Б.БАРС
Энэ жил Солонгосын хойгийн дайн зогссоны 60 жилийн ой тохиож буй. Гэтэл өвөө аав хоёрынхоо араас БНАСАУ-ын төрийн тэргүүнээр өргөмжлөгдсөн Ким Чен тус хойгт ээлжит удаагаа хурцадмал байдал үүсгэлээ. БНСУ АНУ-тай хамтарч цэргийн хээрийн сургууль хийж эхэлсний хариуд Пхеньян АНУ-д цөмийн дайралт хийж болох тухай мэдэгдэв. Үүгээр зогсолгүй хоёр Солонгосын гал зогсоох тухай 1953 оны гэрээнээс дангаараа татгалзах болсноо зарлаад байна.
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийхдээ, “АНУ цөмийн дайныг өдөөн асаахыг эрмэлзэж буй энэ үед бид өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах үүднээс дайсны штабуудад цөмийн урьдчилсан цохилт өгөх эрхээ эдлэхэд бэлэн” гэжээ. Ийм мэдэгдэл хийх болсон шалтгаан нь дээр дурьдсанчлан БНСУ, АНУ-ын хамтарсан хээрийн сургууль хийж эхэлсэн явдал аж. Энд тэмдэглэхэд, энэ сарын 1-нээс эхлээд дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх тус хээрийн сургууль дэлхийн хамгийн далайцтайд тооцоогддог байна. Хээрийн сургуулийн үеэр хамтрагч талууд хамгаалалт төдийгүй давшилтын ажиллагаануудыг туршин сургуулилдаг ажээ.
Жил бүр болдог энэ хээрийн сургуулийг БНСУ, АНУ хойд хөршөөс заналхийлэх явдал эрс нэмэгдсэнийг урьдчилан тогтоох зорилготой гэж мэдэгддэг бол Пхеньян эсрэгээр, улс оронд нь халдан довтлохыг бэлдэж байгаа хэрэг гэж үзэж байгаа юм. Пхеньян тун удахгүй улс орон даяараа бүх цэргийн хээрийн сургууль хийхээр бүх бэлтгэлээ базаажээ. Тэрхүү хээрийн сургуулийн явцдаа Пхеньян өмнөд хөршийнхөө эсрэг өдөөн хатгасан үйлдлүүд хийх төлөвтэй тухай Сөүл мэдэгдэж байгаа юм. Солонгосын хойгт байдал улам бүр хурцдан БНАСАУ, БНСУ армиудаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулаад байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл цөмийн зэвсэг туршсан БНАСАУ-ын эсрэг сөрөг арга хэмжээ авах талаар хуралдахын өмнөхөн ийм үйл явдал өрнөж байгаа юм. НҮБ-аас гаргасан мэдэгдэлд, “БНАСАУ дэлхий нийтийн аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлж байгаа тул энэ улсын эсрэг хамгийн хатуу хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Хоёрдугаар сарын 12-нд тус улс цөмийн ээлжит туршилтаа хийсэн нь НҮБ-ын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн явдал мөн” гэжээ.
Хоёр Солонгосын сөргөлдөөн өргөн далайцтай байлдааны ажиллагаанд хүргэхгүй ч орон нутгийн шинж чанартай хилийн зэвсэгт мөргөлдөөнүүдэд хүргэж болзошгүй талаар олон улсын байдлын нөлөө бүхий тоймчид сэтгэл зовнин мэдээлж байна.