Ч.ҮЛ-ОЛДОХ
Энэ удаагийн “Ярилцах цаг”-ийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урилаа.
Зарим улстөрчид шиг бөөрөнхийлөөд байлгүй үнэнийг шулуухан хэлчихдэг энэ эрхэмтэй цаг, үеийн асуудлаас гадна манай боксчид медалийн болзол хангаад байгаа торгон агшныг тохиодуулан Монголын боксын холбоог нэгэн үе тэргүүлж, энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж явсан түүхийг нь сонирхохоор урьсан нь энэ.
-Намынхаа шийдвэрээр нэр дэвших эрхээ хязгаарлуулсан гишүүн МАН-д цөөнгүй бий. Тэдний нэг нь та. Улс төрийн гал тогоонд өрнөж байгаа үйл явдлыг гаднаас нь хэрхэн дүгнэж байгааг тань сонирхож болох уу?
-УИХ-ын гишүүн байхдаа хэвлэлээр ярилцлага өгч, түүгээр дамжуулж иргэдтэйгээ харилцдаг байлаа. Сонгуулиас хойш хэвлэлд юм ярилгүй удсан байна шүү. Тэгэхээр надаас ярилцлага авахаар, уншигчиддаа миний юу бодож, санаж явааг хүргэхээр зориод ирсэнд тань баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
2012 оны УИХ-ын сонгууль болдгоороо болж ард түмэн сонголтоо хийчихсэн. Иймэрхүү сонгууль болно гэдгийг зарим улс төрч, ажиглагч судлаачид, хэвлэл, мэдээллийнхэн нэлээд эрт хэлж байсан даа. Хэн нь ч олонхи болохгүй, МАН, АН-ын аль нь ч 39 суудал авахгүй. “Шударга ёс” эвслийнхэн тодорхой суудал авч, ИЗНН 1-2 суудалтай үлдэж, ганц хоёр бие даагч гарч ирж магадгүй гэцгээж байсан.Тэр таамгаас бараг л хазайсангүй, болох юм болдгоороо л боллоо. Одоо засаг бүрдүүлэх явц удаан байна гэцгээж байна. 2008 онд ч гэсэн засаг бүрдэхгүй зөндөө удсан шүү дээ. АН-ынхан хуралд орохгүй гээд л. Тэгж, тэгж С.Баяр дарга хамтаръя гэж албан тушаалыг нь цатгалдтал өгч байж УИХ бүрэлдэж байсан. Энэ сонгуулиар АН-ыхан дийлэнх олонхи болоогүй ч хамгийн олон суудал авсан учраас засгаа бүрдүүлэх гэж байна. МАН-тай нийлэхгүй гэсэн бодлогыг хатуу баримталж байх шиг. Тэр бол зүйн хэрэг. Хамгийн олон суудал авсан нь үнэн л юм чинь хэнтэй нийлэх, нийлэхгүй нь тэдний асуудал. Тэгэхээр манай нам огт нэгдэхгүйгээр УИХ-д байгаа намуудын мөрийн хөтөлбөрт анализ хийж, дөрвөн жил сөрөг хүчний үүргээ гүйцэтгэчих хэрэгтэй. АН-тай нийлэх албатай биш, ямар холбоод тавьчихсан биш. АН ганцаараа байна уу, өөр хэн нэгэнтэй байна уу засаг бариад үзэг. Харин 1996 оных шиг юм битгий болгочихоосой, амласандаа хүрээсэй гэх байна. Ер нь ирэх дөрвөн жилд учиргүй цэвэр цэмцгэр улс болчих дүр зураг харагдахгүй л байгаа шүү дээ. Харин ерөнхий хандлагыг нь зөв тогтоогоод өгөх чадал тэдэнд байна уу, үгүй юу. Тэгж найдахаас биш үсрэнгүй хөгжинө гэж байхгүй.
-МАН төрийн ажил гацаалаа гэсэн шүүмжлэлийн бай болж, УИХ-д бүлгээ байгуулж чадахгүй, гишүүдээ байнгын хороодод оруулсангүй сул үлдэж байна. Энэ нь тийм ч сайн үр дүнд хүргэхгүй байх?
