2026 оны долдугаар сард XIV Далай лам 91 нас хүрсэн. Энэ нь Энэтхэгт дүрвэн амьдарч буй Төвдийн шашны дээд элитүүд тун удахгүй түүний залгамжлагчийг хайж эхэлнэ гэсэн үг юм. Гэвч ирээдүйн Буддын шашны тэргүүнийг зөвхөн Төвдүүд хайхгүй. 1959 онд Төвдийг өөртөө нэгтгэсэн Хятад улс өөрийн нэр дэвшигчийг томилох эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Төвдийн эсэргүүцэгчдэд орогнол олгосон Энэтхэг улстай зөрчилдөх эрсдэлийг үүрэхэд бэлэн байна. АНУ болон Алс Дорнодын бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах сонирхолтой талууд уг зөрчилдөөнд оролцохыг хүсэх магадлалтай. АНУ-д одоогийн Далай лам таалал төгсөх үед болон түүнээс хойш үүсэж болзошгүй нөхцөл байдлуудад зориулан хууль тогтоох түвшинд бэлтгэл ажлуудыг хийж байна. "Meduza" цахим хуудасны хүсэлтээр хятад судлаач Алексей Чагадаев Хятад, АНУ, Энэтхэг улс Төвдийн шашны нэгэн чухал зан үйлд хэрхэн татагдан оролцсон болон ирээдүйн Далай ламтай холбоотой эдгээр гурван улсын хоорондох зөрчил цаашид хэрхэн өрнөж болзошгүйг тайлбарлаж байна.

Хятад улс яагаад Далай ламыг тодруулах үйл явцад оролцох эрхтэй гэж үздэг вэ? Хятад улс Далай ламыг томилох маргаангүй эрх эдэлдэггүй ч, Бээжингийн зүгээс шийдвэрлэх ач холбогдолтой гэж үздэг түүхэн жишиг байдаг. 1793 онд Гуркхын дайны дараа Чин гүрэн өндөр хэргэм зэрэгтэй лам нарын хойд дүрийг тодруулахад алтан бумба ашиглах болжээ. Төвдөд ийм ёс заншил хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ аргыг тогтмол хэрэглэдэг ч байгаагүй юм. Тухайлбал, Далай лам нарын арван гурав, арван дөрөв дэх дүрийг тодруулахад тус савыг ашиглаагүй бөгөөд бүр арван дөрөв дэх Далай ламыг 1939 онд тодруулах үйл явцад Хятадын Засгийн газар огт оролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Далай ламын хойд дүрийг тодруулах, хянах бүрэн эрхт эрхэд Бээжингийн итгэлтэй байдал нь шашны ямар нэгэн дүрэм журамд бус, харин Чин гүрний үед хэрэгжиж байсан хязгаарлагдмал хүрээний нэгэн жишээнд үндэслэдэг.

Уламжлалын дагуу, Далай лам таалал төгссөний дараа түүний хойд дүрийг тодруулахтай холбоотой уламжлалт соёлын гол зүтгэлтэн болох Панчин лам /Банчин Богд/  түүний хойд дүрийг хайж олох, таньж тодорхойлох үйл явцад оролцдог. 1995 онд Далай лам зургаан настай Гэдүн Чойжи Нямaаг Панчин лам хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Удалгүй Хятадын эрх баригчид тус хүү болон түүний эцэг эхийг аюулгүй байдлыг нь хамгаалах зорилгоор хэмээн мэдэгдэж, албадан авч явжээ. Үүний дараа Бээжин хотод алтан бумба ашигласан ёслол болж, Гялцен Норбуг Панчин ламаар тодруулсан бөгөөд түүнээс хойш тэрээр Хятад улсад уг үүрэгт албаныхаа дагуу өсөж торнижээ. Тэрээр одоо 36 настай бөгөөд Хятад улсад шашин-улс төрийн албан ёсны албан тушаал хашдаг. Төвд түүнийг Панчин лам хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн хувилгаан дүр тэдэнд байхгүй байна. Ийнхүү Бээжин хот өөрийн Панчин ламыг тодруулж авсан нь түүнд 15 дугаар Далай ламыг тодруулах Хятадын үйл явцад оролцох боломжийг олгох юм. Үүний зэрэгцээ Төвдийн тал Буддын шашны тэргүүнийг бие даан хайх болно. Өнгөрсөн жил одоогийн Далай лам өөрийн залгамжлагчийг тодруулах эрх мэдлээ "Гаден Пходранг" сан болон Төвдийн шашны бусад эрх бүхий байгууллагуудад шилжүүлсэн юм.

