М.ГАНЦЭЦЭГ
Үзэсгэлэнт байгаль, амтат бяслаг, шоколад, чанартай цаг, найдвартай банк гэвэл Швейцарь улсыг төвөггүй төсөөлөх биз. Энэ бүхнээрээ дэлхийд алдартай Швейцарь улстай парламентын хэсэг сэтгүүлч танилцаад ирлээ. Бидний аяллыг Цвейцарь улсыг гадаадад сурталчлах агентлаг, Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Аяллын зорилго нь тус улсыг Монголд сурталчлах, төрийн тогтолцоо, шууд ардчилалтай нь танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдний хараат бус байдлаас суралцаж, туршлага солилцох байв. Швейцарь улс дэлхийд ганцхан байдаг улс төрийн сонирхолтой бөгөөд онцгой, ойлгомжгүй тогтолцоотой орон юм. Товчхон тодорхойлбол, аливаа шийдвэр гаргах эрх мэдэл төр засагт, сайд дарга нарт биш жирийн иргэдийн гарт байдгаараа онцлог юм байна. Гэхдээ энэ удаагийн тэмдэглэлээр Швейцарийн тухай ерөнхий мэдээлэл, сонин содон зүйлээс танилцууллаа. Швейцарийн шууд ардчилал болоод төрийн тогтолцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаар үргэлжлүүлэн нийтлэх болно.
Бидний эхний очсон хот Цюрих байв. Тус хотод буухад Швейцарь улсыг гадаадад сурталчлах агентлагийн хөтөч хатагтай Рут Айзанхут биднийг угтаж авлаа. Тэрээр долоо хоногийн аяллын туршид бидний хөтчөөр ажиллах юм байна.
Цюрихийн “Адлер” зочид буудлын дэргэд багтай, янз бүрийн гоё ганган хувцастай хүмүүс дуулж, хөгжимдөх аж. Энэ нь улаан өндөгний баярыг угтсан карнавал гэнэ. Швейцарьчууд нэлээд баяр ёслол тэмдэглэж, бүжиж нааддаг ард түмэн гэсэн. Түүний нэг нь улаан өндөгний баяр буюу мацаг сар. Баяр эхлэхээс 14 хоногийн өмнө мацаг барьж идэж уухаа багасгадаг аж. Баяр эхлэхээс өмнөх хэдэн өдөр хүмүүс бүжиглэж, дуулж наадаж цэнгэн цагийг зугаатай өнгөрөөдөг байна. Улаан өндөгний баярыг угтсан карнавалын сүүлчийн өдөр бид Цюрих хотод буусан нь энэ байв. Швейцарийн өвлийн улирал биднийг угтлаа. Өдөртөө -5 хэм хүйтэн байв. Жихүүн салхитай, зөөлөн цас хаялсан, нар хэр барагтаа гардаггүй юм билээ.
Швейцарь улс газар нутгийн хэмжээгээрээ Монголооос 40 дахин бага. 41.3 км.кв нутагт дэвсгэртэй, 7.4 сая хүн амтай. Нийт газар нутгийн 62 орчим хувь нь Альпийн нурууны ай савд багтана. Цюрих хотын төвөөс өмнөд зүгт Альпийн нуруу цэнхэртэн харагдана.
Швейцарийн нийслэл хот нь Берн. Нэг хот нь нөгөөхтэй залгаа оршдог, жижигхэн газар нутагт шигүү суурьшсан ард түмэн ажээ. Манайхаар бол Улаанбаатар хотыг Швейцарийн холбооны улс гэвэл дүүрэг бүр нь тус улсын нэг хот гэж жишиж болно. Нэг хотоос гараад нөгөө хот руу орно. Зам харилцаа дэд бүтэц сайн бүрдсэн учир хот хооронд зорчиход цаг хугацаа алдахгүй. Хот хооронд аялхад эзгүй хоосон газар хэр барагтаа таарсангүй. Тус улсын нэг хот болох Давост олон улсын эдийн засгийн форум болдог, олон улсын төр засгийн тэргүүнүүд чуулдаг гэдгийг манайхан анддаггүй. Мөн Женев хотод олон улсын байгууллагууд байрладаг.