-Манай нам хурдан бүлгээ байгуулж, байнгын хороодод хурдан хуваарилагдаж, миний түрүүний хэлснээр сөрөг хүчнээ хийчих хэрэгтэй шүү дээ. Бүлгээ байгуулж, байнгын хороодод орох эрх нь нээлттэй байгаа. УИХ-ын дарга ч тэгж хэлж байна лээ. Эсвэл, нэг их үүрэггүй юм чинь МАН заавал байнгын хороонд орох албагүй. Байнгын хороонд орсон, ороогүй нийтээрээ шүүмжлэл өрнүүлээд явж болно. Ер нь тэгээд сул гишүүд үүрэггүй байдгийг өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харсан. Аль хуулийг хэлэлцээд явах вэ, алийг нь сейфиндээ хийж гацаах вэ гэдэг хэдхэн хүний л ажил байдаг, түүндээ ч гаршчихсан байдаг юм билээ. МАН байвал ямар үүрэгтэй, байхгүй бол ямар үүрэгтэйг УИХ-д орсон гишүүд мэдэхээс би мэдэхгүй шүү дээ, миний үгээр болох биш. Харин миний бодлоор бол хуралд суухгүй байхад яадаг юм. Үг хэлээд нэмэргүй юм чинь.
-Монголын улс төрийн түүхэнд байнга шахам үнэмлэхүй олонхи болж ирсэн МАН-ын энэ удаагийн сонгуулийн дүнд гишүүд нь ямар дүгнэлт хийж байгаа бол. Тухайлбал, та?
-Сонгогчид дүгнэчихсэн байхад бид юу хэлэх вэ. Дутагдлаа хүлээж, шүүмжлэлийг хүлээж авч сурах хэрэгтэй. Шүүмжлэлийн дор ажил сайжирдаг жамтай. Хэдий чинээ шүүмжилнэ, ажил төдий чинээ сайжирна. Нэгэнт ялагдчихсан юм чинь одоо намынхаа шинэчлэлийг сайхан хийнэ биз, 2016 он ойрхон байна шүү дээ. Түүнд бэлтгэх хэрэгтэй. Наана нь орон нутгийн сонгууль байна.
-Сонгуульд нэр дэвшүүлж, бэлтгэлээ базаахдаа анхнаасаа мордохын хазгай гэгчээр хуйвалдаан, мөнгө харсан шийдлээр яах аргагүй суудал аваад ирэх хүмүүсээ золиослосон нь МАН-ыг ялагдалд хүргэсэн юм биш үү?
-Түүнийг чинь амсчихаад сууж байгаа хүний нэг би. Удирдах зөвлөлөөс надад Завхан аймагт Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу хоёрыг явуулна гэж гаргачихаад Бага хурал дээр 130 хүнийг багцалж байгаад хуйвалдаж унагаасан. Би тэрийг мэдсэн, хэн зохион байгуулсныг ч, хэн, хэн оролцсоныг ч мэднэ, Д.Балдан-Очир тэртэй, тэргүй Завханд гарахгүй, урьдчилсан судалгаагаар амласанаа биелүүлээгүй, ажил огт хийгээгүй гэдэг нь илэрхий байтал намайг Бага хурал дээр зориуд унагааж тэр нөхрийг явуулснаар миний суудлыг байхгүй болгочихсон.
-Дорнодод нам нь нэр дэвшүүлэхгүй байхад түүнийг сөрж бие даагаад ялалт байгуулсан Х.Болорчулуунтай адил шийдвэр гаргаж болоогүй юм уу?
-Манай Завханчууд намайг “Бие даагаад ч гэсэн хүрээд ир, бид таныг нэг номерт сонгоно” гэсэн. Гэвч, тэр асуудал шөнө нь явагдаад маргааш оройны 18 цагт бие даах хугацаа дууссан учраас богино хугацаанд яаж амжих вэ дээ, тэгээд өнгөрсөн. Тийм бололцоо өгөхгүйгээр хийж байгаа байхгүй юу.
-Та МАН дахь шударга, аливааг ил шулуухан хэлчихдэг цөөн гишүүний нэг. Сүүлийн үед өрнөж буй экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт ял өгсөн шүүх хурлын ажиллагааг анзаарч ажиглав уу, юу гэж үзэж байна?
