Б.ЭНХЗАЯА
Цэцэрлэгүүд өчигдрөөс хүүхдээ бүртгэж эхэллээ. Нийслэлд 90 мянга орчим хүүхэд багачууд байдаг ч 66 хувь нь цэцэрлэгт явж чаддагийг албанынхан хэлж байна. Өнгөрсөн жил нийслэлд 308 цэцэрлэг үйл ажиллагаа явуулснаас 180 нь төрийн өмчийнх байсан бол энэ жил уг тоо “тав”-аар нэмэгджээ. Хоёр, гурван хоногийн өмнөөс хүүхдээ бүртгүүлэхээр цэцэрлэгийн үүдэнд хонон өнжин дугаарласан эцэг, эхчүүд энд тэндгүй байгаа сураг дуулдав. Бид цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар Нийслэлийн тэргүүний 135 дугаар цэцэрлэгийг зорилоо.
Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах тус цэцэрлэгт өглөөний 8.00 цагийн үед очиход 40 гаруй хүн дугаарлаад зогсч байлаа. Цэцэрлэгийн багш нар бага ангийн 20 хүүхэд бүртгэнэ хэмээн эцэг эхчүүдэд хэлжээ. Уг нь VII хорооны хүүхэд багачуудын “дундын өмч” болох тус цэцэрлэг 390 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай ажээ. Гэвч үүнээс хоёр дахин олон хүүхэд энэ хороонд амьдардаг гэнэ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн VII хороо 7518 хүн амтай. Тэдгээрийн 600 гаруй нь цэцэрлэгийн насны багачууд байдаг юм байна. Тиймээс цэцрлэгийн багш нарын хэлсэн цөөхөн “орон тоо”-ны төлөө ийнхүү хонон барин дугаарлахаас өөр аргагүй аж. Тиймээс эцэг, эхчүүдийн ихэнх нь дэргэдээ халуун савтай хоол, цай тавин, өвлийн хувцастай, сандал түшин зүүрмэглэж хоножээ.
Хөгшид, залуус, жирэмсэн эх... гээд урт дараалалд зогсох эцэг эхчүүдийн дунд хоёр сартай хүүхдээ тэвэрсэн бүсгүй зогсох аж. Тэр том хүүгээ бүртгүүлэхээр иржээ. Нялх үрийг нь харах хүнгүй болохоор хар үүрээр тэврээд ирсэн нь энэ гэнэ. Тэрээр бүртгэх хүүхдийн тоо хязгаартайг мэдэж байгаа ч “Таньдаг хүн байгаа. Өнөөдөр хүүхдээ аваад хүрээд ир гэсэн” хэмээн итгэл тээж зогсов.
Харин жил бүр зээ нараа бүртгүүлдэг “туршлага”-тай, хоёр хоногийн өмнөөс цэцэрлэгийн хаалгыг “манасан” Х.Амарсайхан ийнхүү ярилаа. Тэрээр хүү, охинтойгоо гурван ээлжээр цэцэрлэгийн үүдийг сахиж хоносон гэнэ.
Х.АМАРСАЙХАН: УРЖИГДРААС ЭХЭЛЖ ЗОГСЛОО
-Энэ жил 135 дугаар цэцэрлэг бага ангийн 20 хүүхдийг бүртгэж авах юм гэсэн. Энэ сургаар хонож өнжин дугаарлаж байна. Уржигдар зогсоод нуруу татаад бие өвдсөн учир том охиноо зогсоосон. Харин шөнө нь хүүгээ хонууллаа. Зарим хүмүүс хоёр хоногийн өмнөөс эхэлж ирсэн байна лээ. Энэ хүмүүс хүүхдийнхөө төлөө ээлжгүй хонож байна шүү дээ. Жил бүр бүх цэцэрлэг ийм байдалтай хүүхдүүдээ бүртгэдэг. Нийслэлийн хүн ам өсч байгаа хэрнээ цэцэрлэгийн тоо нэмэгдэхгүй юм. Харин одоо боловсролын салбарыг манай дүүргээс сонгогдсон Л.Гантөмөр гишүүн тэргүүлэхээр боллоо. Энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Олшроод байгаа баар, рестораныг буулгаж, шинэ цэцэрлэг барих хэрэгтэй
Бүртгэлийн хугацаа эхлэх үед хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд цувран ирсээр цэцэрлэгийн гадна хагас тойрог үүсгэв. Энэ зуур тус Цэцэрлэгийн эрхлэгч гэх эмэгтэй гарч ирэн эцэг, эхчүүдийг багагүй бухимдуулав. Учир нь тэрээр цэцэрлэгийн хүчин чадал тэнд дуугаарласан бүх хүний хүүхдийг авч дийлэхгүйг хэлсэн юм. Төрийн өмчит цэцэрлэгүүдэд улсаас олгож буй хоолны мөнгө хүрэхгүй байна гээд, “Хуульдаа ингэж тусгачихаад байна. Өдөрт 1200 төгрөгөөр нэг хүүхэд хооллоход хэцүү. Манай цэцэрлэг хүчин чадлаа хэтрүүлчихвэл 1000 төгрөгөөр хэдэн хүүхэд хооллох вэ. Хоёрхон багш 70 орчим хүүхэдтэй ажиллаж байна. Энэ жил нэг ангид 40-өөс дээш хүүхэд авахгүй. Норм нь тийм байх ёстой. Тиймээс бага ангид 20 хүүхэд бүртгэнэ. Харин дунд, ахлах ангид нэмж авах ямар ч бололцоо байхгүй. Магадгүй хуучин хүүхдээс өөр тийшээ шилжсэн тохиолдолд л орон тоо гарч болно. Бүртгэлийн сүүлчийн өдөр үүнийг шийднэ” гээд дотогш орлоо.
Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийн эхний өдөр нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд иймэрхүү байдалтай эхэлжээ. Гагцхүү эцэг, эхийг бухимдуулах орон тоо, цэцэрлэгийн удирлагуудын хэлдэг хүчин чадлын асуудал өмнөх жилүүдэд яригддаг л байсан. Өнөөдөр ч ярьж байна. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшвэл зохих 90 мянган хүүхдийг 100 цэцэрлэг нэмж шинээр баривал шингээж болох юм гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа. Хувийн цэцэрлэгт өгье гэсэн ч төлбөр нь их, дээд сургуулийнхтай эн тэнцэхээр байгаад бухимдах хүн цөөнгүй. Хувийн цэцэрлэгийн нэг сарын төлбөр 250-500 мянган төгрөг болсныг тэд хэлж байна. Тиймээс улсын цэцэрлэгт хонон өнжин дугаарлаж, бүртгүүлж чадвал болох нь тэр аж. Харин бүртгүүлж амжаагүй зарим нь танил талаараа өөр хороо, дүүргийн цэцэрлэгүүдэд “Хандивын анги” бий болгон оруулдаг тухай жил бүр яригддаг. Дээрх цэцэрлэгийн үүдэнд дугаарлаж буй эцэг, эхчүүд эцэстээ горьдлого тасраад “Хандивын анги байдаг бол хүүхдээ өгмөөр байна. Сураг дуулахад 200-300 мянган төгрөгөөр оруулдаг гэсэн” хэмээн ярьж байсан юм.
“БҮРТГЭЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЬЕ”
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр олон хоногоор дугаарласан зарим эцэг эх “Монголчууд зах зээлийн үед шилжиж байх үед картын бараанд дугаарлаж байснаас ялгарах зүйл алга” хэмээн бухимдаж байлаа. Тэдний нэг, Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн С.Түвшинтөр цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, чирэгдэл үүсгэхгүй байж болно гэсэн саналыг хэлж байв. Тэрээр “Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн бүртгэлийн асуудлыг шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Яагаад заавал хэн нэгнийг бухимдуулж олон хоногоор дугаарлуулж байх ёстой юм бэ. Хэн, хаагуур ямар хүүхдээ оруулж байгаа нь мэдэгдэхгүй байна. Зах зээлийн нийгэмд шилжиж байх үед картын бараанд дугаарладаг байсан шиг хонож өнжиж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, зарим нь ажил төрлөө цалгардуулж байна. Ямар их бүтээмж алдагдаж байгааг хэмжих аргагүй. Тиймээс цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх цаг болсон. Өнөөдөр мэдээллийн технологи хурдтай хөгжиж байна. 40-өөс доош насныханд компьютер ашиглаж чадахүй хүн байхгүй. Яагаад үүнийг өнөөдөр хүртэл сэтгэж чадахгүй байгааг ойлгохгүй юм. Хороонд амьдардаг нь үнэн болохыг тодорхойлоод, эцэг, эхчүүдэд админы эрх өгч онлайн системээр бүртгэх боломж бий. Эцэг, эхийг бүртгэх программ гаргаад, зургийг нь скайнердаад оруулчих. Онлайн системээр бүртгээд дууссан тохиолдолд уг программаа хаачихдаг байх хэрэгтэй” гэв.
Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жил ийнхүү эхэлж байна. Олон арван хүний нойр хоолгүй, даарч хоносон гурван шөнийн хөдөлмөр 20-хон хүнээр хязгаарлагдсан. Бусад нь хүүхдээ хэнээр харуулах, яах ийхээ бодон, гэрийн зүг “ганзага хоосон” буцаж байна. “Бүтэн жил хүүхдээ хараад гэртээ суух нь...” гэх олон арван аав, ээжийн сэтгэлд цэцэрлэгийн тоог нэмээсэй гэх хүсэл буцалсаар...Энэ асуудалд салбарын шинэхэн сайд цэг тавихыг ч битүүхэндээ горьдсоор байна, тэд.