Швейцарчууд боловсрол маш өндөр. Нэг хүн 3-4 хэлээр ярьдаг. Үндсэн хуульдаа дөрвөн хэлтэй байхаар заасны гурав нь албан ёсных. Энэ нь герман, франц, итали, рэто-роман хэл юм. Францтай хил залгаа нутгийнхныг франц хэлтэн гэдэг. Хойд нутгийнхан нь германаар ярина. Италитай хил залгаа өмнөд нутгийнхан итали хэлтнүүд юм. Мөн зарим нутгийнхан рето-роман хэлээр ярьдаг. Ийм хэлтэй ард түмэн ганцхан Швейцарьт амьдардаг аж.
Дийлэнх нь германаар ярьдаг. Харин олон улсын байгууллагад ажилладаг хүмүүс англиар ярина. Сургуулийн хичээл, парламентын хэлэлцүүлэг нь өөр, өөр хэлээр явагдана. Оюутнууд англи, герман, франц хэлээр хичээлээ судалдаг гэнэ. Парламентын хуралдааны хэлэлцүүлэг гурван хэлээр синхрон орчуулгатай явдаг байна. Харин рэто-роман хэл албан ёсных биш учир парламентад хэрэглэдэггүй гэнэ. Швйецарь улс 26 кантонтой. Кантон буюу манайхаар аймаг бүр албан ёсны хэлээ өөрсдөө сонгоно. Тухайлбал, Берн хот ямар хэлтэй вэ гэдгийг тус хотынхон өөрсдөө шийддэг аж. Гэхдээ нэг хүн дээр дурдсан бүх хэлээр чөлөөтэй ярьж ойлголцдог байна. Бидний аяллын үеэр буюу хоёрдугаар сарын 20-нд рэто-роман хэлийг үндэсний хэл болгосны 75 дахь өдөр тохиожээ. Дэлхийн хаана ч байдаггүй тус хэлтнүүд энэ өдөр баяраа тэмдэглэсэн байна.
Хэдий өөр хэлтэй, шашинтай олон үндэстнүүд амьдардаг ч амьжиргааны төвшин тэгш үйлчилнэ. Тус улсын мөнгөний нэгж нь швейцарь франк. Ханш нэлээд өндөртэй, нэг франк 1530 төгрөгтэй тэнцэнэ. Эд бараа нь нэлээд үнэтэй. Баячууд нь казинодно. Томоохон зочид буудал бүрт казиногийн газар байрладаг юм билээ.
Швейцарийн кантон бүр хуучны өнгө аястай юм. 3-5 давхар барилгууд голдуу байна. 500-700 жилийн өмнөх барилгуудын он дарааллыг хананд нь тэмдэглэсэн харагдана. Швейцарьчуудын 65 хувь нь түрээсийн байранд амьдардаг. 37 хувь нь ганцаараа амьдардаг гэнэ. Энэ нь хөгшчүүд олонтой бөгөөд залуус нь орой гэрлэдэгтэй бас холбоотой. Мөн амьдралын өртөг өндөр учир иргэд түрээсийн байр сонгодог байна. Тэд машин их унахгүй. Голдуу нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Автобус аль ч хот, тосгон, жижигхэн суурин газарт хүргэх боломжтой гэнэ. Мөн хотод машины зогсоол төдийлөн байдаггүй учир хувийн машиныг чухалчилдаггүй байна. Хүмүүс өөрөө газар аваад байшин барьж дэд бүтцээ шийднэ гэвэл бараг нэг сая франк болдог гэнэ. Харин үл хөдлөх хөрөнгийн татварын орчин таатай. Өөр улсад олсон орлогоос татвар авдаггүй учир гадаадынхан тэнд байшин худалдаж авдаг, мөн барьдаг аж. Тиймээс эзэнгүй, цоожтой байшин олон байдаг гэсэн.
