Н.МӨНХЖИН
Ядуу буурай, хөгжиж буй орнуудад тусламжийн гараа хамгийн их сунгадаг улс бол АНУ билээ. Гэвч тус улс гадаадаас эдийн засгийн тусламж авдаг нь сонирхол татаж байна. Арабын нэгдсэн Эмирт улсын Засгийн газар АНУ-ын хөгжил буурай бүс нутгуудад спортын талбай, цэнгэлдэх, олон нийтийн эрүүл мэндийн төв байгуулж, мөн компьютерээр хангах багагүй өртөгтэй төсөл хэрэгжүүлж байна. Вашингтоны гадаадаас авч буй цорын ганц тусламж нь энэ биш ажээ. Венесуэлийн Petroleos de Venezuelа корпорацийн охин компани Citgo өнгөрсөн нэгдүгээр сараас АНУ-ын хоёр мянган айл өрхийн орон сууцны халаалтыг шийдвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Венесуэльд маргаан дагуулах болжээ.Эдгээр төсөл тусламж нь АНУ-ын “Хандивлагч орон” гэсэн нэр хүндэд муугаар нөлөөлөхгүй ч хөрөнгөтэй, хөрөнгөгүй ямар ч улс орон бусдад тусламж үзүүлж улс төрийн тавцанд тоглолт хийхийг эрмэлздэгийг харуулж байгаа аж.
Далайн хар шуурга Миссури мужийн Жоплин хотыг дайрч сүйтгэсний дараа Арабын нэгдсэн Эмирт улсын эрх баригчид шинээр мэндэлсэн хүүхдүүдийн эрчимт эмчилгээний төв байгуулахад таван сая, коллежийн оюутнуудад хоёр мянган компьютер худалдаж авахын тулд нэг сая доллар хандивласан байна. Тэдний тусламж үүгээр хязгаарлагдаагүй. Хэдэн жилийн өмнө Абу Дабигийн арабууд Вашингтон дахь Хүүхдийн үндэсний төв эмнэлэгт 150 сая доллар хандивлажээ. Абу Дабигийн Засгийн газар Арабын нэгдсэн эмиратын хааны гэр бүлийн эзэмшилд байдаг Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубтэй хамтран Лос-Анжелес, Майами, Чикаго хотын хөгжил буурай бүсэд хөлбөмбөгийн талбай байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Бас Нью-Йоркийн хар арьстнууд болон болж бүтэхгүй этгээдүүд амьдардаг Харлемд битүү цэнгэлдэх хүрээлэн барьж өгчээ.
Эдгээр тусламжийн зорилго, учир шалтгаан юу вэ. Үндсэндээ АНУ-ын бодлоготой адилхан, хүмүүнлэгийн болон улс төрийн ашиг сонирхлоо хамтатгах.
“Өгөөмөр сэтгэлээр ч тусалж байгаа байх. Гэхдээ цаана нь ашиг сонирхол, нэр хүндээ бататгах, дэлхийн улс төрийн тавцанд байр сууриа бэхжүүлэх санаа явж байгаа нь ойлгомжтой” хэмээн АНУ-ын төрийн Usaid байгууллагын экс ажилтан Кэрол Ланкастер өгүүлэв. “Үүнийг нэг жижиг улс том улсад тусалж байна гэж харах хэрэггүй. Нэг найз нөгөөдөө л тусалж байгаа хэрэг” хэмээн нэмж хэллээ. Дашрамд сонирхуулахад, Арабын нэгдсэн Эмирт улс 2012 онд дэлхийн 128 улс оронд хоёр тэрбум долларын тусламж үзүүлжээ. Харин АНУ өнгөрсөн онд гадаад орнуудад 30.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байна.