Н.МӨНХЖИН

Солонгосын дайн дуу­саад 60 жил өнгөрөхөд 38 дугаар өргөргийн хоёр талд 10 сая гэр бүл ху­вааг­даж сал­сан хэвээр байна. Улаан загалмайн нийгэм­лэгийн буянаар салсан гэр бүлийн гишүүдийг уул­зуулах ажил зохиож бай­сан ч Сөүл, Пхеньяны хоорон­дох хямралаас болж олон жилийн өмнөөс энэ уул­залт тасарчээ. Хоёр улсын хооронд харилцаа хол­боо­ны систем байхгүй тул хувь заяаны эрхээр салсан хүмүүс гэр бүл, хамаатан садныхаа талаар юу ч мэдэхгүй.

Эдүгээ 85 настай Ли Ёо Сон хоёр Солонгосын дайны үеэр эхнэр, хүүхдээ орхин өмнөд рүү зугтжээ. Тэр цагаас хойш тэрээр эхнэр, хүүхэдтэйгээ да­хин уулзаагүй юм. “Би айлын ганц хүү байсан болохоор эцэг эх минь намайг 25 хүрэхээс өмнө зугтаж, алуулахаас зайлс­хийж, гэр бүлийнхээ ов­гийг аварч үлдэхийг шаард­­сан” хэ­мээн хойд нутгаас га­ралтай хөгшин өгүүлж байна. Түүнийг 17 настай байхад нь эцэг эх нь үеийнх нь охинтой гэр­лүүл­жээ. “Хойд нутагт амьдрал маш хэцүү бай­сан. Армийн цэргүүд ур­гацын 60 хувийг аваад яв­даг байсан болохоор та­риа­чид хоол хүнсээ нуух хэ­рэгтэй болдог байсан” хэмээн Ли Ёо Сон ярилаа.

Эргийн Хван Хае му­жид тариачны гэр бүлд төр­сөн Ли загасчны за­виар өнөөдөр Өмнөд Со­лон­гост харъяалагдаж бай­гаа Ионпеон арал руу зугтжээ. Хэдийгээр түү­ний хуучин гэр аравхан км-ийн цаана байдаг ч тэрээр хэзээ ч буцаж очиж, эхнэр, тэр үед най­ман настай байсан хүүтэй­гээ уулзаж чадаагүй юм. “Энэ их харамсалтай ч би тэднийгээ үргэлж сэтгэл зүр­хэндээ хадгалж явдаг. Одоо тэднийгээ харвал танихгүй биз” хэмээн Хойд Солонгосын нутгийг алсаас саравчлан харж буй Ли Ёо Сон өгүүлэв. Тэрээр дайнд оролцож явжээ. Цэрэгт элсч, АНУ-ын цэргүүдэд сумыг нь зөөж өгч, шөнөөр зам хар­гуй гаргадаг байв. “Дайн бол хамгийн харгис, хү­ний ямар ч зан чанараас хол утга учиргүй зүйл. Анд найзууд чинь чиний өмнө амиа алдахыг харах хам­гийн хэ­цүү” хэмээн Ли хэлж байна.

Солонгосын хойг Японд эзлэгдсэн байх үед Ли Ёо Сон сургуульд жаа­хан явсан болоод хөдөө амьдардаг эцэг эхдээ тус­лахаар очжээ. “Тэр үед ард­чилал, Хойдын ком­му­нист дэглэмийн хооронд тэмцэл өрнөж байгааг би мэддэг байсан. Биднийг Ким Ир Сений төлөө тэм­цэхийг уриалж, ухуулдаг байлаа” хэмээн тэрээр ярилаа. “Хойд Солон­госын залуу удирдагч Ким Чен Ун биднийг довтолж зүрхлэхгүй гэж бодож бай­на. Гэхдээ тэр их залуу болохоор үр дагаварыг нь тооцохгүй гоомой хөдөлж болох л юм. Тэд 2010 оны арваннэгдүгээр сард ма­най арал руу буудаж хоёр цэрэг, хоёр иргэний аминд хүрч байсан. Биднийг да­хин буудах юм бол бид хариуг нь барьж магадгүй бүг­дээрээ үхэж болох дайн дэгдэнэ. Гэхдээ тэд үүнийг хийхгүй байх. Яагаад гэ­вэл тэд ч бас амьдрахыг хүсч байгаа” хэмээн Ли Ёо Сон онцоллоо.

Ли Ёо Сон дайн дуус­саны дараа хөдөө аж ахуйд ажиллаж, хойд нутгаас зугтаж ирсэн бас нэг бүс­гүйтэй гэрлэж таван хүү­хэдтэй болжээ. Тэдний нэг хүүхэд нь Ионпеон арал дээр Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэгт алба хашдаг бөгөөд эдүгээ байн­гын бэлэн байдалд байдаг аж. Сөүлийн Зас­гийн газар 2200 хүнтэй арлаа хам­гаалж үлдэхийн тулд Ли мэ­тийн ажилгүй, хөгшин хөвөө хүмүүсийг дайчилж иргэний бригад байгуулан өдрийн 40 мян­ган воны (27 евро) хөлс­тэйгээр цэвэр­лэ­гээ, дахин ашиглах түүхий эдийн үйлдвэрт ажиллуулж бай­гаа аж. “Дайны цагийн байдалд ажилласаар бай­гаад сурчихаж. Одоо дай­ны түгшүүрээс айхаа боль­чихсон” хэмээн тэрээр өгүүлэв.

Өмнөд Солонгосын Зас­гийн газар Хойд Со­лон­госоос аравхан км-ийн зайд байдаг дээрх арлаас гадна 38 дугаар өргөргийн хи­лийн цэргийн бүс дотор хоёр ч иргэний тосгоныг хадгалсаар байдаг. Цэрэг­гүй бүс дотор 200 оршин суугчтай Даэсон Донг (Эрх чөлөөний ард түмэн) хэ­мээх тосгон бий. Тус тос­гоны иргэд 24 цагийн турш америк, өмнөд со­лонгос цэргийн хамгаа­лал­тад бай­даг. Дэлхийн хамгийн аюултай газар амьдард­гийн­хаа төлөө эд­гээр ир­гэд татвар төл­дөггүй, заа­вал хаах хоёр жилийн цэр­гийн албанаас чөлөөлөгд­сөн байдаг аж. Гэвч 23.00 цагаас хойш гэрээсээ га­ра­хыг хориг­лодог. Мөн Тон­гилчон (Эв нэгдлийн ард түмэн) хэ­мээх Өмнөд Солонгосын да­рангуйлагч Парк Чун Хи (өнөөгийн Ерөн­хий­лөгч, хатагтай Парк Ген Хёгийн эцэг)-гийн зар­ли­гаар байгуулсан 500 оршин суугчтай тос­гон бий. “Би­дэнд үнэгүй бай­шин, трак­тор, ногоо тарих нэг га га­зар өгсөн” хэмээн Тонгил­чон тос­гоны иргэн Ким Сун Жо ярив. Амьд­ра­лын­хаа ихэнх хэсгийг энэ тос­гонд өнгөрүүлсэн 70 нас­тай тэрээр “Бид түг­шүүр дунд амьдарсаар байгаад айдас гэдгийг мэ­дэхээ больсон” хэмээн онцол­лоо.

“АВС”