдөлж 87 мянган хүн амь насаа алдаж, 347 мянган хүн гэмтэж бэртсэн билээ. Сая орчим хүн орох оронгүй болж байв. Ту­хайн үед олон сургууль нурж байхад хажуугийн байшин нь газар хөдлөл­төд тэсч үлдсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүр­гэсэн билээ. Авлига, хээл хахууль гаарсны улмаас сургуулиудын барилгыг чанаргүй барьсан хэмээн ард иргэд үзэж байв. Тэр үед Хятадын эрх баригчид гадаадын тусламжаас тат­галзаж байсан юм.