Д.Мягмаржаргал
Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна.
Эмнэлэгт 2198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 58.7 хувь (1290) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс есөн тохиолдлоор буурсан байна. Эрчимт эмчилгээний тасагт 92 хүүхэд эмчлүүлж байгаагаас 52 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс дөрвөн тохиолдлоор буурчээ.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1684 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 959 байна. Өмнөх өдрөөс 194 тохиолдлоор нэмэгджээ.
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийн ачаалал буурч байгаа ч хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бага зэрэг нэмэгдсэн байна.
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэрийн орчинд осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
Томуугийн улирал үргэлжилж байгаа тул өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээрэй.