Б.НЯМДОРЖ

 

Рауль Кастрогийн Зас­гийн газар “гэнэтийн цочмог эмчилгээ” хийж ард иргэдээ “элгээр нь хэвтүүлэхгүйн” тулд эдийн засгийн шинэч­лэлийг аажим, аажмаар хийсээр байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө дахин таван жилээр Кубын удирдагчаар сон­гог­дохдоо “Би одоо бүрэн эрхийн хугацаагаа дуус­гаад халаагаа өгнө” хэ­мээн парламентын инд­рээс мэдэгдсэн билээ. Дэд Ерөнхийлөгчөөр сонгогд­сон Мигель Диас-Канел Кубын дараагийн удир­дагч болно хэмээн ярьж байна. 53 настай, Кубын хувьсгалтай үе чацуу Диас-Канел Ерөнхийлөгч болвол хэрхэн, ямар шинэчлэл хийх нь хэн бүхэнд тун сонин байгаа аж. Кубын одоогийн удирдагчид эдийн засаг, нийгэмдээ бага багаар шинэчлэл хийж байгаа ч улс төрийн системээ солих бодолгүй байна.

Харилцаа холбооны систем, эдийн засгийн сул хөгжлөө Америкийн бүс­лэн хаалт, хориг арга хэм­жээтэй холбон тайлбарлах ч Кубын улс төрийн сис­темд бас учир начир байдаг л бололтой. Тус улсад интернэт бараг хөгжөөгүй гэхэд болно. Ард иргэд нь интернэт гэгчийг бараг мэдэхгүй. Төрийн бай­гуул­лагын ажилтнууд, га­даа­дын иргэд л интер­нэтийг хязгаартайгаар хэрэглэх эрхтэй. Гадаа­дын хөрөнгө оруулалттай том зочид буудлуудад интернэт кафе байх ч тэр нь хэтэрхий үнэтэй, бас удаан. “Яагаад интернэт хөгжөөгүй юм бэ” гэхээр куба иргэд “Америкийн хориг арга хэмжээнээс болоод” гэж хариулах нь бий. Гэвч Кубын эрх ба­риг­чид болохгүй бүтэхгүй гэсэн бүхнээ Америкийн хориг арга хэмжээ рүү чихээд сурчихсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүм­жил­дэг юм билээ. Хүйтэн дайны бараг сүүлчийн үлдэгдэл гэгдэж буй хориг арга хэмжээ одоо утгаа алдаж, дэлхийн улс орнууд АНУ-ын Засгийн газарт хандан энэ хоригоо даруй цуцлахыг шаардсаар  байгаа ч Вашингтон үл тоомсорлосоор. Хориг арга хэмжээ мөдхөн байхгүй болно гэдэгт куба иргэд итгэдэг. Харин тэр цагт Кубын улс төрийн сис­темд ямар өөрчлөлт орох бол...

 

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ХАМГИЙН ХЭМНЭЛТТЭЙ СИСТЕМ

Хэдийгээр өрнөдийн улс орнууд Кубын нэг намын системийг шүүм­жилж, ардчилал, олон намын систем, чөлөөт сон­гуулийг шаарддаг ч ах дүү Кастро болон бусад удирдагчид өөрсдийн үзэл бодолдоо үнэнч, тууштай хэвээр байна. “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг шиг Гаванын эрх бариг­чид өөрс­дийн систем, дэг­лэмээ зөв гэж боддог байх. Кубад сонгууль болоход сурталчилгааны кампанит ажил гэж болдоггүй. Тухайн тойрогт дэвшсэн хүн нь сонгуулийг тойрог, хороон дээр намтраа, зураг­тайгаа өлгөчихдөг гэж байгаа. Өөр суртал­чилгаа энэ тэр байхгүй. Манайхан шиг мөнгийг сая, тэрбумаар нь сон­гуулийн сурталчилгаандаа зарцуулна гэж байхгүй. Энэхүү хэмнэлттэй, амар су­рталчилгааны сис­темийг нь манайх аваад хэрэгжүүлчихвэл зүгээр ч юм шиг. Жишээ нь, Баян­гол дүүргийн нэгдүгээр хороонд нэр дэвшсэн Бат, Сүрэн нар янз бүрийн орц, хаал­ган дээр ухуулах хуудас, плакат нааж, цагаан хоо­лойгоор дуу тавьж, уулзалт энэ тэрд урина гэхгүй, орой бүр зурагтаар хөтөл­бөрөө ярьж, эсрэг талынх­наа муулж, гүтгэж сон­гогч­дыг залхаахгүй. Зү­гээр л сонгуулийн хэсгүүд дээр намтар, цээж зураг нь наалттай. Сонгогч намт­рыг нь уншиж, гэгээн дүрийг нь хараад л “За, Батад саналаа өгье” гээд л гүйцээ. Зүгээр биш гэж үү, хэ хэ..

