- Давж заалдах гомдол –
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн даргасан шүүх хурлаас гаргасан шийдвэр нь хууль бус ба үндэслэлгүй гэж үзэж, Нийслэлийн шүүхэд өчигдөр давж заалдах өргөдлөө гаргасан байна. Уг өргөдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн шүүхээс 2012.08-02-нд Н.Энхбаяр нарт холбогдуулан гаргасан 326 тоот шийтгэх тогтоолд дараахь үндэслэлээр өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргаж байна:
Сүхбаатар дүүргийн шүүх 2012.08-02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолоо дараахь байдлаар хууль бусаар ба үндэслэлгүйгээр гаргажээ. (Н.Энхбаяр нарт ял халдаасан хэргүүдийн талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дэс дарааллыг баримтлав.)
ЯПОН УЛСЫН АГОН ШЮҮ БАЙГУУЛЛАГААС ХАНДИВЛАСАН ТЕЛЕВИЗИЙН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД
Япон улсын буддын Агон Шюү байгууллагаас АТГ гаргуулж авсан гэх “Гэрчилгээ” (Certificate)-нд (Шийтгэх тогтоол/цаашид ШТ гэнэ./, 24 дэх тал) тулгуурлан шүүх Н.Энхбаярт хорих ял халдаасан. Гэтэл Япон улсын буддын Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Сейю Кириямагийн 2000.02.21-нд “Эрхэм Намбарын Энхбаяр танаа, Улсын Их Хурал, Парламент дахь цөөнхийн бүлгийн дарга, МАХН-ын дарга: Эдгээр телевизийн болон аудио тоног төхөөрөмжийг манай Агон Шюү-гаас хандивлав. Агон Шюү-гаас Сейю Кирияма, Агон Шюү-гийн ерөнхийлөгч” гэсэн албан бичиг байдаг бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байгаа бөгөөд шүүхэд үүнийг өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт болгон уншиж сонсгож байсан. “Н.Энхбаярын гэм буруугүй болохыг нотолсон энэ нэн чухал нотлох баримтыг шүүх шийтгэх тогтоолдоо зориуд санаатайгаар оруулаагүй байна”.
Энэ албан бичиг нь дараахь байдлаар албан ёсны гэдэг нь батлагддаг:
1.Японы Агон Шюү байгууллагын албан ёсны хэвлэмэл маягтад үйлдэгдсэн;
2.Японы Агон Шюү байгууллагын албан ёсны тамгаар баталгаажуулсан;
3.Өмнө дурдсан бичгийг Агон Шюү-гийн ерөнхийлөгч Сейю Кириямагийн хувийн тамгаар дахин баталгаажуулсан;
4.Энэ бичигт японы Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч өөрийхөө албан үйл ажиллагаанд хэрэглэдэг нэрээ хэрэглэсэн;
5.Англи хэл дээр буй энэ бичиг яагаад хавтаст хэрэгт орсон бэ? гэвэл АТГ японоос ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийн нэхэмжлэлийг “Буянт Ухаа” дахь гаалийн газрын архиваас авахад түүнд хавсрагдсан байжээ;
6.Хавтаст хэрэгт байгаа Буянт-Ухаагийн гаалийн газрын архиваас АТГ авсан хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тус төхөөрөмжийг импортлогч нь Намбарын Энхбаяр гэж бичигдсэн нь японы Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Сейю Кириямагийн 2002.02.21-ний бичиг албан ёсны, жинхэнэ гэдгийг давхар баталж байна;
7.Хавтаст хэрэгт байгаа Буянт-Ухаагийн гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.Мөнхзул “Энэ бараа нь дандаа телевизийн тоног төхөөрөмж байсан бөгөөд 100 гаруй мянган ам.долларын үнэтэй инвойстой байсан,... одоо санахад 10 гаран хоногийн дараа бүрдүүлэлт хийж, нийтдээ 20 гаруй сая төгрөгийн гаалийн татвар төлсөн санагдаж байна... бүрдүүлэлтийг тухайн үеийн МАХН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Энхбаярын туслах гээд нэг жижигхэн залуу, түүнтэй хамт Таван Богдын Баатарсайхан хоёр ирж бүрдүүлэлт хийж, татвар төлөөд ачаа бараагаа авч явсан юм.” гэж мэдүүлсэн нь японоос Н.Энхбаярын нэр дээр телевизийн тухайн төхөөрөмж ирснийг баталж байна. Энэ нь Ц.Баатарсайханы “Японоос тоног төхөөрмж ирчихээд гааль дээр байгаад байгаа. Тэрийг татварыг төлөөд аваадахаа ч гэсэн хүсэлт Н.Энхбаярын зүгээс надтай ярьж тавьсан. Энэ хүсэлтийг нь би зөвшөөрч тухайн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг нь төлж авсан юм” гэсэн хавтаст хэрэгт буй мэдүүлгээр давхар батлагдаж байна.
