Д.МЯГМАР
Замтай холбогдохгүйгээр ажиллаж, амьдардаг хүн нийслэлд лав байхгүй. Хүн бүрийн хөндүүр сэдэв болсон замын түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Иргэний танхимд өчигдөр хэлэлцүүлэг боллоо. Сэдэв нь “Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ”-ний талаар байв.
Cая гаруй хүн амтай Улаанбаатар хотын замууд сүүлийн хэдэн сар ачааллаа даахаа байж, машины түгжрэл, бөглөрлөөс үүдэн иргэд ажлаа алдах болсон. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байдаг. Хотын замаас гадна бүхий л салбарын ачаалал дагаад нэмэгдэнэ. Үүнээс сэргийлэн, гарц хайж ийн хэлэлцүүлэг өрнүүлсэн ажээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экoлoгийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү нар оролцсон юм. Холбогдох албаныхан илтгэл тавьж, хотын дарга нар иргэдийн санал, хүсэлтийг сонсч тэдний асуултад хариуллаа.
Нийслэлд хийж байгаа зам засвар, арчлалтын ажлын өнөөгийн байдлын талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од тавьсан илтгэлдээ “Энэ онд нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажилд улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, Замын сангийн санхүүжилтээр 70 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Жил ирэх бүр замын засварт зарцуулах мөнгө нэмэгдэж байгаа ч зорчих автомашины тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, 2008 онд нийслэлд 108 мянган автомашин бүртгэлтэй байсан. Харин энэ онд дээрх тоо 210 мянга болж өсчээ. Мөн энэ жил хур бороо элбэгшсэнээс болж замын засвар, шинэчлэлтийн ажилд саад болж, үерийн ус замын эвдрэлд ихээр нөлөөлж байгаа” гэж мэдээлсэн юм. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай саналуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат танилцууллаа.
ТӨРИЙН АЛБАНЫХАН ХУВИЙН УНААНААСАА ТАТГАЛЗАХ УУ?
Энэ бол Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат даргын дэвшүүлсэн саналын нэг. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад төрийн албан хаагчдын үүрэг, оролцоо хамгийн чухлыг эндээс харж болно. Манай Улсад 155 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэдний дийлэнх нь нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагад ажиллаж байна. Хамгийн багаар бодоход 15 мянган албан хаагч хувийн унаагаараа ажилдаа явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс албан хаагчид нийтийн тээврээр зорчвол замын ачааллыг 20 хүртэл хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо, судалгааг хийжээ.
ТӨЛБӨРТЭЙ ОЛОН ЗОГСООЛ БАЙГУУЛЪЯ
Улаанбаатар хотод нийслэлийн Захирагчийн ажлын алба, Спортын төв ордон, Драмын теартын өмнөх талбайд төлбөртэй зогсоол байгуулсан. Тиймээс төлбөртэй зогсоолын тоог 24 байршилд нэмэх төлөвлөгөөг Ерөнхий менежер хэлсэн. Тухайлбал, Энэбишийн гудамж, Шастины төв эмнэлэг, ГССҮТ, ХХААХҮЯ зэрэг газарт дээрх төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 4500 орчим автомашины зогсоол бий болох аж. Энэ ажилд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Төлбөртэй зогсоол барих ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар шийдэж, зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
СУРГУУЛИУДЫГ АВТОБУСТАЙ БОЛГОНО
Хүүхдүүдэд сургуулийн автобусаар үйлчилбэл замын осолд өртөхгүй аж. Тухайлбал, хотын захын гэр хорооллын хүүхдүүдийн 70 орчим хувь нь сургуульдаа явган явдаг байна. Харин хотын төвийн хүүхдүүд ихэвчлэн хувийн унаагаар хүргүүлдэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Тиймээс сургуулиуд автобустай болох зайлшгүй шаардлага аж. Түүнчлэн өнгөрсөн жил дунд сургууль болон зарим их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг урагшуулсан нь үр дүнгээ өгчээ. Тухайлбал, хичээл нь 08.00 цагт эхэлдэг сургуулийн хичээлийн цагийг 07.30 болгох, 08.30 цагт эхэлдэг их сургуулийн хичээлийг 10.00 цагт эхлүүлэх зэргээр өөрчилсөн. Үүнийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр хотын замын ачааллыг бага ч гэсэн бууруулах боломжтой аж.
НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНИЙ ЗОРЧИХ ХЭСГИЙГ СУНГАНА
Замын хөдөлгөөнийг зохицуулахад ахмадуудыг оролцуулах бас нэг гарц байна. Тэд замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахад болоод явчих аж. Ингэснээр 150 орчим хүн ажлын байртай болж энэ ажилд жилд 400 гаруй сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
2010 онд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл нийтийн тээврийн хэрэгслийг зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчиж байх шийдвэр гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа. Энэ жил нэгдүгээр эгнээгээр зорчих хэсгийг сунгахаар болжээ. Скадрилын хөшөөнөөс 25 дугаар эмийн сан хүртэл автобуснууд нэгдүгээр эгнээг сунгах ажлыг энэ сарын 25-наас хэрэгжүүлэхээр болжээ. Нийтийн тээврийн 700 гаруй хэрэгсэл саадгүй зорчвол иргэд тэр бүр хувийн унаагаар явах нь багасна гэж мэргэжлийн хүмүүс тооцоолжээ.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖЛЫН ЦАГИЙГ ӨӨРЧИЛНӨ
Томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өнгөрсөн жилээс эхлэн өөрчлөлт оруулж ирсэн билээ. Энэ ажлыг үргэлжүүлэн хийх гэж байна. Худалдааны төвүүдийг ажил эхлэх, тарах цагтай зэрэгцэн нээж, хааж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Тухайлбал, “Нарантуул” ОУХТ-ийг 07.00 цагт нээж, 16.00 цагт хааж байх гэх мэтээр зохицуулах аж.
Мөн “Нарны зам”-аас Их тойруу хүртэлх замд 07.00-20.00 цагт автомашины сүүлийн орон 1, 6-гаар төгссөн бол даваа гаригт зорчихгүй байх, 2,7-гоор төгссөн бол мягмар гаригт зорчихгүй байх гэх мэтээр тухайн машины сүүлийн орны тоогоор замын хөдөлгөөнийг зохицуулбал ачаалал 20 хүртэл хувиар буурах боломжтой аж. Үүнд галын, түргэний, цагдаагийн, нийтийн тээвэр зэрэг олон нийтэд үйлчилдэг байгууллагын машин хамаарахгүй гэнэ. Энэ аргыг дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг юм байна. Үүнийг ядаж замын ачааллын онцгой үед хэрэглэвэл үр дүнтэй юм байна.
Үүний дараа иргэд хотын удирдлагуудад асуулт тавьж, санал бодлоо хэлсэн юм. Тэд голдуу замын ажлын чанар, ус зайлуулах шугам, дугуйн замтай зэрэг цогцоор нь барих санал хэлж байсан. Жолооч нар дүрэм байнга зөрчөөд байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё, замыг ажлыг чанартай явуулахын тулд авлигаас ангид байх хэрэгтэй. Асфальтын чанарыг тогтоодог болооч, зам барихдаа автозогсоолуудыг хааж байна. Нийслэлд зам тээврийн осол их гардаг. Гэтэл осол замын нөхцөл байдлаас болсон гэсэн статистик үзүүлэлт нэг ч байдаггүй юм байна. Замын чанарыг шалгахад даатгалын компанийг оролцуулах нь үр дүнтэй гэх мэтээр олон санал хэлсэн.