Н.МӨНХЖИН

Венесуэлийн Ерөн­хий­лөг­чийн үүрэг гүйцэт­гэгч Николас Мадуро дө­рөв­дүгээр сарын 14-нд бо­лох төрийн тэргүүний сон­гуульд нэрээ дэвшүүллээ. Төрийн өндөр албан ту­шаалд олон жил ажилла­сан туршлага, Уго Чаве­сийн гэрээслэл, нийгмийн дэмжлэгийг тооцвол тэ­рээр Ерөнхийлөгчөөр сон­гогдох магадлал ихтэй байна.

Өндөр, бадируун бие­тэй, ажилчин ангиас га­рал­тай жинхэнэ венесуэль эр Николас Мадуро сөрөг хүчний цорын ганц нэр дэвшигч, Польшийн ев­рейн хүү, чөргөр, боловс­рол­той сэхээтэн Энрике Каприлестэй халз тула­хаар боллоо. Каприлесийг бэлгийн жам бус чиг ханд­лагатай хэмээн үндэслэл­гүй шүүмжлэх хүмүүс ч бай­даг. “Мадуро бол найр­саг, өрөвч сэтгэлтэй, жин­хэнэ ард түмний хүү” хэ­мээн Каракас дахь Эква­до­рын Элчин сайд Рамон Торрес өгүүлж байна. Ма­ду­рогийн сонгуулийн кам­панит ажил нэлээд эрт эхэлжээ. Уго Чавес өнгөр­сөн арванхоёрдугаар сард Куба руу эмчилгээнд явах­даа түүнийг орлогчоороо то­милсон билээ. Эдүгээ Венесуэлийн гудамж Бо­ли­вариан хувьсгалын улаан өнгөөр туяарч байна. Зурагт хуудас, бейсболын бөм­бөг, цамцан дээр “Soy un chavista Maduro” буюу “Би эрийн цээнд хүрсэн чавист (Чавесийн талыг баримтлагч)” хэмээх уриа бичээстэй. (maduro нь ис­паниар нас биед, эрийн цээнд хүрсэн гэсэн үг).

Николас Мадуро Мо­рос 1962 оны арваннэгдү­гээр сарын 23-нд Каракаст төржээ. Дунд сургуульд байхдаа рок хөгжим со­нир­хож, сургуулийн хамт­лагт басс-гитар тоглодог байв. Мөн энэ үеэр “Со­циа­лист нэгдэл” хэмээх зүүний үзэлтэй залуусын байгууллагад элсч улс тө­рийн замналаа эхэлсэн байна. 1980-аад оны дун­дуур Гаванад очиж Кубын Коммунист намын идэвхт­нүүдийг бэлтгэдэг сургуульд суралцлаа. Ка­ра­каст буцаж ирсэн Ма­дуро Венесуэлийн улсын их сургуульд менежмен­тийн чиглэлээр хоёр жил суралцахдаа сургуулийн­хаа маоист дугуйлангийн даргаар томилогдож бай­сан аж. Тэрээр менеж­мен­тийн чиглэлээр ажил­ла­сангүй, харин метроны машинист болж, тэнд Каракас хотын ажилчдын Үйлдвэрчний эвлэлийг байгуулжээ.

1990-ээд оны эхээр 1982 онд Уго Чавесийн санаачлан байгуулсан “Бо­ливариан хувьсгалын хөдөлгөөн 200” (MBR 200) бүлэгт нэгдлээ. Тус бүл­гийн офицерууд төрийн эргэлт хийж Засгийн газ­рын неолиберал чиг ханд­лагыг социалист бодло­гоор солих зорилт тавьжээ. Гэвч 1992 онд тэдний цэр­гийн эргэлт хийх оролд­лого бүтэлгүйтэж Уго Ча­вес шоронд оров. Н.Ма­дуро эхнэр Силиа Фло­ресийн хамтаар ирээдүйн командлагчийг шоронгоос суллуулах кампанит аж­лыг удирдаж байлаа. Ча­вес өршөөгдөж эрх чөлөө­тэй болсныхоо дараа Ма­дурог “MBR 200”-ийн удирд­лагад оруулж тэдний нөхөрлөл зузаарчээ.