АТГ-ын Японоос авчруулсан 2012.02.20 гэсэн огноо бүхий “гэрчилгээ” гэгчээр Н.Энхбаярт ял халдаасан нь дараахь байдлаар хууль бус, зохиомол гэдэг нь хөдөлбөргүй батлагдаж байна:
1.ЭБШХ-ийн 398 дугаар зүйлд “Гадаад улсын нутаг дэвсгэрт байцаалт, үзлэг, нэгжлэг, туршилт, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн бусад ажиллагаа явуулах, шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.”, “байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах даалгаврыг олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан байгууллагаар дамжуулан явуулна” заалтыг АТГ ноцтой зөрчсөн.
2.Монгол ба Япон улсын хооронд эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаагүй учир олон улсын эрх зүйн нийтлэг жишигт үндэслэх байсныг ноцтой зөрчив.
3.АТГ нь Япон улсын гадаад хэргийн ба хууль зүйн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тус улсын нутаг дэвсгэрт түүний харъяат иргэн, хуулийн этгээдийн хувьд хууль бус ЭБША явуулсан.
4.Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй улсууд нь харилцан туслалцах зарчмыг удирдлага болгон “Эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай” 1959 оны Европын конвенц, “Иргэн, гэр бүлийн ба эрүүгийн хэргийн эрх зүйн туслалцаа ба эрх зүйн харилцааны тухай” 2002 оны Кишиневийн конвенцид заасан жишиг журмыг монголын төр ноцтой гажуудуулахад АТГ хүргэсэн.
5.2012 оны “гэрчилгээ” гэгчийг англи хэл дээр урьдчилан үйлдээд хэн нэгэн хүн Японд очиж Агон Шюү-гийн дардас, тамгыг даруулсан байж болох өндөр магадлалтай. Яагаад гэвэл 2000 оны бичигт “TV and Audio Equipment” (телевизийн болон аудио тоног төхөөрөмж) гэж бичсэн байхад харин 2012 оны “гэрчилгээ” гэгчид “Full set of TV broadcast equipment” (телевизийн иж бүрэн тоног төхөөрөмж) гэж бичсэн илэрхий зөрүүтэй байгаа юм. Японоос ирүүлсэн барааны үнийн нэхэмжлэлд “Sony Beta cam video recording system” (Sony Beta cam видео бичлэгийн систем), “Sony Beta cam video editing machine” (Sony Beta cam видео бичлэгийн редакторын төхөөрөмж) гэж бичигджээ.
6.АТГ-ын дарга Н.Ганболд албан тоотоо японы Агон Шюү байгууллагад ямар арга замаар явуулсан нь тодорхой бус байна.
7.“Гэрчилгээ” гэгчийг японоос ямар арга замаар авчирсныг нотлох ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
8.АТГ Японоос авсан гэгдэх “гэрчилгээ” гэгчид дардсаар төлөөлөх хариуцлагатан Цүцүми Масүо гэсэн байгаа бөгөөд энэ бол японы Агон Шюү байгууллагын ерөнхийлөгч Сейю Кириямагийн жинхэнэ нэр. Үүнийг албан бус нөхцөлд хэрэглэдэг байна.
9.2012 оны “гэрчилгээ” гэгчид дөрвөлжин хэлбэртэй тамга дарагдсан байх бөгөөд тухайн хүний нэрийн өмнөөс өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн хөтлөх үүднээс хэн нэгэн ажилтан дарах боломжтой. Энэ бичигт хувийн тамга дарагдаагүй учраас Цүцүми Масүо-гийн нэрийн өмнөөс хэн нэгэн этгээд тэр дөрвөлжин тамгыг дарсан байж болох магадлал өндөр.
10.2012 оны “гэрчилгээ” хэмээх бичгийн япон бичиг үсэг нь дардас байгаа бөгөөд үүнийг Цүцүми Масүо-гаас өөр тэр байгууллагад хамаарах ажилтан дарах бүрэн боломжтой.
