Н.МӨНХЖИН
Израилийн “Шин-Бет” тусгай тагнуулын албаны өндөр тушаалын ажилтнууд хэзээ ч ингэж илэн далангүй ярьж байсангүй. Израилийн чөлөөнд гарсан сөрөг тагнуулч, эдүгээ найруулагч болсон Дрор Морэ “Түрүүлж устга” хэмээх баримтат кино хийсэн нь дэлхий даяар шуугиан тарьж байна. Тэрээр Израилийн “Шин-Бет” тусгай тагнуулын албаны (Америкийн Холбооны мөрдөх товчоо, Оросын Холбооны аюулгүйн албатай адилхан зиндаатай) удирдагч асан зургаан хүнийг эрж хайсаар олж ярилцлага авчээ. Тэд Израилийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого, тэр тусмаа Палестины радикалуудыг устгахад чиглэсэн бодлогод шүүмжлэлтэй ханддагаа кинон дээр ярьдаг аж.Израилийн IBA, Францын ARTE, Германы NDR телевиз хамтран бүтээсэн энэ кино “Оскар”-ын шилдэг баримтат киноны ангилалд сүүлчийн зургаад шалгараад байгаа юм. Энэ кино “Оскар” авах эсэх нь энэ сарын 24-нд Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын үеэр тодорхой болно.
NDR телевизийн баримтат киноны хэлтсийн дарга Патрисиа Шлезингер ярьж байна.
-Энэхүү ер бусын баримтат киног хийх санаа яаж төрөв өө?
-Найруулагч Дрор Морэ 2008 онд энэ санааг гаргаж ирсэн. Тэр биднийг хайж олж уулзахдаа “Шин-Бет”-ийн хоёр экс даргатай ярилцлага хийгээд биччихсэн байсан. Ийм хүмүүс хэзээ ч телевизийн камерт өртдөггүй, хэзээ ч улс орны удирдлагаа шүүмжилсэн мэдэгдэл хийдэггүй. Гэтэл Дрор бүр хоёр удирдлагчтай нь ярилцлага хийчихсэн, дахиад бүх экс удирдагчтай нь ярилцахыг хүсч байна гээд хүрээд ирсэн. Тэгээд “Та үүнийгээ хийж чадах юм бол бидэнтэй хамтарч болно” гэж хэлсэн юм.
-Израилийн тусгай албаны экс удирдагчид ингэж илэн далангүй, шүүмжилсэн мэдэгдэл хийх ямар хэрэгтэй байсан юм бол?
-Энэ бол хамгийн чухал нь. Тэр хүмүүс Израилийн ирээдүйд санаа зовжээ гэдэг л ганц хариултыг би хэлж чадах байна. Цаашаа ингэж үргэлжлээд байж болох уу, Израиль улс төрийн мухардалд орчихсон юм биш үү гэдэгт тэд санаа зовж байна. Израиль тулалдаанд ялж байгаа ч эцсийн дүндээ дайнд ялагдсан гэж хэзээ нэгэн цагт хэлэх хэрэгтэй болох уу. Израилиуд зөвхөн палестинуудад биш, мөн бие биедээ улам харгис хандах болсон талаар иргэд өөрсдөө ярьж байна. Энэ нь аль хэдийнээс Израилийн залуу үеийн сэтгэлийг зовоох болсон. Ийм шүүмжлэл Израилийн аюулгүй байдлын бодлогод хамгийн их хутгалддаг төвийн эрх барих аппаратын хүмүүсийн амнаас гарч байгаа нь хамгийн чухал юм.
-Яагаад Германы олон нийтийн-барууны телевиз энэхүү баримтат киноны төслийг санхүүжүүлэхийг зөвшөөрсөн юм бэ?
-Ойрхи Дорнодын хямрал ойрын ирээдүйд шийдэгдэх үү гэдэг дараа дараагийн үеийнхний сэтгэлийг зовоож байна. Энэ мөргөлдөөнд илүү ил тод, олон нийтэд нээлттэй байх нь аль аль талын байр суурийг өөрчлөх, нааштайгаар эргүүлэхэд тус нэмэр болно. “Шин-Бет”-ийн экс удирдагчид Палестины идэвхтнүүдийг шууд устгах, Газын зурвас дахь буудалт, бөмбөгдөлт, мөн ультра-ортодокс еврейчүүдийн террорист үйлдлийн талаар илэн далангүй ярьснаараа энэ кино сонирхолтой болсон. Израилийн тусгай алба “Хэн нэг нь чамайг устгахаар ирвэл түүнийг эхлээд устга” гэсэн уриатай. Эндээс киноныхоо нэрийг олсон. Израилийн аюулгүйн албаны ажлын дотоод арга барилтай танилцах нь зөвхөн герман үзэгчдэд бус, бүх хүнд сонин байх болов уу.
-Кино Израильд ямар шуугиан тарьж байна?
-“Түрүүлж устга” Израилийн кино театруудаар гарахад хүмүүс тасалбарт нь дугаарлан зогсож байсан. Израилиуд шоконд орсон. Улс орны бодлогыг төвийн эрх баригчид өөрсдөө хатуу шүүмжилж эхэллээ хэмээн бүх сонин хэвлэл бичсэн. Тусгай албадын экс удирдагчдын шүүмжлэлийг тоохгүй орхино гэхэд хэцүү.
-Энэ кино “Оскар”-т нэр дэвшсэнийг юу гэж үзэж байна вэ?
-Энэ бол “Оскар”-т нэр дэвшсэн Германы телевизийн анхны баримтат кино. Ийм хурц, шулуун сэдэв таарсан нь бас нэг хүч өгч байна. Энэ киног үзэхэд амаргүй, тэвчээр шаардана. Дараа нь дүгнэлт гаргахад ч хэцүү. Хүнд бэрх сэдвээс айлгүй, иймэрхүү баримтат кино хийж байх урмыг бидэнд өгч байна даа.