Н.МӨНХЖИН

Венесэлийн Ерөнхий­лөгч Уго Чавес нас барсны дараа Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ сарын 14-нд явуулахаар болсон юм. Эдүгээ сонгуулийн кампа­нит ажил ид хүчээ авч шийдвэрлэх үедээ ороод байна. Венесуэлийн сон­гуу­лийг Гавана хотоос анхааралтай ажиглаж бай­на. Учир нь сонгуу­лийн үр дүнгээр Кубад “найрсгаар” нийлүүлж буй нефтийн хувь заяа шийдэгдэх ажээ.

Ерөнхийлөгчид нэр дэв­шиж байгаа Николас Мадуро, Энрике Капри­лес нарын маргаан, мэт­гэл­цээний гол сэдэв нь Кубатай харилцах харил­цаа болж байна. Ерөнхий­лөг­чийн үүргийг түр гүй­цэт­гэгч Н.Мадуро өрсөл­дөг­чөө “Венесуэльд Ку­бын ард түмний эсрэг кам­панит ажлын удирдаж буй Гитлерийн залгамж­лагч” хэмээн нэрлэв. Өнөө­дөр Кубын 30 мянган эмч, сувилагч Венесуэ­лийн ядуу бүс нутгуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, Каракас хариуд нь Кубад өдөр бүр 100 мянган баррель нефть ний­лүүлж байна. Сөрөг хүчний нэр дэвшигч Эн­рике Каприлес үүний эс­рэг зогсож байгаа юм. Тэрээр сонгуульд ялвал Гаванад өгдөг энэ “бэлэг”-ийг зогсооно хэмээн ам­лаж байна. Каприлес Ерөн­­хийлөгчийн хувиар анхны айлчлалаа Кубад хийж, дээрх гэрээ тохи­рол­цоог эргэн харах санал тавих бололтой.

Сөрөг хүчний нэр дэв­шигч кубуудын эсрэг ийн­хүү хандаж байгааг Н.Ма­дуро нацист Гер­манд ев­рей нарыг хавчин хяхаж байсантай зүйрлэв. Кап­рилес Холокостын үед Венесуэль руу зугтаж ир­сэн Польшийн еврей на­рын удам угсаа тул ийм зүйрлэл цагаа олсонгүй бололтой. “Би ялалт бай­гуул­вал куба иргэдийг эх орноосоо хөөхгүй. Уго Ча­весийн үед байсан нөхөр­сөг харилцаа хадгалагдах болно” хэмээн Мадуро мэдэгдлээ. “Мадурод өөр сонголт байхгүй. Тэр ко­манд­лагч Чавесийн сүү­дэрт нуугдаж, эрх мэдэлд явж ирсэн. Түүний бод­логыг үргэлжлүүлэхээс өөр зам байхгүй. Мадурод Чавес шиг нэр хүнд, нөлөө байхгүй. Тэр ялалт байгуу­лахын тулд Чавесийг өрөв­дөн хайрлаж буй ард түм­ний уй гашууг ашиглахаас өөр аргагүй” хэмээн Ла­тин Америкийн хүрээлэн­гийн Венесуэлийн мэргэ­жилтэн Виктор Семенов ярилаа. Уго Чавесийг Гаванад эмчлүүлж байхад залгамжлагчаараа Мадурог сонгохыг Кубын удирдлага Чавест ятгаж итгүүлсэн хэмээн тойм­чид үзэж байна. “Вене­суэлийн удирдагчид дот­роос Кубад хамгийн үнэнч нь Николас Мадуро. Сөрөг хүчний нэр дэвшигч Каприлес ялвал Гавана хэцүү байдалд орно гэж айж байгаа” хэмээн хү­рээ­лэнгийн орлогч захирал Владимир Сударев хэллээ.

Энрике Капприлес сон­гуульд ялвал Гаванын хувьд эдийн засгийн сүй­рэл болно хэмээн ажиг­лагчид үзэж байна. Учир нь Куба хэрэгцээт неф­тийнхээ дөнгөж 50 хувийг өөрсдөө олборлодог аж. Үлдсэн хэсгийг нь импорт­лохоос өөр аргагүй. Хэрвээ Каракас Кубатай байгуул­сан гэрээгээ эргэн хара­хаар шийдвэл Гаванад ийм хөнгөлөлттэй нөхцлөөр нефть нийлүүлэх улс ол­дохгүй. Энэ нь улмаар нийгмийн эсэргүүцэлд хүргэж болох юм.

Н.Мадуро ялалт бай­гуул­сан тохиолдолд ч Кубын эрх баригчид Каракасын дэмжлэгийг байнга авна гэж найдах хэрэггүй аж. Учир нь Венесуэлийн эдийн зас­гийн сул дорой нөхцөл байдал энэ дэмжлэгэд хүссэн хүсээгүй саад бол­но. Мадуро саяхан боли­варын (Венесуэлийн мөн­гөн тэмдэгт) ханшийг буу­руулсан бөгөөд үүнийг дагаад инфляц өсөх болоод байна. 2013 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэ­хүүний өсөлт бараг тэг байх нь тодорхой болжээ. Үнийг төрөөс барих бо­ломжгүй болж байна. 2012 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд Уго Чавесийг ялуу­лахын тулд эрх баригчид хамаг нөөц хөрөнгөө гөвж орхижээ. Хүн амын ядуу, эмзэг давхаргад зориулсан нийгмийн асар үнэтэй хө­төлбөрүүд нь Уго Чавес бо­лон түүний залгамж­лагчийн сонгуульд ялах гол хөзөр болж байгаа аж. Мөдхөн венесуэль иргэ­дийн хэтэвч, дэлгүүрийн лангуу хоосорч Мадуро дэмжлэгээ алдана хэмээн ажиглагчид үзэж байна.

Энэ бүгд эдийн зас­гийн чухал өөрчлөлтүүдийг амлаж байгаа Каприлест ашигтай тусч байна. Тэ­рээр төрөөс улс орны эдийн засагт хатуу хяналт тогтоодгийг болиулж, ху­вийн секторыг хөгжүүлэ­хээр зэхэж байгаа юм. Сонгогчдын сэтгэл ч Кап­рилес руу эргээд эхэлжээ. Нэг сарын өмнө Мадуро өрсөлдөгчөө 20 хувиар давамгайлж байсан бол, эдүгээ энэ ялгаа 11 хувь болж багасчээ.

 

“Известия”