Р.Оюун

Жил бүрийн аравдугаар сарын 16-нд "Дэлхийн мэдээгүйжүүлгийн өдөр" тохиодог. Энэ өдрийг угтаж П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгаас иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэх, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний ач холбогдлыг таниулах зорилгоор энэ сарын 12-16-нд "Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний 7 хоног" аяныг зохион байгуулж байна. Мөн энэ өдөр Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүссэний 60 жилийн ой тохиож байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус тасагт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч 16, мэдээгүйжүүлгийн сувилагч 17 нийт 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр тасгийн эрхлэгчээр их эмч Ч.Отгондаваа, ахлах сувилагчаар С.Уранчимэг нар удирдан ажиллаж байна. Тус тасгийн хүний нөөц боловсон хүчний хувьд сүүлийн 26 жилийн туршид мэдрэлийн мэс заслын болон бусад тусламж үйлчилгээнд төрөлжсөн хэлбэрээр гадаад, дотоодын сургалт, семинарт тогтмол хамрагдсаны зэрэгцээ мэргэжлийн зэргээ ахиулж, магистр төгсөж, докторантурт суралцаж байна.

Сүүлийн жилүүдэд мэдрэлийн мэс заслын шинээр нутагшуулж байгаа мэс заслууд ихэссэнтэй холбоотой орчин үеийн мэдээгүйжүүлгийн олон төрөл, арга хэлбэрийг ашиглан хавсарсан хэлбэрээр өгч, хяналт үнэлгээг олон улсын түвшинд дүйцэхүйцээр хамтран ажиллаж байгаа. Мөн жилд мэдрэлийн мэс заслын чиглэлээр гадаадын зургаан багтай хамтран ажиллаж байна.

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг нь эмнэлэгийн мэс заслын тусламж, үйлчилгээний салшгүй хэсэг бөгөөд мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаалт, амин чухал эрхтэн тогтолцооны хяналт, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг мэргэшсэн хамт олон юм. Анх Хагалгааны дараах тасаг зохион байгуулагдан, 2000 оноос эхлэн төрөлжсөн хэлбэрээр мэдрэлийн болон зүрхний мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд оролцож иржээ.

Эх сурвалж www.zms.mn