Б.НЯМДОРЖ

Өнгөрсөн онд Куба улс 2.8 сая гадаадын жуулчин хүлээж авчээ. Энэ нь 2011 оныхоос 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Улс орны эдийн засагт орлого оруул­даг гол эх үүсвэр нь аялал жуулчлал. Мөн навчин тамхи, ром дарс (ron cubano) төсөвт ихээхэн нэмэр болно. Энэ жил гадаад жуулчдын тоог гур­ван саяд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн жил Кубад нэг сая илүү канад жуулчин зочилжээ. Канадууд хоёр жил да­раалж ийм рекорд тогтоож байгаа аж. Тэгээд араас нь Аргентин, Орос, Перу, Колумб, Хятад, Бра­зилийн жуулчид хамгийн олон ирдэг байна. Сүүлийн үед монголчууд ч бас Куба орныг сонгон зорчдог болж. Цагаан сарын үеэр хөгж­мийн зохиолч Л.Балх­­­жав, жүжигчин Х.Урнаа тэргүү­тэй хэсэг нөхөд Кубаар аялсан сураг дуулдав. Мөн Америк, Канад зэрэг хол бус оронд ажиллаж, амь­дардаг монгол­чууд Кубад ирж амарчихаад буцдаг болсон гэж байна.

Кубын Засгийн газ­рын тэтгэлгээр 24 монгол оюутан шүдний эмч, спор­тын дасгалжуулагч, архи­тектур зэрэг мэргэжлээр суралцаж байна. Байр, хоол цаанаасаа, сардаа таван долларын тэтгэлэг­тэй. Монголдоо байдаг шиг оюутнууд наргиж цэнгэж, баар сав хэсч явдаггүй, тийм боломж ч байдаггүй юм байна. Хоо­рон­доо уулзах нь бас хо­вор, хааяа нэг Монголын тэмдэглэлт баяраар Элчин сайдын яаман дээрээ цуглаж, хөгжилддөг аж. Тиймээс Кубад сурдаг монголчууд бодож санах юмгүй хичээлдээ шамд­саар төгсдөг, тэр тусмаа дэлхийн хаана ч голог­дохгүй шилдэг мэргэ­жилт­­­нүүд болоод ирдэг ажээ. 

Кубад суух Элчин сайд О.Даваасамбуу хоёр улсын харилцаа, хамтын ажил­лагааг өргөжүү­лэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа аж. Кубын анагаах ухаан, боловс­ролын систем дэлхийд алдартай. Куба дахь мон­гол оюутны тоог нэмэх, зөвхөн Засгийн газрын тэтгэлгээр бус, мөн төл­бөр­тэй, ховор, нарийн мэргэжлээр суралцагчдын тоог нэмэгдүүлэх, монгол жуулчдыг аяллын багцад хамруулан хямдрал үзүү­лэх, Куба дахь эмчилгээ­ний аяллыг монголчуу­дад сурталчлан хөгжүүлж, оролцуулах, спортын өндөр амжилт гаргадаг сургалт, арга барилаас нь суралцах зэрэг дээр манай тал тодорхой санал тавь­чихаад байгаа аж. Дөрөв­дүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт Гавана хотод болохоор төлөвлөжээ. Энэ уулзалтаар хамтын ажил­лагааны шинэ гэрээ хэлэлцээг батлах, өргө­жүү­лэхээр бэлтгэж байгаа аж. Испани, Латин Америк буюу испани хэлт ертөнцөөс ганцхан орны Элчин сайдын яам Мон­голд байдаг нь Кубынх билээ. Латин Америкт Монголыг төлөөл­дөг ганцхан Дип­ломат төлөөлөг­чийн газар байдаг нь бас л Кубад. Сүү­лийн үед Латин Америкийн орнуу­дын Монголыг сонирхох, хамтын ажиллагааг хөг­жүүлэх сонирхол нь илт нэмэгдэх болсныг Элчин сайд онцолж байв.

 

КУБЫН ЭРХ БАРИГЧДЫН АЛГУУР, БОЛГООМЖТОЙ ШИНЭЧЛЭЛ

 

