Н.МӨНХЖИН
АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй хэзээ ч эвлэрэхгүй, Пхеньяны цөмийн зэвсэг бүтээх оролдлогод үргэлж саад болно хэмээн Цагаан ордны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосын асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлж байна. Хойд Солонгосын түрэмгийллийг тогтоон барьж, холбоотнуудаа хамгаалж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах нь Вашингтоны гол зорилго юм” хэмээн тэрээр онцолсон байна. Америкууд Хойд Солонгосыг цөмийн гүрэн гэж хүлээн зөвшөөрөхгүй, АНУ-ын ашиг сонирхлын эсрэг хэрэглэж болзошгүй цөмийн зэвсэг бүтээхээр оролдож буйг нь зүгээр ажиглаад суухгүй хэмээн анхааруулж байгаа юм. Цагаан ордон Пхеньяныг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын эгнээнд буцааж аваачихын тулд янз бүрээр дарамт шахалт учруулсаар байх бололтой. “Энэ тал дээр манай улс хангалттай хатуу байр суурьтай байгаа” хэмээн Ж.Карни мэдэгдлээ төгсгөжээ.
АНУ-ын агаарын хүчний В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгосын газар нутаг дээгүүр хэдэн цагийн турш туршилтын нислэг хийснээс хэдхэн цагийн дараа Цагаан ордноос дээрх мэдэгдлийг хийсэн байна. Вашингтон болон Пентагон Солонгосын хойг дахь холбоотноо дэмжиж буйгаа ийнхүү илэрхийлсэн аж. Америкийн цэргийнхэн Хойд Солонгосын эсрэг пуужингаас хамгаалах системийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг Бээжингийн эрх баригчид шүүмжилжээ. “Пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийг нэмэгдүүлснээр зөвхөн өрчилдөөнийг л үүсгэнэ. Ингэснээр асуудлыг шийдэхэд тусалж чадахгүй” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хон Лэй мэдэгдлээ.
Хойд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилт хийсний дараа Солонгосын хойг дахь нөхцөл байдал дахин хурцадсан билээ. Үүний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгаж, Пхеньян, Сөүл хоёр уламжлал ёсоор бие биенээ заналхийлсэн мэдэгдэл хийсэн юм. Үүний зэрэгцээ, хойдууд Өмнөд Солонгостой тогтоогоод байсан бүх харилцаагаа тасалж, эвлэрлийн болон цөмийн зэвсгээс ангид байх гэрээнээс гарч буйгаа зарлажээ.
Пентагоны тэргүүн Чак Хейгел хэд хоногийн өмнө мэдэгдэхдээ “АНУ Европт пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах зарим санаанаасаа татгалзаж, Хойд Солонгосын аюул заналхийлэл дээр анхаарлаа төвлөрүүлээд байна” хэмээн мэдэгдсэн аж. Пхеньян үүний хариуд “Бид цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. Улс орны аюулгүй байдал, бүрэн эрхийг хамгаалах хүчирхэг илд бол бидний бүтээж буй цөмийн зэвсэг юм” хэмээн мэдэгдсэн байна.