-Нэг их хийж сүйд болоод байгаа ажил байх биш. Гурван өдрийн шүүх хурлын явцыг бүгдийг телевизээр харсан. Прокурор эрүү үүсгэдэг, АТГ мөрдөн шалгадаг, шүүх таслан шийтгэдэг. Ерөнхийдөө тэр зарчмаар явна лээ. Гэхдээ тэр үүсгээд байгаа хэрэг, нотлох баримт, Н.Энхбаяр даргын өгч байгаа мэдүүлэг зэргээс харахад хэрэг гэж үзэхээргүй санагдсан. Ер нь хүнийг шийтгэх, шоронд явуулах их амархан шүү дээ. Эхлээд иргэний гэдэг юм уу, захиргааны гэх ч юм уу хэрэг үүсгээд дараа нь түүнийгээ эрүү болгож өөрчлөөд тасалчихдаг. Тийм процесс хуучин социализмын, цаашилбал Оросын арга барилд байсан. Тэр өнөөг хүртэл манайд байна. Түүнээсээ салж чадахгүй байгаа юм. Тиймээс би Эрүүгийн хуулийг өөрчлөх гэж хэдэн жил зүтгээд бараагүй шүү дээ. Эрүүгийн төрөлжсөн хууль болгож өөрчлөөд, дотор нь Эрүүгийн хууль гэдэг нь ийм байна, иргэнийх нь ийм байна. Заавал эрүү болгохгүйгээр иргэний шугамаар шийдчих хэргүүдийг төрөлжсөн байдлаар ялгаж өгсөн. Эхний нэг жил хэртэй сууж боловсруулаад, олон газраас санал авч өргөн барьсан. Гэтэл сейфэнд хадгалуулсаар байгаад дууссан. Хамгийн сүүлд чуулганы нэгдсэн хуралдаанаар арай чамай хэлэлцэх, эсэхийг шийдүүлж аваад салсан. Түүнийг үргэлжлүүлээд аваад явах хүмүүс бий. АН-ынхан их ярьж байна лээ. Энэ шоронжсон хуулийг өөрчилнө гэж. Сүүлийн үед хүн хэлмэгдүүлдэгийг больё гээд байгаа шүү дээ, бид. Жижигхэн зүйлээс болж таван жил шоронд суух хэцүү шүү дээ. Гэтэл түүнийг торгуулийн аргаар шийдэж болно. Албадан хөдөлмөрөөр зохицуулж болно. 5-10 жил өгөөд байхаар шорон дүүрчихээд байна. Түүнд голдуу залуучууд өртөж байгаа нь харамсалтай. Тиймээс тэр хуулийг өөрчлөх гэж бүтэн дөрвөн жил зүтгэсэн юм.
-МАХН-ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт ял өгсөн үйл явдлаас өмнө улс төрийн томоохон лидерүүдийг яллаж байсан удаа байхгүй санагдана?
-Байхгүй.
-Бизнесийнхэнд бол байгаа байх шүү. 17 чингэлэг спиртээс өгсүүлээд?
-17 чингэлэг спиртийн хэрэг гэгчид би холбогдож байсан хүний нэг л дээ. Бас “Женко” Х.Баттулга байна. Тэр чинь одоо 1995 оны асуудал шүү дээ. Тухайн үед спирт оруулж ирэхэд тодорхой хууль байгаагүй. Бид их хэмжээгээр оруулж ирсэн гэж буруутгагдаад түүнийгээ хураалгаж, торгууль төлж шоронд орчихолгүй салсан. Хуультай холбогдуулаад ярихад манайд авлигын хэрэг, албан тушаалын хэргийг тусад нь авч үзэх ёстой. Гэтэл нийлүүлж яриад байх шиг. Эртээд Н.Энхбаяр даргыг шүүх хурлаас харагдаж байсан. Жишээ нь, Н.Энхбаяр дарга авлигатай ямар ч холбоогүй юм байна лээ, шүүх хурлын явцаас харж байхад. Гэтэл эрүү үүсгээд ял өгч шорон руу аччихаж байгаа нь ойлгомжгүй.
-Та түрүүнд завтай байгаа гэлээ. Монголчууд Лондон -2012 олимпийн наадмыг шимтэн сонирхож, тамирчдаа дэмжиж байна. Тэр тусмаа тань шиг Монголын боксын холбооны хүндэт ерөнхийлөгч, энэ спортыг эх орондоо өдий зэрэгтэй хөгжүүлэхийн төлөө хөрөнгө мөнгөө харамгүй зарж, хөлс хүчээ урсгаж явсан хүний хувьд хэдэн боксчдынхоо захыг сэтгэлээрээ мушгиад сууж байгаа байлгүй?