11.АТГ-ын мөрдөгчид японы тал заавал “Гандандэгчлэн” хийдэд хандивласан болгуулахын тулд “Гэрчилгээ” гэгчдээ энэ хийдийн нэрийг зөв бичилгүй “Гандан” гэж бичсэн маш ноцтой алдаа гаргажээ.
12.АТГ-ын мөрдөгчид японы Агон Шюү байгууллагын 2000.02.21-ний албан бичиг нь нэгэнт “Буянт Ухаа” дахь гаалийн газрын архивт байгаа учраас устгах боломжгүй болсон тул “Гэрчилгээ” гэгчийг түүнээс өмнө үйлдсэн баримт болгохын тулд “2000.02.20” гэж бичих байснаа будилж “2012.02.20” гэж бичсэнээрээ зохиомол нотлох баримт үйлдсэнээ илчлэв. Хандивласан зүйлийнхээ “Гэрчилгээ”-г 12 жилийн дараа үйлдэнэ гэдэг нь эрүүл ухаанд багтах уу?
Өмнө дурдсанаас дүгнэлт хийхэд 2012.02.20-ны өдрөөр огноотой “Гэрчилгээ” гэгч бичиг зохиомол баримт болох нь хэн ч маргахын аргагүй батлагдав. Ийм учраас энэ хэрэгт Н.Энхбаярыг цагаатгаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж, шаардаж байна.
“ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД
Шүүхийн шийтгэх тогтоолд Н.Энхбаярыг “Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж” гэж шүүгчид бичжээ. Ерөнхийлөгчийн албан тушаалын байдал гэж юу вэ? Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг ямар хууль тогтоомжид заасан байдаг юм бэ? гэсэн асуудал зүй ёсоор үүснэ. Ерөнхийлөгчийн албан тушаалын байдал буюу Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийг Монгол улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан. Бусад бүрэн эрхийг Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулсан. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа тэдгээрээс чухам алийг нь урвуулан ашигласан бэ? гэсэн асуултад шүүх бүрэлдэхүүн хариулт өгч огт чадаагүй байна. Монгол Улсын ЭХ-д заасан албан тушаалын гэмт хэрэг тэр тусмаа ЭХ-ийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах шинж заавал шаардагдана. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдал гэсэн томъёолол 1986 оны шинэчлэн найруулсан ЭХ-иар буй болсон. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь албан тушаалын албан ажлын бүрэн эрхээс үүссэн буюу эрхэлж буй албан тушаалын байдлаар түүнд хүлээлгэсэн эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй л холбогдоно. Үүнээс илүү өргөн хүрээгээр тайлбарлахад хүргэвэл ЭХ-ийг төсөөтэй хэрэглэнэ. 2002 оны ЭХ-ийн 3.2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.” гэж тодорхой заасан.
Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тогтоол, НЗД-ын 2007.11.07-ны өдрийн 555 дугаар захирамжийг гаргуулсан гэж үзэж шүүх Н.Энхбаярт ял халдаажээ:
Бодит байдал ямар байсан бэ? гэвэл “Өргөө” зочид буудал НӨҮГ-ийн “Дүнжингарав-Өргөө” хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрладаг бөгөөд барилга нь 1959 онд ясны сүрьеэгийн эмнэлгийн гал тогооны барилгын зориулалтаар баригджээ. Энэ нь “сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж, түүний үндсэн шалтгаан нь үйлдвэрийн газрыг шинэчлэх, өөрчлөх талаар бодитой өөрчлөлт, хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс буудлын тавилга хэрэгсэл, загвар хийц, өнгө үзэмж нь өнөөгийн үед өрсөлдөх чадваргүй, буудлын тохижилт нь үйлчлүүлэгчдийн шаардлагыг хангаж чаддаггүй, зоогийн газар, баарны орлого хэт бага, хувь этгээдэд түрээслэн орлогыг авдаг, “Дүнжингарав-Өргөө” буудал нь төвийн халаалтын нэгдсэн системд холбогдоогүйгээс халаалт, зөөврийн ус, эрчим хүчний зардал өндөр гардаг, удирдлагын менежментийн чадвар дутмаг зэрэгтэй холбоотой” гэж Нийслэлийн өмчийн харилцааны газар үзсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Тус газраас “2006 онд НӨҮГ-ууд болон нийслэлийн өмчийн оролцоотой хамтарсан компаниудын үйл ажиллагаанд Засаг даргын захирамж, баталсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн бөгөөд “Өргөө зочид буудал” НӨҮГ-ын үйл ажиллагаанд шинэ менежментийг нэвтрүүлэх, удирдлагын үйл ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна” гэж дүгнэжээ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас НӨҮГ-уудын захирлуудын үйл ажиллагаа, зорилтод түвшингийн биелэлтийг жил бүр дүгнэж, 2005, 2006 онд “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын захирал Ж.