М.ХҮСЛЭН

Тунисийн сөрөг хүчний удирдагч Чокри Белайдыг өнгөрсөн лхагва гаригийн өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарах үед нь зэвсэглэсэн этгээд түүн рүү гал нээж амийг нь бүрэлгэсэн байна. Чокри Белайд лалын шашинтнуудаар удир­дуулсан Засгийн газрыг ил тод шүүмжилснийхээ төлөө удаа дараа занал­хийлэлд өртөж байсан юм. Телевизээр ярилцлага өгөх бүртээ эрх баригчдыг хурц шүүмжилж байсан тэрээр амь насаа алдахаас ч айхгүй гэдгээ хэлж байв. Гэтэл  Белайдын улс тө­рийн хүрээний хамтраг­чид төдийгүй эрх ба­ригчдын зүгээс түүний амийг хөнөөсөн нь за­хиалгат аллага гэж сэжиг­лэж байгаагаа илэр­хийлжээ.

Белайдыг хөнөөсөн хэрэг Африк тивийн энэ улсыг бүхэлд нь цоч­роожээ. Тунисийн төрийн эрхийг олон жил атгасан, бугшсан эрхмийг зайлуу­лахын төлөөх тэмцэл, үймэн самуун 2010 оны сүүлч, 2011 оны эхээр өрнөж, энэ үеэр олон хүн амиа алдсан.

Сөрөг хүчний удир­даг­чийг амиа алдсаны дараа нийслэл Тунис хотын Хабиб Бургуиба өргөн чөлөөнд жагсагчид цуглаж, эсэргүүцлээ илэр­хийлжээ. Өөр бусад хотуудад ч ийм төрлийн арга хэмжээ болсон байна. Тус улсын Дотоод хэр­гийн яамны гадна эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар байдлыг нам­жаахын тулд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашиглажээ. Улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхдоггүй, энгийн иргэд хүртэл сөрөг хүчний удирдагч амиа алдсанд эмгэнэл илэр­хийлж, гудамжинд цуглацгаасан байна.

Дээрх хэрэгтэй хол­богдуулан Тунисийн Ерөнхий сайд, шашны “Энхада” намын тэргүүн, лалын шашинт Хамади Жебали үндэсний теле­визээр мэдэгдэл хийж, гэмт этгээдийг олж, шийтгэл хүлээлгэхээ ам­лажээ. Харин уржиг­дар орой тэрээр танхимын гишүүдээ үүрэгт ажлаас нь чө­лөөлж, шинэ сонгууль явуулахаа мэдэгдэв. Тэрээр өөрөө түр Засгийн газрыг толгойлох болсон байна. Ерөнхий сайд мэдэгдэлдээ “Белайд алагдлаа. Энэ аймшигт аллагын цаад зорилго бол Тунис улс дахь хувьсгал гэж ойлгож байна. Белайд олон зүйлд үлгэр жишээ байж чадсан. Энэ бол улс төрийн захиалгат аллага” хэмээсэн байна. Гэвч түүний энэ мэдэгдэл бухимдал нь дээд цэгтээ хүрсэн эсэргүүцэгчид, сөрөг хүчний дэмжиг­ч­дийн дургүйцлийг нам­жаасангүй.

Белайдын ах Абдел­мажид Белайд ахынхаа үхэлд Ерөнхий сайд Жебалийн толгойлдог “Энхада” намыг буруут­гасан байна. Тэрбээр “Белайдын үхэл бол Тунисийн ард түмэнд илгээсэн мессэж. Амаа хамхи, эсвэл чамайг үхэл хүлээж байна гэдгийг илтгэж байна” хэмээжээ.

1964 оны арван­нэг­дүгээр сард мэндэлсэн хуульч, хүнийг эрхийг хамгаалагч Белайд Тунис хотын захад орших нам гүм, Менза гэх тос­гонд амь­дардаг бай­жээ. Түүний хөршийн хэлс­нээр эхлээд нэг удаа буун дуу гарсан. Бай­шингаасаа харахад зэв­сэг­лэсэн этгээд ойрын зайнаас дахин хоёр удаа Белайд руу буудсан гэжээ. Нэг сум Белайдын цээ­жин тус газар нь туссан байна. Түргэн туслам­жийнхан яаралтай хэр­гийн газарт ирсэн боловч Белайд хэдийнэ амьсгал хураасан байжээ. Белай­дын байрны ойролцоо мотоцикльтой этгээд зогсч, буутай этгээдийг хүлээж байгаад хоёул хамт зугтсан гэнэ.