Тус улсын хамгийн том банк нь 2.2 миллиард швейцарь франкийн эргэлтийн хөрөнгөтэй “UBS” банк юм байна. Тус банкны салбар явсан газар бүрт таарч байлаа. Хөтчөөс асуувал маш олон салбартай, дотооддоо 2700 гаруй, гадаадад 100 гаруй салбар ажиллуулдаг байна. Швейцарийн насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэгд нь хадгаламжаар үйлчилдэг аж. Найдвартай, үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг чанд нууцалдаг учир Швейцарийн банкаар гадаадын олон хүн үйлчлүүлдэг байна. Дэлхийд ч нэр хүндтэй. “UBS” банкны нийт хадгаламж эзэмшигчдийнх нь 40 орчим хувь нь гадаадынх гэсэн.
Швейцарийн холбооны улс 26 кантон буюу муж улсаас бүрдэнэ. Манайхаар бол аймаг юм. Кантон нь дотроо олон коммунтай. Энэ нь манай сум, багтай адил засаг захиргааны нэгж юм. Католик шашинтай швейцарьчууд ялан дийлэхийн билэгдэл улаан өнгийг эрхэмлэдэг. Гудамж талбайгаар явахад улаан өнгийн эд зүйлс, төрийн далбаа нь хаа сайгүй намирна.
Бидний эхлээд очсон Цюрих хотод хамгийн эртний баар, ресторанууд байдаг. Энд 700 жилийн өмнөх барилгууд ч олон бий. Хуучны барилгуудын өнгө төрхийг өөрчлөлгүй байлгадаг гэнэ. Цюрих хотод В.И.Лениний нэг жил хөлсөлж амьдарсан байшинд очив. Тэрээр Цюрихын социалист намын гишүүн байсан бөгөөд улс төрийн карьерт нэр хүнд олж чадаагүй буцсан түүхтэй аж. Мөн тэрээр тэнд хоёр ном бичсэн бөгөөд Цвейцарийн банкинд хадгаламжийн данстай ч гэх мэдээлэл байдаг тухай Цюрих хоттой танилцах аяллын хөтөч хатагтай Моника ярив. В.И.Лениний амьдарч байсан байр ч нэлээд хуучных аж.
Тус хотын дундуур Цюрих гол урсана. Өмнөд зүгт Альпийн нуруу харагдана. Цюрих голын баруун хэсэгт залуучууд голдуу амьдардаг учир соёл, боловсролын байгууллага олон бий. Зүүн талд нь эдийн засгийн салбар, банк голдуу байрладаг бөгөөд үнэтэй эд бараа нь байдаг. Голдуу элитүүд энэ хэсэгт амьдардаг гэсэн үг.
Тус улс 10 их дээд сургууль, хоёр том техникийн их сургуультай бөгөөд нэг нь Цюрих хотод байдаг. Цюрихийн их сургуулийн төгсөгчдөөс нийт 21 хүн Нобелийн шагнал авч байжээ. Хими, физикийн шинжлэх ухааны салбартаа алдартай сургууль юм байна. Швейцарьт хувийн сургууль гэж байдаггүй юм билээ.
Бидний дараагийн аялсан хот Швейцарийн нийслэл Берн хот байлаа. Тус хот мөн л эртний хэв маягтай юм. Тус улс бүхэлдээ ой мод, уул толгод, гол нуурын дунд оршдог бололтой юм. Берн хотод А.Эйнштейний амьдарч байсан байшинд очиж үзлээ. Байр нь дөрвөн давхар бөгөөд хоёрдугаар давхрын цонхон дээр А.Эйнштейний зургийг байрлуулжээ.
Үргэлжлэл бий