1959 онд Энэтхэг улс Төвдөөс дүрвэн гарч ирсэн Далай ламыг хүлээн авч, тус улсад "Гаден Подранг" санг байгуулахыг нь зөвшөөрчээ. Гэвч Шинэ Дели хот залгамж халааг тодруулах асуудал нь шашны эрх баригчдын шийдэх хэрэг гэж үзэн, Хятад улстай илт зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийж байна. Энэтхэгийн эрх баригчид Далай ламын хэнийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа тодорхойлоогүй байна. Харин АНУ-ын хувьд Төвд өөрөө бус, харин Хятад улс Азийн бүс нутагт нөлөөгөө тэлэхээс сэргийлэх асуудал чухал байна. Яг энэ шалтгаанаар Вашингтон Төвдийн буддистуудын Далай ламыг өөрсдөө сонгох эрхийг дэмжиж, Бээжингийн зүгээс гаргаж буй шаардлагыг эсэргүүцэж байна. Ингэснээр Бээжин энэхүү институцид ноёрхлоо тогтоож, олон улсын тавцанд нөлөөгөө тэлэх дахин нэг хэрэгсэлтэй болохоос сэргийлэхийг зорьж буй хэрэг юм. Үүний зэрэгцээ АНУ Энэтхэгийг Азийн бүс нутаг дахь түншээ болгох сонирхолтой байна.

 Энэ оны долоодугаар сарын 6-нд 14 дүгээр Далай лам 91 нас хүрлээ. Түүний залгамжлагчийн асуудал хэдийнээ Хятад, Энэтхэг, АНУ-ын хувьд олон жилийн турш бэлтгэлээ базааж ирсэн сэдэв болон хувираад байна. Өөрийн гэсэн Панчин ламтай Бээжин  нь Вашингтон болон Шинэ Делигээс илүү сайн бэлтгэлтэй байгаа юм. Хэрэв Далай ламын статусын төлөө хоёр нэр дэвшигч гарч ирвэл дэлхийн удирдагчид тэдний хэнийг, ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөө шийдэх шаардлагатай болно. Азийн асуудал, олон улсын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Америкийн шинжээч Майкл Шифферийн бэлтгэсэн 56 хуудас бүхий тайланд энэхүү хямралын үед үүсэж болзошгүй нөхцөл байдлуудыг авч үзсэн  байна.

Уг тайланг АНУ-Хятадын Эдийн засаг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссын захиалгаар энэ оны наймдугаар сард нийтэлжээ. Энэхүү баримт бичигт Далай ламын институцын залгамж халааны асуудлыг шашны асуудал гэхээсээ илүүтэй Хятад, Энэтхэг, АНУ-ыг хамарсан геополитикийн болзошгүй хямрал гэж үзэж байгаа бөгөөд зохиогчид Энэтхэгийг гол тоглогч хэмээн тодорхойлжээ. Хятадын нөлөөг хязгаарлах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтуудын нэг болохын хувьд тус улс Хятад улс оролцож буй олон улсын бүх мөргөлдөөний асуудлаар хууль тогтоомжийн түвшинд тодорхой байр суурьтай байх шаардлагатай. Төвдийн шашны тэргүүний залгамжлагчтай холбоотой маргаан бол ийм асуудлуудын нэг юм. Иймд Майкл Шифферийн илтгэлд Конгресст зориулсан гурван гол зөвлөмжийг тусгажээ. Нэгдүгээрт, Гаден сангаас сонгосон залгамжлагчийг л АНУ хүлээн зөвшөөрөхөө урьдчилан мэдэгдэх. Хоёрдугаарт, 2026 оны тавдугаар сард Төлөөлөгчдийн танхимд өргөн баригдсан Төвдийн ирээдүйг баталгаажуулах тухай хуулийн төслийг батлах явдал юм. Гуравдугаарт, залгамжлагчийг тодруулах үйл явцтай холбоотойгоор АНУ болон Энэтхэгийн хооронд байнгын зөвлөлдөх сувгийг бий болгох. Тайланд ямар хувилбаруудыг тусгасан бэ?

