Н.МӨНХЖИН
АНУ, Их Британи тэргүүтэй холбоотны цэрэг Ирак руу орж, Саддам Хусейний дэглэмийг түлхэн унагаснаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ ойн өдөр Багдад хотод хоёр ч халдлага болж, 50 орчим хүн амь насаа алдаад байна. Тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Их Британийн Ерөнхий сайд Тони Блэр, Испанийн Засгийн газрын тэргүүн Хосе Мария Аснар нар Вашингтонд уулзалт хийж НҮБ-ын саналыг үл харгалзан Иракийн эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргаж байсан билээ. Их Британийн лидер асан Т.Блэр Иракийн дайны талаар ВВС-д санаа бодлоо илэрхийлжээ.
“Саддам Хусейнийг түлхэн зайлуулсандаа харамсдаг уу гэж хүмүүс надаас асуудаг. Би энэ асуултад үргэлж үгүй гэж хариулдаг. Зөвхөн ард түмнээ бус, мөн бүс нутгийн ард иргэдийг алж хядаж байсан дарангуйлагчийг, мангасыг эрх мэдлээс түлхэн унагасныхаа төлөө харамсана гэж үү” хэмээн Тони Блэр Иракийг эзэлсний 10 жилийн ойгоор өөрийгөө зөвтгөн ярихдаа онцолжээ. Холбоотны цэрэг 2003 онд Иракийг эзэлснээс хойш 120 мянган энгийн иргэн амь насаа алдаад байна. “Саддам Хусейн бидний аюулгүй байдалд заналхийлж байсан. Тэр үед түүний эсрэг тэмцээгүй бол дараа нь хэзээ нэгэн цагт тэмцэх л байсан” хэмээн Т.Блэр өгүүлэв.
Саддам Хусейнийг хэзээ нэгэн цагт ард түмэн нь зайлуулах байсан хэмээн Британийн экс лидер үзэж байна. “Арабын хавар хэрхэн өрнөснийг харж байгаа биз дээ. Сирид, Ерөнхийлөгч Башар Асадад юу тохиолдож байгааг хар. Саддам яг ингэж ард түмнээ дарангуйлж, хавчин хяхаж байсан. Арабын хавар ч Иракийг тойролгүй, дайраад өнгөрөх байсан” хэмээн тэрээр ярилаа. 2003 оноос өмнө Иракт Саддам Хусейний дэглэмийн эсрэг бослого, хөдөлгөөн нэг бус удаа гарч байсан аж. Тэр үед дарангуйлагч Саддамыг зайлуулаагүй бол Иракийн байдал өнөөдөр Сирийнхээс ч долоон дор байх байсан гэдэгт Лейборист намын Ерөнхий сайд асан итгэлтэй байна.
Иракийн дайны 10 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ дайнд амь биеэ золиослосон америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэлээ. “Иракт эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, үүрэг даалгавраа гайхалтай сайн гүйцэтгэсэн 1.5 сая америк цэрэг, иргэний чин зориг, мохошгүй сэтгэлийг хүндэтгэж байна” хэмээн Б.Обама Иракийн дайны 10 жилийн ойг дурсан мэдэгдэл хийхдээ онцоллоо. Иракийн ард түмнийг олон жилийн хар сүүдрээс нь гаргаж, өөрсдийн гараар ирээдүйгээ цогцлоох боломжийг олгох үйлсэд 4500 америк цэрэг амиа өргөснийг Ерөнхийлөгч эргэн дурсчээ. 30 мянган америк цэрэг энэ дайнд шархдаж, эдүгээ шаардлагатай анхаарал, халамж, цалин шагнал авч буйг Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглэв.
Б.Обамагийн өмнөх Ерөнхийлөгч Жорж Буш 2003 оны гуравдугаар сарын 20-нд Иракийг “Томагавк” пуужингаар харвах тушаал өгснөөр Иракийг дайлаар мордох аян дайн эхэлжээ. Эл пуужингаар Багдадын өмнөд хэсэгт байрлах нэгэн фермийг онилсон нь тухайн үеийн дарангуйлагч Саддам Хусейн улс төр, цэргийн түшмэлүүдтэйгээ уулзалт хийж байсан байр байсан гэдэг.
2010 оны наймдугаар сарын 31-нд АНУ-ын арми Ирак дахь цэрэг, дайны ажиллагаагаа зогсоож, 2011 оны арванхоёрдугаар сард Иракаас сүүлчийн цэргээ татсан билээ. Тэр цагаас хойш Ирак улс хүчирхийлэл, халдлага, дэлбэрэлтийн давалгаанд живээд байна. Уул нь АНУ-ын эзэрхийллийн сүүлийн жилүүдэд Ирак дахь халдлага, дэлбэрэлт эрс багасаад байсан юм.