Энхжаргалын ажилд “тус газар нь сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаагаас төсөвт орлогын татвар болон ногдол ашиг огт төвлөрүүлэлгүй явж ирсэн, нийслэлийн өмчийн ашиглалт хангалтгүй, өмчөөс хүртэх үр өгөөж муу байна” гэж үзээд “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч байжээ. Захирал Ж.Энхжаргалыг “Өргөө” зочид буудал НӨҮГ татан буугдаж байгаатай холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлжээ. Тэрээр УМБГ-т 2010.12.15-нд гомдол гаргаж, түүндээ Цолмон /экс ерөнхийлөгчийн гэр бүл/ нарын зэрэг хүмүүст хуулийн хариуцлага хэрэгтэй байна гэж бичжээ. Тэрээр шүүхээр заргалдсан боловч амжилт олоогүй нь хавтаст хэрэгт авагдсан. Ж.Энхжаргал нь НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008.06.30-ны өдрийн 86 дугаар тогтоолд “НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ж.Энхжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна.” гэж үзээд “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008.03.18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008.04.29-ний 115 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэсэн байна.
Ийнхүү НИТХТ-ийн НИТХТ-ийн 2007.10.17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх үндэслэлтэй, хууль ёсны болохыг баталгаажуулсан. Үүнээс үүдэн Нийслэлийн Засаг даргын 2007.11.07-ны өдрийн 555 дугаар захирамж ч хууль ёсны болсон байна. Ийм учраас Н.Энхбаярыг зохиомол гэмт хэрэгт ял шийтгэсэн байна.
Нийслэлийн засаг азхиргааны зүгээс уг буудлыг тохижуулах хөрөнгө оруулалт байхгүй учраас “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын байгаа өөрийн хөрөнгөнд нь тулгуурлан үйл ажиллагааны хүрээг өргөтгөн сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх ончтой арга замыг эрэлхийлжээ. Энэ чиглэлээр НӨХГ үр ашигтай боломжит бүх хувилбар дээр ажиллажээ. Тэгээд ажил хариуцсан Д.Дуламсүрэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан хамтарсан аж ахуйн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах саналыг холбогдох байгууллагад танилцуулжээ. НЗД Ц.Батбаяр 2007.08.17-ны өдөр НИТХТ-ийн дарга Н.Болормаад өргөн барьжээ. НИТХТ-ийн хуралдаан 2007.10.17-нд хуралдаж, таван гишүүн оролцсноос олонхийн саналаар 188 дугаар тогтоол гаргаж, түүндээ “Өргөө зочид буудал НӨҮГ-ын үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, үр ашгийг дээшлүүлэх, өмчийн харилцааны менежментийг шинэчлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нийслэлийн өмчийн 25 хувь, Хар дун хязгаарлагдмал компаний 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Ц.Батбаяр/-д зөвшөөрсүгэй” гэж заажээ. НИТХТ-ийн энэ тогтоолд үндэслэн НЗД Ц.Батбаяр 2007.11.07-нд 555 тоот захирамж гарган “Өргөө зочид буудал НӨҮГ-ын үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, үр ашгийг дээшлүүлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор “Хар дун” ХХК-аар хөрөнгө оруулалт хийлгэн, нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулахыг нийслэлийн өмчийн харилцааны газар /М.Ганбаатар/-т зөвшөөрсүгэй” гэсэн байна.
Өмнө дурдсан НИТХТ-ийн тогтоол, НЗД-ын захирамжид заасан “Нийслэлийн өмчийн 25 хувь, “Хар дун” ХХК-ийн 75 хувийн оролцоотой хамтарсан компани байгуулах” гэснийг Н.Энхбаярыг шүүх шийтгэх гол үндэс болгожээ. Энэ бол хувьчлал биш. Энд нийслэлийн өмчийг завшсан ямар нэгэн үйлдэл огт хийгдээгүй байна.