Сүүлийн үед Хайнань, Сингапур, Жэжү рүү зав­сар зайгүй аялах болсон монголчуудын зам Куба руу эргэнэ гэдэгт итгэж байна. Одоохондоо ганц­хан Оросын “Аэрофлот” шууд нислэгтэй, тэр нь хамгийн хямд гэж байгаа, өөр шууд нислэг алга. Тэр нь бас дундаж монгол иргэнд ахдахаар үнэтэй (УБ-Москва-Гавана-Москва-УБ нислэгийн үнэ гурван сая 300 мянга). Тавдугаар сард Turkish Airlines УБ-аас Туркээр дамжсан шууд нислэг Гавана руу хийж эхлэх юм байна лээ. Энэ мэтээр өрсөлдөөн гарч, нис­лэ­гийн үнэ хямдарвал ма­най­хан Куба руу хөвөрнө биз. Аялагч, жуулчдын хувьд бол Куба үнэхээр сонирхолтой, үзэж харах юм ихтэй. Хүн төрөлх­төний үнэт өвд багтсан, Испа­нийн колоничлолын үед баригдсан Хуучин Гавана, цагаан элстэй Варадеро амралтын газар гээд л. Варадеро бол далай руу түрж орсон 20 гаруй км үргэлжлэх хошуу. Цагаан элстэй эргийг нь дагаад юу байна, амралт, зочид буудал л байна. Хямдаасаа аваад үнэтэй хүртэл янз бүрийн үнэтэй, далайн эрэг дээр байж болох бүх л зугаа цэнгээ, усанд шумбалт, далайн гахайн тоглолт, завины аялал зэрэг бүх юм бий.

Өрөөгөө жуулчдад тү­рээсэлдэг айлууд ч зөндөө. Энэ нь хямдхан бөгөөд тун тохилог. Эзэд нь тун найр­саг. Кубууд ер нь их найр­саг хүмүүс. Зам, гудамж асуухаар тун дуртай хэлж өгнө. Тэр тусмаа хөгшин хүмүүс нь тун ч найрсаг, манайд орж кофе уу гэж урина. Куба хүмүүс гэс­нээс куба хүүхнүүдийн тухай ярихгүй өнгөрвөл алдас болно биз. Монгол хүүхнүүдийн хүслэн бол­сон нөгөө алим шиг өгзөг куба хүүхнүүдэд зүгээр л бурхнаас заяасан гэлтэй. Цагаан, хар, бүр жаахан охид хүртэл гоолиг, туранхай мөртлөө яг л алим шиг өгзөгтэй. Нөгөө сальса, меренге бүжгээ хийсээр байгаад тийм болчихдог юм уу, бүү мэд.

 

НАВЧИН ТАМХИ САНАЛ БОЛГОГЧ “НОЙТОН ХАМУУНУУД”

Хуучин Гаванын барилга байшин нь их шигүү. Эртний, уран гоё хийц, түүхтэй барилга байшингаа одоо ид засч, сэргээж байна. Гудамж талбай нь жуулчин, хүн ихтэй. Эртний уран барилга, гудамж, алдартай уушийн газар, музей ихтэй хуучин Гаванад нэг хэцүү юм бий. Тэрүүгээр явж байгаад куба хүнээс гудамж, хаяг асуух юм уу, эсвэл “Хэй, амиго, сайн уу. Та аль улсаас ирсэн бэ” гэж асуухад нь “Сайн” гээд хариулах л юм бол нөгөөх чинь “За, навчин тамхи сонирхох уу. Худал­даж ав гэж тулгахгүй. Зүгээр ийшээ ороод үзчих” гээд л салахгүй шалж гарна даа. Нэг залуу навчин тамхи байна гэ­хээр нь сонирхоод “Ямар үнэтэй юм” гэж асуулаа.

-Хямдхан, хямдхан. Энүүхэн энд, Капитолын (АНУ-ын Вашингтон дахь Капитолын ордонг дуу­райлган барьсан Гавана дахь түүхт барилга) ард навчин тамхины үйлдвэр байдаг юм. Хажуугийн гудамжинд нь ажилчид нь амьдардаг. Засгийн газ­раас сардаа нэг удаа ажилчиддаа хэдэн хайрцаг тамхи өгч тал үнээр нь зарах боломж олгодог юм. Өнөөдөр тэр өдөр нь. Одоо дөрвөн цагт тэр худалдаа нь хаагддаг. Сардаа нэг удаа таардаг өдөр та таарчээ, азтай байна- гэв.

