Н.МӨНХЖИН

Хойд Солонгос руу чиг­лэсэн газар доогуурх хонгилд хүрэхийн тулд газрын гүн рүү 70 метр уруудах хэрэгтэй болно. Хонгил руу орж гантиг чулуун ханыг нь түшиж толгойгоо бөхийлгөн яв­саар Өмнөд Солонгосын арми 1978 онд илрүүлж, дайсныхаа газар доогуурх замд хаалт тавьсан хэсэгт тулж очих ажээ. Энэ хон­гилийг Түрэмгийллийн гуравдугаар хонгил хэ­мээн нэрлэдэг. “Хойдуу­дын барьж дуусгасан, эс­вэл барьж байгаа арваад хонгил байгааг бид мэдэж байгаа. Харин хаагуур нү­хэлж, хонгил гаргасныг бид мэдэхгүй” хэмээн Өм­нөд Солонгосын хи­лийн харуулын цэрэг Дае Хун ярилаа.

Пхеньяны дэглэм хоёр долоо хоногийн өмнө цө­мийн туршилт хийсний дараа дэлхий даяараа тэд­нийг зэмлэж, буруутгасан билээ. Хойд Солонгосын нууцлаг, тоталитар дэг­лэмийн гарт ямар их хө­нөөх, устгах чадвар бай­гааг энэ туршилт дахин са­нуулсан юм. Гэвч 38-р өргөргөөр хуваагдаж, хоёр сая орчим цэрэг цугласан дэлхийн хамгийн их цэ­рэгж­сэн хил хязгаарын Өмнөд Солонгосын талд цөмийн аюул заналхийлэл хамгийн том санаа зовнил биш ажээ. Газраар орж ирж эзлэх аюул нь хам­гийн том заналхийлэлд тоо­цогдож байгаа юм.

Өмнөд Солонгосын цэр­гүүд өнөөг хүртэл Хойд Солонгосын барьж бай­гуул­сан газар доогуурх дөрвөн хонгилыг олж ил­рүү­лээд байна. Эдгээрийн зөвхөн нэг нь гэхэд л өм­нөд нутаг руу нэг км нэв­тэрч орсон байсан бөгөөд нэг цагийн дотор л 30 мянган цэргийг зэр зэв­сэг­лэлийнх нь хамтаар хилийн нөгөө талд аваачих зайтай, чадалтай байжээ. АНУ, Өмнөд Солонгосын цэргүүд хил орчмын бүс нутагт байнга нэгжлэг, самналт хийж, Хойд Со­лон­госоос зугтаж ирсэн хүмүүсийн мэдээлэлд үн­дэслэн шинэ хонгил, нүх илрүүлэхийн тулд цэ­рэг­гүй бүсэд өрөмдлөг хий­дэг байна. Энэ оролд­лого тун үр дүн муутай. Учир нь газар доогуурх хонгил нь хэтэрхий гүнд байдаг, дээр нь сэжиг авахуу­лахгүйн тулд гар­цыг нь сайн өн­гөлөн дал­далсан байдаг аж.

Хойд нутгаас зугтаж ирсэн нэгэн иргэний мэ­дээллийн тусламжтайгаар Гуравдугаар хонгилийг илрүүлжээ. Эл хонгилийн ханыг нь хар өнгөөр буд­сан байсан бөгөөд энэ нь нүүрс хайж газар ухсан гэж харуулах гэсэн арга бололтой. Өмнөд Солон­госын Засгийн газар үүнийг “Хойд Солон­госын түрэмгийлэл”-ийн би­лэг­дэл болгон хувиргаж, жуулчдад үзүүлэх болсон юм. Хүйтэн дайны үеийн хуваагдлыг санагдуулах төмөр өргөст утасны хэл­тэрхийг хонгилийн аман дээр байх дэлгүүрт зарж байна. Дэлхийн II дайнаас хойш энэхүү өргөст төмөр утас Солонгосын хойгийг хуваасан хэвээр байгаа билээ. “Энэ бол жинхэнэ” хэмээн худалдагч бүсгүй зэвэрсэн хэсгийг нь заан өгүүлэх аж.

Хойд Солонгосын тур­шуулуудын нууц нүхийг үзэж сонирхдог жуулчдад хил орчмын оршин суугч­дын амьдрал бас л сонин санаг­дана. Өмнөд Солон­госын Taesung-Dong (Эрх чөлөөний ард түмэн) тос­гоны 200 орчим оршин суугч цонхоороо шагайхад л Сёочонган голын нөгөө эрэгт байрлах Хойд Солон­госын цэргүүдийг харж болно. Тосгоны ир­гэдийг жилд хоёр удаа түр­гэн авахуулж яаралтай нүүлгэн шилжүүлдэг нь болзошгүй түрэмгийлэлд бэлтгэж байгаа хэрэг ажээ. Оройн 11 цагаас хойш хэн ч гэрээсээ гарч болохгүй. Суурины хам­гийн том байгууламж нь олон хоног хүрэлцэх хоол унд, бас бус зүйлсийн нөөцтэй газар доорх хор­годох байр. “Тэд бол галын нэгдүгээр шугаман дээр байгаа хүмүүс” хэмээн Өмнөд Солонгосын хил­чин өгүүлэв.

Хойд Солонгос 1950 онд өмнөд нутгаа эзэлс­ний дараа Солонгосын дайн эхэлж, гурван жил үргэлжилсэн билээ. Дөр­вөн сая хүний аминд хүр­сэн энэ дайны дараа солон­гос үндэстэн 38-р өргөргөөр хуваагдан хоёр тусдаа улс болсон юм. Пхеньяны эрх баригчид Солонгосын хойгийг хү­чээр нэгтгэх гэсэн хүсэл, санаархлаасаа буцаагүй гэдгийг хилийн бүсэд илэр­сэн газар доогуурх хон­гилууд сануулж байх шиг.

Гуравдугаар хонгил Өмнөд Солонгосын нийс­лэл Сөүл хотоос ердөө 40 км-ийн зайд байдаг аж. Эл хонгилийг үзэж буй аялагч жуулчид, сэтгүүлчид Хойд Солонгосын газар нутагт газар доогуур 150 метр ойртож очиж байна гэсэн үг. “Их сонин сэтгэгдэл төрж байна. Энэ хаалтыг сэтлээд нөгөө тал руу нь гармаар санагдаж байна” хэмээн эхнэрийнхээ хам­таар хонгилоор зочилсон АНУ-ын ахмад дайчин Марк Сандерс өгүүлэв.