Нийслэлийн 25 хувь бол 468 сая төгрөг. Харин “Хар дун” ХХК-иас гаргуулах хөрөнгө оруулалт 75 хувь буюу нэг тэрбум 400 сая төгрөг. Хөрөнгө оруулалтын нийлбэр нэг тэрбум 868 сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл, нийслэлээс гаргасан хөрөнгө оруулалтаас 3 дахин их хөрөнгийг “Хар дун” ХХК-иар гаргуулахаар болсон. Энэ компанийг нийслэл арай дэндүүлжээ.
Улсын яллагчид Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяраас НИТХТ-ийн дарга Н.Болормаад “Өргөө” НӨҮГ-ыг НӨХГ-аас бичсэн танилцуулгаар НӨҮГ-ын хөрөнгийн харьцааг 51:49 болгон 13 1,0 тэрбум гэж үзээд 49 хувийг 490 сая төгрөгөөр хөрөнгө оруулагчдад зарж хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, үүнийг хувийн хэвшлийн аж ауйн нэгжүүдийн дунд төсөл сонгон шалгаруулах зарчмаар шалгаруулна гэсэн 2007.8.17-ны өдрийн 1/1386 тоот албан бичиг, НӨХГ-ын танилцуулгыг шүүх Н.Энхбаярыг шийтгэх гол баримт болгожээ. Хэрэв энэ 51:49 гэсэн харьцаагаар хамтарсан компани байгуулсан бол хувийн аж ахуйн гаргах хөрөнгө оруулалт 510 сая төгрөг болно. Тэгвэл “Хар дун” ХХК-ийн гаргасан хөрөнгөөс бараг гурав дахин бага болж багасна. Хэрэв ийм шийдвэр гаргуулсан бол Н.Энхбаярыг нөлөөлсөн байх хэмээн хардаж болох юм. Гэтэл бодит байдал бүр эсрэгээр байна.
Шүүхээс маш нухацтай хандаж, тогтоолоо гаргах ёстой байсан өөр нэг асуудал бол “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын дахин үнэлгээ юм. 2007.10.27-ны байдлаар “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын эд хөрөнгийн үнэлгээг “Ю-БИ Пропертиес” ХХК 468 сая төгрөг хэмээн үнэлж байжээ. АТГ-ын МШХ-ийн мөрдөн байцаагчийн 2011.12.13-ний өдрийн “шинжилгээ тогтоолгох тухай” тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар “Өргөө” зочид буудал, “Дүнжингарав” зочид буудлын барилгын үнэлгээ зөв эсэх талаар шинжилгээ хийлгэжээ. Тус ХҮТ-ийн үнэлгээгээр 605 сая төгрөг гэж үзжээ. Ийнхүү “Ю-БИ Пропертиес” ХХК-ийн үнэлгээнээс 137 сая төгрөгийн зөрүү гарчээ. Шинжээчид үүнийг Дүнжингаравын газрын үнэлгээг урьд нь тооцоогүйг тооцож үзсэнээс ийм зөрүү гарсан гэж үздэг. Ингэхдээ ХҮТ-ийн шинжээчид “Бид бол үнийг тодорхойлдоггүй, харин үнэ цэнийг тодорхойлдог. Энэ нь тухайн нөхцөл байдалд ямар үнэ хүрч болох вэ? гэдгийг тодорхойлж байгаа юм” гэж шинжээчийн мэдүүлэг өгсөн. Эндээс үзэхэд шинжээчид хохирлын үнэлгээ бус харин тухайн эд хөрөнгийн үнэ цэнийн үнэлгээ хийжээ. Газрыг үнэлэхдээ улсын өмчийн газрын эзэмших эрхийг бие биедээ дамлан худалдаалж хамгийн өндөр үнэ ханшийг баримталжээ.
Ийнхүү “Өргөө” зочид буудал НӨҮГ-ын эд хөрөнгөд тулгуурласан хамтарсан компани байгуулах үйл ажиллагаанд Н.Энхбаярын зүгээс оролцсон гэх байдал тогтоогдохгүй байна. Гэтэл НЗД-аар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХТ-ийн даргаар ажиллаж байсан Н.Болормаа, НӨХГ-ын орлогч дарга Д.Дуламсүрэн нартай бүлэглэн гэмт хэрэгт үйлдсэн гэсэн зохиомол хэрэг буй болгожээ.
