Б.БАРС
“Блүүмберг” агентлагийн цахим хуудаснаа Майкл Коний бичсэн нийтлэлийг товчлон хүргэж байна.
Үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Монголын эдийн засгийн 30 хувийг дангаараа бүрдүүлэх Оюутолгойн зэс, алтны уурхайн хувь заяа тодорхой бус болж, энэ талаар хүлээлтийн байдал үүсээд нэлээд хугацаа өнгөрлөө.
“Рио Тинто” болон Монголын Засгийн газрын хооронд энэ төслийн татвар төлөлт, зардлын хэт өсөлт, удирдлагын хяналтын талаар үүссэн зөрчил шийдэгдтэл энэ байдал үргэлжлэх нь тодорхой. “Рио Тинто”-гийн Лондон дахь хэвлэлийн төлөөлөгч И.Харри Оюутолгойн уурхайд энэ сард хөрөнгө оруулалт хийгдэх эсэх талаар тоймтой хариулт өгөхөөс татгалзсан юм. Юутай ч хоёр талын ээлжит уулзалт энэ сарын сүүлээр болох талаар Сангийн сайд Ч.Улаан мэдэгдээд байгаа билээ.
ОТ гэж товчлон нэрлэдэг Оюутолгойн уурхайд төрөл бүрийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй ажилладаг компаниудад хоёр талын хэлэлцээ мухардалд ороод байгаа нь муугаар нөлөөлж байгаа аж. Эгнээндээ 244 компани, байгууллагыг нэгтгэсэн Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан хэлэхдээ, “Манай зөвлөлийн гишүүн компаниудын 80 гаруй хувь нь тус төсөлтэй шууд холбогдон ажилладаг бөгөөд одоо үүсээд буй тодорхой бус байдал гэрээний дагуу гүйцэтгэх ажлуудыг хойшлуулахад хүргээд байна” гэсэн юм. Тэдгээр компаниудын төлөвлөсөн орлого саатахад хүрч, алдагдал дагуулж байгаа ажээ.
Үүнээс гадна Оюутолгой руу татах хоолойн шугамны ажил саатахад хүрэх аюул нүүрлээд байгаа юм. Тэрхүү хоолойг татах дөрвөн тэрбум ам.долларын төслийг Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпораци, Европын шинэчлэл, хөгжлийн банк хамтран санхүүжүүлэхээр тохиролцсон билээ. Оюутолгойн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа ч эдгээр хоёр байгууллага төлөв байдал хэвийн гольдролдоо орно гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.
Ер нь Оюутолгойг тойрсон шуугиан ирэх зургадугаар сард болох Монголын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой улстөрчдийн маргаанаас хамаарч буйг ажиглагчид цохон тэмдэглэх болсон юм.
Дэлхийн хэмжээний уул уурхайн энэ аварга төсөл бүрэн сүйрэхгүй, зогсохгүй гэдэг дээр олон улсын нэр хүнд бүхий шинжээчид санал нэгтэй байгааг эцэст нь уламжилмаар байна.