За, яахав, очиж үзье гэж бодоод дагаад явлаа. Тэгсэн нэг байрны орц шиг юмаар орж нэг айл руу яваад орчихов. 40 орчим насны бор залуу гэрийнхээ гал тогооны ширээн дээр Cohiba, Romeo Julieta, MonteCristo зэрэг хамгийн алдартай брэндийн навчин там­хи­нуудыг гоё гоё хайрцагтай нь тавьжээ. Нөгөө залуу “За, жинхэнэ ориг навчин тамхи ийм байдаг. Хайр­цаг сав нь ийм гоё, тамга тэмдэг, шошготой. Нэг хайрцагтаа 25 ширхэг байдаг. Сайн, чанартай навчин тамхийг гараараа, алганыхаа хоо­ронд ингэж имэрч гүйлгэ­вэл доошоо үйрмэг тамхи доошоо унадаггүй юм” гээд л үзүүлж байна.

-Тэгээд ямар үнэтэй юм бэ?

-За, энэ бол Фидель Кастро, Жон Кеннеди нарын татах дуртай байсан Cohiba брэнд 210 доллар. Үйлдвэрийн үнэ нь 380 доллар. Засгийн газраас нэг удаа ингэж хямдруулж зарах боломж олгодог юм. Та энэ боломжийг алдаж болохгүй - гээд л ярьж өгч байна аа.

-Уучлаарай, би энд ирээд дөнгөж нэг хонож байгаа болохоор үнэ энэ тэрийг сайн мэдэхгүй байна. Эхний өдрөө тамхи авахгүй. Буцахынхаа өмнөх өдөр л авна. Тэгээд ч таны навчин тамхи надад үнэтэй санагдаж байна.

-Найз аа, энэ ганцхан боломж шүү.

-Уучлаарай, би одоо авч чадахгүй нь.

-Ээ, за яахав, 180 доллараар ав.

-Үгүй ээ, би дөнгөж эхний өдрөө явж байна.

-Чи манай гэр бүлд туслахгүй юм уу, найз аа. Энийг худалдаж авч манай гэр бүлд туслаач (Ингэж хэлэнгээ хажуу­гаар нь гүйх жаахан охиноо зааж байна)...

-Уучлаарай...

-Чи тэгээд манай гэр бүлд туслахгүй юм биз дээ-гэж нойтон хамуу царайлав.

-Уучлаарай - гээд гэрээс нь гартал,

-Чи наад залуудаа мөнгө өг - гэв.

-Намайг энд дагуулж ирлээ гэж мөнгө өгөх юм уу?

-Анха...

 Жаахан мөнгө өгсөн болоод салав. Жуулчдыг ажиглан зогсох куба за­луус шууд л навчин тамхи яриад унах юм. “Алив, ийшээ ороод үзчих” гээд л бараг л чирч, гулдрах нь холгүй. Сүүлдээ бүр хүмүүсээс гудамж, хаяг асуухаас халширч байна. Гэтэл нө­гөө сардаа нэг удаа Зас­гийн газраас брэндийн навчин тамхийг хямдхан зарах зөвшөөрөл өгдөг гэ­дэг нь худал болж таарлаа. Жуулчдыг тэгж молигоддог бололтой. Өөр гудам­жинд таарсан залуус нөгөө л Cohiba-г худалдаж авахыг санал болгож үнэ нь бүр 70 доллар болж буурчээ. Гэхдээ дэлгүүрт бол үнэхээр үнэтэй юм байна лээ. 350-500 доллар. Гэвч “сайхан гарууд” үйлд­вэрээс нууцаар гар­гаад ийнхүү албан ёсны үнээс нь хямдхан зараад байдаг аж. Куба иргэн бүрт навчин тамхины үйлдвэрт ажилладаг хамаатан са­дан, танил нөхөд байдаг гэж үнэн бололтой. Болол­той ч юу байхав үнэн юм байна.