1997 онд Чавес, Ма­дуро хоёр Каракасын ядуу­сыг нэгтгэсэн “Тавду­гаар бүгд найрамдах ул­сын хөдөлгөөн” нам бай­гуулж жилийн дараа бусад зүүний намтай эвсэж пар­ла­ментын сонгуульд ялалт байгууллаа. 1999 оны Ерөн­хийлөгчийн сон­гуульд ялалт байгуулсан Уго Чавес Н.Мадурог хууль сахиулах, гүйцэтгэх байгууллагын хамгийн өндөр албан тушаалд то­милох болжээ.

Уго Чавес Гаванад хам­гийн сүүлчийн хүнд мэс засалд орсны дараа түүний дэргэд очсон цо­рын ганц хамтран зүтгэгч нь Николас Мадуро бай­сан юм. Зарим нь түүнийг Чавесийн сүүдэр гэдэг бай­сан бол, тэрээр өөрөө командлагчийг “Тэр бол миний улс төрийн эцэг” гэдэг байв. Мадуро эдүгээ таалал төгссөн Ерөнхий­лөгч­тэй ойр дотно нөхөр­лөж байсны зэрэгцээ тө­рийн өндөр алба болон пар­ламентад ажилласан ихээхэн туршлагатай. Түү­ний гэргий Силиа Фло­рес өнөөдөр Венесуэ­лийн ерөнхий прокурорын албыг хашиж байна. Н.Мадуро өмнөх дэд ерөн­хийлөгч Элиас Хауа шиг хэтэрхий радикал биш бө­гөөд У.Чавесийн эдийн зас­гийн бодлогод гаргасан зарим алдааг засахад энэ чанар нь хэрэгтэй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. 2000 онд Мадуро пар­ла­ментад сонгогдож, 2005 онд дахин сонгогдохдоо спикерээр томилогджээ. 2006 онд Гадаад хэргийн сайд, 2012 онд улс орны дэд ерөнхийлөгч боллоо.

Н.Мадуро нийгмийн сайн сайхныг түлхүү ан­хаар­сан Чавесийн бод­логыг үргэлжлүүлнэ хэ­мээн амлаж байна. Тэрээр гудамжны гэмт хэрэг, ав­лигатай тэмцэх төрийн бай­гууллагыг бий болгоно гэжээ. Мадуро ард түмний дэмжлэгтэйгээр сонгуульд ялах магадлалтай ч тэр эрх мэдэлд удаан тогтож чадах уу хэмээн мэтгэлцэж бай­на. Тэрээр дээд боловс­рол­гүй нь нэг сул тал нь болж байгаа аж. Гэвч их, дээд сургууль төгсөөгүй, ажилчин Луис Инасио Лула да Сильва (Бразил), Лех Валенса(Польш) нар Ерөнхийлөгч болж байсан түүхтэй. Лула да Сильва, Лех Валенса нар үйлд­вэрч­ний эвлэлд олон жил ажилласан, зохион бай­гуулах асар өндөр чадвар­тай, ард түмний хайрыг тат­сан удирдагчид байсан билээ.

Николас Мадурог хү­мүү­сийг сонсож, гаргасан шийдвэрээ дүгнэж цэг­нэж чаддаг хэмээн үнэл­дэг. Тэрээр Гадаад хэр­гийн сайд байхдаа У.Ча­весийн ширүүн, цочмог мэдэгдлийг зөөлрүүлж, эвийг нь олдог, дипломат чанараа харуулсан билээ. Мадурод нь Уго Чавес, Че Гевара, эсвэл Фидель Кастро шиг хувьсгалч зан, чанар байхгүй, хувьсгалч­дын эрин үе ийнхүү өн­гөрлөө хэмээн хэвлэлүүд бичиж байна. Харин хувьсал хийх тал дээр Н.Мадуро хэнээс ч ду­тахгүй бололтой.