-1990- ээд онд манай боксынхон зах зээлийн шуурганд нэлээд уруудсан. Би 1990 оны намар талийгаач Ж.Наранцацралтаас Боксын холбоог хүлээж авч таван жил ажилласан. Холбооны ерөнхийлөгчөөр ажиллахдаа тамирчдынхаа медаль авахгүй байгаа шалтгаанд дүгнэлт хийж гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайжруулъя гэж үзсэн. Ингээд олон улсын сонирхогчдын боксын холбоотой холбоотой байя, өөрсдөө шүүгчтэй болъё гэж зорьсон юм. Тэгэхгүй бол бид тамирчдынхаа тоглолтын ур чадвар, амжилтыг хамгаалж чадахгүй, гаднын шүүгчдэд луйвардуулчихаад байсан. Манай тамирчид адилхан тоглоод байдаг, гэтэл ганц, хоёр оноогоор ялагддаг. Эцсийн эцэст нэгэнт ялагдсан л юм чинь нэг оноогоор ялагдсан, 10 оноогоор ялагдсан адилхан шүү дээ. Тэгж бодож би Баясгалан, Нандигжав, Энхбат, Мягмарсүрэн нарын дэлхийн хэмжээний дөрвөн шүүгчийг бэлдсэн. Мөн Азийн хэмжээний 13 шүүгч бэлтгэсэн. Мэргэжлийн хүмүүсийг нь урьж авчирч, сургалт зохион байгуулж, шалгалтыг нь авахуулсан. Ингээд манайх нийтдээ 20 гаруй шүүгчтэй болсон. Боксын холбооныхоо нэр хүндийг гадаад ертөнцөд нэлээд өргөж, компьютерээр бол ой санамжинд нь суулгаж өгсөн. 2008 оны Бээжингийн олимпоос манайхан медаль аваад байгаагийн бас нэг учир тэр. Мөн бокс өндөр хөгжсөн Кубын тамирчидтай хамтарсан бэлтгэл, сургуулилт хийж нягтарч ажилласан. Кубын шигшээ багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголдоо урьж хамт бэлтгэл хийж байлаа. Тэр ажил манай залууст ихээхэн нөлөөлсөн. Тэр болгоныг ярьж, тайлбарлана гэвэл цаг их орно. Ямар ч байсан үр шим нь манай тамирчдыг алт, мөнгөн медаль авахад нөлөөлсөн. Одоо ч гэсэн гарч байгаа гэж бодож байна.
-Та У.Мөнх-Эрдэнийг нэлээд дэмжиж байсан хүний нэг. Хэдэн оноос хамтарсан бэ?
-1998 оноос хойш У.Мөнх-Эрдэнийг дэмжиж ажиллаж байгаа. Манай У.Мөнх-Эрдэнэ энэ жил 30 настай. Түүнд ганцхан олимпийн медаль л дутуу байсан. Дэлхийн хэмжээнд зохиогддог боксын бусад тэмцээн, уралдаанд бүгдэд нь оролцож медаль хүртсэн. Афинаас хойш гурван олимп дараалан оролцож байгаа манай туршлагатай тамирчдын нэг. Дэлхийн аваргын хүрэл медальтай, дэлхийн цомын аварга, Азийн аваргаас эхлээд томоохон тэмцээнүүдээс дандаа алт, мөнгөн медаль хүртэж байсан. Өчигдөр шөнө би тоглолтыг нь үзсэн, Английн боксчиныг нутагт нь, рингэн дээр нь үнэхээр илт давуугаар буулгаж авлаа. Түүнд туршлага нь байна, техник нь ч байна. Ёстой аргагүй бяраар ялж байна. Н.Төгсцогт ч гэсэн Узбекстаны тамирчинтай тоглохдоо шүүгч яаж ч оноог нь дарах гээд аргагүй илт давуу, хүчтэй тоглож ялсан. Энэ бол 2000 оноос хойш манайхан уйгагүй ажилласаны үр дүн. Тэр эхлэл зөв зүйтэй үргэлжилж одоо нэгэнт бат суурьтай болсон байна. Хүрэл медалийн болзол хангасан манай хоёр боксчинд медалийнхаа өнгийг хувиргах асар их нөөц бололцоо бий. Харин энэ жил манайх шүүгчгүй орчихлоо. Уг нь дотроо шүүгчтэй орсон бол өөр байхсан. Гэхдээ манай холбооныхон ажиллаж байгаа байх. Тэгэхгүй бол тамирчдынхаа амжилтыг алдчихдаг, луйвардуулчихдаг тал бий.
-Бидний урилгыг хүлээж авч, цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Зууны мэдээ