Н.МӨНХЖИН
Өнгөрсөн даваа гаригт хувийн дөрвөн сонин хэвлэгдэн гарснаар Бирм улс дахь хэвлэл мэдээллийн монополь төгсгөл боллоо. Азийн энэхүү улс ардчилал руу алхаж буй шилжилтийнхээ нэг хэсэг болгож сүүлийн хагас зуунд анх удаа чөлөөт хэвлэлийг хүлээн зөвшөөрөв. Британийн ВВС агентлаг мэдээлж буйгаар, шинээр мэндэлсэн дөрвөн сонины араас энэ сарын сүүлч гэхэд дахин 12 сонин нэмэгдэж хэвлэгдэн гарах ажээ. Эрх баригчид 16 сонинд зөвшөөрөл олгосон байна.
Сөрөг хүчний лидер, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Кигээр удирдуулсан Ардчиллын төлөөх үндэсний нэгдэл нам энэ сарын сүүлч гэхэд өөрсдийн өдөр тутмын сониныг хэвлэн түгээж эхэлнэ гэдгээ мэдэгдлээ. Хувийн сонинууд эхлээд зах зээлээ тандах үүднээс эхлээд мянган хувиар хэвлэгдэн гарч байна. Ард түмэн чөлөөт хэвлэлийг хүсэн хүлээж байгаа тул цаашдаа хэвлэлт, захиалга нэмэгдэнэ хэмээн сонины эзэд итгэж байгаа аж.
Бирм улс Британийн колони байх үед хувийн сонин хэвлэл хөгжин цэцэглэж байгаад 1964 онд эрх цэргийн хунт эрх мэдэлд гарч ирсний дараа хаагджээ. Цэргийнхэн 2011 он хүртэл эрх барьж байгаад иргэний Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлж өгсөн билээ. Цэргийн хунтын дэглэмийн үед хэвлэгдэж байсан албаны сонинууд ч янз бүрийн дарамт шахалтад өртөж байсан юм. Бирмийн сэтгүүлч, сурвалжлагчид хууль бус чагналт, тагналтад өртөж, баривчлагдан, тамлуулж байв.
Цэргийн хунтын лидер Тан Шве Ерөнхийлөгч болсныхоо дараа хэвлэл мэдээлэлд тавьдаг хяналт цагдалтыг зөөлрүүлж, мэдээ, материалыг нийтлэгдэхээс нь өмнө хянадагийг болиулсан юм. Үүний дараагийн алхам болгож дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн чөлөөт хэвлэлийг хүлээн зөвшөөрөх болжээ.
Тан Шве өрнөдийн шаардлагаар чөлөөт сонгуулийг зохион байгуулж, хэдэн зуун улс төрийн хоригдлуудыг суллаж, үйлдвэрчний эвлэлүүдийг хүлээн зөвшөөрч, үндэстний болон шашны цөөнхтэй энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх зэргээр цөөнгүй ардчилсан алхмуудыг хийгээд байна. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, Бирмийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд шилжилтийн бодлогоо эдийн засгийн хөгжлийн бодлоготой хослуулах болов. Энэ арга хэмжээний хүрээнд нэг жилийн хугацаатай төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг нь баталгаажуулахын тулд Олон улсын валютын сангаас тусламж хүсчээ. Мөн тус сантай хоёр талын тогтвортой гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Үүний хариуд Европын холбоо, АНУ, Австрали улс Бирмийн цэргийн хунтын эсрэг авч байсан хориг арга хэмжээг цуцалж эхлээд байгаа аж. Тус улсын эрх баригчдыг хүний эрхийг зөрчиж байна хэмээн үзэж хориг арга хэмжээ авч байсан билээ. Гэвч хоригийг бүрэн цуцлахын тулд Бирмийн Засгийн газар ардчилсан өөрчлөлт шилжилтээ дуусгасан байх ёстой хэмээн өрнөдийн улс орнууд шаардаж байна.