“УЛААНБААТАР ТАЙМС СОНИН” НӨҮГ-ЫГ ХУВЬДАА ЗАВШСАН ГЭХ ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх Н.Энхбаярт Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, иргэн Д.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” менежментийн баг нь НӨХГ-тай 2004.05.07-ны өдөр байгуулсан “Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-ний дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан багийн бизнес төлөвлөгөө бүрэн хэрэгжээгүй, аудит хийгдээгүй, алдагдалтай ажиллаж, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байхад 2008.09.08-ны өдөр НӨХК-ийн 75 дугаар тогтоол гаргуулж, 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг хууль бусаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” ХХК, Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчлан, худалдан авч, улмаар уг компанийг өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн, завшиж нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж, ЭХ-ийн ерөнхий ангийн 35.3-ыг журамлан ЭХ-ийн тусгай ангийн 263.2, 150.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бусаар ял ногдуулав.
Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс үзсэн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Энэ нь өмч хувьчлалын хууль тогтоомжийн хүрээнд л шийдвэрлэгдэх ёстой эрх зүйн асуудал байжээ.
Учир нь энэ үйлдэлд гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан бодит хохирол байхгүй. “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг 2003 онд “Ю-Би пропертиес” ХХК 369.723.300 төгрөгөөр үнэлсэн аж. АТГ-ын МШХ-ийн мөрдөн байцаагчийн 2011.12.13-ны өдрийн “шинжилгээ тогтоолгох тухай” тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар дахин үнэлүүлэхэд 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөг болжээ. Яагаад ингэж 2003 оны үнэлгээ 5 гаруй дахинаар нэмэгдэв? “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК газрыг үнэлснээс ийм болжээ.
2004.05.07-нд байгуулсан “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-нд газартай холбогдсон асуудлаар маш тодорхой тодорхой нарийвчилсан хязгаарлалт хийж, тухайлбал, тус гэрээний 9.2.1-т “худалдан авагч нь гэрээний хүчинтэй хугацаанд байгууллагыг гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй.” гэж заажээ. Үүнийг бас 2008.09.12-ны өдөр Д.Чулуунбаатартай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”гээр баталгаажуулж, түүний 2.1-т “Улаанбаатар таймс” НӨҮГ-ыг хүлээн авснаар уг сонины газрын үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй үргэлжлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.” гэж заажээ. Мөн гэрээний худалдан авагчийн эрх, үүргийн 3.7-т “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг авснаар 2.1-д заасан чиг үүргийг биелүүлж, тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх үндсэн үүргийг хүлээнэ.” хэмээн тодорхой заажээ. Түүнчлэн “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын өмчлөгчийн гэрчилгээнд “Улаанбаатар таймс” үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй байх нөхцөлтэй” гэж шууд заажээ. “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ байрлаж буй газрыг өмчлөх ба эзэмших эрхийг Д.Чулуунбаатарт шилжүүлээгүй болохыг Нийслэлийн газрын албаны дэд дарга Ц.Төрхүүгээс УМБГ-т 2011.04.12-нд явуулсан хариу албан тоот нотолдог бөгөөд түүнд “Улаанбаатар таймс /РД:2696398/ ХКК-ны нэр 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн Газрын албаны мэдээллийн санд нийслэлийн барилгажсан хэсэгт газар өмчилсөн болон эзэмшсэн талаарх мэдээлэл байхгүй байна.” гэжээ.
АТГ-ын 2011.12.13-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-оор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний үнэлгээчдээр хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэжээ. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2012.02.04-ний өдрийн 43 тоот бичгээр АТГ-т “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын хөрөнгийн үнэ, цэнэ 2008.09.08-ны байдлаар 2125,0 сая /Хоёр тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөг болж байна” гээд 43 тоот “хөрөнгө үнэлсэн тухай” бичгийн хамт үнэлгээний тайлангаа явуулжээ. Мөн тоотоороо “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь АТГ-т “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын хөрөнгийн үнэ, цэнэ 2003.12.31-ний байдлаар 995,0 сая /Есөн зуун ерэн таван сая/ төгрөг болж байна гэсэн бичиг, тайлангийн хамт явуулжээ. Тус тайланд үнэлгээчид “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ын байрлах газрын үнэлгээг ямар мэдээлэлд тулгуурлаж гаргаснаа бичихдээ:
“а. тус барилгаас холгүй орших Central Tower барилгын 4000 м.кв орчим талбайтай газрыг MCS групп 2004 оны үед 150 ам.доллар буюу 300,0 мянган төгрөг болсон байна.