Фидель Кастро 2006 онд эрүүл мэндийн улмаас дүү Раульдаа эрх мэдлээ шил­жүүлж өгснөөс хойш Зас­гийн газрын төв хэвлэл “Гранма”-д “Эргэцүү­лэл”-ээ тэрлэн суух бол­сон юм. Нэг хэсэг эрчтэй бичиж, нийтлүүлж байс­наа сүүлийн үед цөөрч, бараг бичихээ больжээ. Дүү Рауль Кастро нь Кубын нэгдүгээр хүн болс­ноосоо хойш ЗХУ задарс­ны дараа нурж унаад бай­сан эдийн засгаа сэргээ­хээр үе шаттай шинэчлэл хийж байна. Кубад одоо л хувийн өмч дөнгөж хөг­жиж байна. Раулийн Зас­гийн газар жижиг, дунд тариачдад газрыг нь эзэм­шүүлж, тариа, ногоогоо тарьж, зах дээр худалдах эрхийг нь олгожээ. Мөн хоёр жилийн өмнөөс иргэд орон сууц, автомашинаа худалдах, худалдан авах эрхтэй болсон юм. Аме­рикийн хориг арга хэм­жээ­н­ий улмаас гадаад орнууд харилцаагаа хөгжүү­лэхээс дөлж байх үед угийн уламжлалт сайн харилцаатай Испани улс зориглон хөрөнгө оруулж том зочид буудлууд барьжээ. Украин, кана­дууд ч аялал жуулчлалын салбарт чамгүй хөрөнгө оруулж байна. Ром дарсны хамгийн алдартай “Hava­na club” брэндийг гэхэд л Францын нэгэн компани, Кубын Засгийн газар хоёр хамтран эзэмшдэг байх жишээтэй. Гурван жи­лийн өмнөөс куба иргэд орон сууцныхаа, нэг дав­хар­таа дэлгүүр, цайны газар ажиллуулах эрхтэй болжээ. Эдүгээ куба иргэд Панам, Гаити зэрэг улс руу ганзагын наймаанд явж “гахай дарж” ирдэг гэж байна. Газрыг тариач­дад эзэмшүүлж байгаа ч улсын өмч хэвээрээ.

Рауль Кастрогийн дэг­лэм саяхан нэг томоохон шинэчлэл хийсэн нь Цагаач­лалын шинэ хууль юм. Куба иргэд гадаадад зорчихын тулд заавал нөгөө талын урилга, мөн Засгийн газраасаа гадаад руу аялах зөвшөөрөл авдаг байсан. Нөгөө талын урил­гатай ч энэ зөвшөөрлийг Засгийн газраасаа авч чадахгүй бол гадаадад зорчих боломжгүй байсан. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нөөс хойш энэ хоёр шаардлагыг байхгүй болгожээ. Гадаад паспор­тоо аваад тухайн зорчих гэж буй орныхоо визийг даруулчихвал “Та яв яв” гэдэг болсон аж. Цагаач­лалын шинэ хууль бат­лагд­саны дараа куба иргэд гадаад паспорт авахаар иргэний бүртгэлийн га­зарт, виз авахаар гадаадын Элчин сайд, консулын газарт дугаарлан зогсох болжээ. Гэвч гадаад улс орнууд куба иргэдэд виз олгохдоо улам чанга шаардлага тавьдаг болсон, ер нь кубуудад виз өгөх дургүй болсон гэж ярьж байна. “Бид нарыг очоод үлдчихнэ гээд виз өгөхөө бүр больсон” хэмээн зарим нь ярьж байлаа.

 

МОНГОЛД ИРЖ АМЬДРАХ ХҮСЭЛТЭЙ КУБА ИРГЭД ЦӨӨНГҮЙ БАЙНА

 

Шинэ хууль гарсны дараа Монгол руу зорчих куба иргэдийн тоо ч өсөх хандлагатай болсныг Гавана дахь манай Элчин сайдын яамныхан өгүүлж байв. “Монголд байр, сав ямар үнэтэй вэ, цалин хэд вэ. Зоогийн газар нээвэл хэдэн төгрөг шаардлагатай вэ” хэмээн асуун сонир­хох гурван ч залуутай таарлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө Монголд ирж суурьшаад, одоо “хөл дээрээ бат зогсож”, хувийн бизнес, ресторан энэ тэртэй болсон кубууд нэлээд байдаг болохоор тэдний араас замнах сонир­холтой хүмүүс байх нь ойлгомжтой. Монголд ирэх хүсэл байдаг ч хэл мэдэхгүй, мөн онгоцны зардал нь үнэтэй болохоор хэцүү байдаг бололтой. Гэхдээ л кубууд бол үнэ­хээр сэргэлэн, ялангуяа бизнест толгой нь дэндүү сайн ажилладаг хүмүүс дээ. Амьдралын хэцүү, хомс, тарчиг нөхцөлд амьдраад, тэсч үлдээд сурчихсан хүмүүс чинь элбэг дэлбэг, эрхэлчихсэн бусдыг бодвол шал өөр байдаг бололтой. Гадаадад гарсан кубууд яаж, ийж байгаад л арга эвийг нь олоод л хэдэн жилийн дараа “хөл дээрээ босч”, шаггүй хувийн бизнестэй болчих­сон явж байдаг. Кубуудын энэхүү сэргэлэн зан, онцлогийг өрнөдийнхэн бүгд хүлээн зөвшөөрдөг юм. Дээхэн үед Америк, Испани руу гарчихсан куба иргэдийн ихэнх нь хувийн компанитай, биз­нес­тэй болчихсон байдаг. Кубын хойд эргээс 160-хан км-ийн зайд орших Майами хотод гэхэд л 1.8 сая куба иргэд амьдардаг. АНУ-д амьдардаг латин гаралтай (испани хэлтэй) толгой баячууд, бизнес­мэнүүдийг жагсаахад эх­ний 100 байрны 80-ыг куба гаралтай иргэд эзэлдэг ажээ.   