Тайландын зохиогч Майкл Шиффер дөрвөн хувилбарыг танилцуулж буй хэдий ч, тэдгээр нь хоорондоо харилцан үгүйсгэсэн шинж чанаргүй болохыг онцолжээ. Үйл явдал нэг хувилбарын дагуу өрнөж эхлээд, дараа нь өөр хувилбар руу шилжих эсвэл хэд хэдэн хувилбар хосолж болзошгүй. Нэгдүгээр хувилбар: Хятад улс эхэлж алхам хийнэ. Далай лам таалал төгссөнөөс хойш хэдхэн хоногийн дараа Хятад улс "Алтан бумба"-ны ёс журмын дагуу нэр дэвшигчийг зарлах болно. Үүний дараа тэрээр Хятадын хяналтад байдаг Панчин ламаас олон нийтийн зөвшөөрлийг авах болно. Дараагийн Далай ламыг олж, хүлээн зөвшөөрөхөд "Гаден Пходранг" санд хэдэн сар, эсвэл бүр хэдэн жил шаардагдаж магадгүй юм. Иймд хэсэг хугацаанд олон нийтэд танигдсан Далай лам ганцхан буюу Хятадын томилсон  15 дугаар Далай лам л байх болно. Түүнчлэн, Энэтхэгийн эрх баригчид Хятадын талын нэр дэвшигчийг заавал шууд хүлээн зөвшөөрөх шаардлагагүй юм. Бээжин болон Дарамсалагийн хоорондох зөрчилдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхад л хангалттай. Ийм нөхцөл байдалд тулгарч буй гол асуулт бол Хятад улс Энэтхэг болон дэлхийн бусад орны удирдагчдад шахалт үзүүлэх тохиолдолд Энэтхэг, АНУ урьдчилан бэлтгэлтэй байх эсэх явдал юм.  Шифферын үзэж буйгаар, хэрэв Вашингтон XIV Далай ламыг таалал төгссөний дараа л арга хэмжээ авахаар шийдвэл Хятад улс өөрийн санал болгож буй хүнийг хууль ёсны залгамжлагч болохыг олон улсын хамтын нийгэмлэгт ойлгуулан итгүүлэх цаг хугацаатай болох ажээ.

Хоёр дахь хувилбар. Маргаантай газар нутаг дахь залгамжлагч. Энэхүү хувилбараар бол одоогийн Далай ламын сангийнхан түүний хойд дүрийг Энэтхэгийн Аруначал-Прадеш мужаас олох болно. Уг муж нь VI Далай ламын 1683 онд мэндэлсэн газар юм. Энэтхэг улс тус газар нутгийг бүрэн хяналтдаа байлгаж, өөрийн албан ёсны мужуудын нэг болгон захирдаг. Гэвч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тус улс уг бүс нутгийг Өмнөд Төвд гэж нэрлэдэг бөгөөд өөрийн хууль ёсны газар нутаг гэж үздэг. Ийм нөхцөлд Энэтхэг улс Төвдийн шашны байгууллагуудтай хамтран Энэтхэгийн нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг Далай лам хэмээн хүлээн зөвшөөрөх болно. Гэтэл Хятадын байр сууринаас харвал уг бүс нутаг нь тус улсын харьяанд байдаг тул Энэтхэгийн энэ үйлдэл нь Далай ламыг тодруулах асуудлаарх Хятадын байр суурийг эсэргүүцсэн, улмаар Хятадын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг болох юм. Тайлангийн зохиогчид үүний улмаас Энэтхэг улс дипломат дарамтад өртөх, Хятадын зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдах, мөн хил дээрх цэргийн хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Энэ нь Энэтхэгийг сонголт хийхэд хүргэх болно, Далай ламын асуудлаарх байр сууриа тууштай баримтлах уу, эсвэл буулт хийх үү? Хэрэв буулт хийвэл Бээжин үүнийг "бууж өгсөн хэрэг" хэмээн тайлбарлах нь дамжиггүй. Ийм нөхцөлд цэргийн мөргөлдөөн даамжрах магадлал өндөр бөгөөд хэрэв Төвдийн асуудал Хятад-Энэтхэгийн хилийн хямрал болон хувирвал Вашингтон Энэтхэгийг дэмжихэд үнэхээр бэлэн эсэхээ шийдэх шаардлагатай болно.

