Нобелийн шагналын 2026 оны эздийг аравдугаар сарын 5-12-ны хооронд зарлаж дууслаа. Шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд Стокгольм хотноо гардуулна.

Физиологи, анагаах ухаан

Карл Дейссерот (Karl Deisseroth), Петер Хегеманн (Peter Hegemann), Георг Нагель (Georg Nagel) нар гэрлээр удирддаг ионы суваг болон оптогенетикийн нээлтээрээ энэ жилийн анагаах ухааны салбарын шагналын эзэн боллоо. Энэ арга нь гэрлээр мэдрэлийн эсийг идэвхжүүлж, зогсоох боломж олгож болохыг нотолсон судалгаа юм.

Физик


Бельги-Америкийн физикч Фрэнсис Халзен (Francis Halzen) IceCube нейтрино ажиглалтын төвд оруулсан хувь нэмэр, сансраас ирсэн өндөр энергитэй нейтриногийн нээлтээрээ шагнал хүртэж байгаа аж.  Тэрээр шагналыг ганцаараа хүртэж байгаа юм.  

Хими


Франц, Японы эрдэмтэн Анри Каган (Henri Kagan), Кэнсо Сойа (Kenso Soai) нар асимметр органик синтез дэх шугаман бус нөлөө болон автокатализыг нээсэн ажлаараа Нобелийн шагналтан болж байна.

Уран зохиол

Канадын яруу найрагч, зохиолч Энн Карсон (Anne Carson) орчин үеийн уран зохиолд шинэ хэлбэр бий болгосон зоримог бүтээлийнхээ төлөө шагнал хүртлээ. Тэрээр эртний Грек, Ромын уран зохиолын сэдвийг шүлэг, эсээ, зохиомол өгүүлэмжтэй хослуулдаг. "Улаан өнгөт намтар" (Autobiography of Red) шүлгэн роман нь түүний алдартай бүтээлийн нэг.

Энх тайван

Норвегийн Нобелийн хороо Өмнөд Африкийн хуульч Навинетем "Нави" Пиллэй (Navanethem “Navi” Pillay)-д энх тайван, олон улсын эрх зүйг дэмжсэн үйлсийнх нь төлөө шагналыг олгосон. Тэрээр НҮБ-ын хүний эрхийн дээд комиссараар ажиллаж, дайны гэмт хэрэг, геноцид үйлдэгсдийг шүүхийн өмнө дуудах ёстой гэдэг байр сууриа хүчтэй илэрхийлж хүчин зүтгэсэн хүн. Өдгөө 85 настай Пиллэй шагналаа олон улсын гэмт хэргээс амьд үлдэгсдэд зориулсан гэжээ.

Бусдаас илүү энх тайвны төлөөх шагнал олон улсын хэмжээнд маргаан дагуулдаг. Энэ жилийн шийдвэр ч мөн адил. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш (António Guterres) шагнал хүртэгчид, энэ шийдвэрт баяр хүргэсэн. Харин Израилийн Гадаад хэргийн яам шүүмжилжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп (Donald Trump) хороо шагналын нэр хүндийг унагаж байна гэж шүүмжилсэнийг олон улсын зарим хэвлэлүүд тэр өөрөө энэ шагналыг аваагүйдээ бухимдсан гэх мэтээр тайлбарласан байна.

Эдийн засаг

Америкийн эдийн засагчид Роберт Холл (Robert Hall), Майкл Вудфорд (Michael Woodford) нар макро эдийн засгийн тогтворжилтын микро эдийн засгийн үндсийг судалсан ажлаараа шагнагдлаа. Академийн мэдээлснээр тэдний загварыг дэлхий дахинаа Төв банк, Засгийн газрууд ашиглаж байгаа аж.

Дашрамд дурдахад, эдийн засгийн чиглэлээр олгох энэ шагнал Нобелийн гэрээслэлд байгаагүй. Шведийн төв банкнаас 1968 онд ийм шагнал олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Энэ жилийн шагнал нэг салбарт 12 сая Шведийн крон буюу ойролцоогоор 1.2 сая доллар болж, өмнөх оноос нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Nobelprize.org, Reuters