 

КУБА ИРГЭН БҮРТ АМЕРИКТ АМЬДАРДАГ ХАМААТАН БАЙДАГ

Кубын дундаж цалин 20-50 доллар. Навчин там­хи, ром дарсны үйлдвэр, аялал жуулчлалын салбарт ажилладаг нөхөд арай илүү цалин авдаг бололтой. “Та нар ийм бага цалин аваад яаж амьдардаг юм” гэхээр “Бид хуулийн дагуу амьдарвал чадахгүй, тийм боломж ч байхгүй” гэх юм билээ. Таксины жолооч нар нь бензинээ хууль бусаар “гар дээрээс” авдаг. Танилцсан куба айлын хөргөгчинд ун­даа­ны саванд хийчихсэн шаргал ундаа өрөөстөй байсныг асуувал “Шар айраг, үйлдвэрийн шар айргийг задгайгаар нуу­цаар гаргаад ингэж сав­лаад зардаг, хямдхан” гэнэ. Ром дарсыг ч ингэж хулгайгаар зардаг юм байна лээ. Ер нь ийм контрбандын сүлжээ дэлгэрчихсэн, түүнийгээ дагаад авлига бас л байдаг бололтой юм.

Үүний хажуугаар гадаадад, тэр тусмаа АНУ-д амьдардаг хамаатан, садангуудаас нь ирдэг мөнгөн илгээмж, гуйвуулга куба иргэдэд ихээхэн тус нэмэр болдог ажээ. Төс­вийн гол орлогыг бүр­дүүл­дэг аялал жуулчлалын салбар, навчин тамхи, ром дарсны үйлдвэрлэл дээр Америкаас голдуу ар гэрийнхэндээ илгээдэг мөнгөн тусламж орно. Кубад америк долларыг үндэсний мөнгө рүү хөр­вүү­лэхдээ 18 хүртэл ху­вийн шимтгэл авдаг. Америк дахь куба иргэ­дээ­с ар гэрийнхэндээ ил­гээсэн мөнгөнөөс Засгийн газар нь өндөр хувь аваад төсөвтөө нэмэрлэчихдэг. Хэдий хэмжээний гэр бүлийн мөнгөн гуйвуулга гадаадаас орж ирдгийг Гаванын Засгийн газар нууцалдаг ч жилд 800 саяаас нэг тэрбум 500 сая долларын мөнгөн илгээмж орж ирдэг гэсэн тооцоо бий. Куба иргэн бүрт Америкт амьдардаг ямар нэг хамаатан садан, ах дүү байдаг гэж үнэн ажээ.  

Кубад одоо ч картын систем нь хэвээрээ. Айл бүр сардаа нэг удаа кофе, тамхи, хүнсний ногоо, талх, угаалгын нунтаг, саван зэрэг нэн тэргүүний хэрэгцээт зүйлээ картаар, маш хямдаар авчихдаг. Бүтэн сайнд задгай зах дээр гардаг хүнсний ногоо, жимсний худалдаа куба песогоор тооцоо хийнэ. Тариачид, үйлдвэрлэгчид зуучлагчгүйгээр, шууд авчирч зардаг эдгээр жимс, ногоо нь “Арай ч дээ” гэмээр хямдхан. Бүгд органик, жинхэнэ бай­галийн цэвэр бүтээгдэ­хүүн гэдэг чинь тэнд л байна. Тарихгүй, байхгүй жимс ногоо ч гэж алга. Тэгээд дээр нь ямар ч шатны боловсрол, эмнэ­лэг, анагаах нь үнэгүй байдаг нь атаархмаар. Кубыг ядуу тарчиг, хөөр­хий гэдэг ч сайн тал маш их. Баян, чинээлэг бус ч сайхан сэтгэлтэй, хөгжиж цэнгэж чаддаг. Орой гэр­тээ бөөнөөрөө цуглаад л дуу хөгжмөө тавиад, ром дарсаа шимэн цэц булаал­д­аж буй залуус, өдөр ч, орой ч гэрийнхээ гадаа, замын гэрэлд ширээгээ дэлгэн даалуу нүдэн, чангаар маргалдан тоглож суугаа хөгшчүүд, Мале­кон хэмээн далайн хам­гаа­лалтын далан дээр суун романтиклаж, тэврэлдэн суух хосуудыг харах үнэхээр таашаалтай.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.