б. Монгол шуудан банкны ар талд 3800 м.кв орчим талбайтай газрыг 2007 оны үед мөн 1,0 сая ам.доллароор худалдан авч хожим сууриараа 42-24 метрийн хэмжээтэй 25 давхар барилгыг бусдаар бариулан 1-5 давхрыг нь газрын үнэд тооцон авна гэсэн мэдээлэл байсан. Энд дурдсан мэдээллээр тус газрын үнэ, цэнийг тооцоход 4032/42м:24м:5дав:800 ам.доллар/ мянга буюу ойролцоогоор 4 сая ам.доллар болно. Харин газрын нэгж талбайн үнэ, ханш 1061 ам.доллар буюу 1200,0 төгрөг болсон байна.
в. Засгийн газрын ордны хойд талын Бага тойруугийн орон сууцны II байрны 41 тоотод байрладаг Монгол шуудан банкны Улаанбаатар хот дах тооцооны төвийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 2008 оны тавдугаар сарын 09-ний байдлаар 63500,0 мянган төгрөг, нэгж талбайнх нь үнэ, цэнэ 1400,0 мянган төгрөг болж байжээ.
Г. Бага тойруугийн нэгдүгээр давхарын 170 м.кв орчим талбайтай хуучин байрыг банкны байгууллага 250,0 мянган ам.доллараар худалдан авсан мэдээлэл байна. Энэ нөхцөлд тус байрны нэгж нэгж талбайн үнэ 1470 ам.доллар буюу 1700,0 мянган төгрөг болж байна...” гэжээ. Ийм л мэдээлэлд тулгуурлаж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчид дүгнэлтээ гаргажээ. Өмгөөлөгч миний бие үүгээр тэдгээр шинжээчдийг буруутгах гээгүй. Тэд АТГ-ын “даалгаврын” дагуу хөрөнгийн үнэлгээ хийсэн. Тэд мөн тэр үнэлгээг хийхдээ А зэрэглэлийн газар ямар үнэтэй байх вэ, хамгийн ашигтай бизнес хийвэл ямар ашигтай байх вэ гэсэн өнцгөөс харж хийсэн. Тэгэхдээ АТГ эдгээр үнэлгээчдээр учирсан бодит хохирлын тухай үнэлгээ хийлгээгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Балгас болсон барилга байгаа уу? -Байгаа. Газрыг нь хэн нэгэн хүнд зарсан уу?, -Зараагүй. Тэгвэл ямар бодит хохирол учирсан бэ? Ирээдүйд олж болох ашгаар аливаа хүнийг гэмт хэрэгтэн болгочихсон юм биш үү? Ингээд үзэхэд Н.Энхбаяр “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг завшсан гэдэг нь зохиомол байна.
ЭБШХ-ийн 85.4-т “Шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх заавал баримтлах үүрэггүй...” гэж заажээ.
Н.Энхбаярыг “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг хувьдаа завшсан болгохыг оролдсон мөрдөн байцаагчид, прокуроруудын хэлмэгдүүлэлтийн ажиллагааг таслан зогсоохын оронд Сүхбаатар дүүргийн шүүх шийтгэх тогтоолоороо улам бүр лавшруулжээ гэснээс өөр ямар ч дүгнэлт хийх боломжгүй.
Мөрдөгч, прокурорууд Н.Энхбаярт зохиомол хэрэг тулгахдаа түүнийг 2.125.000.000 /нэг тэрбум нэг зуун хорин таван сая/ төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг завшиж, ЭХ-ийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Шүүх харамсалтай нь, зохиомол хэргийг тэр чигээр нь явууллаа. ЭХ-ийн 150 дугаар зүйлд заасан “завших”1 хэмээх нэр томъёоны агуулга юу вэ? Энэ нэр томъёо 1942 оноос2 эхэлж өдийг хүртэл манай улсын ЭХ-д байгаа бөгөөд гэм буруутай этгээд бусдын өмч хөрөнгийг шунахай сэдэлтээр, хууль бусаар, буцааж өгөхгүйгээр, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл гэж эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан үзэж ирсэн. Н.Энхбаяр “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-ыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан баримт мөрдөн байцаалтын явцад ч, шүүх хуралдааны шатанд ч тогтоогдоогүй.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ТЭЙ ХОЛБОГДУУЛСАН ЗОХИОМОЛ ХЭРГИЙН ТУХАЙД
“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал байсан Х.Наранхүүг шүүх хуралдаанд яллах талын гэрчээр заавал байлцуулъя гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээж аваагүй.