 

У.ЧАВЕСААС ХОЙШ КУБА ЯАХ БОЛ

Кубад байх үеэр Венесуэлийн Ерөнхий­лөгч таалал төгслөө хэмээн зарлаж, куба иргэд бүгд зурагтныхаа өмнө шав­жээ. Гаванын эрх бариг­чид хамгийн сайн итгэлт андаа таалал төгслөө хэмээн долоон өдрийн гашуудал зарлаж, улс орон даяар бүх далбаа, тугийг дунд нь хүртэл буулгасан байв. “Кубад жинхэнэ өгөөмөр сэтгэлээр харам­гүй тусалж байсан Уго Чавес байхгүй боллоо. Одоо Кубад байдал эргээд хэцүүднэ дээ” хэмээн ярих куба иргэд цөөнгүй тааралдана. Үнэхээр У.Чавес Венесуэлээс Куба хүртэл далай доогуур хэдэн мянга км урт харил­цаа холбоо, интернэтийн шилэн кабель татаж, нефть болон бас бус зүй­лээр харамгүй тусалж байсан. Гавана ч хариуд нь шилдэг эмч, багш бо­лон бусад мэрэгжилтнүү­дээ илгээж, хариу тус хүргэж иржээ.

Венесуэлийн төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь Кубад бэлэглэж байна хэмээн Венесуэлийн сөрөг хүчнийхэн ихээхэн шүүмжилдэг. Одоо тэгж тусалж байсан, дэндүү өгөөмөр анд найз нь байхгүй болжээ. Түүнийг залгамжлагчид Кубатай тогтоосон хамтын ажил­лагаа, тусламжаа хэвээр нь үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн ч үүнд нь куба иргэд тэгж их итгэхгүй байгаа аж. “Тэд адилхан тусласаар байна гэж байгаа ч Уго Чавес шиг байж ча­дахгүй” хэмээн куба иргэд өгүүлж байна. Сар гаруйн дараа болох Венесуэлийн Ерөнхийлөг­чийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялалт байгуулвал Кубын хувьд байдал хэрхэн эргэх нь тун бүрхэг.

ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ ХЭДИЙ БОЛТОЛ ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

Куба гэвэл АНУ-ын бүслэн хаалт, хориг арга хэмжээний тухай ярихаас аргагүй. 50 гаран жил болж байгаа энэхүү Хүй­тэн дайны сүүлчийн үлдэгдэл болон хоцорсон хориг эдүгээ утгаа алдаж, дэлхийн улс орнууд дуу нэгтэй цуцлахыг шаард­саар байна. 1992 оноос хойш НҮБ дээр жил Кубын эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын хориг арга хэмжээг цуцлахыг шаард­сан тогтоолын төслийг хэлэлцүүлж санал хурааж ирсэн юм. Анх энэ тог­тоолыг 59 орон дэмжиж, хориг арга хэмжээг даруй цуцлахыг АНУ-аас шаар­даж байсан бол, дэмжигч орнуудын тоо жил бүр нэмэгдсээр эдүгээ НҮБ-ын гишүүн 187 орон Кубын эдийн засгийг боомилж, ард түмнийг нь хохироосоор байгаа хориг арга хэмжээг эсэргүүцэн нэгдээд байна. Монгол улс дээрх тогтоолыг анхнаас нь дэмжсээр ирсэн юм.

Хориг арга хэмжээний улмаас Кубын тал 800 тэрбум долларын хохирол амсаад байгаа гэсэн тоо­цоо байдаг. Эдүгээ АНУ-д ч хоригийг цуцлах хөдөл­гөөн, шаардлага нэмэгд­сээр байна. Гэвч хоригийг цуцлах нь ихэд амаргүй бололтой. Майамид амь­дардаг куба иргэд Америкийн улс төрд нөлөө, лобби ихтэй байдаг аж. Хориг арга хэмжээ хэдийн болтол үргэлжлэх вэ, АНУ-ын хэн гэдэг Ерөнхийлөгчийн үед хориг цуцлагдах вэ гэдэг тун сонирхолтой сэдэв. Ямар ч байсан куба иргэд хориг мөдхөн цуцлагдана гэдэгт итгэсээр байна. Вашинг­тон болохоор “Гаванын эрх баригчид ардчиллыг хөгжүүлж, чөлөөт сон­гууль явуулсан цагт хори­гийг цуцлана” гэдэг бол, ах дүү Кастро социализм, нэг намын системдээ үнэнч хэвээр байсаар. Ердөө хамар дор нь байдаг арлын жижигхэн улс өөрсдөд нь захирагдалгүй, хувьсгал энэ тэр хийж, дийлдэлгүй, гөжүүдэлсээр байдагт Сэм авга дургүй байдаг бололтой. Хүйтэн дайны сөргөлдөөний үлдэг­дэл болон хоцорц, аль хэдийнэ “моодноос гарсан” Кубын эсрэг бүслэн хаалт, хориг арга хэмжээ мөдхөн цуцлагдах болтугай гэсэн хүслээр сэтгэлд үргэлж ойр арлын, эрх чөлөөний Куба орон­той танилцсан тэмдэг­лэлээ өндөрлөе.

Гавана, 2013 он, гуравдугаар сар.