Р.Оюун
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хувь хүний онцлогт тохируулан дотооддоо гаргаж авсан хавдрын эсрэг анхны РНХ вакциныг хэрэглэж эхэлжээ. “Неоонковак” хэмээх энэ бэлдмэлийг Радиологийн анагаах ухааны судалгааны үндэсний төвд арьсны меланомтой 60 настай өвчтөнд хэрэглэсэн байна. Энэ вакциныг өвчтөн бүрд тусгайлан зориулан боловсруулдаг. Хавдрын эсүүдтэй тэмцэх дархлааны тогтолцоог идэвхжүүлэхэд тустай юм байна. Гамалайн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны төвийн эрдэм шинжилгээний удирдагч А.Гинцбург “Вакцин нь үсэрхийлэл (метастаз)-ийг зогсооход тустай. Энэ бэлдмэл нь хавдрын бүх эсийг таньж устгахаас гадна дархлааны системийг тохируулах чадвартай. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хавдрын эсрэг вакциныг эмнэлгийн үнэ төлбөргүй тусламжийн хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм.
Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Г.Красников дээрх бэлдмэлүүдийг боловсруулах ажлын талаар ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “ОХУ-д хавдар болон аутоиммун өвчний эсрэг шинэ үеийн хэд хэдэн вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа” талаар мэдэгдсэн байна. Мөн Оросын эмийн салбарын ололт амжилт цаг хугацааны шалгуурыг давж ирснийг сануулав. Тухайлбал, “Спутник” вакцин нь гадаадын их сурталчлагдсан вакцинуудтай харьцуулахад дэлхийд хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдсон бөгөөд гадаадын вакцинуудад сөрөг нөлөө илэрч байсныг тэмдэглэжээ.
Эх сурвалж www.zms.mn