Хэрэв Х.Наранхүүг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн зүгээс шүүх хуралдаанд дуудсан бол, хэрэв түүнээс асуух боломж гарсан бол түүнээс нэг талаар танд өөрийн гэсэн толгой бий юу? эсхүл худал мэдүүлэг зориуд гаргав уу, ингэж хэлээрэй гэж хэн нэгэн хуульч танд зөвлөсөн үү? гэж лавлах байсан юм. Аж ахуйн нэгжүүдийн хоорондын өдөр тутам хийгддэг гэрээ, хэлцэл, түүгээр хүлээсэн үүрэгчлэлээ биелүүлээгүй эсэхийг Н.Энхбаяртай зориуд холбож, үүрэгчлэл биелэгдээгүйтэй холбогдсон үнийг дүнг хохирол болгож, тэгээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал Д.Ганбат, “Хинлон” компаний захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэсэн гэсэн зохиомол хэрэг бүрдүүлсэн байна.
Аливаа хүний зөвхөн ярьсан, хэлсэн зүйлийг нь гэмт хэрэг үзэхгүй байхыг ЭХ-ийн 3.3-т “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан билээ.
ЭБШХ-ийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч” гэнэ гэж заасан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо Н.Энхбаярыг “Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Х.Наранхүү...-тэй бүлэглэн” гэж бичсэн. Тийм учраас Х.Наранхүүгийн мэдүүлэг гэрчийн хууль ёсны мэдүүлэг болж чадаагүй байна. ЭБШХ-ийн 79.2-т “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хувьд ЭБШХ-ийн энэ заалтыг баримтлан Эрдэнэтийн ган бөмбөлөгтэй холбогдсон асуудлыг хэрэгсэхгүй болгохоос өөр ямар ч гарц байхгүй.
Н.ЭНХБАЯР НАРТ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮХ ИЙМ ЗОХИОМОЛ ГЭМТ ХЭРЭГТ ЯАГААД ЯЛ НОГДУУЛАХ БОЛОВ?
Шүүгчид ЭБШХ-ийн 17 дугаар зүйлд “шүүн таслах ажиллагаа нь эрх тэгш бүхий яллах, өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр явагдана.” гэж заалтыг ноцтой зөрчсөн. Яллах ба өмгөөлөх талын тэнцвэржүүлэлтийг хангах, өмгөөлүүлэх эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь шүүгдэгчээс гэрчүүдийг дуудуулах ба байцаалгах эрх юм. Энэ талаар Монгол улсын нэгдэн орсон, үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг ИУТЭОУП-ын 14 дүгээр зүйлийн 3 (е)-д “хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй: Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах, эсрэг гэрчтэй адил нөхцлөөр өөрийн өмнөөс гэрч оролцуулах, шалгуулах” гэж заажээ. Гэтэл шүүх бүрэлдэхүүн энэ эрхийг эдлүүлэхийг хориглосон. Үүнээс гадна шүүгчид энэ хэргийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө Н.Энхбаяр “гэмт хэрэгтэн”, “заавал хорих ял ногдуулах ёстой.” гэсэн урьдчилсан бодолтой болж, түүгээрээ энэ хэргийг шийдвэрлэсэн.
ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлд Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь, бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ гэж заажээ. ЭБШХ-ийн 317 дугаар зүйлд заасан “мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг явуулахад нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн”, “тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр Н.Энхбаяр нарт холбогдох Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.08.02-ны өдрийн 326 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу?
ЭБШХ-ийн 309.1-д давж заалдах шатны шүүх гомдолтой хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэлэлцэнэ гэж заасан байгаа. Гэм буруугүй иргэдээ нэг ч гэсэн хоногийн өмнө шоронгоос суллахад онцгой анхаарал тавина гэдэгт Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд итгэж байна.
ХҮНДЭТГЭСЭН,
Давж заалдах гомдол гаргасан:
Өмгөөлөгч
СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