Б.БАРС
Холливудын аварга халимнуудын нэг болох “Warner Bros” кино студи болон “Арго” киноны уран бүтээлчдийг Ираны эрх баригчид шүүхэд өгөхөөр болжээ. Иранд 1979 онд болсон лалын хувьсгалын үйл явдлыг “Арго” кинонд үнэнээс хол зөрүүтэйгээр дүрсэлсэн гэж үзэн ийнхүү Тегеран Холливудтай “үзэлцэх” нь.
Шүүх дээр Ираныг Францын өмгөөлөгч Изабель Кутан-Пэйр төлөөлөх аж. И.Кутан-Пэйр гэх өмгөөлөгч энэ эмэгтэй олон улсын зартай алан хядагч Ильич Рамирес Санчесийн эхнэр байсан нэгэн. И. Рамирес Санчес хоёр ч удаа бүх насаараа хорих ял авч байсан аж. Үүнээс гадна И.Кутан-Пэйр 2011 оны есдүгээр сарын 1-ний террорист халдлагыг зохион байгуулагчдын нэг Закариас Муссауигийн өмгөөлөгчөөр ажиллажээ. З.Муссауи шүүхээс бүх насаараа хорих ял сонссон билээ.
Бен Аффлекийн найруулсан, шилдэг киноны номинацид “Оскар”-ын шагнал авсан “Арго” нь улс төрийн триллер кино бөгөөд баримтат үйл явдал дээр үндэслэгдсэн гэдэг. 2012 оны есдүгээр сард дэлгэцнээ гарч, “Оскар”-аас гадна “Алтан бөмбөрцөг”, “БАФТА”-гийн шагнал хүртсэн энэ кинонд 1979 оны Иран дахь үйл явдлын үеэр АНУ-ын зургаан дипломатчийг аврах ажиллагааны тухай өгүүлдэг юм. 45 сая ам.долларын зардлаар бүтсэн энэ кино түүнчлэн үзэгчдийн сонирхлыг ч татан 220 сая ам.долларын орлого олжээ. Ираны кино театруудаар “Арго” гараагүй нь ойлгомжтой.
Гэхдээ киног бүтээгчдийг шүүхэд өгөхийн тулд Ираны эрх мэдэлтнүүд кино шүүмжлэгчдийн хамт “Арго”-г хаалттайгаар хэд хэдэн удаа үзжээ. “Арго”-г дэлхийн киноны нэр хүнд бүхий томоохон шагналуудад нэр дэвшүүлж эхэлсэн цагаас л эл бүтээлийг Иранд түүхэн үнэнийг гуйвуулсан гэж мэдэгдэж эхэлсэн юм. Тэр ч бүү хэл Ираны найруулагч “Арго”-д хариу цохилт өгөх “Ерөнхий штаб” киноны зураг авалтыг эхлүүлсэн тухайгаа энэ оны эхээр мэдэгдэж байв.
1979 оны үйл явдлын үеэр АНУ-ын ЭСЯ руу дайрсан жагсагчдын дунд байсан Тегераны Хотын зөвлөлийн гишүүн Мазумех Эбтекар “Арго”-г үзсэнийхээ дараа жагсагчдыг хэтэрхий харгис хэрцгий дүрсэлснийг тэмдэглэсэн юм. Иранд түүнчлэн “Оскар”-ын гол шагналыг чухамхүү “Арго”-д олгосон нь, шагналыг АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама гардуулсан нь яалт ч үгүй цаагуураа улс төрийн зорилготой гэж үзсэн юм.
Ер нь хоёр талын маргаантай сэдвээр бүтээсэн кинонуудыг ашиг сонирхол нь хөндөгдсөн улс оронд дэлгэцнээ гаргахыг хориглодог нь түгээмэл үзэгдэл. Жишээ нь Английн жүжигчин Саша Коэний казах сэтгүүлчийн дүрийг бүтээсэн 2006 оны “Борат” киног Казахстан гаргахыг хориглож байсан юм. Улс төр рүү хальсан Холливуд, Казахстаны тэмцэлд ОХУ, Украин, Белорус, зарим лалын орон нэгдэж “Борат”-ыг кино театруудаараа гаргаагүй билээ.
Урлаг, улс төр холилдсон Холливуд Ираны энэ “дайн”-д ялагч тодрох нь юу л бол.