Гурав дахь хувилбар. Олон арван жилийн турш хоёр Далай лам зэрэгцэн орших нөхцөл байдал үүснэ. Бээжин болон "Гаден Пходранг" тус тусын нэр дэвшигчдийг бараг нэгэн зэрэг зарлах болно. Хойд дүр хэмээн тодорхойлогдсон хүүхдүүд өсөж торнин, шашны сургалтад хамрагдахын зэрэгцээ тэдний хэн нь жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрүүлэх төлөөх 15-20 жилийн тэмцэл өрнөх болно. Энэтхэгт байгаа нэр дэвшигчтэй харьцуулахад Хятадын талын нэр дэвшигч асар их давуу талтай байх болно. Үүнд БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх хийдүүдэд нэвтрэх боломж, санхүүжилт, Хятадын дипломат сүлжээ, төрийн мэдээллийн хэрэгслүүд, түүнчлэн гадаадын засгийн газруудыг зөвхөн өөртэй нь харилцахад хүргэх чадвар зэрэг багтана. Тэрээр шашны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, олон улсын Төвдийн нийгэмлэгийн дэмжлэг, түүнчлэн Энэтхэг, АНУ-ын зүгээс дэмжлэг авах боломжтой нөхцөл байдалд байна. Энэхүү хувилбарт тулгарч буй гол эрсдэл буюу тодорхойгүй асуудал бол тухайн хүүхдийг өсөж том болж, боловсрол эзэмших хооронд Төвдийн байгууллагын тогтолцоог хэн үргэлжлүүлэн авч явах вэ гэдэг асуудал юм. Тайлангийн зохиогчийн үзэж буйгаар, АНУ-ын өмнө зөвхөн дипломат мэдэгдэл гаргах бус, харин Хятадын тогтолцооны эсрэг хувилбар болох Төвдийн шашны тогтолцоог урт хугацаанд дэмжих зорилт тавигдаж байна.

Эцэст нь, дөрөв дэх хувилбар буюу цэрэг-улс төрийн хямралын асуудал. Бээжин Шинэ Делиг залгамжлагч хайхаас татгалзуулахын тулд хил дээрх цэргийн дарамт, эдийн засгийн шахалт, хориг арга хэмжээ, дипломат заналхийлэл болон Энэтхэг доторх мэдээллийн ажиллагаа (тухайлбал, эрх баригч намын бодлогыг хилийн хямралын шалтгаан мэтээр харуулах) зэрэг бүхий л арга хэрэгслийг нэгэн зэрэг ашиглан шахалт үзүүлэхийг оролдох болно. Хэрэв Вашингтон болон Шинэ Дели  Далай ламын залгамжлагчийг хүлээн зөвшөөрөх асуудал болон Энэтхэг дэх Төвдийн нийгэмлэгийн ерөнхий байр суурийн талаарх өөрсдийн байр суурийг хэлэлцэхдээ залгамжлагчийн асуудалтай холбоотой хямрал эхэлтэл хүлээвэл Бээжин хот томоохон давуу талыг олж авах болно. Ийм нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд уг тайлангийн зохиогч Майкл Шиффер АНУ-ын эрх баригчдад Төвдийн ирээдүйг баталгаажуулсан хууль тогтоомжийг нэн даруй батлах, мөн дараагийн Далай ламыг тодруулах асуудлаар АНУ-Энэтхэгийн хооронд байнгын зөвлөлдөх механизмыг бий болгохыг зөвлөж байна.

