Н.МӨНХЖИН

“Нөхцөл байдал сэтгэл түгшээж байна” хэмээн НҮБ-ын Хар тамхи, гэмт хэргийн эсрэг хороо болон Афганистаны Мансуу­руу­лах бодисын эсрэг яам­ны хамтарсан судал­гаанд онцолжээ. Азийн энэхүү орон дахь хар там­хины тариалангийн хэм­жээ сүүлийн гурван жил дараалан өсч байна. Аф­ганы 34 мужийн дөнгөж 14 нь намуу цэцгийн (хар тамхи гаргаж авдаг гол ургамал) тариалангаас ан­гид байсан ч өнгөрсөн жилээс энэ тоо гурваар цөөрч Балх, Фаряаб, Тахар мужид намуу цэцэг тариалах болжээ. Нэг кг нь 122-155 еврогийн үнэ хүрдэг хар тамхины та­риалан өөр 12 мужид нэмэг­дээд байна. Афганы тариачид, талибууд энэхүү хамгийн өндөр үнэтэй ур­гамлаас татгалзаж чадах­гүй байгаа аж. 2001 онд талибуудыг эрх мэдлээс хөөж гаргасны дараа Афган дахь мансууруулах бодисын тариаланг устга­хад олон улсын зүгээс олон зуун сая ам.доллар зар­цуул­сан ч амжилт олсон­гүй. НҮБ-аас мэ­дэгдэж буйгаар, өнгөрсөн онд дэлхий даяарх ман­сууруу­лах бодисын ур­гацын 75 хувийг Аф­ганистаны га­зар нутаг дээр хурааж авчээ. 2013 онд энэ үзүү­лэлт 90 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байна.

Афганистанд тариалж буй намуу цэцгийн тариа­лангийн гуравны нэгээс илүү хувь нь өмнөд хэс­гийн Хельманд, Кандагар мужид байдаг. Тэнд “Талибан”-ы босогчдын гол үүр уурхай байдгаас гадна сүүлийн арван жилд АНУ, Их Британийн цэр­гийн хүч хамгийн их төв­лөрч, татагдаж байсан газар юм. Афганы можа­хед, душманууд ЗХУ-ын цэргийн эсрэг тэмцэж байх үеэс л хар тамхи, босогчид хоёр гар гараасаа хөтлөлцөн явж ирсэн бө­гөөд тэр үед Москвагийн эрх баригчид АНУ-ын Таг­нуулын Төв газрыг Афган дахь хар тамхины наймааг өөгшүүлж, душ­ма­нуудын “Ариун дайн”-ыг санхүүжүүлж байна хэ­мээн харддаг байв. Тус улс дахь хар тамхины тариа­ланг түр ч болов зогсоож чадсан цорын ганц хүн нь талибуудын дээд удирдагч мулла Мохамед Омар юм. Тэрээр 2000 онд мансуу­руулах бодисын тариаланг “Лалын шашны эсрэг зүйл” хэмээн лүндэн буул­гаж хориглосон ч нэг жилийн дараа тариалан дахиад сэргэжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг Афган дахь намуу цэцгийн тариалан­гийн эсрэг тэмцэлдээ ганц­хан 2008 онд л амжилт олсон байдаг. Тухайн үед Афганистаны эрх бариг­чид дэлхийн улс орнуудын тусламжтайгаар 157 мян­ган га газрын хар тамхины тариаланг өөр жимс но­гооны тариалангаар соли­ход дэмжлэг үзүүлсэн би­лээ. Гэвч энэхүү хөтөлбөр нэг жил амжилттай хэ­рэгж­сэний дараа авлига, хээл хахуулийн давалгаан дунд замхарч, жил ирэх тусам хар тамхины та­риалангийн хэмжээ нэ­мэгд­сээр иржээ. Хель­манд мужид намуу цэц­гийн тариалалт нэмэгд­сээр 157 мянган га-д хүрэх дөхөөд байна. Сүүлийн хэдэн жилд тариалан нэ­мэгдэхийн хэрээр дэл­хийн улс орнуудын тус­ламж, дэмжлэг үзүүлэх сонирхол нь буурчээ. Хан­дивлагч орнууд Афган дахь хар тамхины эсрэг тэмцэлд 8.4 сая еврогоор туслана хэмээн амласан ч үүндээ хүрсэнгүй, дөнгөж 230 мянган евро хандив­лаад байна.

Афганистан улсын дотоо­дын нийт бүтээгдэ­хүүний 15 хувийг хар там­хины наймаанаас бүр­дүүлж байгаа аж. НАТО тус улсаас цэргээ гаргаж дуусах 2014 онд энэ хувь улам өснө хэмээн НҮБ сануулж байна. Олон ул­сын цэргийн хүчин Аф­ганыг орхин гарах цаг ойртсон энэ үед Афга­нистаны цэрэг, цагдаад аюулгүй байдлыг шил­жүүлж өгөх бэлтгэл ажилд хамаг анхаарлаа хандуулж байна. Хар тамхины эсрэг тэмцэл өөр бусад олон асуудлын адил хоёрдугаар зэрэгт тавигдаад байна.

 

“АВС”