Ч.ГАНТУЛГА
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, залуучуудад хандсан олон зорилт тусгасан билээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьсан барилга, байгууламжийн өнөөгийн байдлыг судалсан байна. Энэ ажлын хүрээнд бий болгосон хөрөнгийн ашиглалтын өнөөгийн байдлын талаар нэгдсэн мэдээлэл бэлтгэх, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг ХАХНХ-ын дэд сайдаар ахлуулан байгуулсан аж. Энэ талаар дэд сайд Э.Тамираас тодрууллаа.
-Хүүхэд залуусын хөгжлийн зориулалтаар барьсан байгууламж манай улсын хэмжээнд хэд байна вэ?
-Хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьсан нийт 151 байгууллага байна. Үүнээс 72 нь төрийн өмчид, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын өмчид дөрөв нь төр, хувийн хэвшлийн хамтарсан холимог өмчид бүртгэлтэй байна. Дийлэнх нь 1990-ээд оны үеийн барилгууд.
-Энэ асуудлын хүрээнд мэдээлэл бэлтгэхэд хүндрэл тулгарсан уу?
-Эдгээр байгууламжийг бүртгэх үйл ажиллагаа улсын хэмжээнд явагдаж байгаагүй юм билээ. Тиймээс нэгдсэн мэдээллийн сан байхгүй, холбогдох байгууллагуудын мэдээлэл зөрүүтэй байсан. Газрын эзэмшил, хувьчлагдсан, хувьчлалын талаарх мэдээллийн сан хангалтгүй. Мэдээлэл цуглуулахад хүрдрэлтэй байлаа.
-Хүүхдийн байгууллага гэсэн нэрээр өөр албан байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдод л илэрсэн үү?
-Зориулалтын бусаар ашиглаж буй 14 томоохон барилга илэрсэн. Эдгээрийн зургаа нь төрийн өмчид, зургаа нь хувийн өмчид, хоёр нь холимог өмчид харьяалагдаж байна. Жишээлбэл Хүүхэд, залуучуудын театрт зориулалтын бусаар “Хаан банк” үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдийн “Бамбарууш” кафед томчуудад зориулсан ресторан байрлаж байгаа. Хүүхэд залуусын соёлын төвд “Улаанбаатар чуулга” эзэн суучихсан. Хүүхдэд зориулсан арга хэмжээ зохион байгуулах гэхээр түрээс нэхдэг. Тэнд хүүхдэд зориулсан юу ч алга. Энэ мэт олон байгууллага зүй бусаар ашиглаж байгаа тохиолдлууд илэрсэн.
-Эдгээр байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ?
-Нурааж болох, болохгүй олон байгууллага байна. Энэ асуудлыг нөхөн төлбөрийн аргаар шийдэх боломж байна. Бид хүүхэд залууст зориулсан олон байгууламж барина гэж төлөвлөөд байна. Тодорхой хэмжээний санхүүжилтийг эдгээр албан газруудаас гаргуулж болох юм. Бидний эхлүүлсэн ажил дөнгөж эхний шатандаа явж байна.
-Дараагийн алхам юу байх бол?
-Эхний ээлжинд өмчийн болон менежментийн хувьчлалаар хувьчилсан байгууллагуудыг тогтоох, нарийвчлан шалгах, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхийг албан ёсоор хянах хэрэгтэй.