Дөрвөн хувилбар бүгд нэлээд бодитой харагдаж байгаа бөгөөд санал болгож буй арга хэмжээнүүд нь зайлшгүй тохиолдох хямралд бэлтгэх үндэслэлтэй оролдлого юм. Гэсэн хэдий ч Далай ламтай холбоотой асуудал Дональд Трампын одоогийн засаг захиргааны гадаад бодлогын гол тэргүүлэх чиглэл болно гэж төсөөлөхөд хэцүү байна. Харин Конгресс хоёр намын аль алиных нь зүгээс энэ асуудлыг чин сэтгэлээсээ сонирхдог бөгөөд Төвдийн асуудал хариуцсан Тусгай зохицуулагч ч мөн ажилладаг билээ. Тэгвэл энэ зун Далай ламын залгамж халааны асуудлаар АНУ-ын байр суурийг урьдчилан тодорхойлох зорилготой шинэ хуулийн төсөл өргөн баригдсан байна. Гэвч энэ нь хямралын үед Хятад-Төвдийн асуудлыг шийдвэрлэхэд Цагаaн ордон тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байгааг заавал илтгэхгүй юм. Хамгийн магадлалтай хувилбар бол АНУ Далай ламын таалал төгсөх үйл явдлыг тодорхой байр суурьтайгаар угтах хэдий ч, тайлангийн зохиогчийн санал болгож буй Энэтхэг болон холбоотнуудтай урьдчилан тохиролцох тогтолцоог бүрдүүлээгүй байх болно. Энэхүү хямрал нь тодорхой хугацаанд олон улсын анхаарлыг татах болно. Вашингтон Бээжингийн томилсон Далай ламыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах болно. Конгресс тогтоол баталж, Өрнөдийн орнуудын засгийн газрууд шашны эрх чөлөөний асуудлаар мэдэгдэл гаргах болно.

Гэвч бодит байдал дээр гол ачаа Энэтхэгт ногдох болно. Хамгийн магадлалтай хувилбар бол Шинэ Дели Төвдийн асуудлыг аажмаар Бээжинд буулгаж өгөх явдал юм.

Бээжинтэй харилцаагаа хэвийн болгосноор эдийн засаг, улс төрийн илүү бодит үр өгөөж хүртэх боломжтой бол харин Төвдийн ард түмэн болон Далай ламыг дэмжихийн зардал улам бүр нэмэгдэх болно. Энэтхэг улс Хятадын нэр дэвшигчийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч, Төвдийн асуудлаас болж Бээжинтэй харилцаагаа муутгахыг мөн зөвшөөрөхгүй. Тухайлбал, тус улс Төвдийн талтай хийх дээд түвшний уулзалтуудаа аажмаар цөөрүүлж, Төвдийн байгууллагуудын улс төрийн үйл ажиллагааг хязгаарлан, уг асуудлыг улс төрийн хүрээнээс шашны хүрээ рүү буцаан шилжүүлэх арга хэмжээ авах болно. Энэ тохиолдолд Хятадын гол давуу тал нь дэлхий нийтэд өөрсдийн сонгосон Далай ламыг хууль ёсных гэж итгүүлэх чадвар бус, харин Өрнөдийн ардчилсан орнуудын анхаарал хандуулах хугацаанаас хамаагүй удаан хугацаанд энэхүү маргааныг үргэлжлүүлэн авч явах чадвар байж болох юм гэж "Meduza"-гийн попкастад судлаач үзэл бодлоо илэрхийлжээ.

Орчуулж бэлтгэсэн З.ЦЭЦЭГ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 192 (7934)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn