Н.МӨНХЖИН
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк дахь төв байрандаа яаралтай хуралдаан хийж ээлжит цөмийн туршилтаа амжилттай хийснээ зарласан Хойд Солонгосын асуудлыг хэлэлцэв. Пхеньяны үйлдэл нь олон улсын аюулгүй байдал, энх тайванд илт аюул заналхийлэл болж байна гэсэн дүгнэлтэд хүрч, Аюулгүйн зөвлөл нэн даруй хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
“Манай цөмийн туршилт олон улсын эрх зүйд харшлаагүй, өөрсдийгөө хамгаалах шударга алхам болсон” хэмээн Хойд Солонгосын тал мэдэгдэж байна. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Эхлээд бидэнд цөмийн туршилт явуулах шаардлага, төлөвлөгөө ч байгаагүй. Бидний цөмийн хүчин чадал аль хэдийнэ өндөр төвшинд хүрч, манай гаригийн аль ч цэгээс ирэх түрэмгийллийн голомтод оновчтой цохилт өгөх хангалттай хүчтэй болсон” хэмээн онцолжээ.
Пхеньяны дэглэм өөрсдийгөө хамгаалах талаар ярихдаа энэ оны нэгдүгээр сард Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг дурдсан байна. Тэр үед хойдууд хиймэл дагуул сансарт хөөргөсөн ч үүнийг далимдуулж баллистик пуужин туршсан хэмээн АНУ, Япон, Өмнөд Солонгос үзсэн билээ. Улмаар хариу арга хэмжээний хүрээнд Хойд Солонгосын Сансрын технологийн хороо болон Төрийн уул уурхайн корпорацийн активийг барьцаалж, Пхеньяны өндөр тушаалын цэргийн түшмэдийн дансыг царцаасан юм. Энэ удаад ч санхүүгийн хориг арга хэмжээ авна хэмээн АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Сьюзан Райс мэдэгдлээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ямар нэг хариу арга хэмжээ, хориг арга хэмжээ авбал цөмийн туршилтаа үргэлжлүүлнэ хэмээн Хойд Солонгосын эрх баригчид өчигдөр мэдэгдэв. Тус улсын Гадаад хэргийн яам ээлжит пуужин хөөргөлт, газар доорх цөмийн туршилт хийхээр төлөвлөж буйгаа зарлалаа.
Хойд Солонгос 2005 онд цөмийн гүрэн болсноо зарласан юм. 2006, 2009 онд тус улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан ч цөмийн туршилтууд хийсэн билээ. Хамгийн сүүлчийн цөмийн туршилт гурав хоногийн өмнө буюу сарны тооллын шинэ жилийн эхний өдөр орон нутгийн 06:57 цагт нийслэл Пхеньян хотоос зүүн хойд зүгт 379 км-т орших Сонжинбэгам дахь цөмийн полигонд болсон байна. Газар дор хийсэн цөмийн туршилтын хүчин чадал нь ойролцоогоор долоон килотонн байжээ.